Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 70

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Однямаа даргалж

Нарийн бичгийн дарга:Б.Чанцалдулам

Улсын яллагч Э.Нямбилэгт

Шүүгдэгч: Ц.Болдбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Их нарт овгийн Цэрэндэмбэрэлийн Болдбаатарт холбогдох 201608000109 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Канад хаус ХХК-д туслах ажилтан ажилтай,  ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 12-129 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,  Их нарт овгийн Цэрэндэмбэрэлийн Болдбаатар /РД:ДА93100511/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Шүүгдэгч Ц.Болдбаатар нь 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутагт байрлах Улаанбаатар хотоос Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай засмал замын 469/204 дугаартай километрийн шонгийн орчимд Хьюндай Старекс маркийн 82-68 УНТ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 9.3 Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт  60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Харин дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явбал зохино гэснийг тус тус зөрчсөний улмаас онхолдож зорчигч Ө.Мөнхбаатарын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Болдбаатар нь 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутагт байрлах Улаанбаатар хотоос Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай засмал замын 469/204 дугаартай километрийн шонгийн орчимд Хьюндай Старекс маркийн 82-68 УНТ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 9.3 Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт  60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Харин дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явбал зохино гэснийг тус тус зөрчсөний улмаас онхолдож зорчигч Ө.Мөнхбаатарын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1. Шүүгдэгч Ц.Болдбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 08-нд Улаанбаатар хотоос Хэнтий, Бор-Өндөр лүү ачаа ачсан. Мөнхбаатар, Ууганбаяр нартай Улаанбаатар хотоос 01 цагт гарсан. Багахангай дээр зогсож хоол идсэн. Мөнхбаатар ах жолоо барьж байгаад нойр хүрээд байна, ахын дүү машин бариад яв гэхээр нь би машин барьсан. Баянталын наана замын хагархай таарахаар нь тоормос гишгэсэн. Эхлээд машины рүлээ зөв талруугаа дарсан. Дараа нь баруун талруугаа дарсан. Гэтэл рүлээ мушгиж дийлээгүй машин 2 хөвөрсөн. Би машинаас эхлээд буусан. Дараа нь Ууганбаяр буусан. Бид хоёр нийлж Мөнхбат ахыг машинаас гаргасан. Хажууд байсан хүмүүс түргэн тусламж дуудаж өгсөн. Намайг эрхээ хасуулсныг бүгд мэдэж байгаа. Би тэр үед 80 км цагийн хурдтай явж байсан. Хохирол төлбөрөө өөрсдөө барагдуулсан надаас хохирол төлбөр нэхэмжлээгүй. Миний байдлыг харгалзан үзэж торгох болон хорих ялаас бусдыг нь оногдуулж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

2. Хохирогч Ө.Мөнхбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...Баянтал сумын нутгаар дайран өнгөрдөг засмал зам дээр явж байгаад зам дээр замын эвдэрэл харагдсан. Тэгээд тэр замын эвдрэл дээгүүр гараад машин дайвалзаад засмал замынхаа зүүн гар тал руу урсгал сөрөөд гарсан. Болдбаатар жолоогоо эргүүлээд дарсан тэгээд буцааж дийлээгүй тэр чигт нь алдаад засмал замынхаа баруун гар тал руу онхолдсон. Машинаас эхлээд Болдбаатар, Ууганбаяр нар буугаад намайг машинаас татаж гаргасан. Машинаас гарч ирээд босоод эргээд суусан чинь толгой даагдахгүй босож чадахаа больсон. Тэгээд Баянтал сумын эмнэлэгээс эмч ирээд Бид гурвыг Говьсүмбэр аймгийн эмнэлэгт хүргэж өгсөн. Тухайн үед Болдбаатарын хамар дээр нь хөндлөн зүсэгдсэн байсан. Ууганбаяр нуруу жаахан хүндүүр болсон байна гэж байсан. Би тэр өдөртөө Улаанбаатар хот руу очоод Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж хэвтсэн. Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Надаас гарсан эмчилгээний зардал болон эмнэлэг хооронд зөөвөрлөсөн тээврийн хэрэгслийн зардлыг Канад Кансель Хаус ХХК бүгдийг нь гаргаж өгсөн. ...Би осолд орсныхоо дараа Болдбаатарыг жолооны эрхээ хасуулсныг мэдсэн. Урд нь бол мэдээгүй. Болдбаатар өөрөө Приус 20 унаад байдаг болохоор нь жолооч гэж бодож байсан. Надад эрхээ хасуулсан талаар хэлээгүй. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан санал хүсэлтгүй... /х.х-ийн 18, 109, 110 дугаар хуудас/

