Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 27

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Даваадоржид холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор З.Алтансолонго, шүүгдэгч Ж.Даваадорж түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 39 дугаар шийтгэх тогтоолтой Ж.Даваадоржид холбогдох эрүүгийн 1937000000026 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Халзад  овогт Жамбын Даваадорж нь Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт 2019 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Б.Хишгээгийн амбаарын цоожийг эвдэн орж 5 ширхэг гэрийн бор эсгий, 40 метр цагаан ямбуу, 50 кг гурил зэрэг 900.000 төгрөгийн үнэтэй эд зүйлсийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх “Шүүгдэгч Халзад овогт Жамбын Даваадоржийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Халзад овогт Жамбын Даваадоржийг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Даваадоржид оногдуулсан  1/нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ж.Даваадорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, хэргийн улмаас шүүгдэгчийн эзэмшлийн хөлдөөгч, зурагт битүүмжилсэн прокурорын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 33 тоот тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулах боломжтой. Анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн.

 Бусдад учруулсан хохиролгүй, нийгмийн дунд засарч хүмүүжих боломжтой. Өвчний учир тахир дутуугийн группэд байдаг, биеийн эрүүл мэндийн хувьд сайнгүй, ходоод гэдэсний үйл ажиллагааны хямралын улмаас жингийн алдагдалд орж ял эдлэхэд эрүүл мэндийн байдал хүнд байдалд ороод байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэв.

            Прокурор шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой танилцаад гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ гэж хуулинд заасан байдаг.

Шүүх шүүгдэгч Ж.Даваадоржид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хорих ялын доод хэмжээний ял буюу 1 жилийн хорих ял оногдуулсан нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэний дараа сэтгэцийн эмгэгтэй болж өөрийн үйлдлийн бодит шинж чанар хор уршгийг ухамсарлах, үйлдлээ удирдан жолоодох чадваргүй болсон хүнийг ял эдлэхээс чөлөөлж эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ гэж заажээ.

Шүүгдэгч Ж.Даваадорж нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэний дараа сэтгэцийн эмгэгтэй болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй юм.

Иймд шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

                Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ж.Даваадорж түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 Ж.Даваадорж нь Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт 2019 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Б.Хишгээгийн амбаарын цоожийг эвдэн орж 5 ширхэг гэрийн бор эсгий, 40 метр цагаан ямбуу, 50 кг гурил зэрэг бүгд 900000 төгрөгийн үнэтэй эд зүйлс хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Хишгээ / хх-н 33х /, гэрч М.Ганзориг /хх-н 35х /, Н.Рэнцэнноров / хх-н 41х / нарын мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-н 4-8х /, эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-н 10-17х /, хохирлын хэмжээ тогтоосон хүснэгт / хх-н 67х /, Ж.Даваадоржийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн яллагдагчийн мэдүүлэг /хх-н 55-56/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон  бөгөөд  анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн үйл баримт болон бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Ж.Даваадоржийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Ж.Даваадорж түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын “ . .  . Яллагдагч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулах боломжтой.

Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо төлсөн, нийгмийн дунд засарч хүмүүжих боломжтой, өвчний учир тахир дутуугийн группэд байдаг зэрэг байдлыг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү . . .” гэх  давж заалдсан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг Дүгнэвэл:

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Даваадоржид оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон байна.

            Шүүх шүүгдэгч Ж.Даваадоржид хуульд заасан хорих ялыг багасгаж ял шийтгэл оногдуулсан байх тул дахин хорих ялыг хөнгөрүүлэх хуулийн боломж байхгүй байна.

            Иймд шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Даваадорж түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Ж.Даваадоржийн давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл цагдан хоригдсон 87 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

3.  Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

      ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

              ШҮҮГЧИД                                        М.НЯМБАЯР

                                  

Б.ДАМБА