Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/101

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                         Нарийн бичгийн дарга                          Д.Соёлзул

                           Улсын яллагч                                        Д.Шинэбал

                           Шүүгдэгчийн өмгөөлөгч                        С.Сувдаа

               Шүүгдэгч                                                 Б.Гансүх нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын ахлах зөвлөх Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Гансүхэд холбогдох эрүүгийн 2232000180014 тоот хэргийг 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Монгол Улсын иргэн, 1974 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Намгийн №87 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Б.Гансүх нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 14 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн Сүүл толгойн 2-1 тоот хашаанд иргэн *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохин эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гансүх мэдүүлэхдээ: ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Миний буруу гэжээ.

 

Эрүүгийн 2232000180014 тоот хавтаст хэргээс:

 

Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багт байрлах найз Г.Ганаагийн хашаанд нь байхад зүс таних дүү Б.Гансүх уг өдөр ямар нэгэн шалтгаангүй миний бие эрх чөлөөнд халдаж миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. ... Би уг өдөр хэрүүл маргаан хийгээгүй. Ямар шалтгааны улмаас цохисон талаар мэдэхгүй байна. ... Гансүхэд цохиулах үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Гэрээс найз Ганаа гарчхаад “Гансүх рүү чи яагаад хөгшин настай хүн цохиж зодоод байгаа юм, би чамайг сая цонхоор” харсан шүү гэж ярьж байх шиг байсан. ... Би тухайн үед “Чи миний нүд рүү цохисноос болж миний нүд харахгүй болчихлоо” гэдгийг газар дээр хэлэх үед “би таныг гэрт чинь хүргэж өгье” гээд хүргэж өгсөн. ... Маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр манай гэрт Гансүх орж ирээд “нүд чинь яаж байна” гэж асуухаар нь би тухайн үед “нүд аймар өвдөөд байна, юм харахгүй байна” гэж хэлсэн чинь “таныг нүдээ бариад доош тонгойх үед таны алган дээр цус байсан” гэж хэлсэн. ... Гансүх нүдний эм /дусаагуур/ авчирч өгсөн боловч тэр нь үр дүнд хүрэхгүй болохоор нь Улаанбаатар хот руу яаралтай явж “Болор мэлмий” нүдний эмнэлэгт үзүүлэхэд миний нүдний “зүүн нүдний торлог хуурч унасан, нүдний цөцгий гэмтсэн” үүнээс болж зүүн нүдэнд 2 удаагийн хагалгаа хийлгэсэн. ... Би түүний гэрт орсон. Гэрт нь унаж бэртээгүй.  ... 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр найз Ганхуягийн гэрт ороход хуурай дүү Б.Гансүх сууж байсан. Тэгээд би Ганаа /Ганхуяг/-ийг аваад гадаа юм яриад зогсож байхад Ганхуягийн ард байдаг хөрш айлын Оюунцэцэг орж ирээд Ганхуягтай юм яриад зогсож байсан. Удалгүй Б.Гансүх гарч ирэхээр нь би “Б.Гансүхийг чи муу долир нөхөр Оюунцэцэгийн пад тракторыг ашиглаа биз дээ” гэж хэлсэн. Тэгээд Оюунцэцэг Ганхуягтай юм яриад миний юм ярьж байгааг ч сайн анзаараагүй гэр лүүгээ явсан. Ганхуяг нойл руу бие засах гээд явсан хойгуур Б.Гансүх “чи муу намайг долир гэж дууддаг хэн бэ?” гэж хэлээд нүүр тус газар луу 1 удаа гараараа цохисон. Би “ёо ёо ёо” гээд тонгойгоод Б.Гансүх рүү “чи ядахдаа миний муу нүд рүү цохихгүй яаваа” гээд нүдээ дараад хэсэг сууж байгаад босоод гараа хартал миний гарын алга хэсэг бага зэрэг цус болсон байсан. Тухайн үед Ганхуягийн эхнэр Бадамханд гарч ирээд “одоо явцгаа” гэж хэлж байсан. Б.Гансүх намайг гэрт хүргэж өгсөн. ... Надад гомдол санал байхгүй. Харин эмчилгээний төлбөр тооцоо, хохирлын баримтад тусгагдсан 2,227,200 төгрөгийг нэхэмжилж байна. Б.Гансүх надад эмчилгээний төлбөр тооцооны мөнгө өгөөгүй. ... 1985 онд баруун нүд хараагүй болж байсан. ... 1985 онд гадаа маш их халуун байхад голын хүйтэн усанд ороод тэрнээс болж баруун нүдний торлог ховхорч баруун нүд хараагүй болж байсан. ... Уг өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зүс таних Шараатай уулзах зорилгоор түүний гэрт очсон. Би түүнд “үхэр авч байгаа буюу үнэ ханш хэдтэй байгаа” талаар асуух зорилготой очсон. Гэрт нь ороход Шараагаас гадна миний танихгүй 2-3 хүн байсан. Би түүний гэрт 3 хундага архи ууж гэрээс нь 19 цаг өнгөрч байхад гарсан. Тэгээд гэр лүүгээ явж байхдаа найз Ганаа /Ганхуяг/-ийн гэрээр ороод гарахаас гээд 19 цаг өнгөрч байхад орсон. Би өөрийгөө хянах чадвартай байсан. Би уг өдөр 3 хундага архи Шараагийн гэрт уусан түүнээс гадна өөр хэн нэгэн хүнтэй архи уугаагүй. ... Би уг өдөр өөрийн эзэмшлийн 21-58 УБК улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Би Шараагийнд очихдоо өөрийн машинтай очсон. Түүний гэрээс хөдлөөд Ганаа /Ганхуяг/-ийн хашааны гадна машинаа байрлуулаад гэрт нь орсон. Гансүхэд зодуулсны дараа Гансүх “би таныг хүргээд өгье” гээд өөрийнхөө машинд суулгаад намайг аваад манай гэр лүү явсан. Миний машиныг араас Ганаа унаад манай гадаа ирсэн. ... Би уг өдөр өөр хүмүүстэй архи уугаагүй. Уг өдөр Шараагийнд орж 3 хундага архи л уусан. Нэмж архи уугаагүй. ... Харанхуй болж байсан болохоор гарт нь юу байсан талаар хараагүй. Гараараа цохичихлоо гэж бодсон. ... Гансүх машинаа бариад би хажууд нь суугаад явсан. Бид хоёроос гадна өөр хүн байгаагүй. Араас миний машиныг унаад Ганаа манай гэрт ирсэн. Гансүх бид хоёр машин дотор муудалцаагүй. ... Уг өдөр бол гэртээ гэрийн ажлаа хийж байсан. 1 тооны үхэр борлуулчих санаатай үнэ ханш хэдтэй байгаа талаар Шараагаас асуухаар түүний гэрт 19 цаг болох гэж байхад очсон. Түүний гэрт 20-30 минут юм ярьж сууж байгаад 19 цаг 25 минутын үед гэрээс нь гарсан. Ганаагийн гэрт 19 цаг 30 минутын үед орсон. ... Б.Гансүх бид хоёроос гадна хүн байгаагүй. Ганаа хашаандаа байх нойл руу орсон байсан. ... Б.Гансүх надад хохирлын мөнгө болох 2,230,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй гэсэн мэдүүлгүүд /ХХ-ийн 10-11, 13-14, 154, 156-р тал/

Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн гэр буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг Сүүлтолгой 2-1 тоотод нөхөр Ганхуяг болон хүүхдийнхээ хамтаар байхад гаднаас зүс таних Гансүх орж ирээд “юм өрөмдөх дрилл байна уу” гээд манай нөхрөөс асуугаад цай уугаад сууж байхад удаагүй 10 минутын дараа зүс таних ******* манай гэрт архи уусан байсан байдалтай орж ирсэн. Тухайн үед дрилл байхгүй байсан учир Гансүх “за за явлаа” гээд гэрээс гарсан. Гансүх гараад 1 минут ч болоогүй байхад араас нь Нямгаваа “би бас явлаа” гэж хэлээд гараад удаагүй байтал хашаанд дотор хүн маргалдаад зодолдоод байгаа чимээ сонсогдохоор нь гараад хартал Гансүх, Нямгаваа хоёр хоорондоо маргалдаж зодолдсон байдалтай байсан. Би “одоо та нар хариад амарцгаа” гэж хэлсэн чинь Гансүх Нямгавааг “хүргэж өгье” гээд аваад явж байгаа харагдсан. ... Нямгаваа Гансүх рүү л дайраад байсан. Нүүр царайг нь сайн харж чадаагүй. ... Гэрээс гарахад Нямгаваа, Гансүх хоёроос гадна өөр хүн байгаагүй. Гэрээс зүгээр л ар араасаа гарсан юм, гараад л хоорондоо муудалцсан юм шиг байсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 16-р тал/

Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би гэртээ байхад манай гэрт гаднаас зүс таних Гансүх надаас гар дрилл асууж орж ирээд сууж байсан чинь түүний араас удаагүй миний мөн зүс таних ******* ах орж ирсэн. Тэгээд би Гансүхэд “дрилл байхгүй” гэж хэлсэн чинь Гансүх гараад явсан. Удаагүй ******* араас нь гараад явсан. Гэрээс гарахдаа ******* намайг “гараад ирээ” гээд байхаар нь би тэр хоёрын араас гартал хоорондоо нутгийн ах, дүү нар гээд хоорондоо тэврэлдээд зогсож байсан. Тэгэхээр нь хашаанд байх нойл орж бие засаад гараад иртэл Гансүх, Нямгаваа хоёр хоорондоо муудалцсан, бие биенийгээ “ална пизда” гээд орилолдоод байсан. Тэгээд манай эхнэр гарч ирээд “явцгаа” гэж хэлээд явуулсан зүйл болсон. ... Гэрт орж ирээд унаагүй. Гэрт орж ирээд сандал дээр суугаагүй, үүдэнд зогсож байгаад гарсан. ... ******* өөрийгөө хянах чадвартай харагдаж байсан. ... *******, Б.Гансүх хоёр хоёулаа тус тусдаа машинтай ирсэн байсан. Манай гэрт муудалцаагүй. Би гадаа нойлд сууж байхад хоорондоо ах дүү гээд тэврэлдээд юм яриад зогсож байснаа гэнэт хэл амаар бие биенээ доромжлоод л муудалцаад эхэлсэн. ... Б.Гансүх, ******* хоёр хоорондоо маргалдаж, муудалцаж байхад дэргэд нь хүн байгаагүй. Би нойлоос гарахад манай эхнэр “гэр гэр лүүгээ яв яв” гээд тэр хоёр манай хашаанаас гарч байхад би нойлоос гарч ирсэн. Тэгээд би хашааны гадна гарахад Б.Гансүх “ах аа та Нямгаваа ахын машиныг бариад гэр лүү нь аваачаад өгчхөөч, би Нямгаваа ахыг өөрийнхөө машинд суулгаад гэрт нь хүргээд өгье” гэж хэлсэн. Би *******гийн портер маркийн тээврийн хэрэгслийг унаж *******гийн гэрт хүргэж өгөөд буцаад Б.Гансүхээр гэртээ хүргүүлсэн. ... Гаднаас орж ирэхэд түүний нүүр, нүд зүгээр байсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 21-22, 160-р тал/

Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр манай нөхөр ******* Б.Гансүхээр хүргүүлж гэртээ ирсэн. ... Маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Б.Гансүх манай гэрт орж ирээд “Нямгаваа ахаа бие гайгүй юу, яаж байна” гэхэд манай нөхөр ******* “чи ахдаа нүдний дусаагуур авч ирээд өгөх боломж байна уу” гэж хэлсэн чинь Гансүх “би танд нүдний дусаагуур аваад ирье” гэж гараад удалгүй нүдний дусаагуур авчирч өгчхөөд гараад явсан. 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш 2-3 удаа “бие гайгүй юу” гээд манайхаар Гансүх орж ирсэн. ... 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө манай нөхөр ******* “нүд өвдөөд байх юм” гэхээр нь “яасан юм” гэсэн чинь “Гансүх миний нүд рүү цохиод” гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 20-р тал/

Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2021 оны 11 дүгээр сарын хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. ******* ах манай гадаа ирээд надтай уулзаад “үхэр авах хүн байна уу?, мөнгө хэрэг болоод байна” гээд явж байсан. Би тухайн үед “үхрийн ханш унасан, муу байна” гэж түүнд хэлсэн. ... ******* ах манай гэрт ирж надаас юм асуух гээд ирэх үед би хашаандаа ачааны портер машины сэлбэг задлаад зарч байхад танихгүй хэдэн хүмүүс сэлбэг авах гээд ******* ахын өмнө ирсэн байсан. Сэлбэг авах гээд ирсэн байсан хүмүүс 1 шил архи задлаад ууж байх үед ******* ахад 3, 4 хундага архи өгсөн. Уг 3, 4 хундага архийг ******* уучхаад "явлаа явлаа" гээд манай гэрийн гаднаас хөдлөөд явсан. ... Цэнхэр өнгийн ачааны портер маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. ... Бусдад зодуулсан байдал харагдаагүй. Нүүр нүд нь зүгээр байсан. Цус болсон зүйл байгаагүй, өмсөж явсан хувцас нь зүгээр байсан. ... Тийм зүйл болоогүй. Сэлбэг авах гээд ирсэн байсан хүмүүсийн архинаас 3, 4 хундага архи уучхаад явсан. ... Намайг хүмүүс “Шараа” гэдгээр мэднэ. Ихэвчлэн Шараа гэж дууддаг гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 162-р тал/

Шинжээч Г.Ган-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... *******гийн биед учирсан гэмтэл нь цохилт болон доргилтын улмаас үүссэн байх боломжтой. ... Болорыг тогтоож байдаг ценийн шандас, болорын бүс сунаж тасарснаас болоод болор нь нүдний цөцгий рүү унасныг хэлнэ. Дээрх нь цохилт болон доргилтын улмаас сунаж тасарснаас болж үүсэх боломжтой гэсэн мэдүүлэг /37-38 тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх Эмнэлгийн Шинжилгээний газрын шинжээч М.Энхбаяр, Т.Чимэд-Очир, Г.Галиндэв нарын бүрэлдэхүүнтэй 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 524 дугаартай дүгнэлтэд: ...

1. *******гийн харааны бууралт тодорхой болоогүй байхад гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт гаргасан тул Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч Г.Ган-Эрдэнийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаартай, нэмэлтээр гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 23 дугаартай дүгнэлтүүд үндэслэлгүй болсон байна.

2. *******гийн зүүн нүдний болрын мултрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, цохигдох үйлдлийн улмаас үүснэ.

3. *******гийн зүүн нүдний болрын мултрал гэмтэлд өмнө учирсан баруун нүдний торлогийн ховхрол гэмтэл нөлөөлөхгүй.

4. Дээрх зүүн нүдний болрын мултрал гэмтлийн улмаас *******гийн хараа 0,2 болж буурсан нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 20% /ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 34.1-т/ тогтонги алдагдуулна.

5. Зүүн нүдний гэмтлийн улмаас *******гийн зүүн нүдний хараа 0,2 болж буурсан нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 20% тогтонги алдагдуулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /ХХ-ийн 126-130-р тал/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа ХХ-ийн 54 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй  байна.

Нэг. Шүүгдэгч Б.Гансүхийг гэм буруутайд тооцох талаар:

 

Б.Гансүх нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 14 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн Сүүл толгойн 2-1 тоот хашаанд иргэн *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохин зүүн нүдний болрын мултрал гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 10-11, 13-14, 154, 156-р тал/, Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 16-р тал/, Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 21-22, 160-р тал/, Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 20-р тал/, Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 162-р тал/, Шинжээч Г.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг лэг /37-38 тал/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх Эмнэлгийн Шинжилгээний газрын шинжээч М.Энхбаяр, Т.Чимэд-Очир, Г.Галиндэв нарын бүрэлдэхүүнтэй 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 524 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 126-130-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Б.Гансүх нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Гансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хоёр. Хохирол төлбөрийн талаар:

 

Хохирогч ******* нь 2,230,000 төгрөг бэлнээр хүлээн авлаа. Цаашид дахин нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй /ХХ-ийн 167 дугаар хуудас/ гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Гурав. Шүүгдэгч Б.Гансүхэд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.Гансүх нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 14 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн Сүүл толгойн 2-1 тоот хашаанд иргэн *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохин зүүн нүдний болрын мултрал гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Гансүхэд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Гансүх нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус, тус  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Бямбаагийн Гансүхийг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гансүхийг 600 нэгж буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Б.Гансүх нь торгох ялыг 05 /тав/ сарын  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт Б.Гансүх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй зэргийг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гансүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд зааснаар Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Б.АЛТАНЦЭЦЭГ.