Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 436

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар баг, 41 байр, 9 тоотод оршин суух   Боржигон овогт Доржийн Батдулам /НЭ56111763/

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, Номт 1 дүгээр баг, 6 байр, 2 тоотод оршин суух   Тооромт овогт Равдандоржийн  Алтанцэцэг  /НЮ65082668/

Зээлийн гэрээний үүрэгт 4 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Батдулам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, хариуцагч Р.Алтанцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль, А.Мөнхтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батномин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Батдулам шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... надаас иргэн Р.Алтанцэцэг forever бүтээгдэхүүн авах гэсэн юм, мөнгө байвал зээлүүлээч, тэгвэл би цол зэрэгт хүрч, чи цалинтай болно гэж хэлсэн. Би манай хүүгийн машин авах мөнгө байгаа гэхэд тэр мөнгөө зээлүүлчих, хамт бараа аваад зараад чиний мөнгийг өгнө гэхэд нь би “бараа авахгүй, тэр барааг чинь би яасан ч зарж чадахгүй” гэхэд Р.Алтанцэцэг “би барааг чинь борлуулаад чамаас зээлсэн мөнгөө гаргаад өгнө, айх юмгүй” гэхэд нь итгээд 7 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлүүлж баримт дээр гарын үсэг зуруулсан юм. Ямар учиртай 7 000 000 төгрөг гэхээр би Х.Оюунчимэг гэж хүнд 2 сарын өмнө нь 3 000 000 төгрөг зээлсэн байсан. Х.Оюунчимэг нь “ Р.Алтанцэцэг рүү бараа авах 20 000 000 төгрөг шилжүүлчихлээ, тэр дотор чамаас зээлсэн 3 000 000 төгрөг орсон байгаа шүү” гэж утасдаж хэлэхээр нь би Р.Алтанцэцэгт Х.Оюунчимэг надаас зээлсэн 3 000 000 төгрөгөө чиний данс руу хийсэн байна, чи надаас зээлэх 4 000 000 төгрөгөө 2 сар болгоод өгнө гэж үзэж байгаа бол Х.Оюунчимэгийн данс руу чинь хийсэн 3 000 000 төгрөгийг нэмээд 7 000 000 төгрөг дээр гарын үсэг зурчих гээд гарын үсэг зураад бараагаа авсан. Тухайн үед 7 000 000 төгрөг Р.Алтанцэцэгийн дансанд орсон байсан учраас баталгаажуулж гарын үсэг зуруулсан. Ингээд би өөрт байсан 4 000 000 төгрөгийг Р.Алтанцэцэгийн данс руу шилжүүлсэн. Хэд хоногийн дараа Р.Алтанцэцэг надад огт хэлэлгүйгээр манай хүүгийн гоо сайхны дэлгүүрт 4 000 000 төгрөгийн барааг манай бэр Дашбатад “энэ танай хадам ээжийн бараа, чамд өгөөрэй гэсэн гээд надаас зээлсэн 4 000 000 төгрөгийн барааг орхиод явсан байсан. Хэрэв би бүтээгдхүүнээ өөрөө аваад борлуулах байсан бол заавал Р.Алтанцэцэгт мөнгө зээлүүлэх шаардлагагүй байсан бөгөөд өөрөө бараагаа аваад бэрдээ өгөх байсан, би зараад өгнө чи бүү ай, энэ чинь дороо зарагддаг бараа гэсэн болохоор түүнд итгэж мөнгө зээлүүлсэн. Анхнаасаа зээлсэн бэлэн мөнгөө, бэлэн мөнгөөр нь эргүүлж өгнө гэж тохиролцсон гарын үсэг зурснаас бус мөнгөний оронд бараа авна гэж тохироогүй. Харин оронд нь бараа өгнө гэсэн бол би Р.Алтанцэцэгт бэлэн мөнгөний зээл өгөхгүй байсан. Миний зөвшөөрөлгүйгээр манай бэр Дашбатад 4 000 000 төгрөгийн бараа хүчээр өгөөд гарын үсэг зуруулсан, одоо зарагдахгүй байгаа бараа бүтээгдхүүнийг Р.Алтанцэцэгт эргүүлэн өгч надаас бэлэн мөнгө 4 000 000 төгрөг зээлж авсныг гаргуулах хүсэлтэй байна.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэл хууль зүйн үндэстэй гэж үзэж байна. Хариуцагч Р.Алтанцэцэг нь Д.Батдуламаас хүүхдийнх нь машин авахад зориулж хадгалж байсан мөнгөнөөс нь 4 000 000 төгрөг зээлсэн байдаг. Зээлсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн, ингээд 4 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлүүлэх тухай баримт дээр гарын үсэг зурсан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлээ би энэ мөнгийг авсан, гэхдээ энэ мөнгөөр бараа аваад 4 000 000 төгрөгийн барааг Д.Батдуламд өгсөн учраас би төлөхгүй гэж мэтгэлздэг, боловч үүнийгээ нотолж чаддаггүй. Д.Батдулам нь Р.Алтанцэцэгийг гуйхаар нь барааг нь авахад нь зориулж 4 000 000 төгрөг зээлсэн болохоос биш өөртөө бараа худалдаж авахаар өгөөгүй гэдэг нь хавтаст хэргээр нотлогдож байдаг. Үнэхээр Д.Батдулам өөрийнхөө нэр дээр бараа авсан бол заавал Р.Алтанцэцэгээр дамжуулж, 4 000 000 төгрөг өгөөд бараа авах шаардлага байхгүй, 4 000 000 төгрөг зээлсэн болох нь үндэслэлтэй, харин Д.Батдулам надаар бараа авхуулсан гэдэг нь нотлогдоогүй. Д.Батдуламын бэр дээр энэ барааг зарж өгөөчээ гээд орсон байдаг. “Би өөрөө ч борлуулна танайх ч зарна ингээд тэр мөнгийг чинь гаргаж өгнө” гэж хэлсэн байдаг. Гэрч маш тодорхой хэлдэг, би ээжид загнуулсан яагаад бараа авч байгаа юм бэ энэ барааг авах ёсгүй гэж хэлсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байдаг. Р.Алтанцэцэг сүлжээний  бизнесийн цолонд хүрэхийн тулд Д.Батдуламыг мөнгөтэй байгааг Х.Оюунчимэгээс сонсоод 4 000 000 төгрөгийг зээлсэн. 4 000 000 төгрөг шилжүүлэн авсан гэдэг асуудал дээр хариуцагч маргаагүй, үүнийгээ форевер бүтээгдэхүүний бараа руу оруулаад байдаг. Д.Батдуламд бараа авч өгсөн гээд байдаг боловч энэ талын нотлох баримт үнэхээр байдаггүй. Р.Алтанцэцэгийн хэлж байгаагаар барааг Д.Батдуламд өгөх ёстой байтал Дашбат гэж хамагүй хүнд барааг өгсөн байдаг. Нөгөө талаар ямар бараа, хэдэн сая төгрөгийн бараа юм гэдгийг хүлээлцсэн баримт байдаггүй. Сүүлд 4 100 000 төгрөгийн бараа байгаа, үүнийг зараад өгөөрэй гэж өгсөн гэдгийг Дашбат хэлдэг. Тэгэхээр үүнд форевер компани огт хамааралгүй. Д.Батдуламын нэр дээр 8 000 000 төгрөгийн бараа авсан болохоо Р.Алтанцэцэг хүлээдэг. Өөрсдөө өндөр оноо авч цалинд хүрэхийн тулд доороо элссэн хүмүүсээс мөнгө зээлж хүний нэр дээр оруулсан болгоод нэр дээр нь бараа аваад ингээд цолонд хүрэх зорилгоор Р.Алтанцэцэг 4 000 000 төгрөгийг Д.Батдуламаас зээлсэн байдаг.  Энэ хэрэг 3 жил болж байна, 4 000 000 төгрөг зээлээгүй, бараа оронд нь өгнө гэсэн нотлох баримт өнөөдрийг хүртэл өгөөгүй байдаг. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д дааснаар Д.Батдуламд 4 000 000 төгрөг өгөх нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.

Хариуцагч Р.Алтанцэцэг шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь АНУ-ын Форевер компанийн Монгол дахь салбарт гишүүнээр бүртгүүлж, өнөөдрийг хүртэл гэр бүлээрээ хэрэглэхийн зэрэгцээ бусад танил нөхөддөө эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэхээс гадна ахуйн болон гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг санал болгож, зарим хүмүүстэй хамтран ажиллаж байна. Миний хамтрагч Х.Оюунчимэг мөн адил бусдад санал болгосноор Д.Батдулам 2015 оны 04 дүгээр сарын 11-нд тус компанийн гишүүнээр бүртгүүлж, гэрээ хийсэн байгаа. 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Х.Оюунчимэг менежерийн шатанд хүрэх, Д.Батдулам зөвлөх шатанд хүрэхээр тус тус тохиролцож, Д.Батдулам бид хоёр компани дээр очиж, түүний нэр дээр 8 534 850 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авсан, үүний 4 000 000 төгрөгийг Д.Батдулам өөрөө гаргасан. Энэ худалдан авалтаар Д.Батдуламд 509 324 төгрөгийн цалин гарсан. Түүний мөнгөтэй, мөнгөгүйг би ерөөсөө мэдээгүй, Х.Оюунчимэг нь Д.Батдуламд их итгэж, дэмжиж ажиллая, мөнгө зохицуулж магадгүй гэж найдсан. Х.Оюунчимэгийг Д.Батдуламаас мөнгө зээлсэн гэдгийг яриан дундаас мэдсэн, энэ тухай Х.Оюунчимэгт хэлэхэд “тийм, би 2 сая төгрөг зээлсэн, би өгөх ёстой юм, одоо чам руу шилжүүлчихье” гээд шилжүүлсэн. Д.Батдуламын барааг зарж өгнө гэж нэг ч удаа ярьж байгаагүй, харин өөрөө манай бэр найдвартай сайн хүүхэд байгаа, тоолоод хэлээд өгөөрэй, падан бичих нь амар гэж байсан. Энэ дагуу би С.Дашбатад 3 удаа хэлсний дараа манай гэрт орж ирээд 4 491 761 төгрөгийн бараа авсан. С.Дашбат нь 18 төрлийн 143 ширхэгийн барааг нэг бүрчлэн тоолж, бичээд авсан. Иймд би Д.Батдуламд 4 000 000 төгрөгийг төлөх ёсгүй. Харин С.Дашбатад хүлээлгэж өгсөн 4 491 761 төгрөгийн барааны 491 761 төгрөгийн барааг буцаан авна. Би форевер компанид ороод 2-3 сар ажиллаж байгаад Х.Оюунчимэг миний 1 дүгээр эгнээнд ороод доороо хүмүүс элсүүлээд бараа худалдаж аваад багаар ажиллахад хэн хэндээ хэрэгтэй байдаг учраас Х.Оюунчимэг Д.Батдуламыг доороо гишүүнээр оруулсан байдаг. Өөрөө менежер болохын тулд Д.Батдуламыг ашигласан юм шиг зүйл яриад байна, тийм зүйл ерөөсөө байхгүй. Би хөдөө нөхөр дээрээ очих гээд байж байтал манай хөрш Х.Оюунчимэгийн дүү нь нас барсан байсан, тэр над руу залгаад “би чам шиг менежер болмоор байна. Чи надад туслах хэрэгтэй байна, компаниасаа асуугаад өгөөч боломж нөхцөл нь юу байна” гэсэн. Би тэгэхээр нь 6 дугаар сарын 5-аар тасалбар болгож байгаа юм байна, 6 дугаар сарын 5-наас өмнө бараагаа захиалахгүй бол болохгүй цаг хугацаанд баригдаад менежер гэдэг цолийг авах шаардлагатай байна гэсэн шалтгаанаас Х.Оюунчимэг бид хоёрын дунд энэ Д.Батдулам гэж хүн орж ирсэн. Тэгээд Х.Оюунчимэг ярихдаа доороо ажиллаж байгаа 4 хүн байгаа, 4 хүний Д.Батдуламаас бусад нь илүү сайн ажиллаад байгаа, одоо оноогоо нэмэх шаардлагтай байна гээд Д.Батдуламыг надад зааж өгсөн. Би утсыг нь мэдэхгүй гэсэн чинь чамд дугаарыг нь өгье гээд өгсөн, цаг нь тулсан учраас би Д.Батдулам руу залгасан. 4 000 000 төгрөг өөрөө надтай хамт банк руу орж байгаад тушаасан. 4 000 000 төгрөг өөрт нь хамааралтай байсан учраас би 4 000 000 төгрөг нь дээр гарын үсэг зурсан болохоос 7 000 000 төгрөг дээр гарын үсэг зураагүй, Х.Оюунчимэгээс 3 000 000 төгрөгийн авлагтай гэхээр нь дэргэд нь Х.Оюунчимэг рүү залгаад “3 000 000 төгрөгийн тооцоотой юм байна, одоо яах вэ” гээд хэлсэн. Төд удалгүй миний дансанд Х.Оюунчимэг мөнгө хийсэн. 4 000 000 төгрөгийг миний дансаар мөнгөө хийж байгаа болохоор баримт болгож авч байгаа юм байна гэж бодсон. А4 хэмжээтэй том цаас өгөөд “энэ дээр миний бараануудыг бичээд байгаарай миний бэр Дашбат гээд залуухан хүүхэд байгаа, их мундаг хүүхэд тэрэнд миний бараануудыг тоолж өгөөрэй, Р.Алтанцэцэгээ чи бараагаа бүгдийг нь гэртээ буулгачих, хэд хоногоос манай бэрд тоолоод өгөөрэй” гэсэн, ийм л юм болсон. Би энэ хүний кодыг мэдэхгүй, өөрөө зэрэгцэж зогсож байгаад кодоо хэлээд бараагаа авсан, 3-4 цагийн хугацаанд хамт байсаар байгаад ирсэн. Би туслах зорилгоо хадгалж, хайрлаад явж байсан болохоос өөр надад ямар ч шаардлага байгаагүй. Мөнгө зээлсэн бол  Д.Батдуламыг авч явах ямар ч шаардлага байхгүй. Ургийн баяр гэж ярьсан гээд байна, ургийн баярыг би өөрөө ч мэдэхгүй байна. Манайханд ямар ч ургийн баяр болоогүй.” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-ээр зээлдүүлэгч өөрөө зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх үүрэгтэй. Мөнгө шилжсэн гэдэг үндэслэлийг тайлбарлаж байгаа зүйл нь данс руу нь 4 000 000 төгрөг хийсэн баримт бол байдаг. Гэхдээ яах гэж 4 000 000 төгрөгийг шилжүүлсэн бэ гэдгийг харах нь  зүйтэй. Нэхэмжлэгч би форевер компанийн гишүүн биш гэж ярьдаг байсан, гэхдээ гишүүн болсон, форевер компаниас шүүгчийн захирамжаар баримт шүүлгэхэд  2015 оны 04 дүгээр сарын 11-нд 2 сарын өмнө гишүүнээр элсээд, түүнээс хойш 2-3 удаа худалдан авалт хийсэн байдаг. Энэ мөнгө яагаад Р.Алтанцэцэгийн дансанд оров гэдэг шалтгаан бол форевер гэдэг компани зөвхөн картаар гүйлгээ хийдэг, тийм учраас тэр өдөрт нь дансанд нь ороод л гарсан мөнгө байдаг. Форевер компаниас  Д.Батдулам бараа авсан байна гэсэн албан тоот ирснээс үзэхэд нэхэмжлэгч өөрийнхөө мөнгөөр бараа авсан зүйл харагдаж байгаа. Зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлнэ гэдэг бол Иргэний хуульд зааснаараа зээлдэгч өмчлөлд байгаа зүйлээ өөрийн хүсэл зоригоороо захиран зарцуулах ёстой, ийм юм болоогүй. Ийм байхад зээлийн гэрээний дагуу бараагаа авна гэж нэхэмжлээд байдаг, 4 400 000 төгрөгийн бараагаа хүлээгээд авсан өнөөдрийг хүртэл тэр бараа нь өөрт нь байдаг. Зээлийн гэрээ ч байгуулагдаагүй, зээлийн гэрээ биш гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Д.Батдулам болон форевер компанийн хооронд худалдах худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн. Д.Батдуламын үгүйсгэж байгаа зүйл бол би гарын үсэг зурж аваагүй, намайг энэ сүлжээнд өөр хүмүүс элсүүлсэн гэдэг, энэ бол боломжгүй гэдэг нь форевер компаниас ирүүлсэн баримтаар тогтоогдож байгаа, мөнгө зээлсэн ямар ч харилцаа байдаггүй. Иймд 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “7 000 000 төгрөгийн баримт гээд хэрэгт байдаг, хэрэв Д.Батдуламаас 7 000 000 төгрөг зээлсэн бол 7 000 000 төгрөг дээр л гарын үсэг зурна, 4 000 000 төгрөг зээлүүлсэн бол 4 000 000 төгрөг дээр л гарын үсэг зурна, энэ зүйл хууль зүйн ямар үр дагавар үүсгэж байгаа юм бэ гэдэг нь ойлгомжтой байдаг. Хоёрдугаарт Р.Алтанцэцэг 4 000 000 төгрөг зээлсэн бол Д.Батдуламтай явах ямар шаардлага байна, зээлсэн бол өөрөө захиран зарцуулаад ямар бараа авахаа өөрөө аваад ирнэ, заавал цугтай явах шаардлагагүй, Төв аймгаас цуг явсан байдаг. Очоод бараагаа ярилцаад миний карт байхгүй байна, чиний картаар дамжуулья, бэлэн мөнгө форевер компани авдаггүй юм байна гээд хэдхэн минутын дотор 4 000 000 төгрөг шилжүүлсэнийг нь зээл гэж ойлгоод байдаг, зээлийн гэрээ үүнд үүсэхгүй. Тэгээд буцааж өөрийнхөө нэр дээр бараагаа аваад машиндаа ачиж ирээд бэрдээ хүргүүлсэн байдаг, зээл авсан үндэслэл харагдахгүй байна. Хавтаст хэрэг дэх гэрчүүд нэхэмжлэгч талын ойрын талын хүмүүс байдаг. Барааг авах гээд очход солигдсон байдаг, үндсэндээ барааг авсан гэж ойлгож болно. Аваад зарсан нь тодорхой, зараагүй хэсэг бараагаа Р.Алтанцэцэгийг зээлсэн болгож яриад байдаг, ийм л харилцаа үүссэн. Нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхийн тулд  зээлийн гэрээ байгуулагсан эсэхэд дүгнэлт хийх ёстой. Зээлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар нотлох баримт үнэхээр байхгүй байдаг. Ганц нотлох баримт байсан 7 000 000 төгрөгийн баримтаас нэхэмжлэгч тал өөрсдөө татгалзсан байдаг. Шинжээчийн дүгнэлт нотлох баримтын шинж чанараа алдсан, үүнд эргэлзээ бий. Яагаад ийм дүгнэлт гаргачихаад баримтаа алга болгов гэдэг бол асуудал. Мөн бусдын өмнөөс бараа захиалж болохгүй, авч болохгүй гэдэг нь Форевер компанийн ирүүлсэн баримтаар нотлогддог. Улсын дээд шүүхийн зээлийн гэрээний тайлбараар зээлийн гэрээ хийсэн гэх ямар ч үндэслэл харагдахгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Батдулам зээлийн гэрээний үүрэгт 4 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Р.Алтанцэцэг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцгчид мөнгө хэрэгтэй гэхээр нь 4 000 000 төгрөг зээлдүүлсэн болохоос бус хамт бараа худалдаж аваагүй, хэрэв би бараа авах байсан бол өөрөө худалдаж авах байсан” гэж,

Хариуцагч тал татгалзлаа “4 000 000 төгрөг зээлж аваагүй, энэ мөнгөөр нь хамт бараа худалдаж авсан, миний данс руу энэ мөнгийг хийсэн болохоор нь ... би зээлийн баримт дээр гарын үсэг зурсан” гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Д.Батдулам хариуцагч Р.Алтанцэцэгт 4 000 000 төгрөг зээлүүлэхдээ

“иргэн Алтанцэцэгт 7000,000 ... төгрөг 2 сарын хугацаатай зээлж авлаа. Зээл өгсөн ... Д.Батдуламаас хүлээж авсан Алтанцэцэг” гэх гарын үсгийн тайлал бүхий баримт дээр гарын үсэг зуруулжээ. Нэхэмжлэгч тухайн баримт дээр 7 000 000 төгрөг гэж бичсэн үндэслэлээ “өмнө нь Х.Оюунчимэгт 3 000 000 төгрөг зээлүүлсэн, зээлсэн мөнгөө Х.Оюунчимэг нь Р.Алтанцэцэгийн дансаар шилжүүлж надад өгсөн, энэ мөнгө Р.Алтанцэцэгийн дансанд орсон учир би Р.Алтанцэцэгт зээлүүлсэн 4 000 000 төгрөг дээр 3 000 000 төгрөгөө нэмж 7 000 000 төгрөгийн баримт дээр гарын үсэг зуруулсан” гэх тайлбар нь Р.Алтанцэцэгийн “дансанд орсон маргаангүй” /2 дугаар х.х 139 тал/ гэх тайлбар, Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр х.х 140 тал/, Х.Оюунчимэгийн тайлбар /1 дүгээр х.х 163, 185 тал/-аар нотлогдож байна.

Зээлийн гэрээ нь бусад бүх гэрээний нэгэн адил санал гаргах болон түүнийг хүлээн авснаар буюу харилцан хүсэл зоригоо илэрхийлснээр байгуулагддаг. Зээлийн гэрээг байгуулсанд тооцоход Иргэний хуулийн 196 дугаар зүйлд заасан нийтлэг зохицуулалт үйлчлэх бөгөөд 196.1.2-д “... талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан ... баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар” гэрээ байгуулсанд тооцохоор заажээ. Өөрөөр хэлбэл талууд /нэхэмжлэгч, хариуцагч/ 4 000 000 төгрөг зээлүүлэх, зээлэх тухай тохиролцож гарын үсгээ зурсан байх тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Хариуцагч Р.Алтанцэцэг “би 7 000 000 төгрөгийн баримт дээр гарын үсэг зураагүй, 4 000 000 төгрөгийн баримт дээр гарын үсэг зурсан” гэж маргадаг боловч үүнийг нотлох баримт хэрэгт цуглараагүй байна. Харин хариуцагч талын 7 000 000 төгрөг зээлсэн гэх агуулга бүхий баримтын үнэн зөв эсэхийг тогтоолгох хүсэлтийг хангасан шүүгчийн захирамжийн дагуу гаргасан шинжээчийн дүгнэлтэд “баталгаа гэх баримтын эх хувьд засвар, өөрчлөлт оруулаагүй, ... уг баримтын урагдсан хэсэг нь нэг бүхлийг үүсгэж байна.” /2 дугаар х.х 41 тал/ гэсэн байгаа нь хэрэгт анхнаасаа 7 000 000 төгрөгтэй холбоотой баримт цугларсан гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Д.Батдулам зээлүүлсэн 4 000 000 төгрөгөө хариуцагч Р.Алтанцэцэгт шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн “Хаан банкны дансаар 4 000 000 төгрөг шилжүүлсэн” /2 дугаар х.х 136 тал/, хариуцагчийн “4 000 000 төгрөг өөрөө надтай хамт банк руу орж байгаад тушаасан” /2 дугаар х.х 137 тал/ тайлбар болон хариуцагчийн Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна /1 дүгээр х.х 140 тал/.

Хариуцагчийн өмгөөлөгч нар “... 4 000 000 төгрөг Р.Алтанцэцэгийн дансанд ороод, буцаад гарсан байдаг, ... Р.Алтанцэцэгт уг мөнгийг өөрийн өмчлөлд байлгаж, хүсэл зоригоороо захиран зарцуулах эрх үүсээгүй тул ... зээлийн гэрээ байгуулагдаагүй ... худалдах-худалдан авах гэрээний харилцаагаар ... мөнгөө шилжүүлсэн ...” /2 дугаар х.х 138,141/ гэх тайлбар  гаргажээ. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх ...” гэж, 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө ... зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.” гэж заажээ. Хуулийн зохицуулалтаар зээлдүүлэгч /нэхэмжлэгч/ нь 4 000 000 төгрөгийг зээлдэгч /хариуцагч/-ийн харилцах дансанд шилжүүлсэн, зээлдэгч /хариуцагч/ 4 000 000 төгрөгийг тохирсон 2 сарын хугацаанд өгөх үүргээ биелүүлээгүй байна. Хариуцагчийн харилцах дансанд 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 14:41 цагт 4 000 000 төгрөг шилжиж, мөн өдрийн 17:10 минутад зарлагаар гарсан байх бөгөөд энэ хугацаанд зээлдэгч /хариуцагч/ нь зээлсэн мөнгөө өөрийн хүсэл, зоригоор өмчлөлдөө байлгасан гэх үндэстэй болно. Мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй  ... хөрөнгө ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... , худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь “Forever living products” ХХК-иас бараа худалдан авдаг байснаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд хэрэгт Д.Батдулам тухайн компаниас бараа худалдан авсан талаарх нотлох баримт цугларснаас хариуцагчийн “зээл аваагүй, хамт бараа худалдаж авсан” гэх тайлбарыг нотлох баримт байхгүй гэж үзлээ.

Иймд Д.Батдуламын нэхэмжлэлтэй Р.Алтанцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтын шаардлага хангасан нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /1 дүгээр х.х 3 тал/, баталгаа /1 дүгээр х.х 5 тал/, дистрибьютор болох өргөдөл /1 дүгээр х.х 18 тал/, Хаан банкны мөнгөн шилжүүлэг /1 дүгээр х.х 19 тал/, гадаад хэл дээр бичсэн баримт /1 дүгээр х.х 21-29 тал/, баримтын монгол орчуулга /1 дүгээр х.х 131-139 тал/, Хаан банкны зарлагын баримт /1 дүгээр х.х 22-25, 27-28 тал/, харилцагч Д.Батдуламын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр х.х 72 тал/, харилцагч Р.Алтанцэцэгийн Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр х.х 126-127,140 тал/, С.Дашбат гэх гарын үсэгтэй дэвтрийн хуудас /1 дүгээр х.х 141 тал/, нотариатын бүртгэлийн дэвтэр /1 дүгээр х.х 142 тал/, нотариатчдын танхимийн мөнгөний тасалбар /1 дүгээр х.х 143 тал/, Х.Оюунчимэгийн тайлбар /1 дүгээр х.х 163 тал/, П.Болормаагийн тайлбар /1 дүгээр х.х 164 тал/, Г.Ганцэцэгийг гэрчээр асуусан тэмдэглэл /1 дүгээр х.х 167-168, 188-190 тал/, П.Болормааг гэрчээр асуусан тэмдэглэл /1 дүгээр х.х 177 тал/, С.Дашбатыг гэрчээр асуусан тэмдэглэл /1 дүгээр х.х 179-182 тал/, Х.Оюунчимэгийг гэрчээр асуусан тэмдэглэл /1 дүгээр х.х 184-186 тал/, Forever living products ХХК-ийн шүүхэд ирүүлсэн тодорхойлолт, хавсралт /1 дүгээр х.х 217-220 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /2 дугаар х.х 41-44 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар х.х 50-52, 57-59 тал/ зэргийг үнэлж шийдвэрийг үндэслэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Алтанцэцэгээс 78 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Батдуламд олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар хариуцагч Р.Алтанцэцэгээс зээлийн гэрээний үүрэгт 4 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Батдуламд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Алтанцэцэгээс 78 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Батдуламд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            А.ЭНХТӨР