Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/00660

 

 Ц.Борхүүхэний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 138/ШШ2020/01197 дугаар шийдвэр,

 Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 201/МА2021/08 дугаар магадлалтай,

 Ц.Борхүүхэний нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ц.Борхүүхэн, түүний өмгөөлөгч В.Давааням нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Борхүүхэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Давааням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Борхүүхэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч В.Давааням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дорнод аймгийн Боловсрол соёл урлагийн газраас зохион байгуулсан Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлын албан тушаалд зарлагдсан төрийн албаны шалгалтанд орж хамгийн өндөр оноо буюу 80.1 оноогоор нэгдүгээрт жагсаж, Дорнод аймгийн Засаг даргын 2018.12.10-ны өдрийн А/40 тоот захирамжаар Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлын албан тушаалд томилогдсон. Ийнхүү ажиллаж байтал Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2020.08.18-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар намайг ажлаас чөлөөлсөн. Ингэхдээ Боловсролын тухай хуулийг удирдлага болгосон байсан. Миний бие нь Дорнод аймгийн Засаг даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Ингэхдээ ямар нэг алдаа дутагдал гаргаагүй байсан. Би төрөөс зарласан сонгон шалгаруулалтанд өөрийн эрхийн дагуу оролцож хамгийн дээд оноо авсан энгийн нэг албан хаагч. Ажлаас чөлөөлөхдөө Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоол зэргийг үндэслэл болгосон. Эдгээр шийдвэрүүдэд намайг ажлаас чөлөөлөх ёстой гэсэн шийдвэр гараагүй. Боловсролын тухай хуулийг баримталсан байсан. Тус сургуулийн захирлын ажил албан тушаал нь Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаардаг, ТҮБД-5-3 ангилалд хамаардаг хөдөлмөрийн гэрээт албан хаагч. Бидний үйл ажиллагааг Боловсролын тухай хуулиар зохицуулж, хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээгээр зохицуулдаг. Миний хувьд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болох үндэслэл буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль хэсэгт заасан үндэслэлээр шийдвэр гаргасныг ойлгохгүй байна. Намайг чөлөөлсөн захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.5-д заасан үндэслэлээс алийг нь баримталсан, ямар алдаа зөрчил гаргасан талаар огт дурдаагүй байна. Тиймээс намайг ажил албан тушаалаас буруу халсан гэж үзэж гомдол гаргаж байна. Иймд намайг Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Миний дундаж цалин сүүлийн 3 сар буюу 2020 оны 5-7 дугаар саруудад авсан цалин болох 3,588,796 төгрөгийг ажлын нийт 63 хоногт хуваавал нэг өдрийн дундаж цалин 56,966 төгрөг болж байна. Тиймээс ажлаас чөлөөлснөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл нийт ажлын 14 хоногийн цалин 797,510.222 төгрөгийг гаргуулж, ажилгүй байх хугацааны хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Нямсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрлэн сумын Засаг даргын захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасныг баримталсан. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал болон Улсын Дээд шүүхийн тогтоолыг үндэслэж захирамж гарсан. Энэ захирамж нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн захирамж болж байна. Шүүхийн шийдвэр дээр Шүрэнчимэг нь сонгон шалгаруулалтанд оролцохгүйгээр захирлын албан тушаалд томилогдсон ч 12 жилийн хугацаанд ямар ч алдаа зөрчил гаргаж байгаагүй. Хүн ажилласаар байтал сул орон тоо гэж үзэх боломжгүй гэдэг дүгнэлтийг гаргаж шийдвэр гаргасан. Шүүхээс нэхэмжлэгч Б.Шүрэнчимэг буруугүй гэж шийдвэрлэсэн. Энэ ажил, албан тушаалтай холбоотой хоёр иргэний гомдол гарсан. Хоёр иргэний эрх зөрчигдөөд яваад байгаа. Нэгдсэн нэг шийдвэр гарах ёстой байсан гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлаагүй гэж хэлж байна. Хуучин хуулиараа сумын Засаг дарга томилдог байсан. Нэг хэсэг аймгийн Засаг даргад эрх нь шилжсэн боловч эргээд сумын Засаг даргад эрх шилжсэн зүйл л байгаа. Мөн нэхэмжлэгч өөрөө хөдөлмөрийн гэрээг хэрэгт хавсаргах ёстой байсан. Гэвч энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 138/ШШ2020/01197 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад холбогдох Ажлаас үндэслэлгүй халагдсан тул Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 797,510.222 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Ц.Борхүүхэний гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 201/МА2021/08 дугаар магадлалаар: Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 138/ШШ2020/01197 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж,

Нэхэмжлэгч Ц.Борхүүхэн нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч Ц.Борхүүхэн, түүний өмгөөлөгч В.Давааням нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.19-ний өдрийн 201/МА2021/08 дугаар магадлалд дараах гомдлыг гаргаж байна.

Тус магадлалаар, Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.06-ны өдрийн 138/ШШ2020/01197 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасан, 172.2.1-д шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Дээрх магадлал болон шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэснээс шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж үзэж, бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.12, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримталсан байна.

Уг хуулийн 69.1.Энэ хуулийн 36,1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.

128.1. Дараах маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ, 128.1.2. ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол байна гэж тус тус заасан бөгөөд энэ нь шүүхээр хянан шийдвэрлэх Хөдөлмөрийн маргааны харьяаллыг заасан ерөнхий зохицуулалт юм.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт: ...Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас зохион байгуулсан сонгон шалгаруулалтын үр дүнг үндэслэн Дорнод аймгийн Засаг дарга 2018.12.10-ны өдөр Ц.Борхүүхэнийг Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлаар томилсны дагуу нэхэмжлэгч Ц.Борхүүхэн нь 2020.08.18-ны өдрийг хүртэл тус сургуулийн захирлаар ажиллаж байсан үйл баримтын талаар талууд маргадаггүй.

Харин Захиргааны хэргийн шүүхийн дээрх хүчин төгөлдөр шийдвэрүүдээс үзвэл нэхэмжлэгч Ц.Борхүүхэнийг тус сургуулийн захирлаар ажилд томилсон үндэслэл буюу уг хөдөлмөрлөх эрхийн харилцааг бий болгосон сонгон шалгаруулалтын хэсгийг шүүх хууль бус болохыг тогтоон хүчингүй болгосноор ажил олгогч Дорнод аймгийн Засаг дарга, ажилтан Ц.Борхүүхэн нарын хооронд үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаа мөн хүчингүй болсон гэж үзнэ гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгч Ц.Борхүүхэн нь Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар 2018.12.10-ны өдрөөс Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байсан бөгөөд энэхүү ажил албан тушаал нь Засгийн газрын 2019.01.15-ны өдрийн Төрийн үйлчилгээний зарим албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын 2 дугаар хавсралтад зааснаар ТҮБД-5 зэрэглэлтэй, Төрийн үйлчилгээний удирдах албан тушаал юм.

Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна, 14.1.2.-т боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж тус тус заасан.

Иймд нэхэмжлэгч Ц.Борхүүхэн нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан тул Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтууд үйлчлэх юм.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Дорнод аймгийн Засаг дарга, ажилтан Ц.Борхүүхэн нарын хооронд үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаа мөн хүчингүй болсон гэж үзнэ. гэсэн дүгнэлтээс үзвэл талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэдэг дүгнэлтэд шүүх хүрсэн байна.

Харин шүүхийн шийдвэрт дурдсанчлан талуудын хооронд үүссэн Хөдөлмөрийн гэрээний харилцаа хүчингүй болсон гэх дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийг авч үзье.

Хөдөлмөрийн тухай хуульд Хөдөлмөрийн гэрээний харилцаа хүчингүй болох гэдэг ойлголт, зохицуулалт тусгагдаагүй болохыг дурдах нь зүйтэй. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38 дугаар зүйлд Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох болон цуцлах үндэслэлүүдийг заасан байна.

Үүсч буй харилцаанд Засаг дарга захирамж гаргаж ажлаас чөлөөлсөн байх тул ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2.-т заасны дагуу, 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан үндэслэлүүдийн аль нэг нь бүрдсэн тохиолдолд ажил олгогч санаачилж буюу Засаг дарга ажлаас халах зохицуулалттай.

Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15 дахь хэсэгт Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино гэж заасан байдаг.

