Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/93

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Б.Түвшинтөр,

Нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Түвшинтөрийн шүүгдэгч ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, ****/2022/0****/Э индекстэй хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, **** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Дундговь аймгийн ***** суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хархорин сум дахь ********* автомашины жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн Хархорин сумын ******** баг, ****** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ***** овогт ***** /РД: *********/

                                                 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ********* нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын **** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” нэртэй караоке баарны гадна талбайд хохирогч **** толгойны дух хэсэгт чулуугаар нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч **** шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Бааранд архи уусан үедээ өрөө андуурч ороод ******* муудалцсан. ...Гадаа тамхи татаад байж байхдаа нөгөө хүмүүстэй таараад ******** муудалцаж толгойг нь чулуугаар хагалсан нь үнэн. Миний буруу, би гэм буруутай... гэв.

хохирогч ****** мэдүүлэг /хх-ийн 9-10, 14 дүгээр хуудас/, гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар хуудас/, гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 79-80 дугаар хуудас/, гэрч ******** мэдүүлэг /хх-ийн 82-83 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад цолтой ********** 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гаргасан ******* дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 121-122 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 170-172 дугаар хуудас/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/ зэрэг болно.

                                           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан .

Шүүгдэгч ******** нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын ******** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” нэртэй караоке баарны гадна талбайд хохирогч ******** толгойны дух хэсэгт чулуугаар нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан

     хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...Дух хэсэгт ****** гэх хүн том чулуугаар нэг удаа цохиж гэмтэл учруулсан учир эмнэлэгт 4 оёдол тавиулсан. Зүүн өвдөг шалбарсан. Толгойдоо гэмтэл авсан учраас би 6 хоног гэртээ байсан. Би 14 хоногт нэг л хоног амардаг миний өвчтэй байсан 6 хоногт миний амрах өдөр таараагүй нэг өдрийн цалин минь 107,000 төгрөгийн цалинг нэхэмжилж байна. Хамт ажилладаг хүнээс 850,000 төгрөгөөр сорвины тос худалдаж авсан одоогоор мөнгийг нь өгч чадаагүй байна. Хэрэг учрал болсон өдрөөс нэг өдрийн дараа надтай Хархорин сумын Засаг даргын тамгын газрын автомашины зогсоол дээр таараад бие чинь яаж байна ах нь тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлж хэрэглээд ухаанаа алдчихсан зарим зүйлсийг ч сайн санахгүй байна хохирол мөнгийг нь би бүрэн барагдуулж өгнө тохиролцож болох уу гэж байсан. Би цагдаагийн байгууллага яаж шийдэх гэдгийг нь би сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. ****** гэх хүн надаас чи хаашаа явж байгаа юм гэхээр нь эмнэлэг орох гээд явж байна гэсэн чинь намайг машинаараа эмнэлэгт хүргэж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 14 дүгээр хуудас/,

    гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ... ...Хяналтын камергүй хэсэгт ******** бөөнөөрөө над руу дайрсан. Гол дайрч байсан хүн нь ******* байсан. Засмал зам дээр бөөнөөрөө над руу дайраад байсан учир би тэнцвэр алдаад газар унасан байх үед дотроос манай ажлын *******, ******* хоёр гарч ирж тухайн хүмүүсийг хойш болгосон.Тэр үед хэн ******** толгойг цохиж хагалсан талаар би мэдээгүй хажууд зогсож байсан ******** надад хэлэхдээ ********* гэх эрэгтэй чулуугаар цохиж хагалсан гэж хэлсэн. Удалгүй ******* чулуу бариад намайг ална гэж хэлээд засмал зам дээр чулуу бариад миний араас хөөгөөд байсан эхлээд нэг удаа цохих гэж оролдох үед нь би бултсан. Би холдох үед миний араас барьсан чулуугаа шидсэн тэр чулуу нь миний толгойн хажуугаар гарсан. Ахиж газраас чулуу аваад миний араас ирээд бид хоёр зууралдаж байгаад би газар унасан. Миний дээр ********* гэх эрэгтэй чулуугаараа далайгаад зогсож байх үед нэг цагдаа ирээд чулуутай гарыг нь бариад газар хэвтүүлж байгаад гараас нь чулууг нь салгаж авсан. Цагдаа ирээгүй байхад даруулсан байх үедээ гараас нь чулууг нь салгах гэж л зууралдсан цохисон үйлдэл гаргаагүй. Чулуутай гарын бугуй хэсгээс нь л барьсан. Хоёр хөлийн дунд нь би засмал зам дээр хэвтэж байгаад өөрийгөө хамгаалах гэж гараас нь барьсан. Манай ажлын ******** рүү дайрсан гэх том биетэй хүүхэд нь хорих ангид ажилладаг гэх эрэгтэй ******** засмал зам дээр доош нь харуулж хэвтүүлээд өвдөглөөд боль гэж хэлээд байж байсан. Би тэрийг нь хараад дарагдсан юм чинь гайгүй юм байна гэсэн нэг харсан чинь л босчихсон над руу уурлаад чулуу бариад дайрч эхэлсэн. ******* нь их согтчихсон уур омог ихтэй байсан. ********* согтуудаа л энд тэнд унаж өөртөө гэмтэл учруулсан байх... гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар хуудас/,

            гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...********* руу хүмүүс дайраад байхаар нь *********** бид хоёр ардаа оруулаад зогсож байсан чинь ************ гэх женсэн хүрэмтэй залуу гэнэт хүрж ирээд ********** толгой хэсэгт нэг удаа чулуугаар цохиж дух хэсэгт нь гэмтэл учруулсан. Хөөе хүний толгой хагалчихлаа шүү дээ гэж хэлсэн чинь ойртохгүй байсан. ******** дотогш оруулж цусыг нь цэвэрлээд буцаад гараад ирсэн чинь ******** гэх залуу чулуугаа бариад ********* руу дайрч байсан. Яг тэр үед цагдаа нар ирсэн. ******** гэх эрэгтэй чулуугаа тавихгүй байсан учир цагдаагийн алба хаагч тухайн хүнийг газарт хэвтүүлж байгаад тухайн чулууг нь гараас нь салгаж авсан. Би дуудлагаар ирсэн цагдаад тусалж тухайн чулууг гараас нь салгаж авсан. ********* яг чулуугаар цохих гээд байж байхад нь цагдаа хараад би цагдаатай хамт гүйж очоод цагдаагийн алба хаагч чулуугаа газар хаяж үйлдлээ зогсоох талаар хэлсэн чинь ********* руу дайраад байсан учир цагдаагийн алба хаагч биеийн хүч хэрэглэж газарт хэвтүүлж байгаад чулууг нь авах гэсэн чинь чулуугаа тавихгүй бариад байсан учир гарыг нь барьж байгаад надаар чулууг нь гараас нь авхуулсан. ************ хэн нэгэн хүн зодоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 дугаар хуудас/,

            гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...Гарах үед ********* гэх эрэгтэй тогооч залуу руу уурлаад дайрч байсан. Манай нөхөр дотогшоо ороод мартсан эд зүйлсээ авах гэж байхад ******* манай нөхөртэй үүдэнд тулаад орох гэсэн чинь чи хэн юм гэх утга бүхий зүйл ярьж байгаад нүүр рүү нь тохойгоороо цохиод гадагш түлхээд гаргасан. Манай нөхөр хойшоо болоод ********* дайрч урагшаа болсоор байгаад ”*****” караоке баарын баруун талын харанхуй хэсэгт очсон нөхөр бид хоёр руу олон хүн дайрч хэрүүл хийж байсан. Бид хоёрын *********, ********** хоёр гарч ирээд тэр хүмүүсийг холдуулсан. ******** нь хүн бүр лүү дайраад гэнэт хаанаас ч гэдгийг нь мэдэхгүй гартаа том чулуу бариад манай нөхрийг ална гээд дайраад байсан. Чулуугаар цохих гэхээр нь би гараас нь бариад болиулсан. Хэзээ гэдгийг нь мэдэхгүй ******** гэх хүн барьсан чулуугаараа ******** толгойг цохиод хагалсан байсан. Удалгүй цагдаа нар ирээд ********** гэх эрэгтэйг авч явсан. *********** цагдаатай нийлж байгаад *********** гэх хүний гараас чулууг нь салгаж авсан гэж манай ажлын хүмүүс ярилцаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 дугаар хуудас/,

     Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад цолтой *********** 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гаргасан “...1. ***** биед духанд шарх, 2 хөмсөгний дунд, баруун гар, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо, хатуу ирмэгтэй зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. З. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадвар алдалт, гоо сайханд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх ********* дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 121-122 дугаар хуудас/,

       эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 170-172 дугаар хуудас/,

гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч ********* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч **** гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч **** гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогддог. Гэм буруугийн тал дээр маргахгүй гэв.

Шүүгдэгч ****** шүүх хуралдаанд би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, би гэм буруутай гэв.

Шүүгдэгч ********** нь тухай үед үүссэн нөхцөл байдлын улмаас хохирогч ********* цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байх ба шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх санал гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөлийг хангаж байна.

Иймд шүүгдэгч ********* холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.    

Хохирогч ********* нь шүүгдэгч *********** хохиролд нэг сая төгрөг авсан нь үнэн, нэхэмжлэх зүйлгүй гэж бичгээр тайлбар гаргасан /хх-ийн 189 дүгээр хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

         Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс улсын яллагчийн ялын саналтай санал нийлж байна гэв.

Шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирол төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан прокурорын ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ************** 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** овогт ************** оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

                                                         Бусад асуудлаар:

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн dvd нэг ширхэгийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт үлдээх нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                              ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******** овогт ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** овогт ************ 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** овогт ************ оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* овогт ************* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн dvd нэг ширхэгийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА