| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 183/2018/03351/И |
| Дугаар | 184/ШШ2019/00221 |
| Огноо | 2019-01-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 184/ШШ2019/00221
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Э.А.ИС.М.К” ББСБ ХХК /Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, .... мянгат, Э.Ц тоотод оршин байх, РД /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Т.т” ХХК /Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, хороолол, .... тоотод оршин байх,/,
Хариуцагч: дүүргийн .. дугаар хороо, Ж.т ... дугаар байрны ... тоотод оршин суух, эрэгтэй, Б овогт Ч.Л /РД нарт холбогдох,
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам 18192 гудамж, 260/4 болон 260/4Б тоот хаягт байршилтай, үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М/РД ХВ77041672/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З /РД /, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.А.И.С.М.К ББСБ ХХКшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Лболон Т.Т ХХКнар нь манай байгууллагатай дараах нөхцөлтэй зээлийн гэрээнүүдийг байгуулан зохих зээлийг авсан. Үүнд 2014 оны 11 дүгээр сарын 27-ын өдөр ЗГ2014/11/07 гэрээний дагуу 28 000 ам.долларыг 12 сарын хугацаатай, 2.6 хувийн хүүтэй, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЗГ2014/12/02 гэрээний дагуу 28 000 ам.долларыг 12 сарын хугацаатай, 2.6 хувийн хүүтэй. Зээлийг олгохдоо талуудын хооронд БГ2014/11/07 тоот болон БГ2014/12/02 дугаартай “Барьцааны гэрээ”-г байгуулан дараах нэр дурдсан барьцааг барьцаалж, зохих бүртгэлийг хийлгэсэн. Үүнд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам 18192 гудамж, 260/4 тоот хаягт байршилтай, 292 м.кв талбай бүхий амины орон сууц, ГД 000356410, УБД Ү-2201038778 улсын бүртгэлийн дугаартай. Зээлдэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул тухайн үеийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан 2 гэрээний үүрэгт нийт 69 178,64 ам.доллар буюу 117 790 949 төгрөгийн нэхэмжлэлийг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр талууд “Эвлэрлийн гэрээ”-г байгуулснаар хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зээлийн төлбөртөө зээлийн барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам 18192 гудамж, 260/4 тоот хаягт байршилтай, 292 м.кв талбай бүхий амины орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. Энэхүү эвлэрлийг тус шүүхээс баталж, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 102/ШШ2016/00040 дугаартай шүүгчийн захирамж гаргасан. Захирамжийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам 18192 гудамж, 260/4 тоот хаягт байршилтай, 292 м.кв талбай бүхий амины орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Э.А.И.С.М.К-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн бүртгүүлж авсан. Өмчлөгчийн хувьд шилжүүлэн авсан амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн талбайг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нийт талбайг тус бүрт нь 146 м.кв талбайтай болгон 2 хуваан Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам 18192 гудамж, 260/4 тоот хаягт байршилтай, 000582092 гэрчилгээний дугаартай, Ү-2201038778, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам 18192 гудамж, 260/4б тоот хаягт байршилтай, 000582091 гэрчилгээний дугаартай, Ү-2201051202 улсын бүртгэлийн дугаартай, тус бүрд өмчлөх эрхийн гэрчилгээтэй болгосон. Гэвч хариуцагч Ч.Лнь нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн үл хөдлөх эд хөрөнгөө биет байдлаар хүлээлгэн өгөх ажиллагааг хийхээс зайлсхийж, улмаар огт танихгүй хүмүүсийг уг байранд байрлуулан өмчлөгч байгууллагын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасныг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Иймд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам 18192 гудамж, 260/4 болон 260/4б тоот хаягт байршилтай, үл хөдлөх эд хөрөнгийг Ч.Лхууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, өмчлөгч -д хүлээлгэн өгөх шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т.Т ХХК, захирал Ч.Л нар нь зээлийн төлбөртөө зээлийн барьцааны хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам 18192 гудамж, 260/4 тоот хаягт байршилтай, 292 м.кв талбай бүхий амины орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр эвлэрлийн гэрээ байгуулсныг шүүхээс баталж, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 102/ШШ2016/00040 дугаартай захирамж гаргасан. Уг захирамжийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам 18192 гудамж, 260/4 тоот хаягт байршилтай, 292 м.кв талбай бүхий амины орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Э.А.И.С.М.К-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаар өмчлөх эрхийг шилжүүлэн авч, улмаар амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн талбайг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр тус бүрт нь 146 м.кв болгон 2 хуваан Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам 18192 гудамж, 260/4 тоот хаягт байршилтай, 000582092 гэрчилгээний дугаартай, Ү-2201038778, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам 18192 гудамж, 260/4б тоот хаягт байршилтай, 000582091 гэрчилгээний дугаартай, Ү-2201051202 улсын бүртгэлийн дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй болгосон. Тухайн захирамжид Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаагүй бөгөөд бид шүүгчийн захирамжийг Улсын бүртгэлийн газарт өгч, уг захирамжийг үндэслэн өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Уг хөрөнгө манайд ирэхдээ 80 хувийн гүйцэтгэлтэй байсан бөгөөд хариуцагч нь 100 хувийн гүйцэтгэлтэй болгосон гэх тайлбараа нотолж чадаагүй. Мөн хариуцагч Ч.Лнь эвлэрлийн гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгөө биет байдлаар хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхгүй, цоож туургыг нь сольж, харуул хамгаалалтын компаниар хамгаалуулаад байгаа тул бид өмчлөлийн зүйлээ ашиглах боломжгүй байгаа. Манайх энэ хугацаанд үүргийн гүйцэтгэлийг тухайн хөрөнгөөр хангуулая, бусдад үзүүлээд худалдан борлуулаад мөнгөө гаргаж авья гэхээр хариуцагчийн буруугаас 3 жил боломжгүй болоод байна. Бид уг байрыг үзэхэд 1 байранд засвар огт хийгдээгүй байсан ба нөгөө байранд хийсэн засварыг харахад шаардлага хангахгүй байсан ч гарсан зардлыг зах зээлийн бодит хэмжээгээр тооцон 4 000 000 төгрөг өгье гэхэд хариуцагч 10 000 000 төгрөг авна гэсэн тул эвлэрэх боломжгүй болно. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасныг үндэслэн хариуцагч нарын хууль бус эзэмшлээс нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч, хариуцагч Т.Т ХХК-ийн захирал Ч.Лшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2014 онд өдөр Э.А.И.С.М.К-аас 56 000 ам.долларыг 2.6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам 18192 гудамж, 260/4 тоот хаягт байрлах, 292 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаанд би гэрээнд заасны дагуу зээлийн хүүг төлж барагдуулж байсан боловч гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлийн үүргийн гүйцэтгэлээс 69 178,64 ам.доллар буюу 117 790 949 төгрөгийг төлж барагдуулаагүй байсан учир зээлдэгч шүүхэд хандаж, иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлдэгчтэй харилцан тохиролцож барьцаа хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгч, зээлийн үүргийн гүйцэтгэлийг бүрэн барагдуулсаны дараа барьцаа хөрөнгөө буцаан шилжүүлж авах нөхцөлтэй эвлэрсэн. Би эвлэрлийн гэрээ байгуулахад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэл зориг илэрхийлээгүй бөгөөд зээлийн үүргээ мөнгөн дүнгээр төлж барагдуулж, барьцаа хөрөнгөө өөрийн өмчлөлдөө үлдээх хүсэл сонирхолтой байсан. Тийнхүү харилцан тохиролцсоны дагуу “ЭАИСМКнь барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан хирнээ одоо барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах гэж байна. Барьцаа хөрөнгө нь амины орон сууцны зориулалттай бөгөөд нийт 292 м.кв талбайтай, зах зээлийн үнэ нь ойролцоогоор 1 м.кв нь 1 000 000 төгрөгийн үнэлгээтэй буюу 300 орчим сая төгрөгийн үнэтэй атал нэхэмжлэгч 117 790 949 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд тооцуулах, улмаар цааш нь худалдан борлуулж ашиг олох зорилготой байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрөхөөс гадна би үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсаны зөрүү мөнгөн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. Маргааны зүйл бүхий үл хөдлөх хөрөнгийн газрыг миний бие хууль ёсоор эзэмшиж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс зөрүү мөнгөн төлбөрийг харилцан тохиролцож байсны дагуу барагдуулсан тохиолдолд үл хөдлөх хөрөнгийг биет байдлаар газрын хамтаар шилжүүлэхэд татгалзах зүйлгүйг үүгээр илэрхийлье гэжээ..