Хариуцагч талаас ажлаас чөлөөлсөн захирамждаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38, 40.1.1-,40.1.7-д заасан үндэслэлүүдийг баримталж ажлаас чөлөөлөөгүй, баримтлах шаардлагагүй гэж тайлбарласныг шүүх хүлээн авч байгаа нь үндэслэлгүй байна.

Шүүхээс нэгэнт Хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн атлаа, хуульд байхгүй хөдөлмөрийн харилцаа хүчингүй болсон гэх ойлголтыг үндэслэн шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй төдийгүй хууль хэрэглээний ноцтой алдаа гэж үзэж байна.

Шүүхээс Хөдөлмөрийн харилцаа хүчингүй болсон гэж үндэслэж байгаа бол энэ талаар нарийвчлан зохицуулсан хуулийн зохицуулалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлах ёстой.

Анхан шатны шүүхээс ийнхүү Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв баримтлалгүй, хууль хэрэглээний илэрхий алдаа гаргасан байтал Давж заалдах шатны шүүх энэ нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийгээгүй.

Иргэний эрх зүйн суурь зарчим бол талуудын зарчим бөгөөд нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа талууд өөрөө нотлох, шүүхийн зүгээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд л хэргийг шийдвэрлэх зарчимтай.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд гомдлын шаардлагыг хангах бүрэн боломжтой байтал хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь хууль бус төдийгүй нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг зөрчиж байна.

Түүнчлэн хэрэгт хавсаргавал зохих нотлох баримтыг нэрлэн зааж хэргийг буцааж байгаа нь хууль хэрэглээний алдаа төдийгүй ноцтой зөрчил гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд гомдлын шаардлагын хүрээнд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Иймд гомдлыг хүлээн авч, анхан болон давж заалдах шатны шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч Ц.Борхүүхэн Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

 Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл зааж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5., 168 дугаар зүйлийн 168.1.1. дэх заалтыг удирдлага болгожээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3.-т зааснаар шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.

 Анхан шатны шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 221/МА2019/0378 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 391 дүгээр тогтоолыг шийдвэрийн үндэслэл болгосон байх бөгөөд дээрх магадлал, тогтоолууд хэрэгт авагдаагүй байх тул шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 Нэхэмжлэгч нь аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас зохион байгуулсан Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад оролцож шалгараад 2018.12 сараас аймгийн Засаг даргатай Гэрээ байгуулж, сургуулийн захирлаар ажиллаж байсан, 2020.08.18-ны өдрийн Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Б/13 дугаартай захирамжаар Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12., Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 0378 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 391 дүгээр тогтоолыг тус тус удирдлага болгон, Аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас зохион байгуулсан Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын холбогдох хэсэг хүчингүй болсон гэх үндэслэлээр Ц.Борхүүхэнийг тус сумын Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт намайг ажлаас чөлөөлөх тухай заагаагүй байхад ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй... гэж тайлбарласан.

 Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: ...тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Шүрэнчимэг нь ажил үүргээ гүйцэтгэж байхад нь түүний ажлын байрыг сул орон тоо гэж үзэн, сонгон шалгаруулалт зарласныг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн шүүх хангаж, сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг үндэслэж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй ... гэж маргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ...Захиргааны хэргийн шүүх Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлын сонгон шалгаруулалтын холбогдох хэсэг, ...сонгон шалгаруулах шалгалтын тайлангийн Ц.Борхүүхэнийг шалгаруулсан хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн, дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, ...тул шүүхийн шийдвэрийг үндэслэж гарсан ажил олгогчийн захирамжийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй... гэж дүгнэжээ.

 Шийдвэрт дурдсан Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлээ болгосон нь ...шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг ...үнэлнэ..., ...шийдвэрийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндсэн дээр гаргана... гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 116 дугаар зүйлийн 116.3. дахь заалтыг зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 Хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн дээрх зөрчлийг залруулж, хэрэгт цугларсан баримтад үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангахыг хүссэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлээх буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 201/МА2021/08 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Ц.Борхүүхэн, түүний өмгөөлөгч В.Давааням нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Д.ЦОЛМОН

                ШҮҮГЧИД                     П.ЗОЛЗАЯА

                                                             Х.СОНИНБАЯР

                                                      Б.УНДРАХ

                                                                Х.ЭРДЭНЭСУВД