| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2018/0477/И |
| Дугаар | 625 |
| Огноо | 2018-09-14 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 625
Л аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Л аймгийн Д сумын 4 дүгээр багт оршин суух, М овогт Ч.Ө-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л аймгийн У театрт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Л аймгийн У театрын даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/29 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай.
Нэхэмжлэгч Ч.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л аймгийн М.Х-ны нэрэмжит Алтангадас одонт У театрын дарга Б.А нь надад үндэслэлгүйгээр албан тушаалын үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байна.
Ч.Ө миний бие ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй байхад байгууллагын дарга Б.А нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувийн үзэмж, сэдэлтээр сахилгын арга хэмжээ авсан. Театрын дотоод журамд “театр нь зохион байгуулалтын бүтцийн хувьд захиргаа, аж ахуй болон хор драм, бүжиг, хөгжим ангиас бүрдэнэ”, “ангийн дарга нарыг анги хамт олны санал болгосноор захиргааны зөвлөлөөр хэлэлцүүлж, театрын дарга томилно” гэж заасан байдаг. Миний бие менежерээс гадна захиргаа, аж ахуйн ангийн даргыг давхар хариуцан ажилдаг юм. Надад захиргаа, аж ахуйн ажилтнуудад чөлөө өгөх эрх бий, үүнийг дотоод журмаар зохицуулж өгсөн байгаа. 2018 оны 05 дугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд оройн цагаар тасралтгүй тоглолт болсон.
Мөн энэ өдрүүдэд Р сар давхцаж үйлчлэгч хувцасны эрхлэгч С, үйлчлэгч Ж, С нар мацаг барьж байсан. Тэд ажлаа хийж байхдаа завсар чөлөөгөөр нь мацаг тайлж байсан бөгөөд ажил дээр мацаг тайлахад хүндрэлтэй байна гэж хэлж байсан.
2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр “Улаан малгайт” жүжиг 15 цагаас тоглосон. Үүний дараа У хотоос ирсэн хүмүүс 17, 19 цагаас “Такси 2” кино гаргасан. “Улаан малгайт” жүжгийн дараа эхний кино орох гэж байхад үйлчлэгч хувцасны эрхлэгч С, үйлчлэгч Ж, С нар өнөөдөр баярын өдөр, тэгээд ч гэртээ очиж хоол ундаа бэлтгэж, мацаг тайлах ёслолоо хиймээр байна гэж гуйхаар нь би ажлаа хариуцан авч үлдээд чөлөө өгч явуулсан. Кино эхлээгүй байхад тэд яваад 10-15 минут орчим болсон байх театрын үүдэнд тасалбар шалгаж үзэгчдийг оруулж байх үед дарга Б.А ирсэн. Үйлчлэгч нар хаана байна гэхээр нь би тэдний хүсэлтийг хэлж, чөлөө өгөөд явуулсан гэсэн. Тэр хамаа байхгүй дууд гэхээр нь утас руу нь залгаж дуудсан. Үйлчлэгч хувцасны эрхлэгч С, үйлчлэгч Ж, С нар гэртээ очиж чадалгүй замаасаа буцаж ирсэн.
Тэднийг байхгүй үед байгууллагын ажилд ямар нэгэн доголдол, ачаалал үүсээгүй, үзэгчдийг бүгдийг нь оруулаад киногоо эхлэх гэж байсан. Кинонд 40-50 гаруй үзэгч л орсон. Оройн 19 цагт ч гэсэн 40-50 үзэгч л кино үзсэн. Магадгүй надад ажилчдад чөлөө олгох эрх байхгүй ч гэсэн хамгийн гол нь сахилгын арга хэмжээ авсан үндэслэл нь буруу юм.
Надад сахилгын шийтгэл ногдуулахдаа Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын “Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2017 оны 01 дүгээр албан даалгавар, тус театрын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээг үндэслэсэн байх ба намайг ямар хууль, дүрэм, журмын ямар заалт зөрчсөнийг тодорхой заагаагүй байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын “Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2017 оны 01 дүгээр албан даалгавар, тус театрын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд дур мэдэн ажилчдад чөлөө олгосон бол сахилгын шийтгэл ногдуулна гэсэн заалт огт байхгүй байна.
Иймд Л аймгийн М.Х-ны нэрэмжит Алтангадас одонт У театрын дарга Б.А-ийи 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Ө шүүх хуралдаанд мэдүүлэгтээ: 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр манай үйлчлэгч 3 ажилтан ирж надаас чөлөө гуйсан мацаг барьж байгаа болохоор мацгаа тайлж ирмээр байна. Тэр үед манай ажилчдын ихэнх нь мацаг барьж байсан. Урьд нь бас ангийн даргын хувьд хүмүүст чөлөө олгодог байсан. 15 цагийн үед Улаан малгайтын жүжиг тавигдаад дараа нь шууд залгуулаад ачаалалгүй кино байсан учраас чөлөө олгосон маань үнэн. Тухайн үед уран сайхны удирдагч бас театрын дарга ч байгаагүй байсан. Киноны цаг болж би үүдэнд зогсож байхад Б.А дарга ирж “надад чи яагаад энд зогсож байна вэ“ гэсэн би ажилчид 3-4 өдөр ажил дээр мацаг тайлж байгаа юм байна өнөөдөр ачаалалгүй тоглолт болохоор чөлөө олгосон гэж хэлэхэд Б.А дарга уурлаж ажилчдыг дууд гэж дахин дуудсан. Ажилчид ч 10-15 минутын дараа бүгд ирсэн. Эхний кино дээр 25 хүн, хоёр дахь кино дээр 30 хүн, оройн киног 45 хүн үзсэн. Тухайн үед театрын дотоод үйл ажиллагаа доголдсон ямар нэгэн хүмүүс маргалдсан асуудал болоогүй тайван болсон.
Энэ хүмүүст чөлөө олгосон гэсэн утгаар надад сахилгын шийтгэл ногдуулсан. Манай байгууллагын дотоод журамд аж ахуйн ангийн дарга нь 3-4 цаг хүртэл чөлөө олгож болно гэж заасан. Дотоод журмын 2.4-т хэрэв театрын даргын эзгүй тохиолдолд уран сайхны удирдагч албан ёсоор төлөөлнө. Хэрэв театрын дарга, уран сайхны удирдагч хоёулаа эзгүй тохиолдолд менежер хариуцна гэж заасан байгаа. Би дотоод журам өөрийнхөө эрх хэмжээнийхээ дагуу 3 ажилтанд чөлөө олгосон өөрийгөө буруу зүйл хийсэн гэж бодохгүй байна. Өөрөө бас хэлдэг байсан заавал надаар дамжуулахгүйгээр ангийн даргаар дамжуулж шийдвэрлэж байж болно гэж хэлдэг байсан. Шаардлага гарвал манай ажилчид чөлөөгөө авдаг урьд нь сахилгын шийтгэлд орж байгаагүй. Үүнийг манай даргын хувийн үзэл бодол гэж бодож байна гэв.
Хариуцагч Л аймгийн У театрын дарга Б.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би Л аймгийн Д сумын 4 дүгээр багт оршин суудаг, Ч.Ө-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Ч.Ө-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч байна.
1. Тус театрын даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн “Сахилгын арга хэмжээ авах тухай” Б/29 дүгээр тушаалаар ажилтан Ч.Ө нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаар хүлээсэн үүргээ зөрчин дур мэдэн тус байгууллагын зарим ажилчдад чөлөө олгосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-р заалт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.5-ын “Б” дэх хэсэг, Засгийн газрын 01 тоот албан даалгавар, Захиргааны зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн үндсэн цалингийн 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан явдал нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзэж байна.
