Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/84

 

 

 

 

    

Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Ш.Б*******,

түүний өмгөөлөгч А.Отгонбаяр нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т******* овогт Ш******* Б*******д холбогдох эрүүгийн 2131003710088 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19******* оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Тавин гудамж, ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Т******* овогт Ш******* Б*******, /РД:*******/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ш.Б******* нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг “Харганын ам” гэх газар Экологийн цагдаагийн албаны шинжээч, Цагдаагийн дэслэгч М.Мөнхзаяа, Сэлэнгэ аймгийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа Б.Мөнхболд нарт хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа үйлдлээ Цагдаагийн байгууллагын гэмт хэргийн бүртгэлд бүртгүүлэхгүй, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх зорилгоор М.Мөнхзаяа, Б.Мөнхболд нарын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 23 грамм алт эсвэл 4,000,000 төгрөг өгөхийг санал болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ш.Б******* нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг Харганын ам гэх газар Экологийн цагдаагийн албаны шинжээч, цагдаагийн дэслэгч М.Мөнхзаяа, Сэлэнгэ аймгийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа Б.Мөнхболд нарт хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа үйлдлээ Цагдаагийн байгууллагын гэмт хэргийн бүртгэлд бүртгүүлэхгүй, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх зорилгоор М.Мөнхзаяа, Б.Мөнхболд нарын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 23 грамм алт эсвэл 4,000,000 төгрөг өгөхийг санал болгосон гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ш.Б******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүгдэгч Ш.Б******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.[1]

2.Гэрч М.Мөнхзаяа 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст Экологийн шинжээчээр ажиллаж байна. Экологийн цагдаагийн албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст Экологийн шинжээчийн үндсэн чиг үүргийн тухайд ажлын байрны тодорхойлолтод зааснаар хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөж байгаа мөрдөгчийн ажилд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн шинж байдлын дүгнэлт гаргах, мөн цагдаагийн алба хаагчийн нийтлэг үүргийн дагуу гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах зэрэг үүрэг гүйцэтгэдэг. Цагдаагийн ерөнхий газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Уул уурхай хүнд үйлдвэрийн яамтай хамтарч “Нөхөн сэргээлт 2024” нэртэй арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд уг арга хэмжээний хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны А/110 дугаар тушаалаар хууль бус уул уурхайгаас урьдчилан сэргийлэх, таслах зогсоох зорилго бүхий түр пост дээр үүрэг гүйцэтгэх алба хаагч нарын нэрсийг баталж, хуваарь гаргасан юм. Уг хувийн дагуу миний бие 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал 17 хоногийн хугацаанд Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг Өлөнтийн ам гэх газарт үүрэг гүйцэтгэж, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилсан сэргийлэх чиглэлээр ажилласан юм. Ингээд дээрх пост дээр үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа буюу 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Мөнхболдын хамтаар хяналт шалгалт хийж явсан юм. Гэтэл Сэлэнгэ аймгийн ******* сум 2 дугаар баг, “Харгантын ам” гэх газрын зүүн хойд салаанд нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байсан “Үзэгт дэлгэр” ХХК нь хууль бусаар ашигт малтмал олборлож байж болзошгүй нөхцөл байдалтай байсан ба нөхөн сэргээлт хийж байсан талбай руугаа орох машин зам дээр булдуйзер маркийн том машин тавиад зам хаачихсан, гаднаас машин оруулахгүй байсан юм. Тэр газарт “Үзэгт дэлгэр” ХХК-ийн захирал Төмөрхуяг гэх залуу байсан ба дээр ямар нэгэн тоног төхөөрөмж байхгүй гээд Мөнхболд бид хоёрыг дээшээ явуулахгүйг хичээж байсан юм. Тэгэхээр нь Б.Мөнхболд бид хоёр машинаа зам дээр тавиад дээшээ явганаар алхаад “Үзэгт дэлгэр” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байсан талбай дээр очиход тус компанийн ажилтан Б******* гэх залуу хажуудаа 50 орчим насны 1 эрэгтэй хүн хамт байсан юм. Тэгээд Мөнхболд бид хоёр үйл ажиллагааг нь шалгахад нөхөн сэргээлт хийх хязгаарлах шав тэмдэг /цэг/-ээсээ хэтэрч 2,5-3 орчим км илүү талбайд үйл ажиллагаа явуулж байсан ба үйл ажиллагааг нь шалгахад нөхөн сэргээлт биш алт олборлох ажил хийж, алт угаах зориулалтын төхөөрөмж болох скрубер буу 1 ширхэг, 2 ширхэг экскаватор, Зил 130 машин 1 ширхэг, 1 тн багтаамжтай шатахууны сав 2 ширхэг зэргийг байрлуулсан байсан ба тухайн газраас олборлосон гэх 23 грамм алт мат шар өнгийн металлыг гялгар уутанд хийгээд ажилтан Б******* гэх хүн өөрийн өмсөж байсан өмднийхөө халааснаас гаргаж үзүүлсэн юм. Энэ үед “Үзэгт дэлгэр” ХХК-ийн захирал Төмөрхуягаас өөр хүн байгаа эсэхийг асуухад 6 хүн байсан, цагдаа ирж байгаа сургаар зугтаачихсан гэж хэлж байсан юм. Угаасаа Мөнхболд бид хоёрыг очиж байх үед Төмөрхуяг нь утсаар яриад хүмүүстээ мэдээлэл өгөөд техник тоног төхөөрөмжөө унтраасан байсан юм. Тэгээд Мөнхболд бид хоёр тус компанийн үйл ажиллагааг зогсоогоод хяналт шалгалтаа хийгээд яг хаанаас алт олборлосныг нь асуухад Б******* нь тухайн газраа зааж өгнө гээд Мөнхболд бид хоёрыг дагуулан алхаж байхдаа Б******* нь надад хандаж “Ах нь маргааш өглөө Дархан-Уул аймаг ороод 4 сая төгрөг бэлнээр аваад ирээд чамд өгье, эсхүл ахдаа байгаа 23 грамм алтыг авчих’’ гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би Б*******д хандаж “та ингэж болохгүй, бид албан үүргээ гүйцэтгэж байна, та надтай ийм зүйл яриад хэрэггүй, танай компани хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа манай дээд байгууллагаас мэдсэн” гэж хэлсэн юм.

Ингээд алт олборлосон гэх газрыг заалгаад цагдаагийн алба хаагчийн энгэрийн камераар бичлэг хийж, зураг дарж баталгаажуулсан юм. Ингээд буцаад доошоо буугаад дэд ахлагч Мөнхболд нь Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар руу утсаар ярьж тухайн компанийн үйл ажиллагааг мэдэгдсэн юм. Тэгээд Мөнхболд бид хоёр буцаад пост руугаа явсан ба Б*******ийн биед нь эд мөрийн баримт болох алт байсан учраас түүнийг дагуулаад явсан юм. Гэтэл “Үзэгт дэлгэр” ХХК-ийн захирал Төмөрхуяг нь өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн “Ланд круйзер 80” маркийн /улсын дугаар санахгүй/ машинтай араас дагаж ирсэн юм. Тэгээд Төмөрхуяг, Б******* нар нь пост дээр ирээд Мөнхболд бид хоёртой уулзаад “Манай компанийн үйл ажиллаагааг дээшээ битгий мэдэгдээч гэж гуйгаад байсан ба Төмөрхуяг нь Мөнхболд бид хоёрыг гомдоохгүй шүү гээд хахууль өгөх асуудал яриад байсан, гэхдээ яг хэдэн төгрөг өгнө гэж мөнгөн дүн хэлээгүй” Мөнхболд бид хоёр аль болох тэр хоёр хүнтэй уулзахгүй байхыг хичээсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас хэргийн газарт үзлэг хийх бүрэлдэхүүн ирэх хүртэл Б*******ийг саатуулах санаатай түүнийг машин дотор нь байлгаж байсан юм. Ингээд Б*******, Төмөрхуяг нар машин дотроо хоносон ба маргааш өглөө нь буюу 11 сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас бүрэлдэхүүн ирж хэргийн газарт үзлэг хийнэ гээд тэр хоёр хүнийг дагуулаад явсан юм” гэх мэдүүлэг[2], гэрч П.Төмөрхуяг, Б.Мөнхболд нарын мэдүүлэг, Хэрэг бүртгэлт нээсэн тогтоол, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 23 грамм шар өнгийн металл хүлээн авсан тэмдэглэл, Илтгэх хуудас зэрэг болно.

     Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Ш.Б*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ш.Б******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Иймд улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Ш.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ш.Б******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т******* овогт Ш******* Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б*******ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б*******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас тус тус чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч Ш.Б******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 1, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                    

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 8 дугаар тал