| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюунзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2017/01215/и |
| Дугаар | 120 |
| Огноо | 2018-01-25 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Төв аймаг, Эрдэнэ сумын Засаг даргын нэхэмжлэлтэй
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Нарантунгалаг
Хариуцагч: Төв аймаг, Эрдэнэ сум, 5 дугаар баг, Тамган өвөр хуурай 1 гудамж, 108 тоотод оршин суух Боржигон овгийн Гэндэнгийн Отгонлхагва /РД:НУ86052111/-д холбогдох
2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Дугаар №2015/07 Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газар Хүндэтгэлийн өргөө барих ажил” гүйцэтгэх гэрээний үүргийг хангуулах үндсэн нэхэмжлэлтэй,
“Дугаар №2015/07 тоот Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газар Хүндэтгэлийн өргөө барих ажил” гүйцэтгэх гэрээ, “Дугаар № Эрдэнэ 2015/06 тоот Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын дээврийн засварын ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 2 512 800 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Г.Отгонлхагва, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрдэнэ сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Төв аймгийн Эрдэнэ сумын ЗДТГ-ын хүндэтгэлийн өргөө барих ажлыг тус сумын иргэн Г.Отгонлхагва нь 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №2015/07 гэрээгээр 2015 оны 11 дүгээр 01-ний өдөр дуусган ашиглалтад оруулахаар гэрээ байгуулсан боловч одоо хүртэл хүлээлгэн өгөөгүй. Гүйцэтгэгч Г.Отгонлхагва нь гэрээний нийт үнийн дүн болох 22 662 800 төгрөгийн 70 хувийг гэрээ байгуулаад, 30 хувийг ашиглалтад оруулаад авах байсан боловч 2017 оны 08 дугаар сарын 17-ний өдрөөс хойш гэрээний үнийн дүнгээс 23 650 000 төгрөгийг тус байгууллагаас ажлын хөлс болон материалын зардалд авсан. Манай зүгээс 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 8 000 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 4 800 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 18-ний өдөр 3 000 000 төгрөг шилжүүлсэн гүйцэтгэлийн ажлыг он дамжуулсан.
Барилгын материалын зардал дутуу, гүйцэтгэх боломжгүй байна гэхээр нь дахин санхүүжилт гаргаж 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 2 250 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр 5 600 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Ёслол хүндэтгэлийн өргөөг Г.Отгонлхагва үнэ хямд, чанаргүй материалаар хийснээр дээврээс ус гоожиж, коридорт ус урсаж, коридорын шал доогуураа ялзарсан. Халаалтын асуудлыг шийдээгүй дутуу орхисноос хүйтэн, сэрүүн тул иргэдэд үйлчлэх нөхцөл бүрдэхгүй байна.
Иймд Г.Отгонлхагваар гэрээний үүргийн биелэлт, дутуу хийгдсэн ажлын гүйцэтгэлийг хангуулж, манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Г.Отгонлхагва шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие барилгын ажлыг 22 662 800 төгрөгөөр хийхээр гэрээ байгуулахдаа ашгийн төлөө бус орон нутгынхаа хөгжилд хувь нэмэр болох зорилготой байсан. 2015 оны 08 дугаар сарын 15-наас 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад оруулахаар ажлаа эхлүүлсэн. 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүндэтгэлийн өргөөний материалын 8 000 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүндэтгэлийн өргөөний материалын 4 800 000 төгрөг авсан, дахин мөнгө гаргаж өгөх боломжгүй, мөнгө гаргах эрх хаагдсан гэж Төсөв, төрийн сангийн мэргэжилтэн Г.Нарантунгалаг надад хэлсэн.
ЗДТГ-ын дээврийн засварын ажлыг 3 500 000 төгрөгөөр 2015 оны 09 дүгээр сарын 10-наас 2015 оны 10 дугаар сарын 30-ны хооронд хийж дуусгахаар гэрээ байгуулж, 2015 оны 12 дугаар сарын 18-нд дээврийн засварын хөлс 3 000 000 төгрөг авсан. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүндэтгэлийн өргөөний материалын 5 600 000 төгрөг авсан. Ёслол хүндэтгэлийн өргөөний гэрээний дагуу 22 662 800 төгрөг авах байсан боловч 20 650 000 төгрөг надад өгч, үлдэх 2 012 800 төгрөгийг одоо болтол аваагүй байна. Дээврийн засварын гэрээний дагуу 3 500 000 төгрөг авах ёстой боловч 3 000 000 төгрөгийг авч 500 000 төгрөг өгөөгүй байна. Аваагүй байгаа мөнгө болох 2 512 800 төгрөгөө авч байж Ёслол хүндэтгэлийн өргөөний халаалтыг холбон хүлээлгэж өгнө. Барилгын ажил удааширсан нь материалын мөнгө удааж өгсөнтэй 100 хувь холбоотой.” гэжээ.
Хариуцагч Г.Отгонлхагва шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Эрдэнэ сумын Засаг дарга Н.Мөнхсайхан нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба халаалтын мөнгө 1 800 000 төгрөгийг хасаж төсвийг бууруулсан, халаалтын шугамын холболтын техникийн нөхцөлийг шийдвэрлэж өгөөгүйгээс халаалтын ажил бүрэн хийгдээгүй. Миний бие нь 2015 оны 08 сарын 15-ны өдөр “Хүндэтгэлийн өргөө барих”, 2015 оны 09 сарын 10-ны өдөр ЗДТГ-ын дээврийн ажил гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулсан.
Дээрх гэрээнүүдийн дагуу Г.Отгонлхагва надад тус Засаг даргын тамгын газраас Ёслол хүндэтгэлийн өргөөний ажлын зардлаас 2 012 800 төгрөг, дээврийн засварын ажлаас 500 000 төгрөг нийт 2 512 800 төгрөг төлөх ёстой.
Иймд 2 512 800 төгрөгийг Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Г.Отгонлхагва шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газар нь барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах зардлыг хугацаанд нь өгөөгүй, үүнээс болж би хохирсон тул ёслол хүндэтгэлийн өргөө барих гэрээ, дээврийн засварын ажил гүйцэтгэх гэрээний дагуу авах ёстой мөнгөнөөс 2 512 800 төгрөгийг одоог хүртэл аваагүй тул энэ мөнгөө нэхэмжилж байна.” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байна. Учир нь Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газар нь гэрээнд заасан хөлсөө дутуу өгсөн болох нь Г.Отгонлхагвын Хаан банкны депозит дансны хуулга хэрэгт байгаа бусад баримтаар нотлогдож байгаа.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Эрдэнэ сумын Засаг дарга нь 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Дугаар № 2015/07 дугаар Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газар Хүндэтгэлийн өргөө барих ажил”-ын гэрээний үүргийг гүйцэтгүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г.Отгонлхагва эс зөвшөөрч, “Дугаар №2015/07 тоот Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газар Хүндэтгэлийн өргөө барих ажил” гүйцэтгэх гэрээ, “Дугаар № Эрдэнэ 2015/06 тоот Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын дээврийн засварын ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 2 512 800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргаж байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэг.Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч /захиалагч/ Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газар, хариуцагч /гүйцэтгэгч/ Г.Отгонлхагва нарын байгуулсан “Дугаар №2015/07 Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газар Хүндэтгэлийн өргөө барих ажил” /хх-50-51/-ын гэрээг шинжлэн судлахад талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь зөвхөн хүндэтгэлийн өргөө барих гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан байна.
Хүндэтгэлийн өргөө барих гэрээний нөхцөлөөр тухайн барилгын 22 662 800 төгрөгийн төсөвт ажлыг 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр эхлэн 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд ашиглалтад оруулж, үнийн дүнгийн 70 хувийг гэрээ байгуулаад, 30 хувийг ашиглалтад оруулаад авахаар тохиролцжээ. Нэхэмжлэгч /Захиалагч/ нь гэрээний дагуу 22 862 800 төгрөгийн 70 хувь буюу 16 003 960 төгрөгийг гэрээ байгуулаад хариуцагч /гүйцэтгэгч/-ид шилжүүлэх үүрэгтэй байсан боловч нэхэмжлэгчийн “Г.Отгонлхагва нь гэрээний нийт үнийн дүн 22 662 800 төгрөгийн 70 хувийг гэрээ байгуулаад, 30 хувийг ашиглалтад оруулаад авах байсан ... 2015 оны 08 сарын 17-нд хүндэтгэлийн өргөөний 50 хувь буюу 8 000 000 төгрөг, 2015 оны 09 сарын 09-ний өдөр 4 800 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 3 000 000 төгрөг шилжүүлсэн ...” /хх-1/ гэх тайлбар болон хавтаст хэргийн 53, 74, 76 дугаар тал дахь баримтаар нийт 15 800 000 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хооронд шилжүүлсэн нь тогтоогдож байх тул захиалагч гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэстэй байна. Өөрөөр хэлбэл гэрээний үнийн 70 хувь болох 16 003 960 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 4 сарын турш тасалж өгсөн, 203 960 төгрөг дутуу /16 003 960-15 800 000=203 960/ өгсөн байгаа нь захиалагч Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасан “гэрээнд заасан хугацаанд ...” хөлс төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Мөн Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газар нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан хувь хүний /Г.Отгонлхагва/ орлогын албан татвар ногдох орлогод ажил гүйцэтгэх гэрээний үнийг оруулан тооцож 250 000 төгрөг /хх-79,81/, 620 000 төгрөг /хх-83,85/ тус тус суутган авсан байгаа нь дээрх хуулийг болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзнэ. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хавсарган ирүүлсэн бичмэл нотлох баримтыг шинжлэн судлахад хариуцагч Г.Отгонлхагва гэрээний үүргээ хэрхэн зөрчсөн, зөрчсөн бол нэхэмжлэгчид хэдий хэмжээний хохирол учирсан болохыг нотлох баримт байхгүй бөгөөд нэхэмжлэгч хуульд заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг нотлох баримтыг өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Дээр дурдсаныг үндэслэн Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын нэхэмжлэлтэй Г.Отгонлхагвад холбогдох “Дугаар №2015/07 Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газар Хүндэтгэлийн өргөө барих ажил” /хх-50-51/-ын гэрээний үүргийг гүйцэтгүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Хоёр:Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Гүйцэтгэгч Г.Отгонлхагва нь захиалагч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газраас “Дугаар №2015/07 Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газар Хүндэтгэлийн өргөө барих ажил”-ын гэрээний /хх-50-51/ үүргийн гүйцэтгэлд 2 012 800 төгрөг, “Дугаар № Эрдэнэ 2015/06 тоот Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын дээврийн засварын ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 500 000 төгрөг нийт 2 012 800 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. Хэдийгээр хэрэгт авагдсан “Дээврийн засварын ажил гүйцэтгэх гэрээ” /хх-121-122/ хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байх боловч тус гэрээг байгуулсан болох нь талуудын тайлбар /хх-123-124/-аар тогтоогдож байх бөгөөд энэ талаар маргаагүй болно.
Дээврийн засварын ажил гүйцэтгэх гэрээг 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 3 500 000 төгрөгийн төсвөөр гүйцэтгэхээр гэрээ /хх-92/ байгуулжээ. Хүндэтгэлийн өргөө барих, дээврийн засварын ажил гүйцэтгэх гэрээний нийт үнэ 26 162 800 төгрөг /хүндэтгэлийн өргөө 22 662 800+дээврийн засвар 3 500 000 =26 162 800/ байх бөгөөд нэхэмжлэгч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын “23 650 000 төгрөгийг тус байгууллагаас ажлын хөлс болон материалын зардалд авсан” гэх тайлбар /хх-1/, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж ирүүлсэн төлбөрийн хүсэлт /хх-53,76,80,81,84,85/, хяналтын хуудас /хх-53,76/, мөнгө олгохыг хүссэн өргөдөл /хх-54,75,77,79,83/ болон сөрөг нэхэмжлэл гаргагч Г.Отгонлхагвын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж шүүхэд ирүүлсэн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-115-119/-д дурдагдсан мөнгөн дүнг нэмж тооцоход 23 650 000 төгрөг /8 000 000+4 800 000+3 000 000+2 250 000+5 600 000=23 650 000/-ийг нэхэмжлэгч /захиалагч/-ээс хариуцагч /гүйцэтгэгч/-ид шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл захиалагч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газар нь “Дугаар №2015/07 Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газар Хүндэтгэлийн өргөө барих ажил”-ын гэрээний дагуу 22 662 800 төгрөг, “Дугаар № Эрдэнэ 2015/06 Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын дээврийн засварын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу 3 500 000 төгрөг нийт 26 162 800 төгрөгийг гүйцэтгэгч Г.Отгонлхагвад шилжүүлэхээс 23 650 000 төгрөг буюу 2 512 800 төгрөг /26 162 800-23 650 000=2 512 800/ дутуу шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь нотлогдож байна.
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1-д зааснаар гүйцэтгэгч Г.Отгонлхагва нь захиалагчийн зүгээс гэрээнд заасан хугацаанд зохих журмын дагуу хөлс төлөөгүйгээс учирсан хохирлоо шаардах эрхтэй байх тул Г.Отгонлхагвын нэхэмжлэлтэй Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газарт холбогдох “Дугаар №2015/07 Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газар Хүндэтгэлийн өргөө барих ажил”-ын гэрээ, “Дугаар № Эрдэнэ 2015/06 Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын дээврийн засварын ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 2 512 800 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан хүндэтгэлийн өргөөний барилгын зураг, төсөв /хх-45-49/, “Дугаар №2015/07 Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газар Хүндэтгэлийн өргөө барих ажил” /хх-50-51/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-52/, төлбөрийн хүсэлт /хх-53,76,80,81,84,85/, хяналтын хуудас /хх-53,76/, мөнгө олгохыг хүссэн өргөдөл /хх-54,75,77,79,83/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-55-64, 95-98/, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газарт Хүндэтгэлийн өргөө барих ажлын төсөл зохиох гэрээ, гэрээний хавсралт /хх-65-73/, барилгын төсөв /хх-78/, ёслол, хүндэтгэлийн өргөөний засал, гэрэлтүүлэг, дулаалга, сангийн холболт хийх төсөв /хх-82/, Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-115-119/ зэргийг үнэлэн шийдвэрийн үндэслэл болголоо.
Хавтаст хэргийн 4-6 дугаар тал, 7-42 дүгээр тал, 121-122 дугаар талд цугларсан баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө.” гэх заалтыг зөрчсөн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Нэхэмжлэгч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд сөрөг нэхэмжлэл гаргагч Г.Отгонлхагва нь 2 512 800 төгрөг гаргуулах нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжид 56 000 төлснийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газраас 56 000 төгрөг гаргуулан Г.Отгонлхагвад олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын нэхэмжлэлтэй Г.Отгонлхагвад холбогдох “Дугаар №2015/07 Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газар Хүндэтгэлийн өргөө барих ажил”-ын гэрээний үүргийг гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.5.1-д зааснаар Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газраас “Дугаар №2015/07 Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газар Хүндэтгэлийн өргөө барих ажил”-ын гэрээ, “Дугаар № Эрдэнэ 2015/06 тоот Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын дээврийн засварын ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 2 512 800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Отгонлхагвад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, сөрөг нэхэмжлэл гаргагч Г.Отгонлхагва нь 2 512 800 төгрөг гаргуулах нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжид 56 000 төлснийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газраас 56 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Отгонлхагвад олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР