Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2024/0593

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         

“******* ******* групп” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******

 

Гомдол гаргагч: “******* ******* групп” ХХК /РД:*******/

Хариуцагч: Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч З.*******

Гомдлын шаардлага: “Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч З.*******ын үйлдсэн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 0022058 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 120/ШШ2024/0013 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******

Хариуцагч З.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 120/2024/0008/з

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “******* ******* групп” ХХК-иас Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч З.*******ад холбогдуулан “... байгаль орчны хяналтын улсын байцаагч З.*******ын үйлдсэн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 0022058 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.  

2. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 120/ШШ2024/0013 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.9 дүгээр зүйлийн 1, 4.3 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч З.*******ын үйлдсэн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 0022058 дугаар шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл нэг сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: гомдол гаргагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтүүдийг хийж, гомдол гаргагч "******* ******* групп" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна. “******* ******* групп” ХХК нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй болох нь тогтоогдсон гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Дээрх дүгнэлтийг хийхдээ “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ нь газар эзэмшигчид газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоос өмнө тухайн газар үйл ажиллагаа явуулахад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлох, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгосноос хойш байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээ авхуулах талаар хуулиар тавигдаж буй шаардлага” хэмээн Зөрчлийн тухай хууль, Газрын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

“******* ******* групп” ХХК нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нэг үнэлгээ болох байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийлгүүлсэн байхад Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй гэж шийтгэлийн хуудас ногдуулсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

3.2. Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг анх газар эзэмших эрхийг авахаас өмнө хийлгэсэн байх хуулийн зохицуулалттай гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 58 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам”-ын 2.2-т “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ, түүнд тавигдах шаардлага” гээд 2.2.1-т “төсөл хэрэгжүүлэгч нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.3-т заасан баримт бичгээс гадна аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ, газар ашиглах, эзэмших, ашигт малтмал хайх, ашиглах талаарх эрх бүхий байгууллагын шийдвэр, эсхүл тусгай зөвшөөрөл, түүний эрхийг шилжүүлсэн тухай баримтын хуулбарыг бүрдүүлэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эсхүл аймаг нийслэлийн байгаль орчны албанд хандан ерөнхий үнэлгээ хийлгүүлнэ” гэж тус тус зааснаар байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийлгүүлэхдээ газар эзэмших талаарх эрх бүхий байгууллагын шийдвэр гарсны дараа тус баримт бичгийг хавсарган хүсэлтээ гаргах тул газар эзэмших эрх авахаас өмнө байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх боломжгүй юм.

Түүнээс гадна барилгын зураг төсөл, эрх бүхий байгууллагаар баталгаажсан ТЭЗҮ, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт, сумын Засаг даргын саналгүйгээр нөлөөллийн үнэлгээ хийлгэх боломжгүй бөгөөд эдгээр баримт бичгүүдийг мөн газар эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй байхад хийлгэх боломжгүй болохыг шүүх анхаарч үзээгүй.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д зааснаас үзвэл “******* ******* групп” ХХК нь хуулиар тодорхойлсон төсөл хэрэгжүүлэгч буюу шинээр байгуулах болон ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, уул уурхай, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх аливаа үйл ажиллагааг явуулж буй хуулийн этгээд биш буюу маргаан бүхий газар дээр барилга байгууламж байхгүй, зөвхөн ажилчдыг байрлуулж буй гэрүүд байрлаж байгаа болно. Тодруулбал эзэмшлийн газар дээрээ шинээр үйлдвэр, үйлчилгээ явуулахаар шийдвэрлэсэн, барилга байгууламжийг шинээр барихаар төлөвлөсөн тохиолдолд тухайн төслийг хэрэгжүүлэхээс өмнө байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийлгэх хуулийн зохицуулалттай байна. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь заалт нь аж ахуйн зориулалттай газарт хамаарахгүй үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газарт хамаарна.

3.3. Анхан шатны шүүх манай  газар эзэмших эрхийг шилжүүлж авахаас өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх байсан гэж дүгнэсэн атлаа зөрчлийг илрүүлсэн үеэс зөрчил үйлдсэн хугацааг тооцно гэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1, 1.1, 3-т заасан 6 сарын хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн дүгнэлт гэж үзэж байна

3.4. Маргаан бүхий захиргааны акт болох Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 0022058 дугаар шийтгэлийн хуудас нь холбогдогч “******* ******* груп” ХХК-ийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл ногдуулсан байтал анхан шатны шүүх “Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1, 6.2, 6.3, 6.4, 7 дахь хэсгийн 7.1, 7.2, 10-т тус тус заасан зөрчлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, эдгээр зөрчлүүдэд гомдол гаргагч гэм буруутай эсэх, хуульд заасан хариуцлага хүлээлгэх болон хохирол/нөхөн төлбөр төлүүлэх үндэслэл бий эсэхийг шийдвэрлээгүй” гэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасан шийдвэр гаргасан нь илтэд хууль зөрчсөн гэж үзэж байна.

