Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 990

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 151/ШШ2018/00990

                                    Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Сэлбийн 37 дугаар гудамж, 897 тоотод оршин суух, Шарс овгийн Х.З ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, эмнэлэг 01 дүгээр гудамж, 24 тоотод бүртгэлтэй, Төв аймгийн Зуунмод сумын 05 дугаар баг, УАА-н А-4-22 тоотод оршин суух,  Боржигон овгийн Б. т холбогдох

Худалдах, худалдан авах гэрээ цуцалж, 17 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.З, хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч П.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уртнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Х.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...Миний бие 2017 оны 12 сард интернэтээс хашаа байшин зарна гэсэн зарын дагуу 80008841 утсаар хариуцагчийн нөхөр А.Б ярьж хаягийн дагуу очиж байшинг үзэж аавтай нь уулзсан. Үүний дараа дахин ахтайгаа очиж үзэхэд мөн л аав нь байсан бөгөөд байшин ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, зориулалтын дагуу амьдрах боломжтой байсан. Манай ах шал нь жаахан хазгай байна яагаад ийм байна гэж асуухад хүүхдүүд жаахан хазгай цутгасан байна гэсэн. Ах нь настай намбатай хүн та нарын ааваас ялгаа юу байхав, дулаахан сайхан байшин 9 сард хуучин модон шалыг хуулж байгаад суурин дээр нь зузаан цементээр давхарлаж суурийг нь маш зузаан болгож, гаднаас нь тоосгоор өрж, бүтэн палкаар барьсан гэж хэлсэн. А.Батзолбоо мөн ямар ч асуудалгүй, бид нар өөрсдөө амьдрах зорилгоор маш сайн барьсан, манайх зарах хүсэлгүй байгаа боловч би УБЦТС-д ажилладаг бөгөөд намайг Төв аймаг Баянцагаан суманд хөдөө орон нутагт томилоод зарах шаардлага гарсан гэж ярьсан. Шинээр барьж засвар хийсэн ямар нэгэн асуудалгүй байшин, мөн хотын төвд ойр байршил сайтай зарах хүсэлгүй байгаа боловч хөдөө үл хөдлөх хөрөнгө худалдан авсан бөгөөд зээлээ төлөх шаардлага үүссэн гэж ярьсан. Ингээд уг газар, байшинг 17 сая төгрөгөөр худалдан авахаар Б.Б болон А.Б нартай тохиролцсон.

2017 оны 12 сарын 13-нд Баянзүрх захын хойд талд байрлах нотариатч Г. хажууд миний бие бэлэн 17 000 000 төгрөг Б.Бт өгч хажууд түүний дүү нь байсан Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 21-р хороо, Сэлбэ 37 гудамж 897 тоот хаягт байрлах 350 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар болон мөн хаягт байрлах 40 м.кв талбайтай хувийн сууцыг худалдах, худалдан авах гэрээ хийж худалдаж авсан.

Уг худалдаж авсан байшинд аав нь амьдарч байсан тул маргааш нь буюу 12 сарын 14-нд түлхүүрийг авсан. Энэ үед орж үзэхэд урьдын адил хэвийн байсан. Удалгүй манайх байшиндаа нүүж ороод амьдарсан. Анх байшинд нүүж ороход ханан пийшин нь хагарсан байсан, үүнийг хойд айлын залуу байшинд тавилга зөөж оруулахдаа харсан. Би А.Б энэ тухай утасдаж хэлэхэд ямар ч боломжгүй, бид нар өөрсдөө маш сайн барьсан, ямар нэгэн асуудал үүсэх ёсгүй гэж хэлсэн.

Үүнээс бусдаар өвөл байшинд амьдрахад хэвийн байсан. Гэтэл 2018 оны 3-р сараас эхлэн байшингийн суурь нь бүр доошоо сууж эхэлсэн. 2018 оны 03 сарын 27-ноос эхлэн гэрт ус орж ирсэн. Хулдаас болон шалны дрожийг нь авч үзэхэд маш их устай, суурь нь их хэмжээгээр хагарсан байсан. Энэ өдрөөс эхлэн өдөр бүр ус орж ирж зөөж асгаж байгаа. Амьдрахад хүндрэлтэй, маш их чийгтэй мөн эрүүл саруул амьдрах боломжгүй энэхүү байр газрын талаарх мэдээллийг иргэн Б.Б нь нууж намайг хууран мэхэлж маш чанартай сайхан байр, газар, ямарч асуудалгүй гэж итгүүлэн худал ярьж зарсан байна.

Миний бие 2 бага насны хүүхэд болон хүнд өвчтэй настай ээжтэйгээ хамт амьдардаг бөгөөд энэхүү хашаа хувийн сууцанд цаашид амьдрах ямарч боломжгүй байгаа тул газар болон хувийн сууцыг буцаан өгч төлсөн мөнгөө Иргэний хуулийн дагуу буцаан авах хүсэлтэй байна.

Иймд Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 21-р хороо, Сэлбэ 37 гудамж 897 тоот хаягт байрлах 350 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон мөн хаягт байрлах 40 м.кв талбайтай хувийн сууцыг худалдаж авсан 17 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ./хх1-2/

Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ... “Миний бие нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 2017 оны 9 дүгээр сард интернэтийн зарын дагуу энэ хашаа байшинг анх өөрсдөө амьдрах зорилгоор худалдан авсан болно. Хашаа байшинг анх худалдан авахад палкаар баригдаад олон жил болсон боловч байшин хэвийн, хүн амьдрах бүрэн боломжтой, газар хашаанд бага зэрэг ус тогтсон намгархаг боловч тэгш байрлал сайтай, төв зам автобусны буудал худаг ус гээд бүх үйлчилгээндээ 100 метр маш ойр бидний санаанд бүрэн нийцэж байсан учир М.С тохиролцон худалдан авсан.

Нөхөр Батзолбоо нь УБЦТС ХК-ийн орон нутгийн салбарт ажиллаж гэр бүлээрээ түр хугацаагаар очиж амьдрах болсон. Худалдан авсан хашаа байшингаа засаж нөхрийнхөө ажлыг Улаанбаатар хот руу шилжиж ирэхээр амьдрах хүсэлтэй байсан.

Байшин засвар хийхээс өмнө: Байшин модон шалтай, дээвэр нь тааруу хар цаастай, А нуруу бага зэрэг хотойсон, үүдний амбаар солих шаардлагатай дотор хана бага зэрэг хазгай, тааз лампер/тааруу/, бүрэн засвар хийх шаардлагатай байсан.

Хашаа газрын хувьд: Хашааны баруун талын 30 хувь нь ус тогтсон, нүүрэн талын хашаа нурсан, нойл жорлонгүй, бас засвар хийх шаардлагатай байсан.

Өөрсдөө гар бие засвар хийж амжихгүй байсан тул хүн хөлслөх, ах дүү нараасаа тусламж авч хашаа байшиндаа засвар хийсэн.

Засвар хийхдээ: Байшингийн гадуур болон үүдний тамбарын хэсэгт хундам цутгаж, байшинг 12-н тоосгон ханаар бүрэн тойруулж өрсөн бөгөөд үүдний тамбарыг 25-н ханаар дахин өрсөн. Дээврийг дахин бүрэн сольж шинэчилсэн. Модон шалыг хуулж авахад хөрс нь бага зэрэг шаварлаг чийгтэй 1 x 1 хэмжээтэй 1 метрийн гүнзгий зоорь ухсан байсан. Чийгтэй хэсгийн шороог ухаж аваад дайрга чулууг 15 см-н зузаантай дэвсэж 5-10см-н зузаантай бетон цутгасан. Том өрөөний хэсэгт шалны цахилгаан халаалт тавьж дээрээс нь паркет шахсан. Таазыг аргелет ашиглан хийж будсан.Том өрөөний ханыг обойдож, гал тогооны хэсгийг будсан. Ханан пийшин өрж зуух тавьсан.

Хашааны нүүрний хэсгийн банзнуудыг шинэчлэн хаалга хийсэн. Жорлон ухаж шинээр барьсан. Засварын ажил дуусах үед нөхрийн ажил Улаанбаатар хотруу шилжих нь удаан хугацаагаар хойшлогдон амьдрах боломжгүй болсон. Банкнаас 20 000 000 төгрөгний зээл авч хөдөө орон нутгаас ирж хашаа байшин үзэж худалдан авах засвар хийх зэрэгт их хэмжээний зардал мөнгөө төлж барагдуулсан.

Зарах болсон шалтгаан болон нэхэмжлэлийг буцаах үндэслэл: Нөхөр А.Б нь ажлын шаардлагын улмаас хугацаагүйгээр хөдөө орон нутагт ажиллах шаардлага гарсан тул гэр бүлийн хамтаар Төв аймгийн Баянцагаан суманд суурьшиж амьдрахаар болсон. Мөн банкнаас зээлийн дарамтад орж мөнгөний шаардлага гарсан тул худалдахаар болж интернетэд 20 000 000 төгрөгөөр зарна гэсэн зар байршуулахад маш олон хүн авах санал тавьж байснаас Х.Зд 3 000 000 төгрөгөөр хямдруулж 17 000 000 төгрөгөөр худалдахаар болсон. Тухайн үед хашаа байшинг түр харж байсан хадам аав болох Н.А Х.З нь 2 удаа уулзаж хашаа байшинтай танилцаж нөхөр бид хоёроос утсаар мэдээлэл авч, үзэж танилцаж байсан.

Тухайн үед хөдөө орон нутгаас ирж үзүүлж танилцуулах боломжгүй Х.Зг хашаа байшинтай танилцаж байх үед бидний зүгээс бүхий л мэдээллийг үнэн зөвөөр нууж хаалгүйгээр хэлж үзүүлж байсан. Газрын байршил нь сэлбэ гол талдаа тул бага зэрэг намгархаг, ойр хавийн айлууд хашаандаа их хэмжээний шороо асгасны улмаас хашааны 30 хувьд ус тогтсон нам дор болсон учир мөн адил шороо асгаж тэгшлэх шаардлагатайг хэлсэн.

Байшинд өөрсдийн зүгээс мэргэжлийн бус ч гэсэн чадах чинээгээр засвар хийсэн тухайгаа хэлсэн. Үүний үндсэн дээр хоёр талаас гэрээ байгуулж гомдол саналгүй гэснээр 2017 оны 12 сарын 13-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болно.

Үүнээс хойш Б.Б миний биед мэдэгдэж хэлэлгүйгээр байшин шалан доороос ус гарч хүн амьдрах боломжгүй гэсэн үндэслэлээр Төв аймгийн сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхэд дуудсан. Энэ нь миний бие болон манай гэр бүлийн хувьд сэтгэлзүйн болон эд хөрөнгийн маш их дарамт учруулж байна.

Х.З нь намайг хууран мэхэлж эд хөрөнгөө худалдсан гэж Б. Батцэцэг миний биеийг шүүхэд хандаж байгаад гомдолтой байгаа тул үнэн зөвийг үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан гэрээний 4 дүгээр заалт, Иргэний хуулийн 255.1.1, 255.1.3 заалтуудыг үндэслэн шийдвэрлэж өгнө үү.

Бидний зүгээс энэхүү асуудлыг байгалийн давагдашгүй хүчин зүйл болон ойр хавийн иргэд болон тухайн хорооны уялдаа холбоогүй тооцоололгүй их хэмжээний шороо асгаснаас тэр хавийн хөрсний ус байшингийн суурийн хэсэгт нэвтэрч орсон байх магадлалтай гэж таамаглаж байна. Х.Згийн нэхэмжилж байгаа мөнгийг гаргаж өгөх хууль эрх зүйн үндэслэлгүй гэдгээ энэ хариу мэдэгдлээр мэдэгдэж байна” гэжээ. /хх/

Нэхэмжлэгч Х.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Миний бие 2017 оны 12 дугаар сард интернетийн зарын дагуу холбогдоод хашаа байшинг очин үзсэн. А.Б аав А байсан. А гуай хүүхдүүд маань өөрсдөө амьдрах гэж худалдаж аваад засвар хийсэн, маш сайн барьсан байшин гэсэн. Би өөрийн зүгээс асууж тодруулах зүйлүүдээ бүгдийг нь асуусан. Дараа нь хамаатны ах Я хамт очоод яагаад 17.000.000 төгрөгөөр худалдаж байгаа юм бэ гэхэд аав нь дээврийн дулаалга муу, хаалга муу, цонхны амалгаа хийгээгүй гэж хэлж байсан. Тэгэхээр нь эдгээрийг засаад амьдрах боломжтой юм байна гэж үзээд Б.Бтэй гэрээ байгуулж, мөнгө төгрөгөө өгөөд худалдаж авсан.Өвөл байшинд амьдрахад хэвийн байсан. Гэтэл 2018 оны 3 дугаар сараас эхлээд байшингийн суурь буюу шал нь  доошоо сууж эхэлсэн. Тэр үед А руу утсаар яриад хэлэхэд ... бид өөрсдөө амьдрах гэж худалдаж аваад засвар хийсэн гэсэн. Удалгүй шалнаас ус шүүрээд мөн пийшин хагараад утаа гараад эхлэхээр нь нөхөр А.Б руу утасдаад хэлэхэд бид өөрсдөө маш сайн барьсан гэсэн. 2017 оны 03  сарын 27-ны өдөр шалны цемент хагараад доороос  нь маш их хэмжээний ус гарч ирсэн. Байшингийн доголдлын талаар гэрээ байгуулсан Б.Бтэй ярих гэхээр огт утсаа авдаггүй байсан тул утсаа авсан түүний нөхөр болон аав руу хэлсэн юм. 2018 оны 05 сард Б.Бийг Төв аймагт амьдардаг гэж сураг дуулаад Төв аймагт ирж, гэрээ цуцлах мэдэгдэл дээр гарын үсэг зуруулсан.

Шалан дээр ус гарч ирээд байхаар нь хүүхдүүд ус асгаад байна гээд арчаад байсан, сүүлдээ бүр их гарч ирээд байхаар нь паркетан шалыг хуулаад, хулдаасыг сөхөөд үзэхэд хулдаасан дор дрож дэвсэж 100-ын хадаасаар хадсан байсан түүнийг нь аваад үзтэл цутгасан цеметен шал нь цуураад хагарсан, хагархай хэсгээр нь ус гарч байсан. Ингээд дулаараад газар гэсэхэд  ус бүр их хэмжээгээр орж ирдэг болсон, би түмпэн түмпэнгээр гаргаж асгаж байсан боловч сүүлдээ бүр хүн амьдрах боломжгүй болсон тул байшингаас гарч хашаандаа гэр бариад амьдарч байгаа.

Хашаа байшинг 2017 оны 12 сард худалдаж авсан шалны доороос ус гарч ирэх эсэхийг тухайн үед шалгах боломжгүй байсан. Харин энэ доголдол нь худалдаж авснаас хойш 3 сарын дараа илэрч хуульд заасан хугацаанд гэрээ цуцлахыг шаардах эрхтэй гэж үзэж байна.  

Миний бие гэрээнд зааснаар хашаан байшингийн үнэ 17 000 000 төгрөг бэлнээр өгч үүргээ гүйцэтгэсэн, харин Б.Б нь доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй тул бидний хооронд байгуулсан гэрээг цуцалж, Б.Бээс 17 сая төгрөг гаргуулж өгнө үү. Иймд миний нэхэмжлэлийг Иргэний хуулийн 243.1, 253.1, 251.2, 254.1, 254.6, 254.7, 256.3 зааснаар хангаж өгнө үү гэв. 

            Хариуцагч Б.Б болон өмгөөлөгч П.Г нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...2017 оны 9 дүгээр сард манайх М.С гэдэг хүнээс уг хашаа байшинг 9.800.000 төгрөгөөр худалдаж аваад өөрсдөө амьдрах зорилгоор 7.000.000 төгрөгөөр засвар үйлчилгээ хийсэн. Нөхөр  Б.Б маань Төв аймгийн Баянцагаан суманд томилогдон ажиллах болсон тул  интернет, фэсбүкээр зар тавьсаны дагуу нэхэмжлэгч Х.З бэлэн 17.000.000 төгрөг байна гээд 20.000.000 төгрөгөөс үнэ тохирч худалдан авсан. Тухайн үед хадам аав Алтангэрэл хашаа, байшинг сонирхсон хүмүүст үзүүлж байсан. Уг хашаа байшин байгаа газар маань Сэлбэ голын ай сав, тухайн газар нь угаасаа намхараг устай гэдгийг мэдж байгаа. Х.З өөрөө байшингаа 2 удаа үзэж хараад шалгаад авсан. Тухайн үед энэ  яриад доголдлыг мэдэх боломжтой байсан боловч 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулан мөнгө төгрөг, түлхүүр хүлээлгэж өгсөн. Худалдаж авахад хашаа байшин биет байдлын доголдолгүй байсан. Иргэний хуулийн 248.2-т зааснаар худалдан авагч эд хөрөнгө худалдан авах тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж зааснаар Х.З эд хөрөнгийг хүлээн авсанд тооцно. Өнөөдрийн байдлаар хашаа байшинг ашигласаар ирсэн нь харагдаж байгаа. Иргэний хуулийн 255.1.3-т тухайн эд хөрөнгөнд гэнэтийн болон давагдашгүй хүчний онцгой нөхцөл байдлын улмаас асуудал үүссэн бол худалдан авагч  шаардах эрхээ алдана гэсэн байгаа. Хадам аав Алтангэрэл хашаа байшин, газрын талаарх мэдээллийг хангалттай өгсөн, сайн үзээрэй гэж хэлсэн байгаа. Анх очиж үзэхэд шал нь хазгай цутгасан байна яасан юм бол гэж асуусан гэдэг. Үүнийг шалгаж үзэх боломжтой байсан. Иймд Иргэний хуулийн 248.2, 255.1.3, 115.2.3 зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.З хариуцагч Б.Бт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 17 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ... 2017 оны 12 сард Б.Бээс хашаа байшин 17000 000 төгрөгөөр худалдан аваад, өмчлөх эрхээ шилжүүлээд амьдарч байтал 2018 оны 03 дугаар сараас байшингийн шалнаас нь ус нэвтэрч эхэлсэн, газар гэсэж дулаарахад бүр их хэмжээгээр ус гарч ирсэн. Байшинд хүн амьдрах боломжгүй тул гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг Б.Бт бичгээр өгсөн. Биет байдлын доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул гэрээг бүхэлд нь цуцалж, түүнд өгсөн 17 000 000 төгрөгийг гаргуулна гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ... Гэрээний дагуу хашаа байшингаа шилжүүлсэн.   Тус газар нь Сэлбэ голын дагуу намхараг устай гэдгийг хүн болгон мэдэж байгаа,  Х.З өөрөө 2 удаа ирээд үзэж харсан, энэ үед доголдлыг илрүүлэх боломжтой байсан. Энэ жил бороо их орсноос  байгалийн давагдашгүй нөхцөл байдал үүссэн. Х.З гэрээ цуцлах  шаардлага гаргах эрхээ алдсан тул нэхэмжлэлийг  зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна. 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 2017 оны 12 сарын 13-ны өдөр Б.Б өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 37 гудамж 897 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай хувийн сууцыг 10 000 000 төгрөгөөр, мөн хаягт орших 350м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрыг 7000 000 төгрөгөөр Х.Зд худалдахаар бичгээр гэрээ байгуулж,  гэрээнд зааснаар худалдагч эрх болон хөрөнгө шилжүүлэх, худалдан авагч төлбөр төлөх үүргээ гүйцэтгэжээ.  

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ бөгөөд гэрээний зүйл нь Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 84.3-д заасан үл хөдлөх хөрөнгө гэж үзнэ. 

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж зааснаар хэлцлийн дагуу шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө шинэ өмчлөгч Х.Зд шилжсэн болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Иймд дээрх гэрээ нь хоёр талын, хариу төлбөртэй хүчин төгөлдөр гэрээ байна гэж шүүх дүгнэлээ. Гэрээнд зааснаар хөрөнгө шилжүүлэх, хариу  төлбөр төлөх үүргээ гүйцэтгэсэн бөгөөд энэ талаар хэн аль нь маргаагүй байна. 

  Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Хууль буюу гэрээнд зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгө буюу байшинд амьдран суух зориулалтаар ашиглах боломжтой хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй.

Талуудын хооронд байгуулсан 2017 оны 12 сарын 13-ны өдрийн гэрээнд хөрөнгийн чанарын талаар заагаагүй боловч Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-д хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэжээ.

Гэтэл гэрээний үндсэн дээр шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 37 гудамж 897 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай хувийн сууцны шалнаас нь 2018 оны 03 дугаар сараас эхлэн ус нэвтрэн орж эхэлснээр тухайн байшинд амьдран сууж, гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй болсон болох нь нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон 2018 оны 03 сарын 27-ны өдөр авсан байшингийн шалнаас ус нэвтэрч гарсан байдал, цемент хагарч ус тогтсон байдал, ханан пийшин хагарсан байдал зэргийг буулгасан гэрэл зургаар тогтоогдож байна.  /хх/

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргасан дээрх гэрэл зураг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д заасан бичмэл нотлох баримтад хамаарах бөгөөд хариуцагч талаас тайлбарлаж, мэтгэлцээгүй тул тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй гэж үнэллээ.

Мөн 2018 оны 09 сарын 07-ны өдөр зохигч талуудыг оролцуулан маргааны зүйл болох байшинд үзлэгийн ажиллагаа явуулсан бөгөөд байшингийн шалнаас ус нэвтэрч тогтсон, гишгэх боломжгүй байдал тогтоогдсон болно.

Иймд дээрх баримтуудаар гэрээгээр шилжүүлсэн хөрөнгө нь гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжгүй,  биет байдлын доголдолтой байдлыг нотолсон гэж дүгнэлээ.

 Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн бол худалдан авагч хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй байна.

Зохигч талууд 2017 оны 12 сарын 13-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, худалдан авагч Х.З өмчлөх эрхийг 2017 оны 12 сарын 14-ний өдөр шилжүүлэн авч ашиглаж эхэлснээс хойш буюу 2018 оны 03 дугаар сард доголдлыг илрүүлэн худалдагч Б.Бт  2018 оны 05 сарын 11-ний өдөр гэрээ цуцлах тухай саналаа бичгээр хүргүүлжээ. Энэ нь мэдэгдлийг хүлээн авсан Б.Бийн гарын үсэг зурсан баримтаар тогтоогдож байна. /хх22/

Дээрх үйл баримтаар нэхэмжлэгч Х.З өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлж, гэрээ цуцлах тухай шаардлага гаргах эрхээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Гол эд хөрөнгө доголдолтой бол бүхэлд нь, дагалдах эд хөрөнгө доголдолтой бол гагцхүү тэр хэсгээр нь гэрээг цуцалж болно гэжээ.

Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-д “түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалтай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна” гэж зааснаар гол эд хөрөнгө болох хувийн сууц нь доголдолтой байх тул талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 12 сарын 13-ны өдрийн хувийн сууц, газар  худалдах худалдан авах гэрээг бүхэлд цуцлах үндэстэй байна.

Иймд эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 12 сарын 13-ны өдрийн Баянзүрх дүүргийн 21 хороо Сэлбэ 37 гудамж 897 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204027768 дугаарт бүртгэгдсэн хувийн сууцыг  10 000 000 төгрөгөөр, мөн хаягт орших Г-2204011637 улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 350 м,кв талбайтай газрыг  7000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээнүүдийг цуцалж, хариуцагч Б.Бээс нэхэмжлэгч Х.Зд учирсан хохирол  17 000 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэлээ.

Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2, 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотолж, нотлох баримтаа гаргаагүй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1, 256.3-д зааснаар Б.Б, Х.З нарын хооронд байгуулагдсан талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 12 сарын 13-ны өдрийн Баянзүрх дүүргийн 21 хороо Сэлбэ 37 гудамж 897 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204027768 дугаарт бүртгэгдсэн хувийн сууцыг  10 000 000 төгрөгөөр, мөн хаягт орших Г-2204011637 улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 350 м,кв талбайтай газрыг  7000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээнүүдийг цуцалж, хариуцагч Б.Бээс  17 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Зд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлин 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 242950 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Б.Бээс 242950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Зд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ЦОЛМОН