Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/107

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар: 

                         Нарийн бичгийн дарга                       Д.Соёлзул

   Улсын яллагч                                      Б.Энхбаяр

   Шүүгдэгчийн өмгөөлөгч                     А.Хандмаа

     Шүүгдэгч                                                    ******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2232001480114 тоот хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 4-р хорооны Цэргийн хотхоны 356-В тоотод оршин суух хаягтай, хэрэг үйлдэх үедээ   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 413-р ангид ял эдэлж байсан.

 Өмнө нь 1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №54 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1, 145.2-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, 

2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №972 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жил 2 сарын хорих ялаар,        3.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №561 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жил 90 хоногийн хорих ялаар, 

4. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №04 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жил 6 сар 23 хоногийн хорих ялаар, 

5. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №624 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 4 жил 3 сар 7 хоногийн хорих ялаар тус тус шийтгэгдсэн. Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, *******.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Яллагдагч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн орой 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг “Дээд спирт” гэх газарт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ногооны талбайн хоригдлуудын амрах байранд хорих ял шийтгүүлсэн ял эдэлж байхдаа хорих ангийн журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж оргон зайлсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: ... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй гэв.  

 

Эрүүгийн 2232001480114 тоот хавтаст хэргээс:

 

Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2022 оны 08 дугаар сарын 29-ны 19 цаг 30 минутаас 08 дугаар сарын 30-ны өдрийн 07 цаг 30 минут хүртэл хорих ангийн ногоон дээр ажиллаж байгаа хоригдлуудын амрах байранд үүрэг гүйцэтгэж байсан. 08 дугаар сарын 29-ны 22 цагийн үед хоригдлууд амрах ёстой. Би амрахын өмнө хоригдлуудын тоог бүртгэчхээд "та хэд ороо засаад орондоо орохоор бэлдэж байгаарай" гэж хэлээд алба хаагч нарын байрлаж байсан өрөөнд орж цэнэглэгчээ аваад буцаад хоригдлуудын өрөө рүү ороод бүгдийг нь оронд оруулаад тоо авахад 24 хоригдлоос 23 хоригдол байсан. Хоригдол ******* орондоо ороогүй байсан болохоор хаачсан юм бол гээл 00 орсон байх гээд гараад хартал байхгүй болохоор буцаж ирээд төлөөлөгч, алба хаагч нараа сэрээгээд хоригдол ******* гараад ирэх хооронд алга болчихжээ гэж хэлсэн. Тэгээд ойр орчим хавьд самналт хийгээд гадаа 00-ын ард хашааны төмрийг сөхөөд гарсан байдалтай байсан. Ойр орчим хайсан боловч олоогүй. Тэгээд анги руу мэдэгдсэн гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 25-27-р хуудас/,

Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2022 оны 04 дүгээр сард хорихын ногооны талбайд хоригдол болон алба хаагч нарыг ахалж гарч ирсэн. Уг байршилд хамгаалалтын 6 алба хаагч, ногоо тарих 24 хоригдол бүртгэлтэй байсан. 2022 оны 08 дугаар сарын 29-ны өдөр 22 цаг өнгөрч байхад хамгаалалтын ажилтан ******* сайхан амраарай цэнэглэгчээ авчаад явж байна. Өглөө уулзъя гэж хэлээд гараад явсан. Удаагүй 2-3 минутын дараа хоригдлуудыг оронд оруулаад тоо авахад хоригдол ******* алга болчхож гэж хэлээд орж ирсэн. Тэгээд хоригдлуудын байрлах байранд би өөрийн биеэр ороод тоолоход *******ын ор хоосон байхгүй байсан. Тэгээд алба хаагчдын хамтаар ойр орчим үзэхэд байхгүй болохоор ангийн жижүүр, удирдлагад мэдэгдсэн гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 29-30-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2022 оны 08 дугаар сарын 30-ны өглөө 10 цагийн орчим гэрээсээ мотоциклтой тугалдаа явсан. Гэтэл манай гэрээс урагшаа байдаг Байгалийн эмчилгээний амбааруудын түлээ хийдэг амбаар дотор нэг танихгүй эрэгтэй хүн унтаж байсан. Манайх хөдөө Билүүтийн ам гэх газар байдаг юм. Тэгээд би очоод үзэхэд үсээ хусаад удаагүй /жижиг ургачихсан үстэй/ хар хүрэмтэй, хар өмдтэй эрэгтэй хүн унтаж байсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 43-р хуудас/,

Гэрч Э.Мөнхнаст мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Тухайн хоригдол /*******/ нь манай хорих ангид 2022 оны 06 дугаар сарын эхээр өөр хорих ангиас шилжиж ирсэн юм. ******* нь намайг 2018 онд уг хорих ангид шилжин ажиллахаар ирэх үед хоригдож байгаад 2019 онд суллагдсан. Энэ хугацаанд тэрээр дуу цөөтэй, дотогшоо чиглэсэн сэтгэл зүйн хандлагатай, мөрөөрөө, хүмүүстэй нэг их харилцаанд ордоггүй, зөрчил гаргаж байгаагүй. Харин 2020 онд дахин ирэхдээ түүний зан төлөв эрс өөрчлөгдсөн, өөрөөс биеийн болон сэтгэл зүйн хувьд сул хоригдлуудтай дээрэлхүү харилцаатай, өөрийгөө их дөвийлгөж ярих хандлагатай болчихсон байсан. Тэгээд би түүнтэй уулзаж сэтгэл зүйн судалгаагаар судлахад хувь хүний хандлага, зан байдлын хувьд 2018-2019 онд хоригдож байсан үеийнхээс тийм их өөрчлөлт байгаагүй. Тиймээс түүнийг гадуур ажиллах хоригдлуудын жагсаалтад оруулж удирдлагад танилцуулсан юм гэх мэдүүлэг, 

Гэрч Ш.Цэцэгмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Тухайн хоригдол /*******/ нь манай хорих ангид 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өөр хорих ангиас шилжиж ирсэн юм. *******ыг шилжиж ирэнгүүт холбогдох дүрэм журмын дагуу уулзаж, хувь хүний анхан шатны кейс, файл нээж ажилласан. Тэрээр уулзах үедээ ээжийн биеийн байдал муу байгаа, мөн ихэр бөгөөд нөгөө ихэр нь хорих ял эдэлж байгаа, халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг байсан талаараа ярьж байсан. Анх ирэхдээ овортой, бүдүүн дуу хоолойгоор ярьдаг, зарим яриад байгаа зүйл нь худал ч юм шиг, зарим нь үнэн ч юм шиг санагддаг байсан. Цуг хоригдож буй хоригдлуудтай хэвийн харилцаатай, их хөдөлгөөнтэй, ажил хөдөлмөр эрхлэх маш их сонирхолтой зүгээр сууж чаддаггүй л хүн. Мөн хэл ярианы хөгжил сайн, өөрийгөө бүрэн илэрхийлэх чадвартай гэх мэдүүлэг,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 02-01/1356 дугаартай "Хоригдол ажиллуулах тухай" албан тоот /ХХ-ийн 91-р хуудас/,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 02-01/1488 дугаартай "Хоригдол ажиллуулах тухай" албан тоот, хавсралт /ХХ-ийн 94-95-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн №69 дугаартай "Хоригдлыг хөдөлмөрлүүлэх тухай" Прокурорын зөвшөөрөл /ХХ-ийн 92-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн №77 дугаартай "Хоригдлыг хөдөлмөрлүүлэх тухай" Прокурорын зөвшөөрөл /ХХ-ийн 93-р хуудас/,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 413-р нээлттэй, хаалттай хорих ангийн даргатай 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан "Ажил гүйцэтгэх гэрээ" /ХХ-ийн 110-р хуудас/,

Хэргийн  газрын үзлэг хийсэн тэмдэглэл: ... Хэрэг учрал болсон гэх газар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р багийн нутаг дэвсгэр Дээд спирт гэх хөдөө хэсэгт байрлах хорих 413-р хорих ангийн харьяа ногооны талбайд байрлах цагаан тоосгоор барьсан 30x15 метрийн харьцаатай алба хаагчид болон хоригдлуудыг байрлуулан амьдрах зориулалтаар ашигладаг байшин байв. ... гэсэн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 2-15-р хуудас/,

Баримт бичиг үзлэг хийсэн тухай тэмдэглэл: ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хорих 413-р ангийн ногооны талбай дээр бүртгэгддэг утсаар яриулсан бүртгэлд үзлэгийг хийв. Уг бүртгэл нь "Утсаар яриулсан бүртгэл" гэх хаягтай ногоон өнгийн хавтастай А4-ийн хэмжээтэй дэвтэр байв. ..." гэсэн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 16-17-р хуудас/,

Баримт бичиг үзлэг хийсэн тухай тэмдэглэл: ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хорих 413-р нээлттэй, хаалттай хорих ангийн ногооны талбай дээр ажиллаж буй хоригдол, алба хаагч нарын гар дээр хөтлөгдөж буй бүртгэл, бичиг баримтад үзлэг хийв. ... гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 18-20-р хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл: ... ******* нь ямар нэгэн урагдал цооролтгүй бүхэлдээ хирээр бохирлогдсон малгайтай, саарал өнгийн цамц, хар өнгийн саравчтай малгай, хар өнгийн өмд, саарал өнгийн ноосон дотуур өмд, хар өнгийн футболк, саарал өнгийн дотуур цамц /дал майк/, хар өнгийн бакал гутал, саарал өнгийн хос оймс, хар саарал өнгийн хос оймс, хар өнгийн дотоожтой байсныг тайлуулж биед үзлэг хийхэд шинээр авсан гэмтэл шарх үгүй байв гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 21-23-р хуудас/

Бат овогт Болдбаатарын Баянбаатарын ялын тооцооны  тодорхойлолт... 5   удаа ял шийтгэгдсэн, 04 жил, 03 сар, 07 хоног хорих ялаар шийтгэгдсэн биеэр 04сар 28 хоног, шагналын 20 хоног, нийт эдэлсэн 05 сар, 18 хоног, үлдсэн хугацаа 03 жил 09 сар 19 хоног. ... Ялын тооцоог 2022 оны 08 дугаар сарын 29-ны өдрөөр тасалбар болгон тодорхойлов. /ХХ-123/ гэжээ. 

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шийтгэх тогтоолын хуулбарууд /ХХ-ийн 69-88 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-ийн 68 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй  байна.

 

Нэг. Шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байхдаа  2022 оны 08 дугаар сарын 29-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг “Дээд спирт” гэх газарт байрлах хорих ангийн ногооны талбайд ажиллаж байхдаа орой 22 цагийн орчимд хоригдлуудын амрах байрнаас бие засахаар гараад /хорих ангиас/ оргон зайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 25-27-р хуудас/, Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 29-30-р хуудас/, Насанд хүрээгүй гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 43-р хуудас/, Гэрч Э.Мөнхнастын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Гэрч Ш.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 02-01/1356 дугаартай "Хоригдол ажиллуулах тухай" албан тоот /ХХ-ийн 91-р хуудас/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 02-01/1488 дугаартай "Хоригдол ажиллуулах тухай" албан тоот, хавсралт /ХХ-ийн 94-95-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн №69 дугаартай "Хоригдлыг хөдөлмөрлүүлэх тухай" Прокурорын зөвшөөрөл /ХХ-ийн 92-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн №77 дугаартай "Хоригдлыг хөдөлмөрлүүлэх тухай" Прокурорын зөвшөөрөл /ХХ-ийн 93-р хуудас/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 413-р нээлттэй, хаалттай хорих ангийн даргатай 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан "Ажил гүйцэтгэх гэрээ" /ХХ-ийн 110-р хуудас/, Хэргийн  газрын үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 2-15-р хуудас/, Баримт бичиг үзлэг хийсэн тухай тэмдэглэл /ХХ-ийн 16-17-р хуудас/, Баримт бичиг үзлэг хийсэн тухай тэмдэглэл /ХХ-ийн 18-20-р хуудас/, Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /ХХ-ийн 21-23-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийн хуулийн зүйчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял шийтгүүлсэн ялтан оргон зайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хоёр. Хохирол төлбөрийн талаар:

 

Энэ хэрэгт хэлэлцэгдэх  хохирол, болон  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцогдоогүй,  төлөх  төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна.

Гурав. Шүүгдэгч *******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

******* нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах хорих 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид  2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өөр хорих ангиас шилжиж ирж ял эдэлж байхдаа  2022 оны 08 дугаар сарын 29-ны өдөр Мандал сумын Хэрх 4 дүгээр баг “Дээд спирт” гэх газарт байрлах  тус хорих ангийн ногооны талбайд бусад хоригдлуудын хамт ажиллаж байгаад орой 22 цагийн  хоригдлуудын амрах байрнаас бие засахаар гараад улмаар хорих ангиас оргон зайлж, эрэн сурвалжлагдаж 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр  Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Нурамт гэх газраас цагдаагийн алба хаагч нарт  баригдан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Шүүгдэгч нь  хорих ял шийтгүүлэн ял эдэлж байхдаа хорих ангийн журмыг  гэм буруугийн санаатай хэлбэрээр зөрчин, оргон зайлсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Иймд шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 сарын  хугацаагаар хорих ял  шийтгэх нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 08 сарын хорих ял дээр  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/624 дугаартай Шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар /өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэх  журмаар/  бүгд  04 жил 03 сар 07 хоногийн  хорих  ял оногдуулснаас эдлээгүй үлдсэн 03 жил 09 сар 19 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 04 жил 05 сар 19 хоногийн хорих ял оногдуулж, уг ялыг  хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 02-ноос эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба  цагдан хоригдсон 46 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бат овогт Болдбаатарын Баянбаатарыг “Хорих ял шийтгүүлсэн ялтан оргон зайлсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******т оногдуулсан 08 сарын хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/624 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан  04 жил 03 сар 07 хоногийн  хорих ялаас эдлээгүй үлдсэн 03 жил 09 сар 19 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 04 жил 05 сар 19 хоногоор хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйл, 199 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан 04 жил 05 сар 19 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 46 хоногийг хорих ялд оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хөрөнгө  битүүмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Б.АЛТАНЦЭЦЭГ.