Шүүх маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг шалгах биш актад тусгагдаагүй зөрчлүүдийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, эдгээр зөрчлүүдэд “******* ******* групп” ХХК гэм буруутай эсэх, хуульд заасан хариуцлага хүлээлгэх, нөхөн төлбөр төлүүлэх үндэслэл бий эсэхийг шийдвэрлээгүй гэсэн нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчиж байна.

3.5. “******* ******* групп” ХХК нь өөрийн зардлаар байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийлгэж хөрснөөс дээж авах үед газраа ашиглаж эхлээгүй байсан бөгөөд тус үнэлгээгээр 20,000 м.кв газар нь манайхыг ашиглаж эхлэхээс өмнө хүний үйл ажиллагаагаар үүссэн антеропоген гаралтай хөрсний эвдрэл их, хөрс нь хүчтэй шүлтлэг (9.1-9.8) урвалын орчинтой, тус талбай орчмын хөрсний ялзмагийн агууламж маш бага буюу 0.15-0.59% байна гэж тогтоогдсон байтал шинжээч Т.Алтансүх хохирлын үнэлгээг гаргахдаа эвдэгдээгүй бэлчээрийн газарт байвал зохих 4.7 тонн хөрсний ялзмагийн нөөцийн алдагдалтай гэж үзэж 2,633,316 төгрөг, 10 зүйл ургамал талхлагдсан гэж үзэж ургамлан нөмрөгийн хохирол 17,751,812 төгрөг буюу нийт 20,389,528 төгрөгийн хохирлын үнэлгээ гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Гэтэл хариуцагч Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч 3.******* нь нягталж шалгалгүйгээр, илтэд үндэслэлгүй үнэлгээний дүгнэлтийг баримтлан 30,156,160 төгрөгийг байгаль хамгаалах сангийн дансанд тушаахыг даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд “******* ******* групп” ХХК нь эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглахдаа байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулаагүй, доройтуулаагүй, гэмтээгээгүй, байгалийн нөөц баялгийг хомсдуулаагүй, экологийн тогтолцоог алдагдуулаагүй болно.

Иймд Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн (шүүх хуралдаан 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр болсон) 0013 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Гомдол гаргагч “******* ******* групп” ХХК-иас Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч З.*******ад холбогдуулан “... эрх бүхий албан тушаалтны үйлдсэн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 0022058 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахшаардлага бүхий гомдол гаргасан.

3. Гомдол гаргагчийн хүчингүй болгуулахыг хүссэн, дээрх шийтгэлийн хуудсаар ...  байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй гэж, Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу “******* ******* групп” ХХК 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, 30,156,160.05 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэх албадлагын арга хэмжээ авчээ.

4. Анхан шатны шүүх, ... газар эзэмшигч “******* ******* групп” ХХК нь сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлж авснаас хойш байгаль орчны хяналтын улсын байцаагч хяналт шалгалт хийх үед байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан зөрчлийг арилгаагүй болох нь тогтоогдсон, газар эзэмшүүлэх гэрээний хугацаанд үргэлжилж буй зөрчлийг илрүүлсэн үеэс зөрчил үйлдсэн хугацааг тооцох тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй” гэх зэргээр маргаан бүхий шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл ногдуулах болсон зөрчил тогтоогдсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа,

“... Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1, 6.2, 6.3, 6.4, 7 дахь хэсгийн 7.1, 7.2, 10-т тус тус зааснаар зөрчлийн хэрэг үүсгэж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан боловч хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, эдгээр зөрчилд гомдол гаргагч гэм буруутай эсэх, хариуцлага болон албадлагын арга хэмжээ хэрэглэсэн эсэх талаар тодорхойлоогүй; хог хаягдал, угаадас ил задгай асгаж хөрс бохирдуулсан, нүхэн жорлон байгуулсан үйлдэл нь зөрчил мөн эсэх, гэм буруу тогтоогдсон эсэх, шийтгэл хүлээлгэх эсэх, хохирол тооцох эсэхийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар шалгаагүй нөхцөлд шүүхээс энэ ажиллагааг нөхөн гүйцэтгэж, шийдвэр гаргах боломжгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн” гэх үндэслэлээр хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл нэг сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан нь цаашид зайлшгүй тодруулах шаардлагатай нөхцөл байдал нь маргааны үр дагаварт голлох ач холбогдолтой байхын зэрэгцээ шүүх нотлох зарчмыг бүрэн хэрэгжүүлсэн боловч тэрхүү тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх урьдчилсан нөхцөлийг шаардана.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдох хэдий ч хэргийн бодит нөхцөл байдалтай холбоотой өөр бусад үндэслэлээр захиргааны акт хууль ёсны байж болохуйц нөхцөл байдлыг тодруулах үүргийг захиргааны байгууллагад шилжүүлэх агуулгатай зохицуулалт билээ.

6. Энэ тохиолдолд, гомдлын шаардлагад хүчингүй болгуулахаар тодорхойлсон Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч З.*******ын үйлдсэн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 0022058 дугаар шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй эсэх буюу Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан зөрчил тогтоогдсон эсэхэд шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх тул иргэний гаргасан гомдолд дурдсан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дүнд уг шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулаагүй бусад асуудлыг тодруулах нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн буюу цаашид тодруулах шаардлагатай хэргийн нөхцөл байдал гэдэгт хамаарахгүй.

7. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж тус тус зааснаас үзэхэд энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол түүнд тохирох шийтгэл ногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ.

8. Мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр, эсхүл зохих байгууллагын шийдвэр гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол хууль бус үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан нь “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй байх”, зохих байгууллагын шийдвэргүйгээр үйл ажиллагаа явуулах” гэсэн бие даасан нөхцлүүдийн аль нэг л хангагдсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд түүнд шийтгэл ногдуулах үндэслэл бүрдэнэ.

9. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг;/хэлнэ/”, 4.1.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэдэгт дор дурдсан үнэлгээ хамаарна: гээд 4.1.1.байгаль орчны стратегийн үнэлгээ /цаашид “стратегийн үнэлгээ” гэх/; 4.1.2.байгаль орчны төлөв байдлын үнэлгээ /цаашид "төлөв байдлын үнэлгээ" гэх/; 4.1.3.байгаль орчны нөлөөллийн үнэлгээ /цаашид “нөлөөллийн үнэлгээ” гэх/; 4.1.4.хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ.” гэж уг ойлголтын хууль зүйн агуулгыг, түүнд хамаарах үнэлгээний төрлийн хамт тодорхолсон ба тус хуулийн 5-8 дугаар зүйлд заасан зохицуулалтаас үзэхэд эдгээр үнэлгээ тус бүрийн агуулга, чиглэл, зориулалт нь харилцан адилгүй тул байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх үүрэг хүлээсэн этгээд эдгээрээс өөрийн үйл ажиллагаанд хамаарах аль нэг үнэлгээг гаргуулаагүй нөхцөлд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулах үндэслэл болно гэж тайлбарлахаар байна.

10. Иймд “байгаль орчинд нөлөөлөх байдлын эдгээр 4 төрлийн үнэлгээг бүгдийг нь гаргаагүй тохиолдолд л Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар торгууль ногдуулах үндэслэл болох ба гомдол гаргачийн хувьд энэ нөхцөл бүрдээгүй” гэх агуулга бүхий гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

11. Учир нь газар эзэмшигчийн хувьд Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу хуулиар хүлээсэн үүрэг, газар эзэмшүүлэх гэрээнд заасан шаардлага зэргийг биелүүлж ажиллах ёстой ба “******* ******* групп” ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын 2022 оны А/191 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн 20000 кв.м газарт байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, энэ нь эрх бүхий албан тушаалтны явуулсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон болох нь хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

12. Гомдол гаргагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “… эрх бүхий хуулийн этгээдээр байгаль орчны үнэлгээ хийлгэхээр 2023 онд 4 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ байгуулсан, үнэлгээний тайлан гаргуулан сумын Засаг даргаар дэмжүүлэхээр 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр албан бичиг хүргүүлсэн боловч боломжгүй гэсэн хариу өгсөн” гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан “*******-Эко” ХХК-ийн үйлдсэн Байгаль орчны төлөв байдлын нөлөөллийн үнэлгээний тайланд гүйцэтгэсэн хугацааг “2024 он” тодорхойлно.

Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчийн хууль ёсны төлөөлөгч Д.******* “… хяналт шалгалт хийгдсэний дараа үнэлгээ байхгүй гэдгээ мэдсэн” гэж мэдүүлсэн бөгөөд эрх бүхий албан тушаалтнаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байх хугацаанд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг газрын хувийн хэрэгт хавсаргагдаагүй болох нь гэрч Л.*******ын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдсон.

13. Харин Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ” гэж зааснаас үзэхэд, тус хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар тусгайлан зохицуулаагүй байхад эрх бүхий албан тушаалтан нь “******* ******* групп” ХХК-д хохирол нөхөн төлүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь үндэслэлгүй учир шийтгэлийн хуудасны “30,156,160.05 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэх албадлагын арга хэмжээ авсан” хэсгийг хүчингүй болгож, “******* ******* групп” ХХК-ийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

14. Хариуцагч З.*******аас итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******д олгосон 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн итгэмжлэлд “... Өнөд өвлөх трэвел ХХК-ийн нэхэмжлэлтэй байгаль орчны хяналтын улсын байцаагч З.*******ад холбогдох хэрэгт ... төлөөлөн оролцох” гэж заасан /хэргийн II хавтасны 36 дахь талд/ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4-т заасан шаардлагад нийцээгүй учир Б.*******г давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 120/ШШ2024/0013 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, 4.3 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан “******* ******* групп” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч З.*******ын үйлдсэн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 0022058 дугаар шийтгэлийн хуудасны ******* ******* групп” ХХК-д 30,156,160.05 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэх албадлагын арга хэмжээ авсан хэсгийг хүчингүй болгож, гомдлын шаардлагын үлдэх хэсэг болох “3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан хэсэгт холбогдох гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасч, 3 дахь заалтын дугаарыг 2 болгон өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ий гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авснаас хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БААТАРХҮҮ

 

 

                          ШҮҮГЧ                                                                     Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

  ШҮҮГЧ                                                                       З.ГАНЗОРИГ