| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2018/0446/И |
| Дугаар | 622 |
| Огноо | 2018-09-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 622
Н аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Ө даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н аймгийн Ө сумын Вбагт үйл ажиллагаа явуулах, Ф ХК-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н аймгийн Ө сумын В дүгээр бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагч байгууллагын захирал Х.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Дулааны эрчим хүчний төлбөр 29201086 төгрөг, алданги 14600543 төгрөг, нийт 43801629 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Ф ХК-ны гүйцэтгэх захирал М.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь дулааны эрчим хүч үйлдвэрлэж хэрэглэгчдэд түгээдэг. В сургууль нь манай компанитай гэрээ байгуулж дулааны эрчим хүч авч ашигладаг боловч дулааны үнийг цаг хугацаанд төлөхгүй манай компанийг хохироож байна. Тухайлбал 2017 оны жилийн эцсийн байдлаар халаалтын хөлснөөс 29201086 төгрөг төлөөгүй байна. Үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах талаар 2018 оны 0Всарын 09-ний өдрийг Э/89 дугаар албан бичгээр мэдэгдсэн боловч төлбөр барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй.
Компани, хэрэглэгч хоёрын хооронд байгуулсан дулааны эрчим хүчээр хангах, эрчим хүчнийг хэрэглэх тухай гэрээний 6.2-т хоног тутам төлөөгүй мөнгөн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор заасан ба төлөөгүй хөлс 29201086 төгрөгийн алданги гэхэд 2018 оны 06 дугаар сарын 07-ны байдлаар /158 хоног х 0,5%=79%, 29.201.086 х 79%= 22.486.142 төгрөг/ 23.068.857 төгрөг болж байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэснийг баримтлан нийт гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувь болох 14600543 төгрөгийн алданги нэхэж байна.
Иймд хэрэглэсэн дулааны эрчим хүчний үнэ төлөөгүй В сургуулиас хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөр 29201086 төгрөг, алданги 14600543 төгрөг, бүгд 43801629 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Н аймгийн Ө сумын В бүрэн дунд сургуулийн захирал Х.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Н аймгийн Ф ХК-ны нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.
Үүнд: 1. 2017 оны жилийн эцсийн байдлаар халаалтын хөлснөөс 29201086 төгрөг төлөөгүй байна гэжээ. Н аймаг дахь Төрийн аудитын газарт Н аймгийн Ф ХК-ны гүйцэтгэх захирал М.Т-ийн 183 тоот хүсэлтийн дагуу тус сургуулийн халаалтын зардалд аудитын хяналт шалгалт хийхэд Ф ХК, тус сургуулийн хооронд хийсэн Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх аж ахуйн 21 тоот гэрээний дөрөвт халаалт авах хугацааг 7 сар гэж заасан заалтыг зөрчиж халаалтын зардалд илүү 8,6 сая төгрөгийг төлсөн нь тогтоогдсон байна. Жич: Төрийн аудитын газарт манай сургууль хяналт шалгалт шалгах хүсэлт гаргаагүй. Халаалтын зардалд илүү төлөгдсөн 8,6 сая төгрөгийн актыг Төрийн аудитын газар тогтоож тус сургуулийн захиргаа санхүүгээс шилжүүлэн төлүүлсэн тул 29201086 төгрөгөөс хасагдаж 20601086 төгрөгийн үлдэгдэл халаалтын зардалд үлдсэн.
2. 2017 оны 11, 12 дугаар саруудад тус сургуулийн халаалт хэвийн бус болж анги кабинетүүдийн дулааны хэм хэмжээ буурч, сургалт хүмүүжлийн ажил явуулах нөхцөл байдал хүндэрсэн. Ялангуяа 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн сургуулийн халаалтын байдал эрс муудсанаас Ф ХК-ны захиргаанд удаа дараа мэдэгдсэн бөгөөд инженер техникийн ажилтан Б ирж, анги кабинетүүдийн дулааны хэмжилт авсан. Дорвитой арга хэмжээ аваагүй. Анги танхимын дулааны хэм 8-9 градустай, хүйтэн, хичээл хүмүүжлийн сургалтын ажил явуулах боломжгүйг нүдээрээ харсан. Улмаар 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 23 цаг орчим сургуулийн 2 давхрын пар задарч их хэмжээний ус алдаж коридорын цахилгааны шит буудаж дулааны түгээлт алдагдаж хичээлийн байрны халаалт хэвийн хэмжээнээс буурсан.
3. Ф ХК дулааны гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул дээрх дутагдлуудыг дурдаж аймгийн Засаг даргын орлогч Ш.Х-д 2017 оны 12 дугаар сарын 27-нд 295 тоот албан бичиг хүргүүлж халаалтын талаар хүсэлт тавьсан. Хүсэлтийг хүлээн авч аймгийн Эрчим хүчний зохицуулах хороо ажлын хэсэг байгуулан З.Б /Дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга/, К.Б /Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга/ нар ахлан халаалтын байдалтай танилцаж, аймгийн Засаг даргын өргөтгөсөн хуралдаанаар авч хэлэлцсэн юм.
4. Ф ХХК гэрээнд хүлээсэн үүргээ 2017 оны жилийн эцсийн 12 дугаар сард биелүүлээгүй. Сургуулийн багш, ажилчдаас удаа дараа өргөдөл гомдол, хүсэлт сургуулийн захиргаанд ирсэн тул 2017 оны 12 дугаар сарын халаалтын үнэ 20601086 төгрөг төлөөгүй.
5. Энэхүү 20601086 төгрөгийг жилийн эцсийн тайланд өр авлага болгон тусгасан. Жилийн эцсийн тайланг аймгийн Төрийн аудитын газар хянан шалгаж баталгаажуулалт хийсэн.
6. Аймгийн хэмжээгээр албан байгууллагуудаас үүссэн өр авлагын талаар төсвийн тодотголоор барагдуулах болно. Харин 2017 оны эцсийн байдлаар өр 20601086 төгрөг алданги гэх хоног тутам төлөөгүй мөнгөн дүнгийн 0,5 хувиар тооцохоор заасан 2017 оны 12 дугаар сарын 31-ний хүртэлх төгрөгийг төлөх боломжгүй байна. Харин 2018 оны 1 дүгээр сараас эхлэн 5 дугаар сар хүртэлх дулааны эрчим хүчний үнийг цаг тухайд нь төлж байгааг анхааралдаа авна уу. Иймд аймгийн Ф ХК-ны нэхэмжлэлийг хүчингүйд тооцож өгөхийг хүсье гэжээ.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Халаалтын зардалд илүү төлсөн 8568800 төгрөг гаргуулах тухай.
Н аймгийн Өлгий сумын В бүрэн дунд сургуулийн захирал Х.Хайрат шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Үндэсний аудитын газрын харьяа Н аймгийн аудитын газрын 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01/09БӨА-2017/130/СТА-ТШЗ актаар Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлд тодорхойлсон аймгийн Аудитын бүрэн эрхийн хүрээнд тус сургуулийн 2016 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар Ф ХК-нд төлсөн түлш халаалтын зардлын тооцоо гүйцэтгэлийг шалгахад халаалтын үнэ тариф, сургуулийн талбайн хэмжээнд өөрчлөлт ороогүй байхад гэрээний дүнгээс Ф ХК-нд 8568800 төгрөгийг үндэслэлгүй илүү төлсөн нь тогтоогдсон. Түлш халаалтын зардалд илүү төлсөн 8568800 төгрөгийг тус сургуулийн захиргаа төлсөн тул тус мөнгийг Ф ХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ф ХК-ны гүйцэтгэх захирал М.Т шүүхэд гаргасан тайлбараа: Аймгийн Төрийн аудитын газраас акт тогтоосон 8568800 төгрөгийг манай компаниас гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх 8568800 төгрөг нь 2016 оны 05 дугаар сарын 01-10-ны хооронд өгсөн халаалтын мөнгө бөгөөд бид тухайн үед аймгийн удирдлагын шийдвэрээр 10 хоногийн халаалтыг бүх хэрэглэгчдэд өгсөн.
2015 оноос өмнө халаалтын улирлын үргэлжлэх хугацааг аймгийн Засаг дарга тогтоож мөрддөг байсан ба аймгийн хэмжээнд тухайн жилийн 09 дүгээр сарын 15-ны өдрөөс дараа оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 8 сараар тогтоодог байсан. 2015 онд Эрчим хүчний тухай хуульд орсон өөрчлөлтөөр Эрчим хүчний сайд тогтоодог болж 2015-2016 оны халаалтын улиралд халаалт өгөх хугацааг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 7 сараар тогтоож энэ дагуу гэрээ хийгдсэн.
Энэ асуудал аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаар хуралдаанаар яригдаж төлөөлөгчдийн болон холбогдох албан тушаалтнуудын гаргасан саналын дагуу 10 хоногоор нэмж төсвийн боломжийн хэмжээнд шийдэх асуудал хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.
Энэ дагуу бид 10 хоног нэмж халаалт өгч бүх хэрэглэгчид хөлсөө төлсөн. Тус сургууль нь тухайн үед халаалтын хөлсийг манай компанид төлсөн бөгөөд сургуулийн шинээр томилогдсон удирдлага аймгийн Төрийн аудитын газраас шалгалт ирэх үед асуудлыг зөв танилцуулаагүйгээс акт тавигдсан гэж үзэж байна.
Манай компани нь тухайн үед 10 хоногийн халаалт өгч тус сургууль халаалт авч хэрэглэсэн учир энэ асуудлыг бид хариуцахгүй гэжээ.
Нэхэмжлэгч Ф ХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд мэдүүлэгтээ: Ф ХК дулааны эрчим хүч үйлдвэрлэж, албан байгууллага, аж ахуйн нэгжийг дулаанаар хангадаг. Вбүрэн дунд сургууль нэхэмжлэгч байгууллагатай гэрээ байгуулж дулааны эрчим хүч авдаг. 2017 оны жилийн эцсийн халаалтын тооцоо хийхэд 29200186 төгрөг төлөгдөөгүй дутуу тооцоо гарсан. Уг төлбөрийг барагдуулах талаар 2018 оны 0Всарын 09-ны өдрийн Е/86 дугаар албан тоотоор хариуцагч байгууллагад мэдэгдсэн ба ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Зохигч байгууллагуудын дунд байгуулсан гэрээний 6.2-т “төлөөгүй мөнгөн дүнгийн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор” заасан. Үүний дагуу 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөр алданги тооцож үзэхэд 2368857 төгрөг гарч байна. Гэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан. Үндсэн төлбөрийн 50 хувь болох 14.600.543 төгрөгийн алданги нэхэмжилж байна.
Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч байгууллагаас хэрэглэсэн эрчим хүчний үнэ 2920186 төгрөг, алданги 14600543 төгрөг, нийт 43801629 төгрөг төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.
Сөрөг нэхэмжлэлтэй холбоотой тайлбар хэлье. Хариуцагч тал 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хариуцагч тал аймгийн Аудитын газраас тогтоосон актанд бичигдсэн 8.568.800 төгрөгийг Ф ХК-аас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэ талаар тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн. Ф ХК халаалтын гэрээг 7 сараар гэрээ хийсэн. 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын ээлжит хуралдаан болсон. Уг хуралдаанаар төсвийн хүрээнд 10 хоногийн халаалтыг нэмж өгөхөөр тохиролцсон. Үүний дагуу нэхэмжлэгч компани 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл халаалт өгсөн. Хариуцагчийн нэхэмжилж буй 8568800 төгрөг нь дээрх хугацааны халаалтын мөнгө байгаа. Уг мөнгийг хариуцагч байгууллагын тухайн үеийн захирал, нягтлан бодогч нар хүлээн зөвшөөрч төлсөн. Аудитын шалгалт хийхдээ гэрээг үндэслээд төлбөр тавьсан байна. Тухайн үед нэхэмжлэгч дулааны эрчим хүчээр хангасан тул уг мөнгийг төлөх боломжгүй гэж үзэж байна гэв.
Н аймгийн Ө сумын В бүрэн дунд сургуулийн захирал Х.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээнд “7 сар” гэж тусгасан. Гэрээг 2016 онд надаас өмнөх ажиллаж байсан сургуулийн захирал байгуулсан. 2017 оны 10 дугаар сард төрийн аудитын ээлжит шалгалтаар зөрчлийг илрүүлж 8.6 сая төгрөгийн зөрчлийг арилгах талаар акт тавьсан. Би актыг үндэслээд 8.6 сая төгрөгийг түлш халаалтын мөнгөнөөс төрийн аудитын буюу төсвийн дансанд шилжүүлсэн. Төрийн аудитын байгууллагад хандаад тайлбар авсан ба уг тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн. 8.6 сая төгрөгийг бид төлөх боломжгүй. Бид жилийн эцсээр 20 сая төгрөгийн өртэй гарсан. Халаалтын асуудал хүндэрсэн. Багш ажилчид халаалтын талаар аймгийн удирдлагад асуудал тавьсан. Мөн халаалтын асуудлыг багш ажилчдын хурлаар хэлэлцсэн. 12 дугаар сард халаалт муу байснаас хүүхдүүд гадуур хувцастайгаа хичээлд сууж, ханиад томуу хүрсэн, халаалтын систем задарч их хэмжээний ус алдаж байгууллага хохирол амссан асуудал гарсан.
Аймгийн удирдлагаас “В бүрэн дунд сургуулийн халаалтын асуудлыг анхаарах хэрэгтэй” гэж нэхэмжлэгч компани дэд захиралд анхааруулга өгсөн. Санхүүгийн тайланд тусгагдсан 20,6 сая төгрөгийг төлөх шийдвэр гаргаж өгнө үү. 8,6 сая төгрөгийг төсвийн орлогод төвлөрүүлсэн учир сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч талын сөрөг нэхэмжлэлтэй холбоотой гаргасан тайлбартаа уншиж танилцсан. Хурлын тэмдэглэлтэй танилцаж үзэхэд “10 хоног халаалт өгөх” талаар тодорхой шийдвэрлэсэн асуудал харагдахгүй байна. 8, 7.5 сараар халаалтын мөнгийг төлөх гэсэн эцсийн шийдвэр гараагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгөнөөс 8,6 сая төгрөгийг хасч өгнө үү. Засаг даргын орлогчоос тайлбар авсан. Санхүүгийн тайланд тусгагдсан 20.6 сая төгрөгийг төлнө. Алданги тооцох боломжгүй. Гэрээний 6.2-т “хэрэглэгч нь хангагчийн нэхэмжлэлийн дагуу сар бүрийн дулааны төлбөрийн эцсийн тооцоог 30-нийг хүртэл саадгүй хийж байна, хэрэв хугацаандаа төлөөгүй бол төлбөрийн төлөгдөөгүй үлдэгдэл хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө” гэж заасан. Гэвч алданги тооцох 0.1, 0.2 гэсэн тодорхой хувь байхгүй. Иймд алданги тооцох үндэслэл биш гэж үзэж байна. Бид сар бүр халаалтын мөнгийг төлдөг. Халаалтын мөнгө дутуу тооцогдож ирдэг. Энэ талаар тайлбарыг аймгийн Засаг даргын орлогч тайлбартаа дурдсан байна. Сангийн яамнаас дутуу төлөлттэй ирдэг. Байгууллага бүр жилийн эцэст халаалтын мөнгийг төлөх чадваргүй болж өр үүсдэг. Иймд 20,6 сая төгрөгийг төлөх шийдвэр гаргаж өгнө үү. Ф ХК илүү төлөгдсөн тул сөрөг нэхэмжлэл гаргасан. 2017 оны жилийн эцсээр 8,6 сая төгрөг илүү төлөгдсөн гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ф ХК нь Н аймгийн В сургуулиас хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөр 29201086 төгрөг, алданги 14600543 төгрөг, бүгд 43801629 төгрөгийг гаргуулж өгөхийг шаардсан байна.
Хариуцагч Н аймгийн В сургууль нь Ф ХК-иас илүү төлсөн 8568800 төгрөгийг буцаан гаргуулж өгөхөөр сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Ф ХК нь болон В сургууль нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Байгууллага аж ахуйн нэгжид дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл 7 сарын хугацаатай байгуулжээ.
Ф ХК-ны Өлгий сумын В ахлах сургуультай тооцоо нийлсэн актаас үзэхэд 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2017 онд хэрэглэсэн дулааны эрчим хүчний үнэ нийт 182398216 төгрөг төлөх ёстой байх ба үүнээс 153439976 төгрөгийг төлж, 29201086 төгрөгийг дутуу төлсөн байна. Энэхүү актын хоёр байгууллагын нягтлан бодогч нар үйлдэж гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна.
Ф ХК нь болон В сургуулийн хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Байгууллага аж ахуйн нэгжид дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний зургаадугаар зүйлийн 6.2-т Хэрэглэгч нь хангагчийн нэхэмжлэлийн дагуу сар бүрийн дулааны төлбөрийн эцсийн тооцоог 30-ны хүртэл саадгүй хийж байхаар, хэрэв хугацаандаа төлөөгүй бол төлбөрийн төлөгдөөгүй үлдэгдэлд хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна.
Дээрх нотлох баримтаар 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 29201086 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байх ба уг төлөгдөөгүй дулаан эрчим хүчний үнэ 29201086 төгрөгөөс 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 2018 оны 06 дугаар сарын 07-ныг хүртэл хугацаа буюу хугацаа хэтрүүлсэн 161 хоногт гэрээнд зааснаар алданги тооцоход нэг хогогт 146005 төлөхөөр байх ба нийт 23506805 /146005 х 161 хоног = 23506805/ төгрөгийн алданги төлөхөөр байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 29201086 төгрөгийн 50 хувь болох 14600543 төгрөгийн алдангийг хариуцагч Н аймгийн В сургуулиас гаргуулах нь зүйтэй байна.
Иймд Н аймгийн В сургуулиас хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөр 29201086 төгрөг, алданги 14600543 төгрөг, нийт 43801629 төгрөгийг Ф ХК-д олгох үндэслэлтэй байна.
Хариуцагчаас 2017 оны 11, 12 дугаар саруудад сургуулийн халаалт хэвийн бус болж анги кабинетүүдийн дулааны хэм буурч сургалт хүмүүжлийн ажил явуулах нөхцөл байдал хүндэрсэн гэж тайлбарласан боловч энэхүү тайлбар нь шууд нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагч Н аймгийн В сургууль нь Ф ХК-иас илүү төлсөн 8568800 төгрөгийг буцаан гаргуулж өгөхөөр сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Үндэсний аудитын харьяа Н аймгийн Аудитын газрын 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01/09 БӨА-2017/130/СТА-ТШЗ дугаартай Түлш халаалтын зардалд илүү төлсөн мөнгийг нөхөн төлүүлэх тухай актаас үзэхэд аймгийн Аудитын газар нь В сургуулийн 2016 оны санхүүгийн тайланд аудит хийсэн ба уг аудитаар Эрчим ХК-д төлсөн түлш халаалтын зардлын тооцоо гүйцэтгэлийг шалгаж үзэхэд халаалтын үнэ, тариф, сургуулийн талбайн хэмжээнд өөрчлөлт ороогүй байхад гэрээний дүнгээс Эрчим ХК-д 8568.8 төгрөгийг үндэслэлгүй илүү төлсөн зөрчил илэрсэн тул Түлш халаалтын зардалд илүү төлсөн 8568800 төгрөгийг В сургуулийн төсвөөс нөхөн төлүүлж, Аудитын газрын төрийн сан дахь төсвийн орлогын 020051005 тоот дансанд 2017 оны 0Всарн 01-ний дотор оруулахаар акт тогтоосон байна.
В сургуулийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 6Втөлбөрийн хүсэлтээр дээрх 8568800 төгрөгийг Аудитын газрын 100020051005 тоот дансанд төлсөн байна. Ф ХК нь дээрх актын талаар Н аймаг дахь Төрийн аудитын газарт хүсэлт гаргаж байсан боловч Төрийн аудитын газрын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 226 дугаартай албан бичгээр тухайн актаар төлбөр төлүүлэхээр тогтоосон нь үндэслэлтэй болох талаар хариу хүргүүлсэн байна.
Үндэсний аудитын харьяа Н аймгийн Аудитын газрын 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01/09 БӨА-2017/130/СТА-ТШЗ дугаартай Түлш халаалтын зардалд илүү төлсөн мөнгийг нөхөн төлүүлэх тухай акт нь хүчин төгөлдөр байх ба уг актын төлбөрийг хариуцагчаас нөхөн төлсөн байх тул Өлгий сумын бүрэн дунд сургуулийн Ф ХК-аас 8568000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д “биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно” гэж заажээ. Иймд нэхэмжлэгч Ф ХК-ийн нэхэмжилсэн нийт 43801629 төгрөгөөс Н аймгийн В сургуулиас 2016 онд халаалтын зардалд илүү шилжүүлсэн 8568000 төгрөгийг хасч Н аймгийн В сургуулиас 35233629 /43801629-8568000=35233629/ төгрөгийг гаргуулан Ф ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 238 дугаар зүйлийн 238.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан Н аймгийн В сургуулиас 35233629 төгрөгийг гаргуулан Ф ХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376959 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н аймгийн В сургуулиас 334118 төгрөгийг гаргуулан Ф ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Н аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.Ө