Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 238

 

 

 

 

 

 

 

 

Зохигчдийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, шүүгч Б.Цолмон, шүүгч Д.Алтантуул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Дундгол гудамж, 30б байр, 55 тоотод оршин суух Боржигон овгийн Бадарчийн Энхболд /РД:ТЗ58030712/

Нэхэмжлэгч:Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Дамбадаржаа 33 дугаар гудамж, 414 тоотод оршин суух Боржигон овгийн Рэнчинсамбуугийн Алтангэрэл /РД:УХ59021165/ -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Төв аймаг, Баянхангай сум, 2 дугаар баг, Хөшөөт гэх газар оршин суух Умбаа тайж овгийн Гансүхийн Отгонбаатар /РД:ОС86082713/-д холбогдох

Гэм хорын хохиролд 5 009 067 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Энхболд, Р.Алтангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Энхболд, Р.Алтангэрэл нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн эзэмшлийн ... автомашинаар ... Төв аймгийн Аргалант сумын ... нутагт явж байх үед Төв аймгийн Баянхангайн малчин Г.Отгонбаатар нь согтуугаар ... тээврийн хэрэгсэл жолоодон урсгал сөрөн орж ирэн миний машины урдаас мөргөн зам тээврийн осол гаргасан. Ослын улмаас Р.Алтангэрэлийн нүүрэн тус газар гэмтэл учирч, ... мэс засалд орж, эмчилгээний зардалд одоогоор 2 074 067 төгрөг зарцуулаад байна. ... Б.Энхболд миний эзэмшлийн ... автомашины эвдрэл гэмтлийг “Кости-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан, ... “Буянт-Оюу” ХХК-ийн оношлогооны зардалд ... нийт 3 685 000 төгрөгийн хохирол учраад байна. ... Р.Алтангэрэлийн эмчилгээний зардал 1 324 067 төгрөг, автомашинд учирсан эвдрэлд 3 685 000 төгрөг нийт 5 009 067 төгрөгийг Г.Отгонбаатараас гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Г.Отгонбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... өөрийн нэрийн өмнөөс өмгөөлөгч П.Ганбаатарт итгэмжлэх бүрэн эрх өгч энэхүү асуудалд оролцуулах болно. ... зарим нэг нотлох баримтууд нь шаардлага хангахааргүй байна гэж үзэж байна. ... хохирол учирсан гэдэг дээр маргах зүйл алга байна. Гагцхүү үнийн дүн 5 009 067 төгрөгөөс 3 800 000 төгрөг дээр эвлэрэх бүрэн боломжтой. ... Түүнчлэн нэхэмжлэгч нар эвлэрэх саналыг хүлээн зөвшөөрвөл уг мөнгийг 2018 оны 06 дугаар сарын 01 болон 2018 оны 12 дугаар сарын 01-нд 2 хувааж бүрэн төлж дуусгах болно. ...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Энхболд, Р.Алтангэрэл нар хариуцагч Г.Отгонбаатарт холбогдуулан гэм хорын хохиролд 5 009 067 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдааны шатанд зохигчид эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд “Нэг талаас тус шүүхэд иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон явж буй иргэн Б.Энхболд, Р.Алтангэрэл нар, нөгөө талаас иргэний хариуцагчаар татагдан явж буй иргэн Г.Отгонбаатар бид сайн дурын үндсэн дээр хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүйгээр энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав. ... нэхэмжлэгч нар нь гэм хорын хохиролд 5 009 067 төгрөг нэхэмжилснээс, хариуцагч Г.Отгонбаатар нь 900 000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 4 519 700 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарыг хүртэлх хугацаанд төлж дуусгахаар тохиролцов. Дээрх хугацаанд хохирлыг төлөөгүй бол хуулийн дагуу албадан гүйцэтгүүлэхээр болов. Иймд ИХШХШТХ-ийн 74 дүгээр зүйлд зааснаар зохигчдийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Эвлэрлийн гэрээг шинжлэн судлахад зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 5 009 067 төгрөгийн 489 367 төгрөгөөс татгалзаж, үлдэх 4 519 700 төгрөгийг хариуцагч төлнө гэж хүлээн зөвшөөрч, талууд гарын үсэг зурсан байна.

Эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Энхболд, Р.Алтангэрэл нар 5 009 067 төгрөг гаргуулах нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 107 900 төгрөгийн тал хувь 53 950 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 53 950 төгрөгийг хариуцагч Г.Отгонбаатараас тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Энхболд, Р.Алтангэрэл нарт буцаан олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Энхболд, Р.Алтангэрэл нарын нэхэмжлэлийн шаардлага 5 009 067 төгрөгийн 489 367 төгрөгөөс татгалзаж, үлдэх 4 519 700 төгрөгийг хариуцагч Г.Отгонбаатар төлнө гэсэн нөхцөлтэйгөөр байгуулсан эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Энхболд, Р.Алтангэрэл нарын 5 009 067 төгрөг гаргуулах нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 107 900 төгрөгийн тал хувь 53 950 төгрөгийг Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 дугаар данснаас, 53 950 төгрөгийг хариуцагч Г.Отгонбаатараас тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Энхболд, Р.Алтангэрэл нарт буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д

зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              А.ЭНХТӨР

 

                   ШҮҮГЧИД                              Б.ЦОЛМОН

 

                                                                       Д.АЛТАНТУУЛ