Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/94

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Б.Түвшинтөр,

Нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн, 

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Түвшинтөрийн шүүгдэгч ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, ***/2022/00***/Э индекстэй хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны *** дугаар сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн **** суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр,  хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын **** баг, **** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* /РД: *****/

                                        Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын ****** баг ******* тоот хашааны гадна талд гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч ***** тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ****** шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...**** бид хоёр нь 1 сар гаран тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд гэртээ ирээгүй. Тэгээд ***** гэртээ ирэх үед нь уур бухимдлаасаа болоод нэг удаа алгадсан. Өшиглөсөн зүйл байхгүй. Миний буруу... гэв.

хохирогч **** мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч ***** мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч ********** 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ****** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 66-68 дугаар хуудас/ зэрэг болно.

                                           Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болно.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын ******** баг ******** тоот хашааны гадна талд гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч ******* тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан

Хохирогч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2022 оны 08 сарын 13-ны өдөр Хархорин сумын ******* баг ******** тоот хашааны гадна талд хүүхдүүдээ авах гээд очоод гадаа машиндаа сууж байсан чинь өмнө нь хамтран амьдарч байсан ***** ганцаараа гарч ирээд ард талын суудал дээр 7 настай хүү ********* хамт сууж байх үед жолооч талын урд хаалга нээгээд машины түлхүүр сугалж аваад хойд талын миний сууж байсан хаалганы дэргэд ирээд чам шиг завтай хүн байхгүй байна би машинаа авлаа гээд хэл амаар доромжлоод байсан. Уг үйл явдал маш хурдан хугацаанд болж өнгөрсөн. Цаашаа эргэж хараад ахлах үед нь би араас нь буугаад түлхүүр өг гэсэн чинь нүүрний зүүн талын шанаа хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон чинь толгой эргээд сонин болсон араас нь залгуулаад баруун хөлийн шилбэ хэсэг рүү 2 удаа хөлөөрөө өшиглөсөн. Би шууд машиндаа ороод хэсэг сууж байгаад цагдаад дуудлага өгсөн. Тэр үед түр хугацаанд тусдаа амьдарч байсан. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. ********* бид хоёр 2013 оноос хойш тасралтгүй хамтран амьдарч байгаад 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр маргалдаад тусдаа амьдарч байсан. Өмнө нь намайг зодож цохиж, биед болон сэтгэл санааны зовуурь шаналал үүсгэж байгаагүй. Надад ********* нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Ээж 13 настай ***** эгчтэй цуг хашааны гадна ирсэн. Би түрүүлж гараад ээжтэй цуг машинд сууж байсан чинь аав хашаан дотроос гарч ирээд жолооч буюу ээжийн талын хаалгыг нээгээд нэг юм хэлсэн яг юу гэж хэлсэн гэдгийг нь би сайн санахгүй байна. Аав машины түлхүүр аваад гэр рүүгээ орох гээд явах үед ээж машинаас буугаад түлхүүр өгөөч гэсэн чинь аав эргэж хараад нэг удаа ээжийн нүүр хэсэгт гараараа алгадсан. Ээж зөрүүлээд хөлөөрөө өшиглөх гэсэн чинь аав хатуу усны гутлаараа хамгаалах шиг болсон тэгээд ээжийн хөл нь гэмтсэн байх. Хэзээ гэдгийг нь сайн мэдэхгүй байна одоогоос их урт хугацааны өмнө л аав ээж хоёр дэр шидэлцэж маргалдаж байсан өөр тэгж ээжийг аав зодож цохисон зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч ********* 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “ 1. Үзүүлэгч ********** биед тархи доргилт, зүүн хацрын төвгөрт зөөлөн эдийн гэмтэл, баруун хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь өнгө, шинж байдлаараа шинэ гэмтэл байх боломжтой. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх ***** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 66-68 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ********* гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн шууд санаатай идэвхитэй үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд үйлдэл, хор уршигийн хооронд шалтгаант холбоотой байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч ********* гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан нь үндэслэлтэй.

Шүүгдэгч ********* шүүх хуралдаанд ...Миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би цаашид өөрийн уур бухимдалд анхаарч дахиж ийм үйлдэл гаргахгүй... гэв.

Шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч хохирогч ********* санаатай үйлдлээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн шинжийг хангах бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагчаа хүүхдүүдийн дэргэд зодож байгаа үйлдэл энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч ******** гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй. 

   Хохирогч ********** шүүх хуралдааны тов мэдэгдэхэд ...шүүх хуралдаанд суухгүй, гомдол, санал байхгүй... гэсэн байх тул шүүгдэгч бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

                                      Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******** тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* овогт ************ 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

               ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******** овогт ************* гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* овогт *********** 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ************ нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч ********** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ДУЛМАА