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Зшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд харилцан тохиролцоод зээлийн гэрээний үүрэгт тухайн хөрөнгийг шилжүүлсэн. Нэхэмжлэгч тухайн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаад мөнгөө гаргаж авах боломж байсан. 1 байр нь хүн амьдрах боломжтой байр байгаа. Нэхэмжлэгч тал тухайн үл хөдлөх хөрөнгийг хариуцагч талыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэдгээ нотолж чадахгүй байна. Энэ талаар хариуцагчид ямар ч шаардлага гаргаагүй, нэхэмжлэгчийн ямар эрх нь зөрчигдөөд байгаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.А.И.С.М.К ББСБ ХХКнь хариуцагч Т.Т ХХК, Ч.Лнарт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам 18192 гудамж, 260/4 болон 260/4Б тоот хаягт байршилтай, үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч нар нь эс зөвшөөрч маргажээ.
Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдов.
Нэхэмжлэгч “ЭАИСМКХХК-ийн хариуцагч Т.Т ХХКболон захирал Ч.Лнарт холбогдох талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 27-ын өдрийн ЗГ2014/11/07, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЗГ2014/12/02 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэгт 69 178,64 ам.доллар буюу 117 790 949 төгрөг гаргуулах, барьцааны гэрээгээр барьцаалуулсан хариуцагч Т.Т ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам 18192 гудамж, 260/4 тоот хаягт байршилтай, 80 хувийн гүйцэтгэлтэй, 292 м.кв талбай бүхий, амины орон сууцны зориулалттай, ГД 000356410 дугаарын гэрчилгээтэй, Ү-2201038778 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 102/ШШ2016/00040 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ЭАИСМКХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага буюу 117 790 949 төгрөгийн төлбөрт хариуцагч Ч.Лхамжав, Т.Т ХХКнар нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам 18192 гудамж, 260/4 тоот хаягт байршилтай, 292 м.кв талбай бүхий, Ү-2201038778, ГД 000356410 тоот дугаартай амины орон сууцыг “ЭАИСМКХХК-д шилжүүлэн өгөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
/хх-ийн 6, 82, 87-88, 89-90 дүгээр тал/
Улмаар дээрх шүүгчийн 102/ШШ2016/00040 дугаартай захирамжийг болон талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан “Эвлэрлийн гэрээ”-г үндэслэн Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас Ү-2201038778 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гарснаар нэхэмжлэгч Э.А.И.С.М.К ББСБ ХХКнь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болжээ.
/хх-ийн 105 дугаар тал/
Нэхэмжлэгч Э.А.И.С.М.К ББСБ ХХКнь 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр тухайн үл хөдлөх хөрөнгийг тус бүр 146 м.кв болгон тус тусад нь өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай хүсэлтийг улсын бүртгэлийн байгууллагад гарган, улмаар Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам 18192 гудамж, 260/4 тоот хаягт байршилтай, 000582092 гэрчилгээний дугаартай, Ү-2201038778, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам 18192 гудамж, 260/4б тоот хаягт байршилтай, 000582091 гэрчилгээний дугаартай, Ү-2201051202 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ тус тус гарсан байна.
/хх-ийн 74, 8, 108-110, 123 дугаар тал/
Хариуцагч Ч.Лнь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа “зээлдэгчтэй харилцан тохиролцож барьцаа хөрөнгийг зээлдүүлэгчид өгч, зээлийн үүргийн гүйцэтгэлийг бүрэн барагдуулсаны дараа барьцаа хөрөнгөө буцаан авахаар эвлэрсэн, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэл зориг илэрхийлээгүй бөгөөд зээлийн үүргээ мөнгөн дүнгээр төлж барагдуулан, барьцаа хөрөнгөө өөрийн өмчлөлд үлдээх хүсэл сонирхолтой байсан. Тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсаны зөрүү төлбөрийг барагдуулсан тохиолдолд үл хөдлөх хөрөнгийг биет байдлаар газрын хамт шилжүүлнэ” гэж маргажээ.
/хх-ийн 27 дугаар тал/
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд хариуцагч Ч.Лнь “2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг байгуулахдаа барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэл зориг илэрхийлээгүй” гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар шүүхэд гаргаж, нотлоогүй байна.
Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан дээрх 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн эвлэрлийн гэрээний дагуу хариуцагч нь тухайн барьцааны хөрөнгийг нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өмчлөлд нь шилжүүлэн өгөхөөр тохирсныг шүүгчийн 102/ШШ2016/00040 дугаартай захирамжаар баталж, шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон дээрх үйл баримтыг дахин нотлохгүй болно.
/хх-ийн 6 дугаар тал/
Мөн Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасан байх бөгөөд хариуцагч нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар нэхэмжлэгч “ЭАИСМКХХК-ийн нэр дээр олгогдсон үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээний талаар буруу ташаа тухай гомдлыг бүртгэлийн байгууллагад гаргасан талаар баримт хэрэгт авагдаагүй байна.
Хариуцагч нь нэгэнт зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар тохирч, эвлэрийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй” төдийгүй түүний “зээлийн үүргийн гүйцэтгэлийг бүрэн барагдуулсаны дараа барьцаа хөрөнгөө буцаан авахаар эвлэрсэн” гэх тайлбар нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс буюу талуудын хооронд эвлэрлийн гэрээ байгуулагдсан өдрөөс одоог хүртэл зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлөөгүй байгаагаар үгүйсгэгдэж байна гэж үзэх үндэслэлтэй.
Түүнчлэн хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар тухайн үл хөдлөх хөрөнгө нэхэмжлэгчийн өмчлөлд шилжих үед 80 хувийн гүйцэтгэлтэй байсан, 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр тус бүр 146 м.кв талбайтай болж, 2 тусдаа өмчлөх эрхийн гэрчилгээ гарах үед бүрэн буюу 100 хувийн гүйцэтгэлтэй болсон эсэх талаар баримтгүй байгаа нь хариуцагчийг тухай үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулж, засвар хийснийг нотлохгүй юм.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагчийн хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна. Тодруулбал Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгчийн өмчлөл нь хууль ёсны байх бөгөөд хариуцагч Ч.Лболон Т.Т ХХКнь нэхэмжлэгчийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам 18192 гудамж, 260/4 тоот хаягт байршилтай, 000582092 гэрчилгээний дугаартай, Ү-2201038778, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам 18192 гудамж, 260/4б тоот хаягт байршилтай, 000582091 гэрчилгээний дугаартай, Ү-2201051202 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг эзэмшиж байгаа болох нь түүний шүүхэд бичгээр гаргасан тайлбараар тогтоогдож байна гэж үзлээ.
/хх-ийн 27 дугаар тал/
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “ЭАИСМКХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам 18192 гудамж, 260/4 тоот хаягт байршилтай, 000582092 гэрчилгээний дугаартай, Ү-2201038778, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам 18192 гудамж, 260/4б тоот хаягт байршилтай, 000582091 гэрчилгээний дугаартай, Ү-2201051202 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч Ч.Лболон Т.Т ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх тухай нэхэмажлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хариуцагч Ч.Лболон Т.Т ХХКнь тухайн үл хөдлөх хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт, засварын зардлаа зохих этгээдээс шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан хариуцагч Ч.Лболон Т.Т ХХК-ийн хууль бус эзэмшлээс нэхэмжлэгч “ЭАИСМКХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам 18192 гудамж, 260/4 тоот хаягт байршилтай, 000582092 гэрчилгээний дугаартай, Ү-2201038778, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам 18192 гудамж, 260/4б тоот хаягт байршилтай, 000582091 гэрчилгээний дугаартай, Ү-2201051202 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ЭАИСМКХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 746 905 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Лболон Т.Т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 746 905 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