Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/109

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                        Д.Соёлзул

                        Улсын яллагч                                      Б.Энхбаяр

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                      А.Хандмаа

                        Шүүгдэгч                                         Б.******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.*******т холбогдох 2232001780135 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р баг Сүүл толгой 1-35 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*******/ ******* овогт ******* *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Б.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 10 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг Сүүл толгойн №1-48 тоот хашааны гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн *******тай маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Миний буруу гэжээ.

Эрүүгийн 2232001780135 тоот хавтаст хэргээс:

 

Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... ******* бид хоёр бие биенийгээ үсдээд, ******* намайг газар унагаад миний дээр гарчихсан байж байтал сүүний машин манай гэрийн гадаа дөхөөд иртэл ******* намайг үсдэж байснаа тавиад, газарт байсан намайг зодсон модоо аваад машинд суугаад хөдлөөд яваад өгсөн. Холтос байхгүй, шургаагны зах буюу нарийхан цагаан модоор хамгийн эхлээд миний биеийн зүүн талын ташаан толгой дээр 1 удаа, дараа нь миний нурууны зүүн хэсэгт 1 удаа, дараа нь миний толгойны зулай хэсэгт 1 удаа цохсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 32-р хуудас/

Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 10 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р баг Сүүлтолгой хэсэгт оршин суудаг Цэнд-Очир гэх айлд очиж, төмс хураах зорилготой трактортой явж байтал хоёр хүн дээр доороо орчихсон, хувцас хунар, нүүр царай, үс гэзэг нь шороо болчихсон танигдахгүй хоёр хүн газар хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэгээд би Цэнд-Очир гуайн гадаа очоод трактороосоо буухад тэр хоёр хүний нэг нь шууд гэр лүугээ ороод нөгөө нь утас, модоо аваад машиндаа суугаад хөдлөөд явж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 36-р хуудас/

 

Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны Шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн №159 дугаартай дүгнэлт: ...

 

1. *******гийн биед духны дээд хэсэгт шарх, 2 хөмсөгний гол, цээж, зүүн гуя, зүүн гарын шуу, алганы ар, 4-р хуруунд цус хуралт, 2 хөмсөгний гол хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 16-17-р хуудас/

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /ХХ-ийн 8 дугаар хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ-ийн 48 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй  байна.

 

Нэг. Шүүгдэгч Б.*******ийг гэм буруутайд тооцох талаар:

 

Б.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 10 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг Сүүл толгойн №1-48 тоот хашааны гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу   өөрийн  нөхөртэй хувийн харьцаа тогтоосон гэх иргэн *******тай маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 32-р хуудас/, Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 36-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны Шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн №159 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 16-17-р хуудас/, Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /ХХ-ийн 8 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хоёр. Хохирол төлбөрийн талаар:

 

Хохирогч ******* нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй хохирол нэхэмжлэхгүй гэсэн ба энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Гурав. Шүүгдэгч Б.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 10 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг Сүүл толгойн №1-48 тоот хашааны гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн *******тай маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд духны дээд хэсэгт шарх, 2 хөмсөгний гол, цээж, зүүн гуя, зүүн гарын шуу, алганы ар, 4-р хуруунд цус хуралт, 2 хөмсөгний гол хэсэгт зөөлөн эдийн гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 450 нэгж буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Б.******* нь торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй зэргийг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Б.АЛТАНЦЭЦЭГ.