Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2021/0511

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: овогт Ры Б /РД: /,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О,

Гомдлын шаардлага: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Огийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0176909 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Х, хариуцагч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Пү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа: Татварын улсын байцаагч Б.О нь Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд 25 дугаар тойрогт Ардчилсан нам-аас нэр дэвшигч Р.Б нь хуульд заасан шаардлагыг хангаагүй хандивын орлогыг хандивлагчид буцаан шилжүүлээгүй болон буцах хаяг нь тодорхойгүй хандивыг улсын орлого болгоогүй гэх асуудалд 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явуулсан байх бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 0176909 дугаартай шийтгэлийн хуудсыг үйлджээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршдог бөгөөд зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн буюу холбогдогч нь ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх, өөрийгөө өмгөөлөх, мэдүүлэг өгөх, зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, зөрчлийн хэрэгтэй танилцах зэрэг хуульд заасан эрхийг эдлэх, эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалгах ажиллагааг хуульд заасны дагуу явуулах үүрэгтэй байна.

Татварын улсын байцаагч Б.О нь Р.Б миний гаргасан гэх зөрчилд зөрчлийн хэрэг нээсэн талаар мэдэгдэж, мэдүүлэг авахаар 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ******* хаягаар цахим шууданг хүргүүлсэн атлаа тухайн хугацаанаас 6 хоногийн өмнө буюу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 0176909 дугаартай шийтгэлийн хуудас үйлдэж, надад 10.000.000 төгрөгийн торгуулийг оногдуулсан нь дээр дурдсан холбогдогч миний Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг хөндсөн төдийгүй зөрчил шалгах ажиллагааг хууль зөрчиж явуулсан, шийтгэл хүлээлгэхээр урьдчилан төлөвлөсөн хэт нэг талыг барьж шийтгэл хүлээлгэсэн гэж үзэхэд хүргэж байна.

Миний бие шаардлага хангаагүй хандивыг буцаан шилжүүлээгүй, улсын орлого болгоогүй гэх зөрчлийг гаргаагүй бөгөөд энэ талаарх тайлбар, холбогдох нотлох баримтыг гаргах өгөх, эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргах, зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангагдаж чадсангүй.

Мөн татварын улсын байцаагч Б.О нь шийтгэлийн хуудасны хувийг шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлэх тухай Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөрчсөн байна.

Иймд татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудас хууль бус бөгөөд иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Огийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0176909 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.

Татварын улсын байцаагчийн 0176909 дүгээр шийтгэлийн хуудсыг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/81 дүгээр албан бичгээр хүргүүлснийг мөн оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шуудангийн ажилтнаас хүлээн авсан бөгөөд шийтгэлийн хуудас, албан бичгүүдэд дурдсанаар гардан авснаас хойш 30 хоногийн дотор тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2879 дүгээр Зөрчил шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай албан бичиг, Татварын ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 06/31212 дугаартай албан бичгийн дагуу Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 25 дугаар тойрогт Ардчилсан нам-аас дэвшигч Р*******ны Б нь Хуульд заасан шаардлага хангаагүй хандивын орлогыг хандивлагчид буцаан шилжүүлээгүй болон буцах хаяг нь тодорхойгүй хандивыг улсын орлого болгоогүй гэх мэдээллийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 06-н өдөр 2011001345 дугаар зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд:

  1. Тус хэлтсээс Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Үндэсний аудитын газарт 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01/1780 дугаар албан бичгээр хандаж хариуг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 06/3088 дугаар албан бичгээр Р.Бгийн гаргасан мөнгөн хандивын тайлангийн хувь сонгуулийн хандивын дансны хуулга, мөн прокурорын зөвшөөрлийн дагуу нэр дэвшигчийн хувийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2/369 дүгээр албан бичгээр авсан, татварын удирдлагын нэгдсэн системээс Р.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг авч хэрэгт хавсаргасан.
  2. Р*******ны Б нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, *******,******* тоот хаягт оршин суух бүртгэлтэй ОА регистрийн дугаартай, Р.Бг удаа дараа Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст ирж уулзах, мэдүүлэг тайлбар өгөх талаар 9******* дугаарын утас руу залгаж дуудсан боловч ковид-19 цар тахлын хатуу хөл хорионы үед очих боломжгүй байна, ярьж байгаад очино гэсэн боловч ирээгүй тул түүний өмгөөлөгчийн холбооны цахим хаягт бүртгэлтэй мэйл хаяг руу нь мэдүүлэг тайлбар авахаар холбогдогчийн мэдүүлгийн маягт явуулахад хариу ирүүлээгүй, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагаа мэдсээр байж ирээгүй болно.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/45 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журмын 11 дүгээр зүйлийн 11.1.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.1-д заасныг тус тус зөрчиж байгаа нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2879 дүгээр албан бичгээр ирүүлсэн мэдээлэл, Р*******н овогтой Бгийн Үндэсний аудитын газарт хүргүүлсэн мөнгөн хандивын тайлан, Хаан банк-ны 51******* дугаар дансны хуулга зэрэг нотлох баримтаар зөрчил үйлдсэн болох нь тогтоогдож байсан тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар холбогдогч Р.Бд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0176909 дүгээр шийтгэлийн хуудсаар 10.000.000 төгрөгөөр торгох хариуцлага хүлээлгэсэн болно гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч Р.Б нь түүнийг шаардлага хангаагүй хандивыг буцаан шилжүүлээгүй, улсын орлого болгоогүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасныг баримтлан торгох шийтгэл оногдуулсан улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0176909 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргажээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зөрчлийн хэргийн болон бусад нотлох баримтууд, талуудын тайлбарт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О нь Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн 25 дугаар тойрогт нэр дэвшсэн Р.Бг шаардлага хангаагүй хандивыг буцаан шилжүүлээгүй, улсын орлого болгоогүй үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0176909 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт  заасныг баримтлан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Р.Бд шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх;, 2.2-т өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах;, 2.4-т хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах;, 2.7-д өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах;, 2.8-д нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх;, 2.9-д зөрчлийн хэрэгтэй танилцах; эрхийг эдлүүлээгүй, эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулах үүргээ биелүүлээгүй гэх тайлбар үндэслэлтэй байна.

Дээрх зөрчлийг шалган шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О нь нэр дэвшигч Р.Бд холбогдох зөрчлийн мэдээллийг шалган шийдвэрлэхдээ түүнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан холбогдогчийн эрхийг эдлүүлээгүй болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болох 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн хариу тайлбар зэргээр нотлогдож байна. 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авна, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна: 1.1.тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх;-ийг шалган тогтоосны үндсэн дээр шийтгэл оногдуулах ёстой байжээ.

Гэтэл хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О нь ямар зөрчилд холбогдуулан шалгаж буйгаа холбогдогч Р.Б*******д тодорхой илэрхийлээгүй, холбогдогчоор мэдүүлэг аваагүй, нотлох баримт гаргаж өгөх хугацаа олгоогүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцуулаагүй, өөрийгөө өмгөөлөх боломж олгоогүй  зэргээр дээрх хуульд заасан эрхийг түүнд эдлүүлэхгүйгээр шийтгэл оногдуулсан байна.

Нөгөөтэйгүүр хариуцагч татварын улсын байцаагч Б.О******* нь түүний Монголын өмгөөлөгчдийн холбоонд бүртгэлтэй гэх цахим шуудангаар мэдүүлэг авахаар мэдүүлгийн маягт явуулсан, түүний 9******* дугаарын утсаар холбогдож мэдэгдсэн тул ямар зөрчлийн хэрэгт холбогдсоноо мэдсээр байж ирээгүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

Учир нь хариуцагчаас Р.Бгийн цахим шуудангаар мэдүүлгийн маягт хүргүүлснийг Р.Б нь ямар зөрчлийн хэрэгт холбогдсон талаараа мэдсэн, мэдүүлэг өгөх талаар утсаар холбогдож мэдэгдсэн гэж тайлбарлах боловч энэ нь Р.Бг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцуулсан гэж дүгнэх үндэслэлгүй төдийгүй гомдол гаргагч Р.Б нь дээрх цахим шууданг ашигладаггүй талаар түүний өмгөөлөгч шүүх хуралдааны үеэр тайлбарласныг дурдах нь зүйтэй. 

Хариуцагч татварын улсын байцаагч Б.О нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ, 7.1 дүгээр зүйлийн 1-т Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна:, 1.1-т тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх; гэж зааснаар зөрчлийг нотлох, гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох, тухайн хүн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэхийг тогтоох үүргээ биелүүлээгүй байна.

Иймд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийг хангаагүй буюу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр Р.Бгийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0176909 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Р.Бгийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0176909 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагч Р.Бд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ОЮУНГЭРЭЛ