 

3. Иргэний нэхэмжлэгч Ц.Мөнх-Арслан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Миний эзэмшилд Х.Старех маркийн 82-65 УНТ улсын дугаартай микробус маркийн автомашин байсан. Энэ машин Говьсүмбэр аймгийн нутагт осолд ороод эвдэрсэн учир сэлбэгэнд зарсан. ..Канад Хаус ХХК нь манай ах Мөнх-Эрдэнийн машин байгаа юм. Тухай осол гардаг өдөр компанийн ажилтан Мөнхбаатар миний машиныг жолоодоод явсан. Манай хадмын бие муу байсан болохоор би өөрөө явж чадаагүй. Ах дүү хүмүүс болохоор гуйсан үед нь өгөөд явуулдаг байсан. Миний машины дугуйн стандарт нүдээр харахад зүгээр харагддаг байсан. Хамгаалах бүс хэвийн ажилгаатай байсан. Надад гомдол санал байхгүй. Машинд байсан хүмүүс эрүүл саруул байгаад л баярлаж байна.../х.х-ийн 108,109 дүгээр хуудас/

 

4. Иргэний хариуцагч Д.Гэрэлтуяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...Улсын санхүүжилт орж ирээгүй байгаа учраас замд засвар хийгдэх боломжгүй байсан. Сүүлдээ өөрсдийнхөө байгаа бололцоогоор зарим хагархайг нөхөж янзалсан. Заримыг нь түр шороо дүүргээд орхисон. Одоо хагарсан хэсгүүдэд шороо дүүргэлт байнга хийж байгаа. Манай замд хүнд даацын ачааны машин өдөр шөнөгүй явж байгаа учраас замын эвдрэл их байдаг. .. гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20 дугаар хуудас/

 

5. Гэрч 1990 онд төрсөн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцогт сумын 4 дүгээр баг, Хонгор гол гэх газар нутаглах, О.Ууганбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...Ө.Мөнхбаатар Улаанбаатар хотоос гарахдаа машин барьж явж байгаад нойр хүрээд байна гээд Болдбаатарт жолоогоо шилжүүлсэн. Тэгээд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт засмал замаар явж байсан чинь гэнэт засмал замын хагархай тааралдсан. Болдбаатар тэр хагархай дээгүүр гараад машин засмал замынхаа зүүн талын шороон хөвөөн гараад ирсэн Болдбаатар жолоогоо баруун гар тал руугаа дараад засмалл замынхаа баруун гар талын шороон дээр онхолдсон. Машин 2 удаа эргээд баруун хажуу талаараа унасан байсан. Машинаас Болдбаатар түрүүлж гараад араас нь би гараад Мөнхбаатарыг Болдбаатар бид хоёр татаж гаргасан. Тухайн үед Мөнхбаатар хүзүү эвгүй болсон байна гээд босож чадахгүй байсан. Болдбаатарын  хамар дээр цус гарч байсан. Тухайн үед миний нуруу жаахан хүндүүр болсон байсан. Одоо зүгээр болсон. Барагцаагаар 80 км цагийн хурдтай явж байсан.  гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24-25 дугаар хуудас/

 

6. Гэрч 1977 онд төрсөн, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 17-185 тоотод оршин суух, Ц.Мөнх-Арслан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...Тухайн осолд орох өдөр миний машин Улаанбаатар хотод байсан. Манай ах миний машинд ачаа ачуулаад Бор-Өндөрт барьж байгаа барилга руугаа явуулсан юм байна лээ. Мөнхбаатар, Болдбаатар, Ууганбаяр нарт өгч явуулсан гэсэн. Машиныг манай ах Мөнх-Эрдэнэ авч өгсөн. Аваад жил болж байгаа. Ломбарданд хураагдсан машин худалдаж авсан гэсэн. 2500000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо машинаа үнэлэхгүй. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Гэсэн мэдүүлэг /х.х-ийн 26 дугаар хуудас/

 

7. Гэрч 1967 онд төрсөн, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48-87 тоотод оршин суух, А.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...Х.Старекс маркийн 82-68 УНТ улсын дугаартай автомашин техникийн хувьд бүрэн байсан. Тормос, жолооны механизм бүрэн ажиллагаатай байсан... Машиныг авахдаа ямар нэгэн түрээсийн гэрээ байгуулаагүй. Дүүгийн машин болохоор нь л авч ашигладаг юм. Манай компани албандаа машин байхгүй машин хөлсөлж аваад ачаа татуулдаг юм. Манай компани автомашингүй болохоор тээвэр хариуцсан ажилтан гэж байхгүй. Одоо Старекс маркийн 82-68 дугаартай автомашин нь дүүгийн машин болохоор хаана байгааг нь мэдэхгүй. Мөнх-Арслан сэлбэгэнд зарсан сураг байсан. Мөнхбаатар, Болдбаатар, Ууганбаяр нарт болгоомжтой яваарай гэж хэлсэн. Мөнхбаатарыг эрхээ хасуулсан гэж мэдээгүй. Мөнхбаатарыг урд нь таньдаг байсан: Машин бариад явдаг байсан. Манай ажилд ороод нэг сар гаран болж байсан. Эрхээ хасуулсан гэдийг мэдээгүй. Цагдаа дээр шалгуулж байхад нь мэдсэн... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 30, 111 дүгээр хуудас/

 

8. Шинжээч Г.Цэндсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...Старекс маркийн 82-68 УНТ улсын дугаартай автомашины баруун урд жолооны хөндлөн талруугаа гулзайсан байсан. Энэ эвдрэл гэмтлийн үед тэнхлэг тохиргоог шалгах боломжгүй. Яагаад гэхээр хөндлөн татуурга гулзайхаараа тэнхлэг тохиргоо алдагдана. Ийм учраас тэнхлэг тохиргоо ослын өмнө алдагдсан байсныг тодорхойлох боломжгүй... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 112 дугаар хуудас/

 

8. Шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 8125 дугаар дүгнэлт: Ө.Мөнхбаатарын биед хүзүүний 5-6-7-р нугалам, сээрний 1-2-3-4-5-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, хүзүүний 5-6, 6-7-р нугаламын нугасны хөнгөн зэргийн няцрал, дискний цүлхийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөх эсэх эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

Дүгнэлт гаргасан:  шинжээч эмч О.Болороо гэжээ. /х.х-ийн 44 дүгээр хуудас/

 

9 Шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 191 дүгээр дүгнэлт: Ц.Болдбаатарын биед хамрын нуруунд, зүүн сарвуугаар, зүүн гарын эрхий хурууны угаар, 2, 3-р хуруунд, баруун гарын 4,5-р хуруунд, нуруунд урагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан:  шинжээч эмч а/д Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 48 дугаар хуудас/

 

10. Шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 5355 дугаар дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн Ц.Болдбаатар гэх цусанд спиртийн агууламж илрэхгүй байна.

Химийн шинжээч: а/д Б.Цогбаяр гэжээ. /х.х-ийн 52 дугаар хуудас/

 

11. Говьсүмбэр аймгийн замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ц.Равдангийн 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн №9 тоот шинжээчийн дүгнэлт: Жолооч Цэрэндэмбэрэл овогтой Болдбаатар нь 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.

9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

9.3. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднахь замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Харин дараахь тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явбал зохино гэснийг тус тус зөрчсөн байна.

Осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэж Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг Улсын чанартай хатуу хучилттай засмал замын байгууламжийн засвар арчилалтын стандартыг хариуцан ажилладаг Саруул Харгуй ХХК нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 54.16.Зам, замын байгууламжийн засвар арчлалтыг стандартын дагуу хийгээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж, зам тээврийн осол, хэрэг гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, зам тээврийн осол, хэрэг гарсан тохиолдолд холбогдох албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллагаар учирсан хохирлыг нөхөн төлүүлж, зөрчлийг арилгуулж, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

Цэрэндэмбэрэл овогтой Болдбаатар нь /РД:ДА93100511/ жолоодох эрхийн үнэмлэхтэй боловч 2016 оны 02 сарын 05-ны өдөр МУ-ын ЗХАБТ хуулийн 27-1-ээр 384000 төгрөгөөр торгуулан жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан боловч тээврийн хэрэгсэл жолоодож тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үед тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна гэснийг зөрчсөн байна.

Ц.Болдбаатар нь хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авч чадаагүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үед тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг нь осол гарахад шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Дүгнэлт гаргасан: ЗЦТ-ын зохицуулагч дэслэгч Ц.Равдан гэжээ. /х.х-ийн 55 дугаар хуудас/

 

12. Шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 4567 дугаар дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн HYUNDAI STAREX 82-68 УНТ улсын дугаартай микробус нь зам тээврийн осолд орохоос өмнө баруун урд, зүүн хойд дугуйнууд MNS4598-2003 стандарт шаардлага техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Уг автомашинд салхины болон арын, хажуугийн бүх шилнүүд хагархай, баруун урд далбаа, бүх хаалганууд, дээвэр, зүүн талын хажуу гадаргуу, гадна тольнууд эвдрэл, гэмтэл, сэвтэй, баганууд гажиж гулзайсан, урд бамбарын поод хэсэг салсан, хянах самбарын хүрээ хагарсан, баруун хойд дугуй хийгүй, аккумляторын батарей байхгүй, тоормосны шингэний түвшин бага, хөргөлтийн радиатор гажсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. HYUNDAI STAREX 82-68 УНТ улсын дугаартай микробусны ажлын тоормосны систем ажиллана, зүүн хойд дугуйн тоормосны накладка нимгэрсэн. Жолооны механизм ажиллаж дугуйнууд залагдана, баруун хөндлөн татуурга гулзайсан байна. Аккумлятор байхгүй, зүүн хойд тоормосны накладка нимгэрсэн, баруун урд , зүүн хойд дугуйн хээний элэгдлээс бусад гэмтлүүд ослын үед үүссэн байна.

Дүгнэлт гаргасан: Автотехникийн шинжилгээний лабораторийн эрхлэгч Г.Цэндсүрэн гэжээ /х.х-ийн 59-62 дугаар хуудас/

 

 13. Шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 4783 дугаар дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн дугуй 210 см ослын өмнө эдэлгээний явцад гарсан элэгдэж халзарсан гэмтэлтэй байна. Уг гэмтлээр хий гарахгүй байна. Харин хаймар дугуй ободны завсраар хий гарч байна. Шинжилгээнд ирүүлсэн дугуй Монгол улсын авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавигдах шаардлагын MNS 4598:2003 заасны дагуу стандарт шаардлага хангаагүй дугуй байна. Мөн дугуй нь Х.Старех маркийн автомашинд тохирохгүй дугуй байна.

Дүгнэлт гаргасан Автотехникийн лабораторийн ахлах шинжээч цагдаагийн ахлах дэслэгч Б.Галбадрах гэжээ. /х.х-ийн 74 дүгээр хуудас/

 

14. Говьсүмбэр аймгийн замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ц.Равдангийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 14 дүгээр  шинжээчийн дүгнэлт: Х.Старекс маркийн 82-68 УНТ улсын дугаартай автомашины жолооч Ц.Болдбаатар нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ.

Б. Хамгаалах бүсээр бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэснийг зөрчсөн байна.

 Х.Старекс маркийн 82-68 УНТ улсын дугаартай автомашин нь замын хөдөлгөөнд оролцож яваад онхолдож зам тээврийн осол гарах үед жолооч болон зорчигч хамгаалах бүс хэрэглэсэн бол жолооч зорчигчийг 60-70 хувь хамгаалах байсан учир осолд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

  Дүгнэлт гаргасан: ЗЦТ-ын зохицуулагч дэслэгч Ц.Равдан гэжээ. /х.х-ийн 115 дугаар хуудас/

         

          15. Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /х.х-ийн 4, 5 дугаар хуудас/

 

16. Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 11-16 дугаар хуудас/

 

17. Ашид билгүүн ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан /х.х-ийн 78 дугаар хуудас/

 

18. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 90, 91 дүгээр хуудас/

 

19. Өвчний түүх /94-100 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Ц.Болдбаатарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж Ө.Мөнхбаатарын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Болдбаатар нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хохирогч Ө.Мөнхбаатар, иргэний нэхэмжлэгч Ц.Мөнх-Арслан нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-т зааснаар шүүгдэгч Ц.Болдбаатарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Болдбаатар нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 291, 294, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Их нарт овгийн Цэрэндэмбэрэлийн Болдбаатарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж Ө.Мөнхбаатарын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Ц.Болдбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Болдбаатарт оногдуулсан 02/ хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.Болдбаатар нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Ц.Болдбаатар нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 1 /нэг/ жилийн хугацаагаар хасуулсан байсан болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасныг журамлан шүүгдэгч Ц.Болдбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ц.Болдбаатарт оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 01 /нэг/ жилээр тогтоон, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар  шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Болдбаатарт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            О.ОДНЯМАА