Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/00211

 

Л.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын  17-ны өдрийн 182/ШШ2017/02231 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л.Т-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: П Д- ХХК-д холбогдох

 

Даатгалын нөхөн төлбөрт 8 775 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэлийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Даатгуулагч Л.Т- нь 21-69 УБВ улсын дугаартай Ниссан экстрайл маркийн автомашиныг 2015 оны 01 дүгээр сард худалдан авахдаа Ариг банкны зээлээр авч улмаар П Д-д уг тээврийн хэрэгслийг даатгуулан 1125298 дугаартай гэрээ байгуулсан. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хандгайт мод гэх газрын ойролцоо 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагийн үед тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа 14-18 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осолд өртсөн бөгөөд цагдаагийн байгууллага шалгаж шийдвэрлэсний дараа 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр нийт 9 750 000 төгрөгийн хохирлоос өөрийн хариуцах 10 хувийг хасч 8 775 000 төгрөгийг гаргуулахаар хандсан. 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр даатгагч гэрээний 3.2.6 дахь хэсгийг үндэслэн нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан. Зам тээврийн осол 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр гарсан бөгөөд эвдэрсэн машинаа 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр машины ченжид зарсан нь татгалзах үндэслэлд хамаарахгүй. Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан боловч П Д- ХХК-ийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж гомдлыг хүлээн аваагүй. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу 8 775 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч П Д- ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мэргэнсанаагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Л.Т- нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалтыг зөрчин Б.Батзоригийн жолоодон явсан 14-18 СЭА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан. Авто тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалын 1195298 тоот гэрээг 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулан тус гэрээний дагуу 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ослын талаарх материалаа бүрдүүлэн өгч нөхөн төлбөр гаргуулах өргөдөл гаргасан. Хуулийн хугацаанд нөхөн төлбөрийн асуудлыг хянан шалгаж байх хугацаанд даатгуулагч Л.Т- нь 21-69 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг даатгагчаас зөвшөөрөл авалгүйгээр бусдад худалдан борлуулсан байх тул  1195289 тоот даатгалын гэрээний 3.2-т заасан нөхөн төлбөр олгохгүй нөхцөл бүрдсэн үндэслэлээр  татгалзсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П Д- ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 8 775 000 төгрөг гаргуулах тухай Л.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талуудын хооронд байгуулагдсан 1195298 тоот гэрээний 6.1 дэх хэсэгт нөхөн төлбөрийг олгохгүй байх заалт огт байхгүй. Хариуцагч тал гэрээний 3.2.6-г зөрчсөн тул нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна гэдэг. Гэрээний энэ заалт даатгалын тохиолдол бий болохоос өмнө яригдах ёстой гэж нэхэмжлэгч тал маргадаг. Шийдвэрт Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасныг үндэслэсэн нь хууль буруу тайлбарлан, хэрэглэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Л.Т- нь хариуцагч П Д- ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 8 775 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч тээврийн хэрэгслийг даатгагчаас зөвшөөрөл авалгүй худалдсан тул нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан ажиллагааг гүйцэтгээгүйгээс хэрэгт эрх зүйн дүгнэлт хийх, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болжээ.

 

Зохигчдын хооронд ямар төрлийн даатгалын харилцаа үүссэн, гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болсон эсэх, даатгалын нөхөн төлбөрийг олгохгүй байх талаар тохиролцсон зэрэгт дүгнэлт өгөхөд даатгалын гэрээ хэрэгт зохих ёсоор авагдсан байх шаардлагатай юм. Хэрэгт хавсарган ирүүлсэн “даатгалын баталгаа” хэмээх хуудас нь талуудын хоёр талаас гарын үсэг зурж бичгээр байгуулсан гэрээ биш байх бөгөөд Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 433.1 дэх хэсэгт зааснаар гардуулсан дан ганц даатгалын баталгааг үндэслэн гэрээний агуулгыг дүгнэх боломжгүй. Түүнчлэн бичиг нь уншигдахгүй хэт бүдэг байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан шаардлага хангаагүй байна.

 

Хэргийн 48 дугаар талд Санхүүгийн зохицуулах хорооноос уг байгууллагад гаргасан гомдол, П Д- ХХК-ийн тайлбар, холбогдох баримтуудыг гаргуулахаар нэхэмжлэгч талаас хүсэлт гаргасан. Уг хүсэлтэд Санхүүгийн зохицуулах хороо дээрх баримтуудыг гаргаж өгөхгүй байгаа тул шүүхийн журмаар гаргуулахаар заажээ. Нэхэмжлэгч  нь хариуцагчийн холбогдох баримтуудыг урьдчилан шийдвэрлэсэн байгууллагаас гаргуулахаар шаардаж буй нь хүндэтгэн үзэх шалтгаантайгаас гадна хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах эрхтэй байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлж зохигчийн эрхийг хязгаарлажээ.

 

Иймд дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/02231 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэлийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

   

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                               ШҮҮГЧИД                                                Ч.ЦЭНД

                                                                                                Ш.ОЮУНХАНД