2. Менежер Ч.Ө нь ер нь байгууллагын захиргаанаас зохион байгуулсан аливаа ажлыг байнга эсэргүүцэж, ажлын байранд дураараа аашилж байдаг хүн юм. Түүнд ажилтан нарт чөлөө олгох тухай бүрэн эрх олгогдоогүй байхад зарим ажилтан нарт дур мэдэн чөлөө олгосон нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Ч.Ө-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л аймгийн У театрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн У театрын даргын Б/29 дүгээр тушаалаар 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Ч.Ө-ийн нэг сарын цалинг 20%-иар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан байдаг. Гэрчээр асуугдсан үйлчлэгч 3 хүнд чөлөө олгосноос болж сахилгын шийтгэл оногдуулсан. Ч.Ө театрын менежер, зохион байгуулагч, аж ахуйн ангийн даргын ажлыг хариуцдаг. Ч.Ө өөрийнхөө хүмүүст чөлөө олгох эрх байна уу гэсэн асуудал яригдах ёстой. Аливаа байгууллага өөрийнхөө ажиллагааг дотоод журмаараа тодорхойлдог. Ангийн дарга, зохион байгуулагч ажилчдад чөлөө олгох эрх олгогдоогүй. Ч.Ө зохион байгуулагч, менежерийн ажлын хавсаргаж хийдэг. Ч.Ө ажилчдад чөлөө олгосон асуудал өөртөө дотоод журмаар олгогдоогүй эрхийг хэтрүүлэн хэрэглэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Дотоод журамд ажилтнуудад чөлөө олгох шалтгааныг тодорхой тодорхойлсон байна. Үүнд: хүн нас барсан, хүндээр өвчилсөн тохиолдолд чөлөө олгож болно гэж тодорхой заасан байгаа. Хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөж ажиллана гэдэг ойлголт өөрөөр хэлбэл учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлнэ. Дотоод журмыг бий болгосны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилтан ажил олгогч гарын үсэг зурж баталгаажуулна. Дотоод журмаа биелүүлээгүй учраас эрх хэмжээгээ хэтрүүлэн чөлөө олгосон зөрчилд Б/29 дүгээр тушаал зөрчлийн шинжид тохирсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Ч.Ө эрхээ хэтрүүлэн хэрэглэсэн учраас сахилгын шийтгэл ногдуулсан. Ажил олгогчийн Ч.Ө-т сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ө нь Л аймгийн М.Х-ны нэрэмжит Алтангадас одонт У театрын даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/29 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг хүчингүй болгож өгөхийг хүссэн байна.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Ч.Ө-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Л аймгийн У театрын даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/29 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заалт, байгууллагын дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.5-ын “б” дэх хэсгийг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж дур мэдэн ажилчдад чөлөө олгосон менежер ажилтай ажилтай Ч.Ө-т албан тушаалын үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ миний бие сахилгын зөрчил гаргаагүй тул сахилгын арга хэмжээ авсныг зөвшөөрөхгүй байгаа болно гэж тайлбарлажээ.
Хариуцагчаас Ч.Ө нь ажилтан нарт чөлөө олгох бүрэн эрх олгогдоогүй байхад зарим ажилчдад дур мэдэн чөлөө олгосон нь байгууллагын дотоод журмыг зөрчсөн үйлдэл тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөн үү гэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах; ажлаас халах хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна гэж заажээ.
Сахилгын зөрчил нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхгүй байх бөгөөд хариуцагч нь Ч.Ө-ийн сахилгын зөрчил гаргасан эсэхийг нотолж чадаагүй байна. Хариуцагчаас Ч.Ө нь хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэх боловч тухайн дотоод журмаар зохицуулсан ямар харилцааг зөрчсөн нь тодорхой бус бөгөөд эрх хэмжээг хэтрүүлэх гэх үндэслэлийг шууд зохицуулсан заалт байхгүй байна.
Иймд Л аймгийн У театрын даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/29 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан Л аймгийн У театрын даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/29 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Л аймгийн У театрын санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Л аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.М