| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2018/00290/и |
| Дугаар | 1580 |
| Огноо | 2018-04-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2018 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 1580
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймаг, Аргалант сум, 1 дүгээр багт байрлах Аргалант сумын Засаг даргын тамгын газрын “Орон нутгийн хөгжлийн сан”
Хариуцагч: Төв аймаг, Аргалант сум, 1 дүгээр баг, Аргалын уул, агьт 1 гудамж, 4 тоотод оршин суух Урианхан овгийн Батжавын Удвал /РД:НЬ62031965/
18 425 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баатархорол, төрийг төлөөлж прокурор Б.Эрхэмбаяр, хариуцагч Б.Удвал, хариуцагчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батномин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баатархорол шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус сумын Орон нутгийн хөгжлийн сангаас 2015 онд иргэн Б.Удвалын үр тарианы комбайны урьдчилгаа төлбөр 18 425 500 төгрөгийг Тариалан эрхлэлтийг дэмжих санд шилжүүлсэн нь 2016 онд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны төлөвлөгөөт хяналт шалгалтаар Сангийн сайдын 2014 оны 43 дугаар тушаалаар баталсан “Орон нутгийн хөгжлийн сангийн заавар”-ын 4.4-т “аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдлагыг хэрэгжүүлэх урсгал болон хөрөнгийн зардалд зарцуулахгүй байх”, 4.6-д “орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг буцалтгүй тусламж, дэмжлэгт зарцуулахгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн гэсэн албан шаардлага ирүүлсэн. Албан шаардлагын дагуу иргэн Б.Удвалд мэдэгдсэн боловч одоогоор ямар нэгэн төлбөр тооцоо хийгдээгүй, Орон нутгийн хөгжлийн сангийн эрх ашиг зөрчигдөж байна. “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгөөр хийх ажлыг Аргалын-Уул 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоол гаргахдаа эрэмбэлсэн 22 ажил дотор комбайн авах тухай байгаагүй боловч тухайн үед сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан хариуцагч Б.Удвал нь гараар “техник” гэж нэмж бичсэн байдаг. 10 000 000 төгрөгөөс дээш үнийн дүн бүхий бараа, материал авахад харьцуулалтын арга хэрэглэх ёстой боловч харьцуулалт хийсэн, техникийн тодорхойлолт хийсэн, санал хүргүүлсэн талаарх материалууд нь байхгүй байсан. Анх энэ комбайныг хууль зөрчиж авсан тул зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Прокурор Б.Эрхэмбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн мөнгийг
зарцуулах Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол өөрөө баримтлах ёсгүй хуулийн зүйл заалт баримталсан байдаг, үндсэндээ энэ асуудал хууль зөрчсөн байгаа нь санхүүгийн хяналт шалгалтаар илэрсэн. Сангийн сайдын тушаалаар батлагдсан “Орон нутгийн хөгжлйин сан”-гийн зааврыг зөрчсөн. Анх гэрээг байгуулахдаа жагсаалт дээр байхгүй байсан зүйлийг өөрөө гараараа нэмж техник гэж бичсэн нь хууль зөрчсөн, хууль бус баримтыг үндэслээд гэрээ байгуулсан байдаг. Энэ баримт хууль зөрчиж байгаа учир дагаад энэ гэрээ хууль бус тул хамтран ажиллах гэрээг хүчингүй болгуулж, 18 425 500 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.” гэв.
Хариуцагч Б.Удвал шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төв аймгийн Санхүүгийн хяналт шалгалтын албаны улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Аргалант сумын Засаг даргад өгсөн албан шаардлагыг үндэслэн нэхэмжлэл гаргасан байна. Албан шаардлагын 1 дэх заалтад “Үр тарианы комбайны урдчилгаа төлбөр 18 425 500 төгрөгийг иргэн Б.Удвалаас авах авлагаар ОНХС-ийн данс бүртгэлд тусган ажиллах” гэсэн байна. Энэ санхүүгийн шалгалт хийсэн байцаагч надтай уулзаагүй, тайлбар аваагүй. Сангийн сайдын 2014 оны 43 дугаар тушаалаар баталсан “Орон нутгийн хөгжлийн сангийн заавар”-ын 4.6-д “орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг буцалтгүй тусламж, дэмжлэгт зарцуулахгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн гэжээ. Би энэ мөнгийг буцалтгүй тусламж, дэмжлэгээр бус “Хамтран ажиллаж, ажил гүйцэтгүүлэх” тухай түрээсийн гэрээгээр харилцан тохиролцож 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр сумын ЗДТГ-тай гэрээ хийж сумын Засаг дарга баталсан. Гэрээний 3.2-т заасны дагуу 18 000 000 төгрөгийг Тариалан эрхлэлтийг дэмжих санд сумын Төрийн сангаас шилжүүлсэн. Миний хувьд үр тарианы комбайныг 129 243 617 төгрөгийн үнээр Тариалан эрхлэлтийг дэмжих сантай 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж 5 жилийн хугацаанд төлбөрийг төлж барагдуулахаар гэрээнд тусгаж, гэрээгээр жилийн гүйцэтгэлийг 3 600 000 төгрөгөөр тооцож 5 жилд шилжүүлэн 18 000 000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Ажил гүйцэтгэх гэрээний хугацааг 5 жилээр тохиролцож, хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцлах санал гаргаагүй мөртлөө шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа нь ойлгомжгүй байна. Цаашид ч гэрээний дагуу иргэдийн ургацыг хураах ажлаа гүйцэтгэх болно. “Хамтран ажиллаж, ажил гүйцэтгүүлэх” тухай түрээсийн гэрээ нь “Орон нутгийн хөгжлийн сангийн журам”, нийгэм-эдийн засгийг 2013-2023 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг үндэслэсэн байдаг, уг төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Би өөртөө давуу байдал буй болгож, ашигласан зүйл байхгүй. Яагаад гэвэл 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тогтоолоор 2015 оны төсөв баталсан. Тэр төсвөөр газар тариалангийн үйлдвэрлэлтийг дэмжих гэсэн байдаг. Саналыг Засаг даргын тамгын газар оруулсан, мөн сумын иргэдийн 15 төлөөлөгч баталсан байдаг. Иргэд ургац хураах техникгүйгээс ургацаа хураахад цаг хугацаа алддаг байсны улмаас “Хамтран ажиллаж, ажил гүйцэтгүүлэх тухай гэрээ” байгуулж, энэ гэрээг байгуулахад Ч.Баатархорол өөрөө манай хууль эрх зүйн ажилтан байсан.” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Аудитын алба гэж яриад байна, Төв аймгийн Аудитын газар гэж тусдаа байдаг. Нэхэмжлэгч нар захиргааны хэрэг маргаан ч юм шиг, тушаал шийдвэрийг нь хүчин төгөлдөр бус гэдэг юм яриад байна, нэхэмжлэлээ тодорхойлж чадахгүй байна. Аудитын албаны 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн албан шаардлага дээр Засаг даргын тамгын газар нь Тариалан эрхлэлтийг дэмжих сантай 126 709 400 төгрөгийн үнэтэй үр тарианы комбайн зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж буруу бичсэн. Ийм гэрээ огт байхгүй, Засаг даргын тамгын газар Тариалан эрхлэлтийг дэмжих сантай гэрээ байгуулаагүй. Энэ зээлээр худалдах-худалдан авах гэрээ нь зөвхөн Б.Удвал Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хооронд байгуулсан гэрээ юм. 18 425 500 төгрөгийн хувьд хамтран ажиллаж ажил гүйцэтгэх тухай түрээсийн гэрээ гэж байдаг, ийм л гэрээ байгуулсан. Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол хууль бус гэж нэг яриад байна, тогтоол хууль бус гэдгийг нэхэмжлэгч тал тогтоохгүй, Захиргааны хэргийн шүүхэд хандаад тогтоолгох ёстой. Хүний нэр төрд хамаагүй халдаж болохгүй, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж яриад байна, батлагдсан нотлогдсон зүйл байхгүй. Миний үйлчлүүлэгч дараа нь гомдол гаргах эрхтэй. Тогтоолийг хууль бус байна гэдэг асуудлыг тогтоолгож байж энэ асуудлыг ярих нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. зээлээр худалдах-худалдан авах гэрээ Засаг даргын тамгын газартай ямар ч хамаарал байхгүй, Тариалан эрхлэлийг дэмжих сан Б.Удвал хоёрт хамааралтай гэрээ юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын тамгын газрын “Орон нутгийн хөгжлийн сан” үр тарианы комбайны урьдчилгаа төлбөрт 18 425 500 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.Удвал хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч тал Төв аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн албан шаардлагыг /х.х-ийн 14 тал/ үндэслэн хариуцагч Б.Удвалаас 18 425 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Тус актад “... ЗДТГ нь Тариалан эрхлэлтийг дэмжих сантай 126 709 400 төгрөгийн үнэтэй үр тарианы комбайн барьцаатайгаар зээлээр худалдан авах гэрээ байгуулж урьдчилгаа төлбөр 18 425 500 төгрөгийг тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дансанд шилжүүлсэн байна. ...” гэж дурдсан боловч ийм гэрээ байгуулсан тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргаагүй, хэрэгт Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын тамгын газар нь Хүнс, хөдөө аж ахуйн яамны “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-тай 126 709 400 төгрөгийн үр тарианы комбайн барьцаатайгаар зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэх баримт авагдаагүй байна. Харин “Үр тарианы комбайн барьцаатайгаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г /х.х-ийн 7-13 тал/ зээлдүүлэгчийг төлөөлж “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн албадын дарга нар зээлдэгчийг төлөөлж Төв аймгийн Аргалант сумын иргэн Б.Удвал нар байгуулжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “... хүчин төгөлдөр бус тул ... гэрээ, тогтоолыг хүчингүй болох” гэж, прокурор “... хууль зөрчин албан тушаалын байдлаа тодорхой хэмжээгээр урвуулан ашигласан” гэх тайлбараас үзэхэд нэхэмжлэлийн үндэслэл ойлгомжгүй, тодруулбал тогтоол хүчин төгөлдөр бусад тооцуулах эсхүл эрүүгийн шинжтэй үйлдэл гэж үзээд байгаа эсэх нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл захиргааны акт /тогтоол/ хүчин төгөлдөр эсэхийг Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх бөгөөд эрүүгийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой” тохиолдол нь мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдож байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Хэргийг хэрэгсэхгүй болгож буй нь маргааныг шийдвэрлэж байгаа явдал биш харин энэ маргааныг иргэний хэргийн шүүх шийдвэрлэх үндэсгүй болохыг илэрхийлсэн ажиллагаа болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Төв аймаг, Аргалант сумын Засаг даргын тамгын газрын “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн нэхэмжлэлтэй Батжавын Удвалд холбогдох 18 425 500 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР