Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 1024

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 151/ШШ2018/01024

Төв аймаг

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, шүүгч Д.Алтантуул, Б.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар:

   Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Ж.Самбуугийн гудамж 24, M-Plaza төв, 5-р давхар, 500 тоотод байрлах “Улаанбаатар хотын даатгал” ХХК /рд:2706849/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Борнуур сум, 4-р баг, Нарт, Дуган хад хаягт оршин суух Боржигон овогт Цогтбаатарын Дорждэрэм /РД:ХП85022615/-д холбогдох

“Улаанбаатар хотын даатгал” ХХК-д учирсан хохирол 5,388,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батсайхан, түүний өмгөөлөгч Б.Дагиймаа, хариуцагч Ц.Дорждэрэм, хариуцагчийн өмгөөлөгч Ё.Энхээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Улаанбаатар хотын даатгал” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Toyota Landcruiser-100 маркийн 5160УНИ улсын дугаартай авто тээврийн хэрэгслийн жолооч Цогтбаатар овогтой Дорждэрэм нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Хандгайт дахь Их тамир амралтын хажуу замд зам тээврийн осол гарган “Улаанбаатар хотын даатгал” ХХК-ийн эзэмшлийн 8899УНГ улсын дугаартай  Toyota Landcruiser-200 маркийн тээврийн хэрэгсэлд 5,296,500 төгрөгийн хохирол, зорчигч Э.Отгондэмбэрэл, Э.Ганшагай, Э.Алтаншагай нарт хөнгөн зэргийн гэмтэл учруулсан.

Хэргийн газар Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч А.Цэндсүрэн, техникийн шинжээч, цагдаагийн ахмад Н.Ганбаатар, криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Батмөнх нарын бүрэлдэхүүн ирж үзлэг хийсэн.

Тээврийн прокурорын газрын Прокурорын 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 539 тоот тогтоол, Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн тасгийн Техникийн шинжээчийн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 50 тоот дүгнэлтээр Ц.Дорждэрэм нь МУ-ын замын хөдөлгөөний Дүрмийн 7.6 дахь заалт /Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана/-ыг зөрчин хохирол учруулсан нь тогтоогдсон билээ. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсэн буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасны дагуу Ц.Дорждэрэм нь манай компанид учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй ба уг жолооч нь тухайн үед жолоочийн хариуцлагын даатгалгүй байсан болно.

Иймд Ц.Дорждэрэмийн буруугаас манай компанид учруулсан автомашинд 5,177,500 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 119,000 төгрөг, бичиг баримт нотариатаар баталгаажуулсаны 22,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 70,200 төгрөг, нийт 5,388,700 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Ц.Дорждэрэм шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Би 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч “Улаанбаатар хотын даатгал” ХХК-ийн эзэмшлийн 8899УНГ улсын дугаартай 2007 онд үйлдвэрлэгдсэн Тоёотай Ланд крузер-200 маркийн авто машинтай мөргөлдөн осол гаргаж, өөрийн буруугаас уг автомашинд гэмтэл учруулсан. Холбогдох байгууллагын үзлэг, дүгнэлтээр миний буруутай үйлдэл болохыг тогтоосон, би өөрөө үүнийг тухайн үед ч, өнөөдөр ч маргаагүй. Би машин жолоодож осол гаргах үед жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулаагүй байсан.

Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэл:

1. 5,388,700 төгрөгийн хохирол мөнгөөр нөхөн төлөх үүрэг хариуцагчид үүсээгүй. 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр М.Энхболд, Ц.Дорждэрэм нарын хооронд “Улаанбаатар хотын даатгал” ХХК-ийн эзэмшлийн 8899 УНГ дугаартай автомашинд гэм хор учруулсан хохирлыг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар “гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээж, машиныг засч өгөх” талаар тохиролцож Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасан амаар хэлцэл хийгдсэн. Үүний дараа 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дахин өөр хэлцэл амаар хийгдсэн ба хэлцлийн гол нөхцөл нь нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Дорждэрэмээс хохирол шаардахгүй, харин хохирлын мөнгийг Албан журмын даатгагчдын холбооноос гаргуулна, хариуцагч нь тухайн холбоонд шаардлагатай мэдээлэл, тайлбарыг өгнө гэсэн нөхцлөөр хэлцэл байгуулагдсан.

Энэ хэлцэл хийгдсэнээр хохирогч өөрөө Ц.Дорждэрэмийг хохирол нөхөн төлөх үүргээс сайн дураар чөлөөлсөн үр дагавар үүссэн. Энэ хэлцлийн дагуу талууд Албан журмын даатгагчдын холбоонд хандсан байдаг. 2016 оны 02 дугаар сарын 20, 23-ны хооронд хийгдсэн хэлцлүүд нь болзол тавьж хийгдээгүй хэлцэл юм. Өөрөөр хэлбэл, хэрэв АЖДХолбоо даатгалын сангаас мөнгө гаргаж өгөхгүй бол үндэслэлгүй хийгдсэн үнэлгээний дагуу хохирол барагдуулна гэх мэт болзлыг тавиагүй хэлцэл юм.

Хуульд заасан үндэслэлээр хийгдэж, хүчин төгөлдөр болсон хэлцлийн дагуу машинаа хариуцагчаар засуулах талаар арга хэмжээ аваагүй, үүрэг гүйцэтгэх хугацаа, нэмэлт хугацаа тогтоогоогүй, өөрөө машинаа засуулсан байдаг. Хэлцлээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжийг надад олгоогүй, өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгүүлэгчийн буруугаас үүргийг гүйцэтгээгүй нөхцөл байдлыг бий болгосон мөртөө өнөөдөр тийм хэлцэл хийгдээгүй мэт, хариуцагч олдохгүй байсан учраас хохирлоо нөхөн төлүүлээгүй гэж нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

2. Нэхэмжилж буй мөнгөн дүн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д “үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан.

Нэхэмжлэгчийн осолд өртсөн машин 2007 онд үйлдвэрлэгдсэн хуучин машин байсан бөгөөд гэмтсэн зүүн талын 2 хаалга болон бусад эд ангийг засварлах боломжтой болохыг осолд холбогдох 2 тал хоёулаа осол болсон өдөр засварын газар очиж тодорхойлуулж, осол болсон газарт засварчид дуудаж тодорхойлуулж, хүлээн зөвшөөрч, машиныг засуулахаар хэлцэл хийгдсэн байдаг.

Гэвч “Ухаа шүр консалтинг” хөрөнгийн үнэлгээний байгууллагаас эд хөрөнгийг үнэлэхдээ гэмтсэн эд ангиудыг ихэнхийг солих, ингэж солих эд ангийн үнийг Тоёотай Ланд крузер маркийн авто машины шинэ сэлбэгийн үнээр үнэлсэн байдаг. Энэ үнэлгээг хариуцагч зөвшөөрөөгүй тул нэхэмжлэгч энэ үнэлгээ нь хариуцагчаас гаргуулах хохирлын мөнгөн дүнг тогтоох зорилгоор бус, харин “Албан журмын даатгуулагчдын холбоо”-нд хандаж нөхөн төлүүлэх зорилгоор хийгдсэн гэж тайлбарласан, энэ нь Албан журмын даатгагчдын холбоонд “Улаанбаатар хотын даатгал” ХХК-аас гаргасан хүсэлт, холбогдох баримтуудаар нотлогддог.

Хөрөнгийн үнэлгээний байгууллагын үнэлгээ нь засвар хийхэд гарсан бодит зардал буюу бодит хохирлын хэмжээг тогтоох баримт болохгүй. Тэгээд ч энэ үнэлгээ маргаантай, эргэлзээтэй, бодитой үнэлгээ биш болох талаар хариуцагч, нэхэмжлэгч нар “Албан журмын даатгагчдын холбоо”-нд “Улаанбаатар хотын даатгал” ХХК-аас гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлж өгсөн нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д хөрөнгийн үнэлгээ хийх үндэслэлийг: “5.1.1.үнэлгээчин болон үйлчлүүлэгч харилцан тохиролцсон; 5.1.2.хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрээр” үнэлгээ хийхээр зохицуулсан. “Ухаа шүрт” ХХК нь уг үнэлгээг хуульд заасан аль үндэслэлээр хийсэн болох нь тодорхойгүй байна.

Тухайлбал, “Захиалагч” гэсэн хэсэгт “СБДЗЦТ” гэж бичсэнийг харвал хуулийн 5.1.2-д заасан “хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрээр” үнэлгээ хийсэн мэт, харин тайлангийн “Захиалагчийг төлөөлж” гэсэн хэсэгт “М.Энхболд” гэж бичсэнийг харвал иргэн М.Энхболдтой гэрээ байгуулан хуулийн 5.1.1-д зааснаар "үнэлгээчин болон үйлчлүүлэгч харилцан тохиролцсон” үндэслэлээр үнэлгээг хийсэн гэж ойлгогдож байна. Учир нь М.Энхболд нь СБД-ийн ЗЦТ-ыг хуульд заасан үндэслэлээр төлөөлөх эрхтэй этгээд биш болох нийтэд илэрхий баримтыг нотлох шаардлагагүй юм. Иймд энэ үнэлгээний тайлан нь хуульд заасан үндэслэлээр хийгдээгүй, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

“Ухаа шүрт консалтинг” ХХК-ийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байна” гэж заасан болон Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”-т аж ахуйн нэгжийн тэмдгийг тухайн байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн гарын үсэг дээр дарсан байх тухай заалтуудыг зөрчсөн хүчин төгөлдөр биш тайлан байна. Тухайлбал, үнэлгээ хийсэн үнэлгээчин Л.Лхагвасүрэн, А.Анхбаяр нар нь тайланд гарын үсэг зурсан боловч үнэлгээчний тэмдгээр баталгаажуулаагүй, тайланд Ухаа шүрт консалтинг үнэлгээний байгууллагын тэмдэг дарагдсан байх боловч захирал Н.Тунгалагийн гарын үсэг зурагдаагүй байдаг. Иймд энэ тайлан нь хуулийн дагуу баталгаажсан тайлан биш, нэхэмжлэл гаргах эрхийг нотлох баримт болохгүй юм.

Харин уг машиныг засуулахад гарсан зардлыг нотолсон санхүүгийн баримт нь бодит хохирлыг тогтоох үндэслэл болно. Нэхэмжлэлд машин засуулахад гарсан зардлын хэмжээг тогтоосон, нотолсон баримт байхгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт” хавсаргах хуулийн шаардлагыг хангаагүй тул 5,388,700 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иргэний хуулийн 229.1-д зааснаар эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд бодит хохирлыг л нөхөн төлөх үүрэгтэй болохоос хохирол тогтоохоос өөр зорилгоор санаатайгаар хэт өсгөн хийсэн, хуулийн дагуу баталгаажаагүй үнэлгээний дагуу төлбөр төлөх, нэхэмжлэгч бодит хохирлоос илүү мөнгө нэхэмжлэх, хариуцагчийн хөрөнгөөр ашиг олох, үндэслэлгүйгээр хөрөнгөжих ёсгүй.

Иймд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 229 дүгээр зүйлийн 229.1, 510 дугаар зүйлийн 510.1, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3, 9.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү” гэжээ.

                             ҮНДЭСЛЭХ НЬ:  

 

             “Улаанбаатар хотын даатгал” ХХК нь хохиролд 5,388,700 төгрөгийг гаргуулахаар хариуцагч Ц.Дорждэрэмд холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” заасны дагуу Ц.Дорждэрэм нь учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тайлбарлан шаардаж,

Тухайн “Улаанбаатар хотын даатгал” ХХК-ийн эзэмшлийн 8899УНГ улсын дугаартай автомашинд хэдэн төгрөгийн бодит хохирол учирсан гэдгийг тогтоосон зардлыг гаргасан гэж нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, авагдсан нотлох баримт нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бүртгэлийн баримтын шаардлага хангахгүй, нөхөн бүрдүүлсэн, “Ухаа шүрт консалтинг” ХХК-ийн үнэлгээний тайланг хууль зөрчиж хийсэн, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргаж байна.

2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Toyota Landcruiser-100 маркийн 5160УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Дорждэрэм нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Хандгайт дахь Их тамир амралтын хажуу замд М.Энхболдын жолоодож явсан 8899УНГ улсын дугаартай Toyota Landcruiser-200 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн осол гарсан, тээврийн хэрэгслүүдэд эвдрэл гарсан болох нь зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна /хх-1-2, 5-14, 41-45/

2016 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Toyota Landcruiser-100 маркийн 5160УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Дорждэрэм нь Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн 7.6 “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн 9.2-т зааснаар “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчиж “Улаанбаатар хотын даатгал” ХХК-ийн эд хөрөнгөд буюу Land Cruiser 200 маркийн тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан болох нь тогтоогдож байна /хх-5-15, 41-45/.

Тус зам тээврийн ослын улмаас эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээгээр хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, харин  5160УНИ улсын дугаартай Land Cruiser 100 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.Дорждэрэмд Захиргааны шийтгэл ногдуулахыг цагдаагийн хурандаа Т.Амгаланбаатарт даалгасан прокурорын тогтоол гарсан нь хэрэгт авагджээ /хх-15/ . 

Зам тээврийн осолд холбогдсон Land Cruiser 200 маркийн 8899УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч эзэмшигчээр “Улаанбаатар хотын даатгал” ХХК, TOYOTA маркийн Land Cruiser 100 моделийн 5160УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчээр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн иргэн Дэрэмийн Оюунчимэг болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор нотлогдож байна /хх-21, 22/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй учир Land Cruiser 200 маркийн 8899УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр “Улаанбаатар хотын даатгал” ХХК тус шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар өөрийн эрх ашгаа зөрчсөн этгээд болох хариуцагчаа өөрөө тодорхойлох эрхтэй байна.

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар “тухайн асуудлаар... илүү нарийвчлан зохицуулсан... хуулийн заалтыг хэрэглэнэ”. Иймд Иргэний хуулийн тусгай ангид Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах тухай нарийвчлан зохицуулсан байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг үндэслэн тээврийн хэрэгслийн эзэмшигчийг иргэн Ж.Дорждэрэм гэж тодорхойлон, түүнээс хохирол шаарджээ.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэсэн гэж заасан. Өөрөөр хэлбэл “өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэдгийг гэм хор учирсан этгээдийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлж байгаа гэж ойлгоно.

Иймд нэхэмжлэгч “Улаанбаатар хотын даатгал” ХХК нь хохиролд 5,388,700 төгрөг гаргуулахаар Ц.Дорждэрэмээс шаардсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Улаанбаатар хотын даатгал” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100,050 төгрөгийг улсын орлогод үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Дорждэрэмээс хохиролд 5,388,700 /Таван сая гурван зуун наян найман мянга долоон зуун/ төгрөгийг гаргуулах тухай “Улаанбаатар хотын даатгал” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Улаанбаатар хотын даатгал” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100,050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.МӨНХБҮРЭН

                                                            ШҮҮГЧИД                    Д.АЛТАНТУУЛ

                                                                        Б.ЦОЛМОН