Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 118

 

 

 

 

 

 

 


Зохигчдийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг, шүүгч Б.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Төв аймаг, Заамар сум, 3 дугаар баг, Хайлааст зэрэгцээ 3 гудамж, 3 тоотод оршин суух Их урианхай овгийн Бадамсэрээжидийн Оюунцэцэг /РД:МВ82052128/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Төв аймаг, Заамар сум, 4 дүгээр баг, Төв, 5 дугаар хэсэг 1 гудамж, 2 тоотод оршин суух Улаан сахиус овгийн Гантөмөрийн Ганболд /РД:НН76121971/-д холбогдох

 

гэм хорын хохирол 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Оюунцэцэг, хариуцагч Г.Ганболд, иргэдийн төлөөлөгч Ц.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уртнасан нар оролцов.

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Оюунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2016 оны 02 дугаар сарын 17-нд миний хүү Бат-Оргилийн толгойн тус газар Ганболдын хүү Лувсандамдин мөс шидсэнээс толгойд нь дух, зулайн яс нь цөмөрч хүнд гэмтэл учирсан юм. Миний хүү энэ өдрөөс хойш ачаалал даахгүй толгой нь өвдөж, хичээл сургуульдаа явах, цаашид хүссэн мэргэжлээрээ суралцах боломжгүй болж хүнд хагалгаанд орсон.

Гэтэл Г.Лувсандамдингийн эцэг, эх нь өнөөг хүртэл эмнэлэгт хэвтсэн, эм тариа авч хэрэглэсний туслалцаа үзүүлээгүйд гомдолтой байна. Одоогийн байдлаар 1 сая гаран төгрөгийн эм, эмчилгээний зардал гарсан байна. Цаашид 18 нас хүрч, тархиндаа яс орлох материал хийх хүртэл эмчийн хяналтад байлган зохих эмчилгээг хийлгэхэд маш их зардал гарахаар байна.

Иймд хүүхдээ 18 насанд хүрч толгойдоо мэс засал хийлгэх хүртэл бүх хугацааны зардалд эхний ээлжинд 5 000 000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэжээ.

Хариуцагч Г.Ганболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний хүү Г.Лувсандамдин нь үеийн хүүхдүүдтэйгээ тоглож байгаад Б.Бат-Оргилийн толгойн тус газар нь санамсаргүйгээр мөсөөр цохисон гэдэг. Энэ хүмүүсийн нэхэмжилж буй 5 000 000 төгрөгийг барагдуулах эдийн засгийн бололцоо манай гэр бүлд байхгүй. ... Тухайн үед ... хүүхдээ эмчилгээнд авч явна гэхэд нь өөрсдийн боломжоороо 500 000 төгрөг өгсөн болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Оюунцэцэг нь хариуцагч Г.Ганболдод холбогдуулан гэм хорын хохирол 5 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад Б.Бат-Оргилийн толгойд гэмтэл учруулсан гэх Г.Лувсандамдин нь тухайн үед 13 нас 3 сар 7 хоногтой /хх-5/ байсан нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу  иргэн өөрийн үйлдлээр өөртөө ... үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно.” гэж зааснаар иргэний эрх зүйн чадваргүй Г.Лувсандамдинг түүний эцэг Г.Ганболд төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй байна.

 Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагч Г.Ганболд нь нэхэмжлэлийн шаардлага 5 000 000 төгрөгөөс 1 206 100 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэгч Б.Оюунцэцэг зөвшөөрч эвлэрэн, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ. 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд “Төмөр овогтой Ганболд би нэхэмжлэгч Оюунцэцэгийн 1 206 100 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны дотор өгнө. 5 000 000 төгрөгийн нэхэмжлэлээс 3 793 900 төгрөгийг татгалзаад 1 206 100 төгрөгийг төлнө гэснийг би хүлээн зөвшөөрч байна. Тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.” гэжээ.

Зохигчид эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн тул мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 94 950 төгрөгийн тал хувь болох 47 475 төгрөгийг хариуцагч Г.Ганболдоос, тал хувь болох 47 475 төгрөгийг Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн  5001196835 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Оюунцэцэгт олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

              

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Б.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй, Г.Ганболдод холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 5 000 000 төгрөгөөс 3 793 900 төгрөгийг татгалзаж, үлдэх 1 206 100 төгрөгийг хариуцагч Г.Ганболд төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 94 950 төгрөгийн тал хувь болох 47 475 төгрөгийг хариуцагч Г.Ганболдоос, тал хувь болох 47 475 төгрөгийг Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Оюунцэцэгт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ЭНХТӨР

 

                  ШҮҮГЧИД                          Л.МӨНХЦЭЦЭГ

 

                                                             Б.ЦОЛМОН