| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 185/2022/0773/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/958 |
| Огноо | 2022-10-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Баярмаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
2022 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/958
2022 10 11 2022/ШЦТ/958
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,
Улсын яллагч Э.Булганчимэг
Шүүгдэгч /хохирогч/ В.С, түүний өмгөөлөгч С.Давааравдан,
Шүүгдэгч /хохирогч/ Б.Г, түүний өмгөөлөгч Г.Ичинхорол нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В. С, Б. Г нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны 06 дугаар сарын 02-ны өдөр ... хотод төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ............тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ............/,
Монгол Улсын иргэн, 19.. оны 12 дугаар сарын 04-ний өдөр ... хотод төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ...........тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ................./.
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч В.С нь 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах “Q” нэртэй караокед хохирогч Б.Гтай маргалдаж улмаар харилцан зодолдож түүний биед тархи доргилт, толгойн орой хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хоёр шуу, баруун сарвууны эрхий, дунд, ядам хуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Б.Г нь 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах “Q” нэртэй караокед хохирогч В.Стэй маргалдаж улмаар харилцан зодолдож түүний биед хамар ясны хугарал, хоёр бугалга, гуя, зүүн дал, баруун өгзөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн ... дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Э.Б..ээс:
-Шүүгдэгч /хохирогч/ В.Сийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 6-7 дугаар тал),
-Шүүгдэгч /хохирогч/ Б.Гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 14, 152 дугаар тал),
-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 7894 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (хавтаст хэргийн 38-39 дүгээр тал),
-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 8036 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (хавтаст хэргийн 42-43 дугаар тал),
-Шүүгдэгч /хохирогч/ Б.Гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 57 дугаар тал),
-Шүүгдэгч /хохирогч/ В.Сийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 61 дүгээр тал),
-Гэрч Н.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 63-65 дугаар тал),
-Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 68-71, 166-175 дугаар тал),
-Гэрч Р.Аийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 74-75 дугаар тал),
-Гэрч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 154-156 дугаар тал),
-Шинжээч эмч О.Н..гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 158, 160 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Шүүгдэгч /хохирогч/ В.Сийн өмгөөлөгч С.Д..гаас:
-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 7894 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (хавтаст хэргийн 38-39 дүгээр тал),
-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ...ны 12 дугаар сарын 13-ны өдрийн .. дугаартай захирамжийг (хавтаст хэргийн 138-144 дүгээр тал),
-Шинжээч эмч О.Н..гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 158, 160 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч В.С энэ хэрэгт холбогдолгүй болохыг нотолж, цагаатгах байр суурьтай оролцохоо илэрхийлсэн,
Шүүгдэгч /хохирогч/ Б.Гын өмгөөлөгч Г.И..оос:
-Шүүгдэгч /хохирогч/ В.Сийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 6-7 дугаар тал),
-Зөрчлийн хэргийн хохирогчоор тогтоогдсон хохирогч Н.Тгийн мэдүүлгийг (хавтаст хэргийн 24-25 дугаар тал),
-Хохирогч В.Сийн зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 29-30 дугаар тал),
-Шүүгдэгч /хохирогч/ Б.Гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 57 дугаар тал),
-Гэрч Н.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 63-65 дугаар тал),
-Гэрч Р.Аийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 74-75 дугаар тал),
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (хавтаст хэргийн 85 дугаар тал),
-Шүүгдэгч Б.Гын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 88 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн болно.
Шүүгдэгч В.С шүүх хуралдаанд “миний хувьд Б.Гд хохирол учруулаагүй, энэ зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх утга агуулга мэдүүлгийг,
Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд “Болсон асуудлыг үнэн зөвөөр нь ярьж байгаа, миний хувьд В.Сээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, хэргийн талаар маргахгүй” гэх мэдүүлгийг тус тус гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүгдэгч /хохирогч/ В.Сийн өмгөөлөгч С.Д...гаас “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 83 дугаар тогтоолоор “...2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Улсын Дээд Шүүхийн 11 дүгээр тогтоолоор гаргасан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх талаар албан ёсны тайлбар нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жарандолдугаар зүйлд “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд ...Төрийн байгууллагын бусад шийдвэр ...бүрнээ нийцсэн байвал зохино” гэж тус тус зөрчсөн эсэх асуудлаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ...” гэж заасан байна. Иймд В.С нарт холбогдох хэргийг хуульд зааснаар түдгэлзүүлж өгнө үү” гэх саналыг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дээрх саналыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн болно. Тухайлбал,
Монгол Улсын дээд шүүхээс 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор “Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх талаар албан ёсны тайлбар” гаргасан байна.
