Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/78

 

 

 

 

 

 

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.А* даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Б*,

улсын яллагч А.Б*н,

хохирогч Б.Б*******,

шүүгдэгч Б.Т*******,

түүний өмгөөлөгч Г.Н* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б******* Т*******т холбогдох эрүүгийн 1931000370212 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19* оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн * зүйл суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, өндөр “Ж*” ХХК-нд бичиг хэргийн ажилтан ажилтай, ам бүл *, * хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 39 дүгээр хороо, Хангайн 47 дугаар гудамжны 24 тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 185 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 04 жил, 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 178 дугаар шүүгчийн захирамжаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, 03 жил, 04 сар, 26 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон, ******* овогт Б******* Т*******, /РД:*******/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.Т******* нь иргэн Б.Б*******д “Хятад улсаас арматурын төмөр оруулж ирэхэд татвар төлөх хэрэгтэй байна, дүүдээ 7 хоногийн хугацаатай 26,000,000 төгрөг зээлээч” гэж хуурч 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн А******* суманд байрлах Хаан банкны салбараас 18,840,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

     Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Т******* нь иргэн Б.Б*******д “Хятад улсаас арматурын төмөр оруулж ирэхэд татвар төлөх хэрэгтэй байна, дүүдээ 7 хоногийн хугацаатай 26,000,000 төгрөг зээлээч” гэж хуурч 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн А******* суманд байрлах Хаан банкны салбараас 18,840,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Т******* нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

            1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т******* өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[1],

           2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б******* өгсөн: “...надад учирсан бодит хохирлыг бол төлсөн. Энэ хүн надаас мөнгө авснаас үүдээд маш их асуудал бий болсон. Миний хувийн амьдралд хүртэл өөрчлөлт гарсан. Хоёр хүүхдээсээ 2 жил гаран хол байсан. Дүүгийнх нь нөхрийг цагдаад өгсөн гэж манай эхнэр надтай үл ойлголцож маргасан. Тэгээд салаад явсан. Албан ёсоор бол шүүхээр гэр бүлээ салсан. Сая хоёр хүүхдээ бодоод буцаад нийлье гэж гуйгаад одоо хамт амьдарч байгаа юм. ... Банкны хүү, алданги би сайн мэдэхгүй байна. Харин банк бус дээр бол 10,000,000 төгрөгийг хүүтэй төлсөн. Намайг гомдол, саналгүй болговол өөр хэлээд байх зүйлгүй. Нэг айлын баз хүргэн итгээд мөнгө өгсөн. Өнөөдөр ийм байдалд хүрнэ гэж бодоогүй. Би бол дүүдээ гомдож байна” гэх мэдүүлэг[2],

   3. Хохирогч Б.Б******* 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Т******* нь манай эхнэр Ж төрсөн дүү болох Ж нөхөр ба тухайн үед Т******* надаас мөнгө зээлэхээр  хандсан. Би өөрөө мөнгөний бололцоогүй байсан тул хэд хэдэн хүнтэй Т*******ийг уулзуулсан боловч бүтээгүй. Ингээд Т******* над руу байн байн залгаж мөнгө асуугаад байсан. Манай эхнэр болох Ж “чи манай дүүд ганц удаа туслаад өгчөөч дээ” гэх зэргээр намайг шахалтанд оруулж аргаа бараад машинаа барьцаанд тавьж ахыг банкнаас зээл авахуулаад эхнэр Ж хүргэн болох Т*******т 19.840.000 /арван есөн сая найман зуун дөчин мянга/ төгрөгийг түүний шилжүүлчих гэсэн данс руу шилжүүлсэн юм. Анх гэрчээр болон дараа нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө эхнэрийн талаар яриагүй, би өөрөө хүнд мөнгө өгсөн гэдгээр л мэдүүлэг өгсөн. Цагдаагийн байгууллагад Т*******тэй холбоотой гомдол гаргасан өдрөөс хойш эхнэр Ж “манай дүүгийн нөхөрт хандаж гомдол гаргаад байхдаа яадаг юм бэ” гээд их л ууртай болж, хэрүүл маргаан өдөж сүүлдээ “саллаа” гээд явсан. Гэтэл одоо бүр салахаар шийдсэн бололтой манай эхнэр Ж иргэний шүүхэд салах өргөдөл гаргасан байна. Ж нь анхнаасаа өөрийн төрсөн дүү Ж, хүргэн Т******* нартай нийлж миний мөнгө, эд хөрөнгийг авах санаа зорилготой байсан мэт одоо харагдаж байна. Миний хувьд маш их гомдолтой байна. 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 2 хүүтэйгээ Жаас гуйж байгаад уулзахад 62-03ТӨА улсын дугаартай саарал өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн ба тухайн тээврийн хэрэгслийг Т*******ийн тээврийн хэрэгсэл гэж байсан. Т******* нь надаас зээлсэн гэх нэрийдлээр авсан мөнгөө өөр зүйлд зарцуулан буцаан надад өгөлгүй 1 жилийн хугацаа болж байна. Тухайн хугацаанд миний сэтгэл санаа болон эд хөрөнгийг байдлаараа маш их хохирогч байгаа ба одоо эхнэр болон Ж нь шүүхэд хандаж миний өөрийн хөдөлмөрөөр босгосон эд хөрөнгийг хувааж авах санаатай байна. Жтай 2009 онд анх танилцаж байсан. Би 2009 онд Бүгд найрамдах Солонгос улсад ажиллахаар яваад 2013 онд Монгол дирсэн. Солонгост ажиллаж байх хугацаандаа амралтаараа 2012 онд ирээд Улаанбаатар хотод 1 өрөө байр захиалж байсан. Тухайн үед надад хаан банкны данс байгаагүй учир Ж дансыг ашиглаж байр захиалж байсан. Тухайн мөнгийг арматурын төмөр гадаадаас оруулж ирэхэд татварын мөнгө хэрэгтэй байна гээд 7 хоногийн хугацаатайгаар зээлсэн” гэх мэдүүлэг[3]

4. Хохирогч Б.Б******* 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр Улаанбаатар хотод намайг байж байхад манай эхнэрийн дүүгийн нөхөр Т******* гэх залуу “Хятад улсаас арматурын төмөр оруулж ирэх гэж байна. Татварын мөнгийг нь өгөх хэрэгтэй болчихоод байна, мөнгө зээлэх хүн олж өгөөч, таньд мөнгө байна уу” гэж асуусан. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан тул би таньдаг 2 хүнтэйгээ уулзуулсан юм. Гэтэл миний уулзуулсан 2 хүн Т*******т мөнгө зээлэх боломжгүй гэж хэлсэн байсан. Ингээд Т******* надад хэлэхдээ “урдаас татсан арматурын төмөр буцаж татагдах гээд яаралтай мөнгө хэрэг болоод байна, та машинаа барьцаанд тавиад мөнгөө 7 хоногийн хугацаатай зээлээч” гэсэн. Т******* надад хэлэхдээ “татварын мөнгө болох 26.000.000 төгрөг хэрэгтэй болоод байгаа юм” гэж байсан. Би тухайн үед өөрийн * улсын дугаартай хар өнгийн “Mitsubishi L200” автомашиныг Сэлэнгэ аймгийн “*с” банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан 8.000.000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатайгаар аваад, өөрийн ах Б.Б малчны зээлээр 10.000.000 төгрөг, өөрийн дансанд бэлэн байсан 1.000.000 төгрөгийг нэмж нийт 18.840.000 төгрөгийг Т*******ийн шилжүүлээрэй гэж өгсөн Хаан банкны тоот Г.Х гэх хүний данс руу 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлсэн гэх мэдүүлэг[4],

            5. Хохирогч Б.Б******* 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: Т******* надаас тухайн мөнгийг 7 хоногийн хугацаатай зээлсэн боловч мөнгөө өгөөгүй утсаа авахгүй алга болгочихсон тул цагдаагийн байгууллагад хандаж Б.Т*******ийг олж уулзахад үнэн бодит байдлаа Т******* надад тайлбарлан мөнгө авсан зээлийн гэрээ байгуулж 1 сарын хугацаанд авсан мөнгөө өгч барагдуулна гэсэн тул надад одоо ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг[5],

            6. Хохирогч Б.Б******* 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний гомдол санал гэхээр зүйл маш их байгаа бөгөөд Б.Т******* гэх өөрийн баз дүүд би 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 18.840.000 төгрөг зээлсэн юм. Одоогийн байдлаар тухайн Б.Т******* гэх хүнээс 3.600.000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан. Одоогийн байдлаар надад учирсан нийт хохирлоос 15.240.000 төгрөгний үлдээд байгаа. Тухайн Б.Т******* гэж хүнтэй сар болгон тодорхой хэмжээний мөнгийг авч байх талаар санал солилцсон хэдий ч тухайн хүнд би итгэхээс эмээж байгаа учраас ямар нэгэн тохирсон зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг[6],

            7. Иргэний нэхэмжлэгч Б.Б 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Миний дүү Б******* нь 2018 оны 11 дүгээр сарын эхээр “баз хүргэн болох Т*******т нь мөнгөний хэрэг болсон юм байна тэгээд би Т*******т мөнгө олж зээлэх гээд байна. Та надад мөнгө зээлээд өгөөч” гээд ирсэн. Тэгээд би Сэлэнгэ аймгийн * сумын * 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөгийн малчны зээл авч дүү Б*******д 10,000,000 төгрөгийг бэлнээр нь өгсөн. Б******* надад хэлэхдээ Т******* гэх баз хүргэндээ 7 хоногийн хугацаатай мөнгөө зээлээд буцаагаад авч надад өгнө гэсэн юм. Ингээд л зээл авч өгсөн. Б*******, Т******* нар хоорондоо юу ярьсан талаар сайн мэдэхгүй байна. Зээлийн хугацаа дөхөөд байхаар нь Б*******ас асуухад “Т******* барилгын төмөр оруулж ирнэ гээд авсан” гэж байсан өөр зүйл мэдэхгүй байна. Ийм л зүйл болсон. Би банкнаас зээлж өгсөн мөнгөө гаргаж авмаар байна. Нийт 10,000,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг[7],

            8. Гэрч Х.О 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би “*” ББСБ-д анх 2017 онд эдийн засагчаар ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. Нийт 2 жил тухайн байгууллагад ажиллаж байна. Б.Б******* 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 66-* улсын дугаартай “Mitsubishi L200” маркийн тээврийн хэрэгслийг 6 сарын хугацаатайгаар 8,000,000 төгрөгийн зээл авсан. Тухайн үед би зээлийн гэрээг хийсэн. Тухайн үед Б******* нь махны наймаа хийж үзэх гэж байгаа талаараа ярьж байсан өөр зүйл яриагүй. Б.Б******* 3.9 %-ийн хүүтэйгээр 6 сарын хугацаатайгаар 8.000.000 төгрөгийн зээлийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр * улсын дугаартай “Mitsubishi L200” маркийн тээврийн хэрэгслийг барьцаалан авсан. Эхний төлөлт нь 2018.12.13-ний өдөр 1.522.693 төгрөг төлөх хуваарьтай байсан боловч төлөөгүй хугацаа хэтрэлттэй байж байгаад 2018.12.22-ны өдөр машинаа зараад зээлээ хаасан. 2018.12.13-ны өдөр Б.Б*******тай холбогдоход хүнээс мөнгө орж ирэх ёстой мөнгө орж ирэхгүй байгаа тул зээлээ төлж чадахгүй байна. 1 юм уу 2 хоногийн дараа зээлээ хаана гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг[8],

            9.“Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №1000023 дугаартай үнэлгээний тайлан хэсэгт“...Б.Б эзэмшлийн 6671 УБО улсын дугаартай 2003 онд үйлдвэрлэгдсэн 2018 онд Монгол улсад орж ирсэн L200 маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2019-01-28-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 16,000,000 -н төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов. жич: Үнэлгээ хийлгэж буй автомашинд биечилж үзлэг хийгээгүй бөгөөд Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын эдийн засгийн тасгийн мөрдөгч цагдаагийн Дэслэгч цолтой Н.Ө-н ирүүлсэн шинжээч томилж, шилжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоолын дагуу фото зурагнаас үнэлгээг зах зээлийн дундаж ханшаар тодорхойлов” гэх дүгнэлт[9],

10.Шүүгдэгч Б.Т******* 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Хохирогч Б.Б******* нь манай эхнэрийн төрсөн эгчийн нөхөр нь байгаа юм. Би 2018 онд Б******* ахаас нийт 18.840.000 төгрөг авсан нь үнэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 2021 оны 09 дүгээр сард Б******* ахтай Улаанбаатар хотод уулзсан. Одоо байнгын утсаар холбоотой байдаг. Хохирол төлбөр дээр бид хоёр хоорондоо тохиролцсон. Надад гомдол санал байхгүй гэсэн. Би 2020 оны 01 дүгээр сард дээрмийн хэрэгт холбогдоод уг хэрэг дээрээ 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр таслагдаж, 4 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр намайг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хорих ялын үлдсэн хугацаа болох 3 жил 4 сар 26 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар солиулсан. Би одоо Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сонгинохайран дүүргийг хариуцсан ажилтан А хяналтанд байдаг. Миний зүүн гар цахим гав зүүсэн учир Улаанбаатар хотоос гарах боломжгүй байна. Хэрэг боломжтой бол энэ хэрэгт хохирлын талаар маргаан байхгүй учир хялбаршуулаад шийдүүлмээр байна” гэх мэдүүлэг[10], Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[11], 11. 12.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[12], 13.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[13], 14.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[14], 15.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[15], 16.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[16] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Т*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Б******* нь мөрдөн байцаалтын шатанд 3,600,000 төгрөг төлөгдөж, энэ гэмт хэргийн улмаас учирсан 15,240,000 төгрөгийг нэхэмжилж, шүүгдэгч нь 18,840,000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Б.Т*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн”, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Б******* Т*******т 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т*******т оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Т******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин т******* болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Б* Т* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч мэхлэн бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч, 18,840,000 төгрөгийн хохирол учруулан залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Б* Т* 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т*******т оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Т******* нь хохирогч Б.Б* учруулсан бодит хохирол 18,840,000 төгрөгийг нөхөн төлснийг дурьдаж, хохирогч өөрт учирсан хор уршгийн зардлыг баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Шүүгдэгч Б.Т******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.  

6.Шийтгэх тогтоол хүчин т******* болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

   

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] Хавтаст хэргийн 42-43 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 45 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 47 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 50 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 53 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 55 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 26-27 дугаар тал

[10] Хавтаст хэргийн 102 дугаар тал

[11] Хавтаст хэсгийн 01 дүгээр тал

[12] Хавтаст хэргийн 02-03 дугаар тал

[13] Хавтаст хэргийн 47  дугаар тал

[14] Хавтаст хэргийн 52 дугаар тал

[15] Хавтаст хэргийн 67 дугаар тал

[16] Хавтаст хэргийн 69 дугаар тал