Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 342

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, монос 3 гудамж, 44 тоотод оршин суух Боржигин овгийн Арсландоржийн Нэргүй /РД:ЦВ75060206/

Хариуцагч: Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал

“ажлаас халсан Төв аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/57 дугаар захирамжийг хүчингүй болгож, Төв аймгийн Мөнгөнморьт сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоохыг ажил олгогчид даалгах” тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Нэргүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг, Б.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уртнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч А.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Төв аймгийн Мөнгөнморьт сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд ажилллаж байгаад Төв аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/57 дугаар захирамжаар ажлаас халагдсан. Ажлаас халахдаа Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 20.2.12, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Ажлын байрны тодорхойлолтын 1, 2, 3, 4, 5 дугаар үндсэн зорилтууд, Хөдөлмөрийн гэрээний 2.3.1, 2.3.2, 2.3.6, 2.3.8, 2.3.9, 2.3.12, 2.3.16 заалтууд, Үр дүнгийн гэрээний 1.3.1.2, 1.3.3.1, 1.3.5.1 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3, 50 дугаар зүйлийн 50.2 дахь заалтыг үндэслэн халсан болно.

Ажлаас халахдаа зөрчил гаргасан үндэслэлээ тодорхой дурдаагүй нь сахилгын зөрчил бодитой байх, зөрчил гаргасан хугацаа тодорхойлох боломжгүй тул хуулийн шаардлага хангаагүй, бодит бус үндэслэлээр ажлаас халагдсандаа гомдолтой байна. Төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэдэг атал мөн хуулийн 131, 50 дугаар зүйлийг үндэслэн халсан нь ... хууль бус байна. Мөн ажлаас халсан захирамж нь иргэдээс ирүүлсэн гэх хуурамч өргөдлийг хэт нэг талыг барьж шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэхдээ ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийн тайлбар, санал гаргах боломжийг олгох тухай Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг шууд зөрчиж байгаа юм.

Иймд үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааг зохих журмын дагуу үнэлж дүгнээгүй, Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийг баримтлаагүй, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийн тайлбар, санал гаргах боломжийг алдагдуулан ажлаас халсан нь хууль бус тул Төв аймгийн Мөнгөнморьт сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал А.Нэргүй намайг ажлаас халсан Төв аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/57 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан Төв аймгийн Мөнгөнморьт сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоохыг ажил олгогчид даалгаж өгнө үү. Д.Мөнхцэцэг даргын хэлсэн зүйл дээр ганц хоёр юм тодруулж хэлье. Сүүлд энэ хүмүүсийн гарын үсгийг цуглуулаад ирлээ гэж байна, би гарын үсэг цуглуулаагүй. Ажлаа буруу хийлээ гэж бид нар бодоогүй шүү гээд ажилчид гарын үсэг зурж өгсөн. Үр дүнгийн гэрээ нөхөж хийсэн зүйл ярьж байна, нөхөж хийсэн байх ямар ч үндэслэл байхгүй. Хүн доромжилсон үйлдэл хийж байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч А.Нэргүйг  2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Засаг даргын Б/57 тоот захирамжаар ажил олгогчын санаачилгаар ажлаас халсан байдаг ба Хөдөлмөрийн тухай хуулийн яг аль зүйл, заалтыг баримталж халсан нь тодорхойгүй. Ноцтой зөрчил гаргаж байсан талаар мэдэгдэхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хэдэн удаа зөрчил гаргаж байсан гээд тодорхой байх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан үндэслэлээр халсан бол  энэ нь хөөн хэлэлцэх хугацаа шаарддаг. Гарсан зөрчил нь цаг хугацаатай, бодитой байх ёстой. Засаг даргын захирамжид баахан хуулийн зүйл заалтууд бичсэн байгаа энэ нь хэрэгтэй ч юм уу үгүй ч юм уу мэдэгдэхгүй байгаа. Халсан гэдэг үг байгаа болохоос Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг зүйлийг баримтална гэсэн Улсын дээд шүүхийн тайлбар байдаг. Ажлаас халсан ямар ч зөрчлийг нэрлэн заагаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлээр арга хэмжээ авсан байж давхардуулсан байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Төв аймгийн Засаг даргын Б/57 дугаар захирамж нь хуулийн шаардлага хангаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаарлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Аймгийн Засаг даргад 2016 оны 09 дүгээр сарын 23, 2017 оны 03 дугаар сарын 07, аймгийн Засаг даргын тамгын газрын даргад 2017 оны 09 дүгээр сарын 12, ... , Нийгмийн бодлогын хэлтсийн даргад 2017 оны 09 дүгээр сарын 08, ... , БСУГ-д 2014 оны 03 сар, ..., 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрүүдэд Мөнгөнморьт сумын иргэдээс А.Нэргүйтэй холбоотой ... өргөдөл, гомдол ирж байсан тул 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Засаг даргын тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Мөнгөнморьт сумын сургууль дээр ажлын хэсэг очиж ажиллсан.

... 2017 оны Боловсролын сайдын 293, 299 дүгээр тушаалын дагуу багш, ажиллагсдын үр дүнгийн гэрээг үнэлж, урамшуулал олгох хагас жилийн биелэлтийг харахад ямар ч зүйл хийгдээгүй байсан. Бид нар өнөөдөр хэргийн материалтай танилцахад материалууд нөхөж бүрдүүлсэн байна. Очиж шалгалт хийхэд үр дүнгийн гэрээ байхгүй байсан.  Надаас 3 000 000 төгрөг авсан гээд өргөдөл бичээд байсан хүнтэй нь очиж уулзахад тохиролцож өгсөн гэж өмнө нь ярьснаа үгүйсгэж байсан,

... Ажлын хэсгийн дүгнэлтээр А.Нэргүй нь сургалтын явцын үнэлгээ, дотоод хяналт-шинжилгээг тогтмол хийдэггүй, арга зүйн удирдлагаар хангаж ажиллаагүй, багш нэг бүрийн ажлын үр дүнг тооцон ажиллаагүйгээс ажлын хариуцлага алдагдаж, сургалтын чанар буурсан, сургалтын үйл ажиллагаа хэт урсгалаараа явж байсан,

... захирал А.Нэргүй нь өөрийн нөхөр Я.Болдбаатарыг галчаар томилон ажиллуулсан нь НАНБХАСЗУС /ашиг сонирхлын зөрчлийн/ хуулийн 8.1, 11.1 дэх заалтыг зөрчсөн,

... Боловсрол, шинжлэх ухааны сайдын ... тушаалаар баталсан ... журмын дагуу 5 дугаар ангийн сурагчдын монгол хэлний чадвар эзэмшилтээр шалгалт авахад гүйцэтгэл 46.27 хувь, 9 дүгээр ангийн сурагчдын математикийн хичээлээр шалгалт авахад гүйцэтгэл 39.4 хувь, А.В-ийн эзлэх хувь 0 гэж дүгнэгдсэн,

... сургуулийн машин эвдэрснийг акт тогтоож, засуулаагүй, захирал өөрийн машинаар сургуулийн ажилд бензин хийж явж байгаа нь ашиг, сонирхлын зөрчил үүсгэсэн, гадны баталгаагүй машинаар хүүхэд тээвэрлэж, хүүхдийн аюулгүй байдалд эрсдэл учруулсан, ... аймагт тэмцээнд авч явсан 10 хүүхдээ нэг машинд чихэж явуулснаас ... цагдаад баригдаж хариуцлага тооцогдож, энэ дагуу сануулах сахилгын арга хэмжээ авсан. Мөн сургуулийн биеийн тамирын багш хүүхдүүдийг аймаг руу үндэсний бөхийн тэмцээнд авч явахдаа онхолдсон ... энэ нь сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан хүүхдийн аюулгүй байдлыг хангах, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй,

... орон тоо, цалингийн санг батлахдаа хүн бүрээр тооцож гаргаагүй, сургуулийн захирлын үзэмжээр цалин тогтоох нөхцөл байдал үүссэн,

... 2013-2014 оны хичээлийн жилээс жилийн үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөгүй 4 жил явж ирсэн,

... Батцэрэн гэх хүн ... 42 сурагчаас 30 000 төгрөг нийт 1 290 000 төгрөг ном хэвлэнэ гэж авч явсан боловч ном хэвлэгдээгүй, асуудал шийдэгдээгүй нь ... сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй,

А.Нэргүй нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр аймгийн Засаг дарга, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга нарт ирүүлсэн өргөдөлдөө Б/57 дугаар захирамжийг хүлээн зөвшөөрч, сургуулийн нийгмийн ажилтны сул ажлын байранд шилжүүлж өгөхийг хүссэн байдаг. Дээрх зөрчлүүд нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 20.2.12, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 11 дүгээр зүйлийн 11.1, Хөдөлмөрийн гэрээний 2.3.1, 2.3.2, 2.3.6, 2.3.8, 2.3.9, 2.3.12, 2.3.16 заалтуудыг хангалтгүй биелүүлсэн болон огт биелүүлээгүй байх тул Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/57 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч А.Нэргүй Төв аймгийн Засаг даргад холбогдуулан Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/57 дугаар захирамжийг хүчингүй болгох, Төв аймгийн Мөнгөнморьт сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд

эгүүлэн тогтоох нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Төв аймгийн Засаг дарга 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Б/57 дугаар “А.Нэргүйг ажлаас халах тухай” захирамж гаргажээ. Захирамжид “Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 20.2.12, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1 заалт болон сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтын 1, 2, 3, 4, 5 дугаар үндсэн зорилтууд аймгийн Засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3.1, 2.3.2, 2.3.6, 2.3.8, 2.3.9, 21.3.12, 2.3.16 дахь заалтууд, Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний 1.3.1.2, 1.3.3.1, 1.3.5.1 “в” дэх заалтуудыг тус тус хангалтгүй биелүүлсэн болон огт биелүүлээгүй байх тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3, 50 дугаар зүйлийн 50.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн” Арсландорж овогтой Нэргүйг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс сургуулийн захирлын үүрэгт ажлаас /х.х-ийн 6 тал/ халжээ.

Хөдөлмөрийн гэрээг /х.х-ийн 8-10 тал/ ажил олгогчийг төлөөлж аймгийн Засаг дарга, ажилтныг төлөөлж сургуулийн захирал нар байгуулсан байх тул ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах эрхийг зөвхөн аймгийн Засаг дарга эдэлнэ. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээг ажилтны өөрийн санаачилгаар эсхүл ажил олгогчийн санаачилгаар цуцлах нь хуульд нийцнэ. Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг зохицуулсан бөгөөд ажил олгогчийн Б/57 дугаар захирамж нь эрх зүйн акт болохын хувьд бүтэц, хэлбэр болон хууль хэрэглэсэн байдал зэргээр эрх зүйн актад тавигдах шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7 дахь заалтын аль нэгийг заавал үндэслэх ёстой бөгөөд үүнийг баримтлаагүй нь тухайн захирамжийг хуулийн хүчин төгөлдөр бус акт гэж үзнэ. Мөн захирамжид баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх боловч ажилтныг халахдаа ямар зөрчлийн улмаас ажлаас халсан үндэслэл нь тодорхой бус байх тул А.Нэргүйг Төв аймгийн Мөнгөнморьт сумын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

Шүүхээс нэхэмжлэгч А.Нэргүйг Төв аймгийн Мөнгөнморьт сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан тул ажил олгогчийн Б/57 дугаар захирамж хууль зүйн үндэслэлгүй гарсан хэдий ч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир шүүхээс уг захирамжийг заавал хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэн нэхэмжлэгчийн “Төв аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/57 дугаар захирамжийг хүчингүй болгох” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл нь хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах харилцааг зохицуулснаас хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах буюу ажилтанг ажлаас халах харилцааг зохицуулаагүй гэдгийг ажил олгогч цаашид анхаарах нь зүйтэй байна.

Шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэл /х.х-ийн 1-3 тал/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /х.х-ийн 4 тал/, Төв аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/57 дугаар захирамж, хавсралт /х.х-ийн 6-7 тал/, хөдөлмөрийн гэрээ /х.х-ийн 8-10 тал/, үр дүнгийн гэрээ /х.х-ийн 11-14 тал/, Мөнгөнморьт сумын сургуулийн 2017 оны үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө /х.х-ийн 15-18 тал/, итгэмжлэл /х.х-ийн 27, 75 тал/, хариу тайлбар /х.х-ийн 28-31, 157-158 тал/, Мөнгөнморьт сумын ЕБС-д шалган туслах ажлын удирдамж, дүгнэлт /х.х-ийн 32-37, 43-56 тал/, Төв аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/25 дугаар захирамж /х.х-ийн 38 тал/, аймгийн БСУГ-аас авсан математикийн түвшин тогтоох шалгалт /х.х-ийн 39 тал/, экологийн боловсролыг эх нутгаасаа төслийн хэрэгжилтийн дүгнэлт, хавсралт, худалдан авалт /х.х-ийн 40-42тал/, А.Нэргүйн өргөдөл /х.х-ийн 56-58 тал/, А.Нэргүйн тайлбар /х.х-ийн 84-94 тал/, Г.Долгорсүрэнгийн тайлбар /х.х-ийн 95-101 тал/, сургуулийн захирлын тушаал /х.х-ийн 102 тал/, мэдэгдэл /х.х-ийн 103 тал/, Б.Балбуугийн хүсэлт /х.х-ийн 104 тал/, хүсэлт, хүсэлтийн хавсралт /х.х-ийн 105-106, 108-109 тал/, Т.Сундуйжамбын тайлбар /х.х-ийн 107 тал/, спорт заал түрээслүүлэх журам /х.х-ийн 110 тал/, Хаан банкны мөнгөн шилжүүлэг /х.х-ийн 111 тал/, дунд сургуулийн багш, ажилчдын хурлын тэмдэглэл /х.х-ийн 114-122 тал/, цалин, орон тооны судалгаа /х.х-ийн 123-125 тал/, ажлын хариуцлагын талон /х.х-ийн 126 тал/, Төв аймгийн нийтийн номын сангийн албан бичиг /х.х-ийн 127 тал/, багш нарын ажлыг үнэлэх хуудас /х.х-ийн 128-131 тал/, ажлын хэсэг байгуулах тухай тушаал /х.х-ийн 132 тал/, сургуулийн галчийн сонгон шалгаруулалтын материал /х.х-ийн 133-135 тал/, Төв аймгийн Прокурорын газрын порокурорын тогтоол /х.х-ийн 136 тал/, Ч.Уранчимэгийн тайлбар /х.х-ийн 137-138 тал/, Э.Болормаагийн тайлбар /х.х-ийн 139 тал/, н.Батцэцэгийн тайлбар /х.х-ийн 140 тал/, Ш.Анхтуяагийн тайлбар /х.х-ийн 141 тал/, Р.Нандинцэцэгийн тайлбар /х.х-ийн 142 тал/, Т.Батцэцэгийн тайлбар /х.х-ийн 143 тал/, Г.Саранцэцэгийн тайлбар /х.х-ийн 144 тал/, Г.Цэцгээ, Б.Дашцэрмаа нарын тайлбар /х.х-ийн 160 тал/, аймгийн Засаг даргын тамгын газарт ирсэн гомдол /х.х-ийн 161-162 тал/, сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолт /х.х-ийн 163-166 тал/, Я.Болдбаатарыг ажилд томилох тухай тушаал /х.х-ийн 167 тал/, Төв аймгийн Биеийн тамир, спортын газрын албан бичиг, хавсралт /х.х-ийн 168-170 тал/, Н.Рэнцэндоржийн тайлбар /х.х-ийн 171 тал/, Д.Буянбат нарын тайлбар /х.х-ийн 172-174 тал/, Ж.Отгонсүрэнгийн тайлбар /х.х-ийн 175 тал/ зэргийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийг үндэслэв.

Мөнгөнморьт сумын сургуулийн захирлын тушаал /х.х-ийн 19 тал/ болон хавтаст хэргийн 56-67 дугаар тал дахь баримт хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “Төв аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/57 дугаар захирамжийг хүчингүй болгох, Төв аймгийн Мөнгөнморьт сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар ажилд эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч А.Нэргүйн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Төв аймгийн Засаг даргаас 70 200 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т зааснаар Боржигин овгийн Арсландоржийн Нэргүйг Төв аймгийн Мөнгөнморьт сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2.Нэхэмжлэгчийн Төв аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/57 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 151/ШЗ2018/00929 дугаар шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 дугаар данснаас гаргуулж, нэхэмжлэгч А.Нэргүйд буцаан олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Төв аймгийн Засаг даргаас 70 200 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.ЭНХТӨР