Энэхүү тайлбарыг нэр бүхий иргэд “...Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр сарын тогтоолоор хүчингүй болгосон зохицуулалтыг агуулгаар нь дахин сэргээсэн, Монгол Улсын Үндсэн хуулийн зохих заалтуудыг зөрчсөн” гэх мэдээллийг гаргаж, мэдээллийг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тухай” 83 дугаартай тогтоолыг гаргажээ.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэцийн эцсийн шийдвэрээр Үндсэн хууль зөрчсөн гэж тогтоогдсон хууль Цэцийн тогтоол гармагц хүчингүй болно” гэж заасан бөгөөд дээрх 83 дугаартай тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр биш байх тул Монгол Улсын дээд шүүхийн тайлбар хүчинтэй хэвээр байна.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч В.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Би Б.Гд гэмтэл учруулаагүй, гарыг нь хазаагүй, би шүдэндээ бүрээстэй, аливаа зүйлийг чанга хазаж чадахгүй, толгойд нь гутлаараа цохисон зүйлгүй, Б.Г худлаа мэдүүлж байна. Үснээс нь бол зулгаасан, хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж, түүний өмгөөлөгч С.Давааравдан “шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Гын биед тархи доргилт, толгойн орой хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хоёр шуу, баруун сарвууны эрхий, дунд, ядам хуруунд цус хуралт гэмтэл тогтоогдож үүнийг шинжээч Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн гэмтэл гэж дүгнэсэн нь эргэлзээтэй. Энэ талаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2560 дугаартай захирамж гарсан байгаа. Шүүгчийн захирамжид дурдагдсан ажиллагаа бүрэн хийгдээгүй. Тархи доргилт гэдгийг энгийн нүдээр хараад шууд дүгнэх боломжгүй, шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ хэргийг хэн үйлдсэн бэ гэдгийг тогтоогоогүй, мөн хохирогч Б.Гын мэдүүлгүүд тогтвортой биш, янз бүрээр мэдүүлдэг, тиймээс В.Сийг буруутай гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул миний үйлчлүүлэгчид ашигтайгаар шийдвэрлэж, үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус мэтгэлцжээ.
Дээрх нь мэтгэлцсэн үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар няцаагдаж байна гэж шүүх үзлээ. Үүнд:
-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 7894 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дүгээр тал),
-Шинжээч О.Нансалмаагийн “...2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б.Гын биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийсэн. Үзлэгээр дээр дурдсан гэмтлүүд тогтоогдсон дүгнэлтийг өөрийн үзлэгийг үндэслэн гаргасан. Тархи доргилт оношийг бодит үзлэгээр тогтоох боломжтой. Компьютер томографик заавал хийлгэх шаардлагагүй, компьютер томографикаар тархи доргилтын сонгомол шинж илрэхгүй. Компьютер томографик нь ясны хугарал, эдийн өөрчлөлттэй үед ач холбогдолтой болохоос тархи доргилтын үед ач холбогдол багатай шинжилгээ юм. Тархи доргилтыг бодит үзлэгээр тогтоох боломжтой. Б.Гын биед учирсан тархи доргилт, толгойн оройн хэсгийн зөөлөн эдийн няцралт, зулгаралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад 2 шуу, баруун сарвууны эрхий, дунд ядам хуруунд цус хуралт гэмтэл нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 158, 160 дугаар тал),
-Гэрч Н.Тгийн “...С гэдэг хүүхэн гутлаа тайлаад намайг нүдээд эхэлсэн. Тэгээд “чи 750,000 төгрөгийн төлбөр төлчхөөд үхлээ юу” гэж хэлсэн. Манай эхнэр намайг хамгаалаад болиулаад суусан. Тэгсэн төд удалгүй дахин гутлаараа эхнэрийг балбаад эхэлсэн. Тэгээд манай эхнэр бид хоёр гараад цахилгаан шатаар гарахад шатны үүдэнд манай найз Өсөхбаяр нөгөө найз хүүхэнтэйгээ байж байсан. Бид нар доошоо буугаад гарах гэж байтал араас цахилгаан шатаар нөгөө С гэх хүүхэн нөхөр, бармен, зөөгч нарын хамт цахилгаан бороохой барьсан ирээд хамгаалагч нар нь намайг чирээд гадна гаргасан. Тэр хооронд манай эхнэрийг үсдэж зодоод гарыг нь хазсан байсан. ...Би гадаа гарсан болохоор харж чадаагүй, эхлээд дотор байхад С манай эхнэрийг өшиглөөд цахилгаан бороохойгоор цохиулах гээд айлгаад дуугаргаад байсан. Тэгж байхад нь намайг 3-4 хамгаалагч чирээд гаргасан түүнээс хойш би харж чадаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-65 дугаар тал),
-Хохирогч Б.Гын “...Удалгүй зөөгч эрэгтэй орж ирээд намайг тооцоогоо хий гэхээр нь би тэр залууд картаа өгөөд уншуулахад миний дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байсан. Тэгтэл С залгаад манай нөхөр бид хоёрыг гуйлгачнаар нь доромжлоод байхаар нь би уурлаад “та нарын ууж байсан мөнгийг яахаараа бид нар төлөх ёстой юм, та хоёр биднийг гарах гэж байхад дуудсан” гэхэд С нь уурлаад хар өнгийн пүүзээ тайлаад манай нөхрийн толгой руу 4-5 удаа пүүзээрээ цохиод, миний толгой руу пүүзээрээ цохисон, би хэдэн удаа цохисныг нь санахгүй байна. ...Намайг үсдээд байж байхад миний зүүн гарын шуу орчимд нэг хүн хазсан би хэн хазсаныг нь мэдэхгүй байна. ...17 давхарт байхад С миний толгой руу пүүзээ гартаа барьчхаад цохисон, би хэд цохисныг нь мэдэхгүй байна. 1 давхарт байхад С нь миний үснээс гараараа татаж газар унагаасан. С нь миний толгой, нуруу руу өшиглөөд байсан. Миний зүүн гарын шуу хэсэгт хэн хазсаныг нь мэдэхгүй байна... 17 давхарт байхдаа би Сийн зүүн талын хацар руу нь 1 удаа алгадсан. 1 давхарт би Сийг цохиж зодоогүй, манай нөхөр Сийн биед гар хүрээгүй. ...Гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дугаар тал) зэрэг нотлох баримтууд юм.
Харин шүүгдэгч Б.Г нь 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Q” нэртэй караокед хохирогч В.Стэй маргалдаж улмаар харилцан зодолдож түүний биед хамар ясны хугарал, хоёр бугалга, гуя, зүүн дал, баруун өгзөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна. Үүнд:
-Хохирогч В.С “...Т, З нарыг гаргах гэтэл Т, З хоёр нь хоорондоо маргалдаад манай зөөгч нартай маргалдаад манай караокеноос гарахгүй байсан. Тэр хооронд З гэх эмэгтэй нь миний баруун талын нүдний орчим зүүн гараараа цохисон. ...1 давхарт очиход М гэх хүүхнийг З, Т нар шахсан хоорондоо маргалдаж байсан. Би тэр үед З гэх эмэгтэйн араас нь очиж гараараа үсдсэн. Тэгтэл З нь буцаагаад намайг үсдэж авсан. 17 давхарт З гэх эмэгтэй нь миний баруун нүдний орчим зүүн гараараа 1 удаа цохисон. 1 давхарт би Зтай үсдэлцээд зодолдож байхад дээрх гэмтлүүд нь үүссэн байх боломжтой. ...Гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дүгээр тал),
-Гэрч Р.Аийн “...Тухайн үед Г гэх эмэгтэй түүний нөхөр, С бид дөрөв дөрвүүлээ хамт нэг өрөөнд орж ярилцаад тэр хоёр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гарахаар болоод гаргатал Гын нөхөр нь гарахгүй агсан тавих гээд байсан. Би болон караокед ажиллаж байсан хүмүүс тэр хүнийг гаргах гэж байхад тэр Г гэх эмэгтэй Сийн баруун талын нүд рүү нь гараараа 1 удаа цохисон... Үүдэнд очиход Г нь нэг эмэгтэйтэй хамт маргалдаад байж байсан. Бид хоёрыг бууж ирээд больцгоо гэж байхад С, Г хоёр нь нэг нэгнийхээ үсийг зулгаалцан ноцолдож байсан... Стэй ноцолдож үснээс нь зулгаалцаж байхад нь би салгасан. Гыг өөр хэн цохиж зодсоныг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74-75 дугаар тал),
-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “...1.В.Сийн биед хамар ясны хугарал, хоёр бугалга, гуя, зүүн дал, баруун өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй...” гэх 8036 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дүгээр тал) зэрэг нотлох баримтууд болно.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Шүүгдэгч В.С, Б.Г нар нь бие биедээ халдаж, улмаар хөнгөн гэмтэл хэн алиндаа учруулсан үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.
Шүүгдэгч В.С нь хохирогч Б.Гын биед, шүүгдэгч Б.Г нь хохирогч В.Сийн биед харилцан халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хэн алиных нь нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцаа дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нарын зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгч нарт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хохирогч нарын хэн алин нь гэм буруутай этгээдээс нэхэмжлэх хохирол байхгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч В.С, Б.Г нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй байна.
Харин хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч В.С, Б.Г нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Прокуророос “шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Сийг гэм буруугаа ойлгож ухамсарлахгүй байгааг харгалзан 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Гыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялын саналыг”, шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас “торгох ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэх ижил утга агуулга бүхий саналыг тус тус гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч В.С, Б.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэдийгээр шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 84-85 дугаар тал)-аар нотлогдож байгаа боловч хүний халдашгүй дархан эрхэд халдаж, зодож цохисон үйлдлийн улмаас тухайн хүн гэмтэж бэртэнэ гэдгийг мэдэж ухамсарласан байдаг учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэгт хамаарахгүй юм.
Гэмт хэргийн улмаас хохирогч нар бие биенээсээ нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бодит хохирол, хор уршгийг арилгахаар хэн алин нь идэвх санаачлага гаргаагүй байна. Тиймээс хэдийгээр шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол боловч энэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...хохирол нөхөн төлсөн” гэж үзэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болохгүй гэж шүүх үзлээ.
Тиймээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан:
Шүүгдэгч В.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 750,000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор /3 сар/ төлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулав.
Шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч В.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 750,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.С, Б.Г нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч В.С, Б.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч нарын эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч нараас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдаж, хохирогч нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 4 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН