| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюунзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2018/00305/и |
| Дугаар | 375 |
| Огноо | 2018-04-10 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгийг худалдсан маргаан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 375
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Номт 10 байр, 22 тоотод оршин суух Шавь овгийн Бат-Очирын Зоригт /РД:НЮ60020774/
Нэхэмжлэгч:Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Номт 10 байр, 22 тоотод оршин суух Том тайж овгийн Жагдарын Мөнхжаргал /РД:НЮ63010163/
Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, 28 байр, 21 тоотод оршин суух Боржигин овгийн Нямын Наранцэцэг /РД:НЭ62040406/
“Контейнер гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Зоригт, нэхэмжлэгч Ж.Мөнхжаргал, хариуцагч Н.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “эхнэр Ж.Мөнхжаргал нь 2016 оны 11 дүгээр сард бараа материалын агуулах хийх зориулалтаар 40 тонны контейнер 3 000 000 төгрөгөөр худалдан авч, 600 000 төгрөг төлж хотоос авчирсан. Энэ манай гэр бүлийн дундын өмч юм. Би ажил дээрээ байж байтал Н.Наранцэцэг над дээр ирээд чингэлэг олдох уу надад хэрэгтэй байна гэж асууж байсан. Би хариуд нь надад чингэлэг байгаа түүнийг худалдах боломжтой гэхэд, Н.Наранцэцэг би худалдаж авах гэсэн юм, хэдэн төгрөгөөр зарах вэ гэж надаас асуусан. Би үнийг сайн мэдэхгүй учраас чингэлэгээ хэрэв зарвал 1 640 000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Н.Наранцэцэг надад 1 640 000 төгрөг бэлнээр өгсөн, би эхнэртээ хэлэлгүйгээр контейнерээ Н.Наранцэцэгт 1 640 000 төгрөгөөр зарсан бөгөөд эхнэрт мөнгөө өгөхөд эхнэр уурлаад тал үнээр нь өгчихсөн байна гээд удаагүй данс руу нь буцаагаад шилжүүлсэн. Энэ явдлаас болж бид хоёр маргалдаж, эд хөрөнгөө нэгэндээ хэлэлгүйгээр хямд үнээр зарснаа ойлгосон, учир нь би 20 тоннын контейнер гэж ойлгож байсан, гэтэл 40 тонных байсан бөгөөд үнийн зөрүү гарсан. Тэгээд шүүх хурал болтол Н.Наранцэцэгийн дансанд 1 640 000 төгрөг байж байгаад, шүүх хурал эхлэхэд буцааж над руу шилжүүлсэн, би чингэлгийн үнэ цэнийг мэдэхгүй зарсан байна. Чингэлгээ зарахгүй гэсэн байр суурьтай байна. Хариуцагчийн өгсөн 1 640 000 төгрөг одоо бэлэн байгаа түүнийг нь буцаан өгч, чингэлгээ буцааж авмаар байна.” гэв.
Хариуцагч Н.Наранцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.Мөнхжаргал нь 2017 оны 06 дугаар сарын дундуур надад
хоосон контейнер байгаа гэхэд нь би тэр дор нь ямар үнэтэй вэ гэхэд би мэдэхгүй, Б.Зоригт мэднэ, одоо дэлгүүрээс ирнэ, чи өөрөө уулз гэхээр нь хүлээж байгаад уулзсан. Б.Зоригтоос контейнер ямар үнэтэй вэ гэхэд 1 600 000 төгрөг гэсэн, гэтэл Ж.Мөнхжаргал май түлхүүрээ ав гэсэн, би за яахав мөнгийг нь өгч байгаад авья гээд орхисон. Тэгээд манай хүүхдүүд мөнгө өгөөд би бэлнээр 1 640 000 төгрөг өгсөн, үүнээс цоожийг нь 40 000 төгрөгөөр үнэлж өгсөн. Гэтэл одоо авгай, нөхөр хоёр үгсэн хуйвалдаж, намайг гүтгэж байна. Тухайн үед мөнгөний хэрэгтэй болоод зарсан байж, гурвуулаа нүүр, нүүрээ харж байгаад хийсэн наймаа, ийм учраас худалдаж аваад тооцоо хийгээд дууссан, хүлээн зөвшөөрөхгүй. Одоо ингээд жилийн дараа шүүх хуралдаан дээр намайг гүтгээд, үнийн дүнгээ нэмээд байна. Ийм учраас чингэлгийг буцааж өгөхгүй.” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Зоригт, Ж.Мөнхжаргал нар хариуцагч Н.Наранцэцэгт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт чингэлэг /контейнер/ гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгчдийн “контейнероо Н.Наранцэцэгт 1 640 000 төгрөгөөр зарсан” /х.х-ийн 1 тал/, хариуцагчийн “манай хүүхдүүд мөнгө өгөөд би Б.Зоригтод бэлнээр 1 640 000 төгрөг өгсөн” /х.х-ийн 15 тал/ гэх тайлбараас үзэхэд талууд чингэлэг худалдах-худалдан авах хүсэл зоригоо илэрхийлж, гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцсон байгаа нь талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж дүгнэлээ. Зохигчид чингэлэг худалдсан, худалдан авсан талаар маргаагүй, харин үнийн дүнд маргаж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь ... хөрөнгө ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ..., худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Зоригт, Ж.Мөнхжаргал нар нь чингэлэгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлж, хариуцагч Н.Наранцэцэг хэлэлцэн тохирсон үнэ 1 640 000 төгрөгийг нэхэмжлэгч нарт төлж, худалдан авсан чингэлэгээ хүлээн авсан байна.
Мөн хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д “Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно.” гэж заажээ. Худалдах-худалдан авах гэрээний нэг тал болох хариуцагч /худалдан авагч/ Н.Наранцэцэг нь худалдан авсан чингэлэгийн үнэ 1 640 000 төгрөгийг нэхэмжлэгч /худалдагч/-ид шилжүүлж үүргээ биелүүлсэн байх тул гэрээний нөгөө тал гэрээгээр хүлээсэн үүргээсээ татгалзах эрхгүй болно. Тодруулбал нэхэмжлэгч Б.Зоригт, Ж.Мөнхжаргал нар нь чингэлгээ буцаан авах шаардлага гаргах эрхгүй гэж үзнэ.
Нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийнхээ дагуу чингэлэг худалдаж авсан бэлэн мөнгөний орлогын баримтыг /х.х-ийн 2-3 тал/ шүүхэд ирүүлжээ. Уг баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэгч Ж.Мөнхжаргал нь 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Өндөр тамир” ХХК-д чингэлгийн үнэ 3 000 000 төгрөг, тээврийн зардал 600 000 төгрөг нийт 3 600 000 төгрөг тушаасан баримт байх боловч нэхэмжлэгч Ж.Мөнхжаргал “... контейнерийг ... Төмөр трейд компаниас ... 2016 оны 10 дугаар сард ... худалдаж авсан ... би хүлээн авагч дээр гарын үсэг зурсан, мөнгө тушаагч дээр нь манай охин зурсан байх ...” гэсэн тайлбар нь мөнгө тушаасан баримт дээрх компанийн нэр, огноотой нийцэхгүй байгааг дурдах нь зүйтэй.
Шүүх дээр дурдсаныг үндэслэн нэхэмжлэгч Б.Зоригт, Ж.Мөнхжаргал нарын хариуцагч Н.Наранцэцэгээс чингэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ нэхэмжлэл /х.х-ийн 1 тал/, “Өндөр тамир” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт /х.х-ийн 2-3 тал/, Хаан банкны орлогын мэдүүлэг /х.х-ийн 5-6 тал/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /х.х-ийн 7 тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /х.х-ийн 8 тал/, хариуцагчийн хариу тайлбар /х.х-ийн 15 тал/-ыг нотлох баримтаар үнэлж шийдвэрийг үндэслэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 550 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар Б.Зоригт, Ж.Мөнхжаргал нарын нэхэмжлэлтэй Н.Наранцэцэгт холбогдох чингэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР