Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
Хэргийн индекс | 120/2024/0128/З |
Дугаар | 221/МА2024/0590 |
Огноо | 2024-09-10 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2024/0590
У.Намхайбудын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гомбо
Нэхэмжлэгч: У.Намхайбуд
Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/1085 дугаар тушаалын Ухнаагийн Намхайбудад албан тушаалын үндсэн цалинг 3 сар, 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан заалтыг хүчингүй болгуулж, мөнгөн урамшууллыг нөхөн олгохыг даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2024/0293 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гомбо
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
Хэргийн индекс: 128/2024/0128/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч У.Намхайбудаас Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/1085 дугаар тушаалын Ухнаагийн Намхайбудад албан тушаалын үндсэн цалинг 3 сар, 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан заалтыг хүчингүй болгуулах, мөнгөн урамшууллыг нөхөн олгохыг даалгах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2024/0293 дугаар шийдвэрээр: Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.2, 97 дугаар зүйлийн 97.1-д заасныг тус тус баримтлан У.Намхайбудаас Цагдаагийн Ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/1085 дугаар тушаалын нэхэмжлэгчид албан тушаалын үндсэн цалинг 3 сар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулах заалтыг хүчингүй болгуулж, мөнгөн урамшууллыг нөхөн олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Анхан шатны шүүхийн үндэслэх хэсгийн 11-д “... Дээрхээс үзвэл маргаан бүхий үйл баримттай холбоотой гэмт хэрэг нь 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гарсан бөгөөд тухайн өдөр нь нэхэмжлэгч У.Намхайбудаар ахлуулсан ажлын хэсэг хэргийн газрын үзлэгийг хийсэн бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хэргийн газрын нөхөн үзлэгийг хийснээс үзвэл нэхэмжлэгчээр ахлуулсан ажлын хэсэг нь 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хэргийн газарт ажиллахдаа нотолбол зохих байдлуудыг тогтоох чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг хангалтгүй явуулсан байна гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаас харахад нэхэмжлэгч нь 2023 оны 08 дугаар сраын 12-ны өдөр дуудлага мэдээллийн дагуу хэргийн газарт бүрэлдэхүүнийг ахлан 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 14 цагт очсон байна. Дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн өдрөөс хойш буюу 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 14-ний өдрийг хүртэл Дорноговь аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулан нотолбол зохих байдлыг бүр нотолж, түүнд нь нэхэмжлэгч У.Намхайбуд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж 2024 оны 08 дугаар сарны 14-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
3.2. Хариуцагч тал нь хэргийн газрын нөхөн үзлэгээр хураан авсан эд зүйлс нь илрээгүй байсан гэмт хэргийг илрүүлсэн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн шүүгч хариуцагчийн тайлбарт хөтлөгдөн нөхөн үзлэгээр архины шилнүүд буюу гол нотлох баримтыг илрүүлсэн байна хэмээн үзсэн буруу юм. Учир нь амь хохирогчийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг гэрч нар маш тодорхой тогтвортой мэдүүлсэнээс гадна шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд амь хохирогчийн гэрт цагдаагийн алба хаагчид архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй тул тухайн хогийн саванд байсан архины шилээр тогтоох боломжгүй. Харин гол нотлох ажиллагаа болох гэмт хэрэгт холбогдсон алба хаагчид амь хохирогчийн биед халдсан болохыг хэргийн газрын үзлэгт бүрэлдэхүүн анх очиж хэрэгт гол ач холбогдол бүхий эд мөрийн баримтуудыг хураан авч тэдгээрт шинжээч томилсон байдаг. Харин хэргийн газрын нөхөн үзлэгээр хураан авсан эд зүйлсэд шинжээч томилоогүй байгаа нь өөрөө хэрэгт ач холбогдолгүй баримт болохыг харуулж байна. Хэрэв тухайн эд зүйлс буюу архины шилнүүд нь гэмт хэргийг илрүүлэхэд ач холбогдол бүхий баримт байсан бол хяналт тавьж буй прокурор болон мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусгасан Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны тусгай субьектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсээс шинжээч томилж шинжээчийн дүгнэлт гаргуулах байсан юм. Мөн Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалтаас албаны шалгалт явуулахаар очсон гэх алба хаагчид хэргийг илрүүлсэн мэтээр хариуцагч тал тайлбарладаг бөгөөд тухайн алба хаагчдаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, заавар чиглэл өгсөн гэх баримт хэрэгт огт авагдаагүй.
3.3. Шийдвэрийн 12-т дурдсан дүгнэлтийг нэхэмлэгч тал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн зарчмын шаардлага хангаагүй байна гэж үзэж байна. Учир нь шүүх нэхэмжлэгчийг Цагдаагийн тухай хууль, цагдаагийн алба хаагчийн тангараг, цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг хэрхэн зөрчсөн талаар үндэслэл бүхий тайлбар хийгээгүй байна. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/1085 тушаалд нэхэмжлэгчийг тухайн үед мөрдөгдөж байсан Цагдаагийн алба хаагчийн Сахилгын дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4.2, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.4 дэх заалтад заасныг тус тус баримтлан сахилгын шийтгэл оногдуулсан байна.
3.4. Гомдлын нэгдүгээр хэсэгт дурдсаны дагуу нэхэмжлэгч нь гэмт хэргийн дуудлага мэдээллийг хүлээн авч зохион байгуулалтын болон мэргэжлийн удирдлагаар хангах, гэмт хэргийг илрүүлэх, нотолбол зохих байдлыг тогтоох зэрэг мөрдөн шалгах ажиллагааг хангалттай явуулсан нь тогтоогдож байгаа тул сахилгын шийтгэл оногдуулсан тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэхээргүй байна. Сахилгын шийтгэл оногдуулснаас болоод хууль дүрэм болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан нэхэмжлэгч У.Намхайбуд 3 сарын хугацаанд 1,852,800 төгрөгийг цалингаасаа суутгуулж, улмаар ажлын үр дүнгээр 40 хувиар хүртэл олгогддог мөнгөн урамшуулал 2023 онд огт олдогдоогүйгээс гадна сахилгын шийтгэлтэй байх хугацаанд ямар нэгэн шагнал урамшуулал, цалингийн нэмэгдэл, албан тушаал дэвших, албан тушаалын нөөцөд орох, цаашилбал цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгоход тэтгэвэрийн хэмжээ буурах зэрэг олон эрх ашиг нь зөрчигдсөөр байна. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарыг бүрэн тусгаагүй, тайлбарыг нь үгүйсгэсэн талаар шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт огт дурдаагүй байх бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2024/0293 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч У.Намхайбудаас Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/1085 дугаар тушаалын Ухнаагийн Намхайбудад албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар, 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан заалтыг хүчингүй болгож, мөнгөн урамшууллыг нөхөн олгохыг даалгах” нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ “... 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүн нас барсан гэх дуудлага мэдээллийн дагуу Даланжаргалан суманд бүрэлдэхүүн ахлан ажиллаж, зохион байгуулалтын болон мэргэжлийн удирдлагаар хангаж, нотолбол зохих байдлуулыг тогтоох чиглэлээр хангалттай ажиллагаа явуулсан байхад сахилгын шийтгэл ногдуулсан нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж тодорхойлж маргасан.
Харин хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа У.Намхайбуд нь ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлж, цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийг зөрчсөн” гэх зэргээр тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй татгалзлын үндэслэлээ илэрхийлнэ.
3. Хэргийн үйл баримтын тухайд,
3.1. Дорноговь аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн 102 утсанд 2023 оны 08 дугар сарын 12-ны өдрийн 11:30 цагт “Даланжаргалан сумын Олон овоо зөрлөгт хүн нас барсан” гэж дуудлага, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч бүртгэн, тус газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа У.Намхайбудаар ахлуулсан ажлын хэсэг 15:30 минутад хэргийн газар дээр очиж ажилласан.
Нэхэмжлэгчээс “... иргэний амь нас хохирсон хэрэгт цагдаагийн албан хаагч холбоотой байж болзошгүй байна гэсэн гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллийг хүлээн аваад, миний бие шуурхай бүрэлдэхүүнийг ахалж хэргийн газарт мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Бат-Эрдэнэ, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Агар-Эрдэнэ болон шүүх шинжилгээний албаны шинжээч нарын бүрэлдэхүүнтэйгээр очиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагаануудыг явуулж ажилласан” гэж тайлбарлана.
3.2. Уг гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид үйлдсэн байж болзошгүй гэх нөхцөл байдалтай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас үүрэг болгосны дагуу тус газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газраас албаны шалгалт явуулсан бөгөөд энэ хүрээнд гэмт хэргийг илрүүлэхтэй холбоотой нэмэлт ажиллагааг хэргийн газарт явуулсан байна.
Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “хотоос очсон бүрэлдэхүүнд мөрдөн байцаах чиглэлээр мэргэшсэн албан хаагчид байсан учраас хэргийн газарт шаардлагатай нэмэлт ажиллагаануудыг явуулсан” гэж тайлбарлах бөгөөд 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хэргийн газарт нэмэлт ажиллагаа хийсэн болон албаны шалгалт явуулсан үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй болно.
3.3. Улмаар маргаан бүхий 2023 оны Б/1085 дугаар тушаалаар, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа У.Намхайбудыг гэмт хэргийн дуудлага, мэдээллийг хүлээн авч зохион байгуулалтын болон мэргэжлийн удирдлагаар хангах замаар гэмт хэргийг илрүүлэх, нотолбол захих байдлуудыг тогтоох чиглэлээр мөрдөг шалгах ажиллагааг хангалтгүй явуулж, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлж, Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1. дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэлээр Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4.2, Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.4 дэх заалтыг тус тус баримтлан албан тушаалын үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан.
4. Цагдаагийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““гэмт хэрэгтэй тэмцэх” гэж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, мөрдөн шалгах зорилгоор хуульд заасан ажиллагаа явуулахыг;”, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба мөн.”, 81 дүгээр зүйлийн 81.2-т “Энэ хуулийн 81.1-д заасан цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилгын дүрмийг цагдаагийн төв байгууллагын дарга батална.”, 81.3-д “Энэ хуулийн 81.2, 81.3-т заасан ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно.”, 81.4-т “Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараахь сахилгын шийтгэл оногдуулна: гээд 81.4.2.албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;”, 97 дугаар зүйлийн 97.1-д “Цагдаагийн албаны тухай хууль, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын шийтгэл оногдуулна.”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны А/201 дүгээр тушаалын Хоёрдугаар хавсралтаар баталсан “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”[1]-ийн 2.1-д “Монгол Улсын хууль тогтоомж, Цагдаагийн тангараг, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм, Цагдаагийн төв байгууллагаас тогтоосон цагдаагийн байгууллагын хөдөлмөрийн дотоод буюу үйл ажиллагааны журам болон энэ дүрмийг алба хаагч бүр дагаж мөрдөнө”, 3.1д “Цагдаагийн алба хаагчид дараах үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулна”, 3.1.4-д “Хуульд заасан чиг үүрэг, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хүндэтгэн шалтгаангүйгээр биелүүлээгүй” гэж тус тус заасан.
5. Дээрх зохицуулалтыг маргааны үйл баримттай холбогдуулан тайлбарлахад, цагдаагийн байгууллага, тухайлбал мөрдөн байцаах алба, холбогдох цагдаагийн алба хаагчийн үндсэн чиг үүрэг нь гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, мөрдөн шалгахтай холбоотой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Цагдаагийн албаны тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд энэ талаарх ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтыг хангалтгүй биелүүлэх нь түүнд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болдог байна.
6. Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан, Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын Мөрдөн байцаах тасаг, хэсгийн даргын ажлын байрны тодорхойлолтод “II.Албан тушаалын зорилго: ... мөрдөн байцаалтын ажиллагааг удирдан зохион байгуулах, ... нотлох ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар болон эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд мэргэжлийн удирдлагаар хангах” /хэргийн 167-170 дахь талд/ гэж заасан бол нэхэмжлэгчийн хувьд түүнийг хангалтгүй биелүүлсэн болох нь албаны шалгалтаар тогтоогдсон учир уг зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэл бүхий болсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
7. Тодруулбал, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа У.Намхайбудаар ахлуулсан бүрэлдэхүүн нь гэмт хэргийн дуудлага мэдээллийн дагуу Даланжаргалан суманд ажиллаж, 2023 оны 8 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд хэргийн газарт үзлэг хийсэн, нэр бүхий иргэдээс гэрчийн мэдүүлэг авсан, зарим гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан, цогцост үзлэг хийхэд оролцсон, шинжээч томилж шинжилгэ хийсэн гэх мэт гэмт хэргийг мөрдөж илрүүлэхтэй холбоотой гүйцэтгэсэн ажиллагаанаас гадна Цагдаагийн ерөнхий газрын албаны шалгалт явуулах хүрээнд 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийх, эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцох, нэр бүхий гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах, шинжээч томилж шинжилгээ хийлгэх зэрэг ажиллагааг нэмж гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
8. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд “Цагдаагийн ерөнхий газраас бүрэлдэхүүн очсоноор мөрдөн шалгах ажил эрчимжсэн, сэжигтнүүд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх мэдээлэл ирсэн байхад согтуурлын зэргийг хэмжих багажаар хэмжсэн гэж дэд хурандаа У.Намхайбуд тайлбарлах боловч энэ талаар тэмдэглэл үйлдээгүй байсан” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй, энэ тохиолдолд гэмт хэргийн талаар нотолбол зохих ажиллагааг бүрэн явуулаагүй, сэжигтнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг тогтоогоогүй зэргээр албан үүрэгтээ хайнга хандсан, хууль болон дүрмээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэд хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
9. Энэ тохиолдолд цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан эсэх, яллагдагч нарын гэм буруу шүүхээр тогтоогдсон эсэх зэргээс үл хамаарах цагдаагийн шуурхай бүрэлдэхүүнийг ахалж ажилласан эрх бүхий албан тушаалтны хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан албаны зорилго, зорилтыг зохих байдлаар хэрэгжүүлээгүй; энэ нь Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газраас явуулсан албаны шалгалтаар тогтоогдсон; маргаан бүхий Б/1085 дугаар тушаалаар “албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсан нь уг зөрчилд тохирсон байх тул У.Намхайбудын нэхэмжлэлд тодорхойлсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж дүгнэв.
10. Энэ талаар анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2024/0293 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гомбын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
[1] Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/194 дүгээр тушаалаар хүчингүй болсонд тооцсон.