Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/96

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Б.Түвшинтөр,

Нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ариунжаргал,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Түвшинтөрийн шүүгдэгч ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, ***/2022/00***/Э индекстэй хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                                Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн ****** суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын **** баг, ****** гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******** овогт ******** /РД: *******/

                                                  Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ***** багийн нутаг “*****” гэх газарт байрлах гэрт нь ******* зодож түүний биед 2 нүдний зовхи, баруун, зүүн гарт цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******** шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэв.

хохирогч ***** мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/, гэрч ****** мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/, гэрч ********* мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/, гэрч ********** мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад цолтой ********** 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гаргасан ***** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 49-51 дүгээр хуудас/ зэрэг болно.

      Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан  

Шүүгдэгч ******** нь 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын **** багийн нутаг “*****” гэх газарт байрлах гэрт нь ********** зодож түүний биед 2 нүдний зовхи, баруун, зүүн гарт цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан

хохирогч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ********* багт байх аавынхаа гэрт 1 нас 8 сартай хүүтэйгээ мөн аав ******** хамт унтаж байсан. Гэнэт хаалга нэг хүн нүдээд эхэлсэн би хаалга нээтэл манай салсан нөхөр ******* гэж хүн байсан. ******** гэрт орж ирээд “Би хүүхдээ үнсэнэ” гэж хэлээд унтаж байсан хүүхэд сэргээгээд манайд хонохоор болсон. Гэтэл аав дургүйцээд ********* чи яв гэж хэлэхэд нь тоохгүй гутлаа тайлаад унтах гээд байсан. Аав чи миний охиныг 2 хоногийн өмнө янхан, банзал гэж хэлээд байсан чи янхан банзалтай газар хонож яах вэ гэж хэлээд гэрээс гарсан. Аавыг гарсны дараа ********* босож ирээд ална, нам цохино гэж хэлээд байсан. Аав эргэж гэрт орж ирэхэд *********** шууд сандлаар цохисон мөн гараараа цохиод өшиглөөд байсан. Би болиоч гэж хэлээд ********* бариад автал намайг дух руу гараа зангидаж байгаад 1 удаа цохиод авсан би манараад явчихсан. ********* аав бид хоёрыг үргэлжлүүлээд зодсон би аргаа бараад ********** гуйсан. Чи хүүхэдтэйгээ уулзаж бай, том хүүхэдтэйгээ ирж бай гэж гуйсан бас бид хоёрын буруу гэж гуйгаад ********* тайвширсан. Би айгаад ээжийнхээ буяны ажилд цугларсан байсан 50,000 төгрөгийг ************ өгсөн. ********** та хоёрын амь миний гарт байгаа шүү гэж хэлээд гадаа байсан манай дүүгийн мотоциклийг унаад явсан. ******** бид хоёр 2017 онд шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан хамт амьдраагүй 5 жил болж байна. ******* аав бид хоёрыг зодох үед манай бага хүү ******** 1 нас 8 сартай, манай аав ********** бид дөрөв байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/,

гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  ...Би 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум ***** баг ********* гэх газар байх өөрийн гэртээ охин ******** хамт унтаж байсан. 23 цагийн үед хүн ирээд хаалга чангаар нүдэж эхэлсэн манай гэрийн хаалгыг эвдэх гээд байсан чинь ******** хаалга тайлж өгсөн. Тэгтэл манай охины салсан нөхөр ******** орж ирээд мэндийн зөрүүгүй танай охид чинь янхан, янхан гэж хашигчаад орж ирсэн. Тэгээд манай охин ********* алгадаж унагаад сэгсчээд байхаар нь чи болиоч гэж хэлсэн чинь намайг модон сандлаар цохисон миний ухаан хэсэг хугацаанд балартсан. Тэгээд ******** гэрээс гаргахын тулд охин маань бурхан болооч ээжийнхээ зурагны урд байсан 50,000 төгрөгийг өгөөд энийг аваад манайхаас явчих гэж гуйсан. ************* тухайн мөнгийг аваад манай гэрийн гадна байсан мотоциклийг унаад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2022 оны 07 дугаар сарын 02-ны шөнө унтаж байсан чинь манай эхнэр ********* гар утас руу хадам эгч ******** залгаад “Аав бид хоёрыг ********* зодчихлоо хүрээд ирээч явахгүй гадаа байгаад байна туслаарай” гэж хэлсэн. Би эхнэр ********* хамт очтол ********** зугтаагаад явчихсан байсан. Манай хадам эгч ********* баруун гар хүрэнтэж хөхөрсөн, дух хэсэг нь хавдчихсан байсан ба манай хадам аав ********** нүд нь хөхөрчихсөн, зүүн талын хөмсөг хагарчихсан байсан. Мөн гэр нь эмх замбараагүй сав суулга нь гэрийн шалаар дүүрэн тарчихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад цолтой *********** 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гаргасан “...1. *********** биед 2 нүдний зовхи, баруун зүүн гарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. З.Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадвар алдалт, гоо сайханд нөлөөлөхгүй.. 5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх ******** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

            эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 49-51 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч *********** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунжаргал шүүх хуралдаанд хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн хувьд маргахгүй  гэв.

Шүүгдэгч *********** шүүх хуралдаанд би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, би гэм буруутай гэв.

Шүүгдэгчийн идэвхитэй үйлдлийн улмаас хохирогч ********* биед 2 нүдний зовхи, баруун зүүн гарт цус хуралт гэмтэл учруулж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх санал гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан үндэслэлийг хангаж байна.

Иймд шүүгдэгч ********* холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.    

Хохирогч ********** нь шүүгдэгч ************ хохиролд 100,000 төгрөг, 3 ямаа авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж бичгээр тайлбар гаргасан /хх-ийн 91 дүгээр хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

    Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунжаргал улсны яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирол төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** овогт ***************** 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

                                                         Бусад асуудлаар:

Шүүгдэгч торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                              ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********* овогт *************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** овогт *************** 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА