| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюунзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2018/00242/и |
| Дугаар | 397 |
| Огноо | 2018-04-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 397
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, шүүгч Б.Цолмон, шүүгч Д.Алтантуул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймаг, Мөнгөнморьт сум, 3 дугаар баг, Булаг хэрлэн 1 гудамж, 3 тоотод оршин суух Заяхан овгийн Балжингийн Алтанчимэг /РД:НП61041061/
Хариуцагч: Төв аймаг, Мөнгөнморьт сум, 3 дугаар баг, Булаг мөнхжаргалант 5 гудамж, 2 тоотод оршин суух Баатар овгийн Сандагийн Загарсүрэн /РД:ЙЙ78122511/
3 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 1000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Алтанчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Рашзэвэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уртнасан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Алтанчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний дөшийг манай сумын иргэн Балдандорж,Түмэнбаяр, Нарантуяа нар 7 000 000 дээш төгрөгөөр худалдаж авахаар удаа дараа хүсэлт гаргаж байсан, гэтэл миний дөшийг С.Загарсүрэн эхнэрийн хамт машиндаа засвар хийхэд түр хэрэглэхээр авч явсан тул дөш худалдаж авах хүмүүстэй худалдаа хийж чадаагүй. Дараа нь дөшөө авахаар С.Загарсүрэнгийд очиход байгаагүй, эхнэр Түвшинтөгс нь янз бүрээр арга саам хийгээд өгөөгүй, 7 хоногийн дараа дөшийг авч ирэхэд нь үзэхэд доод талд нь 2 газар цоолоод тугалгаар битүүлж бөглөсөн байсан. Тэр дор нь ямар учраас цоолж, эргүүлж гагнасан тухай асуухад цоолж, бөглөснөө хүлээн зөвшөөрч гарын үсэг хийж өгсөн нь миний дөшийг зөвшөөрөлгүйгээр цоолж гэмтэл учруулсан нь тогтоогдсон. Дөш цоолж, гэмтээсэн талаар С.Загарсүрэнтэй ярихад хуулийн байгууллагаар яваад яах вэ, 4 000 000 төгрөг өгье, өгөхдөө тодорхой хугацаа тогтоож, тохиролцое гэхэд нь нөхөр бид хоёр зөвшөөрсөн, тохиролцсоныхоо дагуу 1 000 000 төгрөгийг хугацаандаа өгч үлдэх 3 000 000 төгрөгийг одоо болтол өгөөгүй байгаа болно. Миний дөшийг дотор нь мөнгөн ус байсны улмаас бидний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн доод хэсэгт нь 2 газар цоолсон, одоо дөш өгнө гэвэл авахгүй.
Миний бие тухайн үед дөш өгч, авалцаж байсан үнийн доод хэсэг болох 5 000 000 төгрөгөөр бодож шүүхэд нэхэмжлэл гаргасан, гэвч С.Загарсүрэнгийн 4 000 000 төгрөг өгөх хүсэлтийг хүлээн зөвшөөрч 1 000 000 төгрөгийг нь авсан тул 3 000 000 төгрөг нэхэмжилж байна. Сөрөг нэхэмлэлийн шаардлага болох 1 000 000 төгрөгийг хүлээн
зөвшөөрөхгүй, өгөх боломжгүй.” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед С.Загарсүрэн нь машинаа засахад дөш чинь хэрэгтэй байна гээд Б.Алтанчимэгээс дөшийг нь авч явсан байдаг. Авч явчихаад дөшийг нь 2 хэсэг газар цоолоод авч ирсэн гэсэн. Хүний эд хөрөнгийг авч яваад цоолж, гэмтээгээд буцааж өгсөн, тэгээд мөнгөө өгөхгүй байгаа нь үндэслэлгүй байна. С.Загарсүрэн цагдаа, шүүхээр явж хэл ам болгоод яах вэ, би танд 4 000 000 төгрөг өгье гээд 1 000 000 төгрөгийг нь өгч үлдсэн мөнгийг өгөх хугацааг нарийн тогтоосон байдаг. Иргэний хуульд тогтоосон, тохиролцсон хугацаанд төлнө гэсэн хуулийн заалт байгаа. Хэрэгт дөш худалдаж авна гэсэн Балдандорж, Нарантуяа, Түмэнбаяр гэсэн хүмүүсийн тодорхойлолтод дөш авах үнээ санал болгосон гэдгээ бичсэн байгаа. Хүний эд хөрөнгөнд хохирол учруулчихаад мөнгө өгөхгүй байна гэсэн чинь юу гэсэн үг вэ, дөш хоосон байсан гэдэг нотолгоо байхгүй. Хүмүүс ирж үзээд авна гээд нэг нь 5 000 000 төгрөг, нөгөөх нь 7 000 000 төгрөг өгнө гэсэн байдаг. Хуульд эд хөрөнгөнд хохирол учруулсан бол өмнөх байдлаар нь буцаан өгнө эсхүл нөхөн төлнө гэж заасан байгаа. Өөр хүнээр дөш цоолуулсан гэж ярьж байна. Хариуцагч өөрөө авч явсан дөшөө бүрэн бүтнээр нь авч ирэх үүрэгтэй. Миний үйлчлүүлэгч дөшөө зарсан бол 4 000 000-5 000 000 төгрөгт зарах байсан. С.Загарсүрэнг нутгийнхан нь мөнгөн ус зарж байсан гэж ярьдаг. Хүний эд хөрөнгийг дур мэдэн эвдэж, хохирол учруулсан тул Иргэний хуулийн 510 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Иргэний хуулийн 186 дугаар зүйлд заасан байгаа, насанд хүрсэн хүн байж өөрөө 4 000 000 төгрөг төлнө гэж хэлчихээд яаж 1 000 000 төгрөг буцааж авна гэж хэлж чадаж байна. Бүрэн бүтэн байсан зүйл авч яваад хохирол учруулчихаад ингэж болохгүй, буцааж 1 000 000 төгрөг нэхэмжлэх эрх байхгүй. Иргэний хуулийн 510 дугаар зүйлд зааснаар хүний эд хөрөнгөнд халдаж, хохирол учруулсан учир 3 000 000 төгрөг нэхэмжилж байна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд 1 000 000 төгрөг буцааж өгөх үндэсгүй.” гэв.
Хариуцагч С.Загарсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: “Б.Алтанчимэгээс манайх дөшийг нь машины чиргүүл янзлах гэж авсан, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дөшийг нь буцааж аваачиж өгөхөд манай дөшийг цоолсон байна гээд загнаад эхэлсэн. Уг дөшийг Улаанбаатар, Дундговиос самар түүхээр ирсэн хэсэг хүмүүс дөшийг хараад энэ дотроос мөнгөн ус гардаг гэсэн, цоолоод үзье гээд цахилгаан өрмөөр цоолж үзэхэд дотроос нь юу ч гараагүй. Мөнгө нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь дөшийг өөрт нь буцааж өгсөн. Энэ талаар цагдаад өргөдөл өгч шалгуулахад ямар нэгэн шингэн зүйл дөшний дотроос илрээгүй гээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан баримт байгаа. Дөшний талаар Б.Алтанчимэг биднээс мөнгө нэхэж элдвээр доромжилж, цагдаагаар шалгуулна гэж аашилж байснаас болж би эхнэртээ хэлэлгүйгээр 1 000 000 төгрөг өгсөн, энэ хүн ингэж авирлаж байгаа бол өгсөн 1 000 000 төгрөгөө буцааж авна.” гэв.
Хариуцагч С.Загарсүрэн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Миний бие 2017 оны 01 дүгээр сарын эхээр Б.Алтанчимэгийн гэрээс машины чиргүүл янзлах гэж дөшийг нь гуйж авсан. Тухайн үед би самарт явдаг хүмүүсийг машинаараа уул руу гаргаж өгдөг байсан, самарт явдаг хүмүүс дөшийг хараад энэ дотроос мөнгөн ус гардаг гэсэн, гарах нь уу, үгүй юу цоолж үзье гээд цоолоход юу ч гараагүй. Б.Алтанчимэг дөшөө авья гэхэд нь хүргэж өгтөл тэрээр чи миний хүүхдүүдийн насаараа идэх хоолыг маань хулгайлж авсан, одоо надад мөнгө өг гээд байнга нэхэж доромжлоод байхаар нь 1 000 000 төгрөгийг найзаасаа гуйж Б.Алтанчимэгийн данс руу шилжүүлсэн. Иймд Б.Алтанчимэгт өгсөн 1 000 000 төгрөгийг буцаан нэхэмжилж байна.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Загарсүрэн болон Б.Алтанчимэг нарын хооронд хэлцэл хийсэн, дөшний үнийг 4 000 000 төгрөгөөр тохиролцсон гэх асуудал болоогүй, хуурч мэхэлж дөшийг нь аваагүй гэдэг нь Төв аймгийн Прокурорын газрын тогтоолоор тогтоогдсон байгаа. Хэрэв Б.Алтанчимэг прокурорын тогтоолд гомдолтой байсан бол гомдол гаргах байсан, гэтэл нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй. Хариуцагч нэхэмжлэгчээс дөш гуйж авсан гэж хүлээн зөвшөөрдөг, машинаа засах гэж гуйж авсан, тухайн үед тэнд байсан хүмүүс нь энийг цоолбол дотроос нь юм гардаг гэсэн гээд цоолсон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа, гэхдээ энэ дотроос нь ямар нэгэн зүйл гараагүй. Дөшийг цоолсон хэсгээ хар тугалгаар бөглөөд, буцаагаад байсан хэвэнд нь оруулаад өгсөн. Б.Алтанчимэг дотор нь мөнгөн ус байсан, түүнийг аваад баяжчихлаа гэсэн зүйл яриад байгаа ч дотроос нь юу ч гараагүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд төмрийн найрлагатай зүйл байна, мөнгөн ус гараагүй гэсэн байдаг. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлд гэм хорыг арилгах хэмжээг зааж өгсөн байдаг. С.Загарсүрэнгээс Б.Алтанчимэг нь дөшний үнэ 3 000 000 төгрөг нэхэмжилж байгаа, энэ мөнгийг юуг үндэслээд, яаж гаргаж ирсэн нь тодорхойгүй. Тухайн үед дөш 3 000 000 төгрөгийн үнэлгээтэй гэдгийг тодорхойлсон ямар нэгэн баримт байдаггүй, 3 хүний тодорхойлолт байгаа гэж ярьж байгаа нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. С.Загарсүрэн, Б.Алтанчимэг нарын хооронд 4 000 000 төгрөг өгч, авалцах тухай байгуулсан гэрээ байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Б.Алтанчимэг С.Загарсүрэнгээс 1 000 000 төгрөг авсан нь үндэслэлгүй байна. Б.Алтанчимэг нь С.Загарсүрэнг хэл амаар доромжилж, дөшнөөс мөнгөн ус гарах ёстой байсан чи энэ үнийг нь төл гэж байнга дарамталж байсан, ийм учраас 1 000 000 төгрөг өгсөн байна. Иймд С.Загарсүрэн нь Иргэний хуулийн 492.5-д зааснаар Б.Алтанчимэгээс 1 000 000 төгрөг нэхэмжилж байна.” гэв.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Алтанчимэг хариуцагч С.Загарсүрэнд холбогдуулан эд хөрөнгөнд /төмөр дөш/ учирсан хохиролд 3 000 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч С.Загарсүрэн эс зөвшөөрч, 1 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн үнэ буюу төмөр дөшийг 4 000 000 төгрөгөөр үнэлж, хариуцагч С.Загарсүрэнгийн өгсөн 1 000 000 төгрөгийг хасаж, 3 000 000 төгрөг гаргуулна гэж шаардсан бөгөөд энэ шаардлагаа дэмжиж оролцсон болно.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “С.Загарсүрэн нь миний төмөр дөшийг ахуй хэрэглээний /тээврийн хэрэгсэл засах/ зорилгоор авч яваад буцааж өгөхдөө доод талыг өрөмдөж цоолоод мөнгөн усыг нь авч ашиг олсон. Хэрэв цоолоогүй буцааж өгсөн бол би бусдад худалдаж ашиг олох байсан. Төмөр дөш тухайн үед 7 000 000 төгрөгийн ханштай байсан. С.Загарсүрэн төмөр дөшийг цоолсоны төлбөрт өөрөө 4 000 000 төгрөгийг надад өгнө гэж хэлээд 1 000 000 төгрөг өгсөн, үлдэх 3 000 000 төгрөгийг гаргуулна” гэж,
Хариуцагч татгалзлын үндэслэлээ “Б.Алтанчимэгээс төмөр дөшийг нь тээврийн хэрэгсэл засахдаа хэрэглэхээр авч яваад, түүний зөвшөөрөлгүй доод талд нь цоолж нүхлээд буцааж өгсөн. Дөшнөөс мөнгөн ус гараагүй, ашиг олоогүй. Б.Алтанчимэг үг хэлээр доромжлоод байхаар нь 1 000 000 төгрөг өгсөн. Түүнд 4 000 000 төгрөг өгөх талаар ямар нэг яриа хэлцэл хийгээгүй” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Алтанчимэгийн өмчлөлийн 61.5 см урттай 23 см өргөнтэй 25 см өндөртэй төмөр дөшийг хариуцагч С.Загарсүрэн 2017 оны 01 дүгээр сарын эхээр ахуйн хэрэглээндээ ашиглах /тээврийн хэрэгсэл засах/ зорилгоор түр эзэмших үедээ өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр доод талд нь өрөмдөн цоолж улмаар хар тугалгаар бөглөж буцаан өгсөн, нэхэмжлэгч төмөр дөшөө буцаан авсан үйл баримт нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч С.Загарсүрэн нь өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг /төмөр дөш/ захиран зарцуулснаар нэхэмжлэгч Б.Алтанчимэг өөрт учирсан хохирлын талаар үндэслэл бүхий шаардлага гаргаж, үүнийгээ нотлох үүрэгтэй юм.
Гэтэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1825 дугаар шинжээчийн дүгнэлтэд “шинжилгээнд ирүүлсэн төмөр дөшний доод хэсэгт байгаа бохирлогдсон гэх цагаан өнгийн зүйл нь төмрийн найрлагатай элемент” гэсэн дүгнэлт гарсан байгаагаас үзэхэд маргааны зүйл болох төмөр дөшинд мөнгөн ус байсан гэх нэхэмжлэлийн үндэслэл нотлогдохгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь төмөр дөшийг ямар үндэслэлээр 3 000 000 төгрөгөөр үнэлэн нэхэмжилж буй нь тодорхой бус тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл ямар нотлох баримтыг үндэслэж төмөр дөшийг 3 000 000 төгрөгөөр үнэлсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотолж чадахгүй байна.
Үүнээс гадна нэхэмжлэгч төмөр дөшийг “манай нөхөр машин засах, дээр нь юм давтах зэрэгт ашигладаг байсан, одоо ч хэвийн ашиглаж байгаа” /х.х-ийн 60-61 тал/ гэх агуулга бүхий тайлбараар төмөр дөшийг нүхэлж цоолсон нь тухайн эд хөрөнгийг хэвийн ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэхээргүй бөгөөд түүнээс болж хохирол учирсан байдал тогтоогдохгүй байна.
Хариуцагч С.Загарсүрэн нь нэхэмжлэгч С.Алтанчимэгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн урд нь өгсөн 1 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн үндэслэлээ “Б.Алтанчимэг үг хэлээр доромжлоод байсан тул 1 000 000 төгрөг өгсөн, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.5-д зааснаар буцаан шаардах эрхтэй” гэж тайлбарлаж байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.5-д “Үүрэг гүйцэтгэхээр бус харин хүч хэрэглэсэн буюу заналхийлсэн үйлдлийн үндсэн дээр хэн нэгэн этгээд нөгөө этгээдэд хөрөнгө шилжүүлсэн бол хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгах эрхтэй байхаас бусад тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд нь түүнийг буцаан шаардах эрхтэй.” гэжээ. Өөрөөр хэлбэл Б.Алтанчимэгийн дарамталсан /хүч хэрэглэсэн буюу заналхийлсэн/ үйлдлийн улмаас хэн нэг этгээд /С.Загарсүрэн/ нөгөө этгээдэд /Б.Алтанчимэг/ хөрөнгө /1 000 000 төгрөг/ шилжүүлсэн бол хөрөнгө олж авсан этгээд /Б.Алтанчимэг/ тухайн хөрөнгийг /1 000 000 төгрөг/ өөрийн эзэмшилд байлгах эрхтэй байхаас бусад тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд /С.Загарсүрэн/ нь түүнийг буцаан шаардах эрхтэй байна. Хэдийгээр хариуцагч С.Загарсүрэн “Б.Алтанчимэг нь ... хаа таарсан газраа доромжлоод байхаар нь 1 сая төгрөг ... шилжүүлсэн” гэж тайлбар гаргадаг боловч үг хэлээр доромжилсон буюу дарамталсан болох нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д “Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах ... зэргээр бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй.” гэжээ. Хуулийн заалтаас үзэхэд С.Загарсүрэн нь төмөр дөшний хууль ёсны өмчлөгч Б.Алтанчимэгийн зөвшөөрөлгүйгээр төмөр дөшийг ашиглаж /цоолж нүхэлсэн/ төмөр дөшний анхны шинж бүтцийг алдагдуулан хуучин байдлаар биетээр буцаан өгөх боломжгүй болгожээ. Тодруулбал С.Загарсүрэн нь Б.Алтанчимэгийн зөвшөөрөлгүйгээр түүний эд хөрөнгийн анхны шинж байдлыг алдагдуулан ашиг олох зорилгоор өмчлөгчийн эрхийг зөрчсөн болох нь хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар тогтоогдож байгаа тул өмчлөгчид төлсөн 1 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхгүй гэж үзлээ.
Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /х.х-ийн 3 тал/, Төв аймгийн Прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 143 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” прокурорын тогтоол /х.х-ийн 5 тал/, итгэмжлэл /х.х-ийн 13-14 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /х.х-ийн 23 тал/, Ц.Нарантуяа, н.Түмэнбаяр, Ш.Балдандорж нарын тодорхойлолт /х.х-ийн 43-45 тал/ зэргийг нотлох баримтаар үнэлж шийдвэрийн үндэслэл болгов.
Үндсэн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Б.Алтанчимэгийн 3 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 950 төгрөг, С.Загарсүрэнгийн 1 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 495.1 дугаар зүйлийн 495.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Алтанчимэгийн нэхэмжлэлтэй С.Загарсүрэнд холбогдох гэм хорын хохирол 3 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, С.Загарсүрэнгийн нэхэмжлэлтэй Б.Алтанчимэгт холбогдох 1 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Б.Алтанчимэгийн улсын тэмдэгийн хураамжид төлсөн 78 950 төгрөг, С.Загарсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР
ШҮҮГЧИД Б.ЦОЛМОН
Д.АЛТАНТУУЛ