Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2021/0616

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: ХХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт, шалгалтын байцаагч Т.Б, Л. М.

 Гомдлын шаардлага: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Т.Б, Л.На, М.Алл нар нь 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 0310760 дугаар шийтгэлийн хуудасаар тус банканд шийтгэл ногдуулсан бөгөөд тус маргаан бүхий захиргааны актын шийдвэрлэх нь хэсгийн 1,459,813,293,80 төгрөгийн торгууль болон 958,196,795.60 төгрөгийн алданги нийт 2,418,010,089.40 төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6 дахь заалтад заасны дагуу маргаан бүхий захиргааны актын торгууль, алдангитай хэсгийг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Л. а, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Пүд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч ХХХК шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Т.Б, Л.Н, М.А нар тус банкны 2016-2018 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0310760 дугаартай шийтгэлийн хуудсаар нөхөн төлүүлэх татвар 4,480,129,992.70 төгрөг, торгууль 1,459,813,293.80 төгрөг, алданги 958,196,795.60 төгрөг нийт 6,898,140,082.10 төгрөгийн төлбөрийн хариуцлага ногдуулсан.

А.Маргаан бүхий захиргааны актаар шийтгэл ногдуулсан үйл баримтууд нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Зөрчлийн тухай хуульд заасан торгууль, шийтгэл ногдуулах зөрчилд хамаарч байгаа эсэх:

Иргэн, хуулийн этгээдийн тодорхой үйлдэл э, с үйлдэхүйд зөрчлийн хариуцлага ногдуулахын тулд юуны өмнө зөрчил гэж юу болохыг хууль зүйн үндэслэлтэйгээр тодорхойлох шаардлагатай. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ, гэж зааснаас харвал тухайн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй нь нэгт, холбогдох хууль тогтоомж зөрчсөн байх, хоёрт, тухайн зөрчилд ногдуулах шийтгэл нь Зөрчлийн тухай хуульд тодорхой тусгагдсан байх гэсэн хоёр урьдач нөхцөлийг хангаж байж зөрчилд тооцогдоно.

Маргаан бүхий захиргааны актаар шийтгэл ногдуулсан дараах үйл баримтууд нь маргаан бүхий захиргааны акт гаргах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гэж үзэх үндэслэлгүй.

---2016-2018 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2016 онд 97,297,622,588,70 төгрөг, 2017 онд 111,301,771,316,30 төгрөг, 2018 онд 113,571,424,967.40 төгрөг нийт 322,170,818,872.40 төгрөгийн албан татвар ногдох орлогоос өөрчлөгдөх Засгийн газрын үнэт цаасны хүүгийн орлого олоход холбогдон гарсан зардлыг дутуу тооцож, татвар ногдуулах орлогыг бууруулсан гэх үйл баримт2,

--2016 онд 88,749,314.90 төгрөгийн үйл ажиллагааны бусад орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, төсөвт төлөөгүй гэх үйл баримт3,

-2018 онд 7,637,392,583.30 төгрөгийн борлуулсан хөрөнгийн /лед дэлгэц/ зах зээлийн үнэд нэмэгдсэн өртгийн албан татварыг дутуу ногдуулж, төсөвт төлөөгүй гэх зөрчил4,

-2016 онд 4,703,586,939.40 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй гэх үйл баримт5,

Тодруулбал, маргаан бүхий захиргааны актад тус банкны гаргасан зөрчлүүдийн хууль зүйн үндэслэлийг заахдаа Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 болон 2, 4 дэх хэсгүүдийг дурдсан байгаа нь илтэд үндэслэлгүй байна. Учир нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 11.19 дүгээр зүйлд 1.албан татвар ногдох орлогоос чөлөөлөгдөх орлого олоход холбогдон гарсан зардлыг дутуу тооцож, татвар ногдуулах орлогыг бууруулсан үйл баримт, 2. Үйл ажиллагааны бусад орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, төсөвт төлөөгүй үйл баримт, 3.борлуулсан хөрөнгийн зах зээлийн үнэд нэмэгдсэн өртгийн албан татварыг дутуу ногдуулж, төсөвт төлөөгүй үйлдлүүдэд ямар төрлийн хариуцлага /торгууль, алданги/ тооцох талаар огт зохицуулалтгүй.

Өөрөөр хэлбэл, албан татвар ногдох орлогоос чөлөөлөгдөх орлого олоход холбогдон гарсан зардлыг дутуу тооцож, татвар ногдуулах орлогыг бууруулсан үйл ажиллагааны бусад орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, төсөвт төлөөгүй, борлуулсан хөрөнгийн зах зээлийн үнэд нэмэгдсэн өртгийн албан татварыг дутуу ногдуулж, төсөвт төлөөгүй үйлдлүүдэд ногдох шийтгэл /торгууль, алданги/ хэмжээг Зөрчлийн тухай хуульд тодорхой тусгагдсан тохиолдолд л тухайн зөрчлүүдэд холбогдох шийтгэлийг ногдуулна.

Б.Эрх бүхий албан тушаалтны маргаан бүхий захиргааны акт гаргахдаа захиргааны актыг гаргах хууль зүйн үндэслэлийг тодорхой дурдсан эсэх:

Захиргааны байгууллагаас захиргааны акт гаргахдаа тухайн захиргааны актыг гаргах болсон бодит нөхцөл байдал, түүний хууль зүйн үндэслэлийг захиргааны актад тусгасан байх хуулийн шаардлагатай. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Бичгээр гаргасан захиргааны актад тавигдах шаардлагыг дурдаад, тус зүйлийн 40.2.3 дахь заалтад захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах гэж хуульчилжээ.

Гэтэл, маргаан бүхий захиргааны актад Татварын ерөнхий хуулийн 74.1, 74.1.4 дэх заалт, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 болон 2, 4 дэх хэсгүүдийг зааснаар шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэж дурдсан байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 40.2 дахь хэсэгт заасан бичгээр гаргах захиргааны актад тавигдах шаардлагыг хангахгүй байна.

Учир нь маргаан бүхий захиргааны акт гаргах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1,2,4 дэх хэсгүүдэд заасан зөрчилд дээр дурдсан зөрчил гэж үзсэн үйл баримтуудтай нь хамаарахгүй байгаа түүнчлэн Татварын ерөнхий хуульд 74.1.4 гэж заалт байхгүй байна.

В.Эрх бүхий албан тушаалтан нь маргаан бүхий захиргааны акт гаргахдаа Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийг буцаан хэрэглэсэн нь үндэслэлтэй эсэх:

Тус банкны 2016-2018 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтын зөрчил нь тухайн зөрчил үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хуулийн зохицуулалтын дагуу шийдвэрлэгдэнэ.

Гэхдээ Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж, 5 дахь хэсэгт Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй, гэж тус тус заасан байгаагаас үзвэл тухайн зөрчлийг зөрчилд тооцохгүй болсон, зөрчил үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн зохицуулалт байгаа тохиолдолд түүнийг хэрэглэх бөгөөд эрх зүйн байдлыг доордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байгаа тохиолдолд түүнийг хэрэглэх бөгөөд эрх зүйн байдлыг доордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.

Дээрхээс дүгнэж үзвэл, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар зөрчилд тооцохгүй болсон дараах зөрчлүүдийг үндэслэн хууль буцаан хэрэглэсэн байгаа нь хууль хэрэглээний алдаа гэж үзэх үндэслэлтэй байна.

-Татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн,

-Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй, эсхүл ногдуулсан татварыг төлөөгүй.

Г.2016-2018 оны нөхөн татвараас алдангийн 20 хувиар тооцсон үндэслэлтэй эсэх:

2016-2018 оны 4,480,129,992.70 төгрөгийн нөхөн татвараас алдангийг оногдуулахдаа Татварын ерөнхий хууль/2008/-ийн шинэчилсэн найруулгын 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүйгээр байна гэж заалтыг үндэслэжээ. Мөн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл /УИХ-ын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар бүхэлд нь өөрчлөн найруулсан/-ийн тайлбар хэсэгт Энэ хуулийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэгт заасан нөхөн төлүүлэх хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж зохицуулсан.

Гэтэл татварын улсын байцаагч нараас нөхөн төлөх 4,480,129,992,70 татварын хэмжээнд оногдох алдангийг хууль тогтоомжид заасан хамгийн дээд хэмжээ 20 хувиар тооцсон хууль зүйн үндэслэлийн талаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх тэмдэглэл болон бусад бичиг баримтад үндэслэлтэй тайлбарлаж бичээгүй, шууд 20 хувиар тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хангахгүй байна.

Энэхүү зарчим нь захиргааны албан тушаалтнаас иргэн, хуулийн этгээдэд аливаа хариуцлага, шийтгэх хуудас оногдуулахдаа хуульд заасан нарийн журмыг баримтлах, зорилгоо зөв тодорхойлох, нөхцөл байдлыг сайтар судалж ухаалгаар хандах, зайлшгүй үндэслэл бий эсэхийг нягтлах, тодорхойлох утгыг илэрхийлж байдаг. Ийнхүү эрх бүхий албан тушаалтан нь алдангийг тооцохдоо бодит нөхцөл байдалд тохирсон, зайлшгүй 20 хувиар тооцох үндэслэлтэй байх хуулийн шалгууруудыг хангаагүй гэж үзэх боломжтой байна.

Дээрх дурдсан үндэслэлүүдээс үзэхэд эрх бүхий албан тушаалтан нь маргаан бүхий захиргааны акт гаргахдаа хууль тогтоомжийг буцаан хэрэглэхдээ алдаа гаргасан, торгууль,алдангийн хэмжээг тогтоохдоо үндэслэлгүй ногдуулсан.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6 дахь заалтыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0310760 дугаартай шийтгэлийн хуудасны торгууль, 1,459,813,293.80 төгрөг, алданги 958,196,795.60 төгрөг нийт 2,418,010,089.40 төгрөгийн төлбөрийн хариуцлага ногдуулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нөхөн төлөх албан татварыг ногдуулахдаа торгууль, алдангийн тооцохдоо хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй болох нь:

Тус банкны 2016-2018 оны үйл ажиллагааг шалгаад 6,8 тэрбум төгрөгийн нөхөн төлөх албан татварыг ногдуулж торгууль ногдуулсан. Ингэхдээ Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2, 4 дэх хэсгийг тус тус үндэслэн нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон.

Хууль тогтоогчоос Зөрчлийн тухай хуульд холбогдох өөрчлөлтийг оруулахдаа албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд ногдуулах торгуулийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцүү байсныг төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байхаар хуульчилсан.

Энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуульд холбогдох өөрчлөлтийг оруулахдаа албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд нодуулах торгуулийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцүү байсныг төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байхаар хуульчилсан.

Энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 1.4-р зүйлийн 4 дэх хэсэгт Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, алдангийн арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж хуульчилсны дагуу тус банкны төлөөгүй татварын 10 хувиас хэтрэхгүй хэмжээгээр торгууль ногдуулах байсныг татварын байцаагч хэрэглээгүй байна гэсэнд:

Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварын зөрчлийн хувьд ХХХК-ийн 2016 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар ногдуулсан 4,703,586,939.40 төгрөгийг хуульд заасан хугацаандаа төлөөгүй зөрчилд 115,774,296.10 төгрөгийн торгууль, 62,170,797.00 төгрөгийн алданги оногдуулахдаа Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйл Зөрчлийн тухай хууль үйлчлэх нутаг дэвсгэр, хугацаа-ийн 3-т Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж заасны дагуу тухайн үед мөрдөж байсан Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл Татварын ерөнхий хууль зөрчих-ийн 2 дугаар Татварыг хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно заалтыг үндэслэн татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар төлбөр оногдуулсан тул хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Татвар төлөгчийн гомдолдоо тайлбарлаж байгаа 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжсэн Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орсон 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь зөвхөн татварыг хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй зөрчилд л хэрэглэх зохицуулалт гэж үзэж байна. /ХШ-08 хавсралтаас харахад оногдуулсан торгууль төлбөл зохих татварын 0,5-5,0 хувь болж байгаа. ХШ-08 хавсаргав/

....Нөхөн төлөх татварын хэмжээнд оногдох алдангийг хууль тогтоомжид нөхөн төлөх татварын 50 хувиас хэтрэхгүй байхаар хуульчилсан байтал шууд 20 хувиар тогтоосон нь ойлгомжгүй байна...гэсэнд:

Алдангийг оногдуулахдаа Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйл Зөрчлийн тухай хууль үйлчлэх нутаг дэвсгэр, хугацаа-ийн 3 дугаар Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж заасны дагуу тухайн үед мөрдөж байсан Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн /2008 оны 05 дугаар сарын 20-ны/ шинэчилсэн найруулгын 74 дүгээр зүйл Төлөөгүй татварт ногдуулах алданги-ийн 74.1 дүгээр Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна заалтыг үндэслэсэн болно.

Иймд дээрх тайлбарыг үндэслэн татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар ногдуулсан хариуцлага төлбөрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч нар гомдол гаргагч ХХХК-ийн 2016-2017 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж татварын улсын байцаагчийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0310760 тоот шийтгэлийн хуудсаар Нийт 334,600,547,710.00 төгрөгийн зөрчилд 4,480,129,992.70 төгрөгийн нөхөн татвар, 1,459,813,293.80 төгрөгийн торгууль, 958,196,795,60 төгрөгийн алданги, нийт 6,898,140,082.10 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Дээрх шийтгэлийн хуудсаар ногдуулсан 4,480129,992.70 төгрөгийн нөхөн татварын ХХХК хүлээн зөвшөөрч төлсөн байна.

ХХХК нь тооцооллын хувьд маргаагүй бөгөөд шийтгэлийн хуудсаар ногдуулсан 1,459,813,238.80 төгрөгийн торгууль, 958,196,795.60 төгрөгийн алданги, нийт 2,418,010,089.40 төгрөгийн төлбөрийг хууль тогтоомжийн дагуу ногдуулаагүй гэж Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргажээ.

Уг гомдлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хэлэлцээд 14 тоот тогтоолоор Татварын улсын байцаагчийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0310760 тоот шийтгэлийн хуудсаар ногдуулсан торгууль, алдангийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагч нар ХХХК нь хуулиар тогтоосон хугацаандаа татвараа төлөөгүй гэх үндэслэлээр 2016 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар ногдуулсан 4,703,586,939.40 төгрөгийг хуульд заасан хугацаандаа төлөөгүй зөрчилд 115,774,296.10 төгрөгийн торгууль, 62,170,797.00 төгрөгийн алданги оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйл Зөрчлийн тухай хууль үйлчлэх нутаг дэвсгэр, хугацаа-ийн 3-т Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, алдангийн арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж заасны дагуу тухайн үед мөрдөж байсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд Татварыг хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу дээрх торгуулийг ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн алдангийг оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд Зөрчлийн тухай хууль үйлчлэх нутаг дэвсгэр, хугацаа -ийн 3 дугаар Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж заасны дагуу тухайн үед мөрдөж байсан Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын 74 дүгээр зүйл Төлөөгүй татварт ногдуулах алданги-ийн 74.1 дүгээр Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна гэж заасны дагуу алдангийн хэмжээг тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн Татварын ерөнхий /2008 оны/ хуулийн 18 дугаар зүйлийн 18-1д Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ, 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 18.1.3-д анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах, 18.1.4-д хууль тогтоомжид заасан бусад үүрэг гэж заасныг нэхэмжлэгч зөрчсөн гэх хариуцагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай /2019 оны/ хуульд Татварын ерөнхий хуулиар хяналт шалгалтыг эхлүүлсэн бол уг хяналт шалгалтыг 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн дагуу үргэлжлүүлэн, хянан шийдвэрлэх-ээр тус тус хуульчилсан байна.

Хяналт шалгалтыг Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргаас олгосон 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 21190500113 дугаар томилолтын дагуу ХХХК-ний 2016-2018 онуудын татварын ногдуулалт, төлөлтийн байдалд санхүүгийн иж бүрэн хяналт шалгалтыг хариуцагч нар хийж 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шийтгэл ногдуулсан байна.

Дээрх шийтгэлийг ногдуулахдаа Татварын ерөнхий хуулийн /2008.05.20/-ны өдрийн хуулиар хянан шийдвэрлэж, татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна гэж заасны дагуу алдангийг 20 хувиар ногдуулсан нь үндэслэлтэй байна.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дохь хэсэгт татварыг хугацаанд нь төлөөгүй бол...хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэж, хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн торгууль ногдуулахаар хуульчилсан байх бөгөөд татварын улсын байцаагч шийтгэлийн хуудсаар нийт 115,774,296.10 төгрөгийн торгууль ногдуулсан нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт...зөрчил үйлдсэн...хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл,...төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ, мөн зүйлийн 4 дэх хэсэгт ...оногдуулах шийтгэл,...хөнгөрүүлсэн,...хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасны дагуу шийтгэл ногдуулсан нь гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байна.

Иймд гомдол гаргагч ХХХК-ийн гаргасан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0310760 дугаар шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1,459,813,293.80 төгрөгийн торгууль болон 958,196, 795.60 төгрөгийн алданги нийт 2,418,010,089.40 төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг хууль бус болохыг тогтоож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6 дахь заалтад заасны дагуу маргаан бүхий захиргааны актын торгууль, алдангийн хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106 дугаар зүйлийн 106.3.14 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Татварын ерөнхий хууль /шинэчлэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын

тухай хуулийн 3 дугаар зүйл, Татварын ерөнхий /хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 4 дах хэсэг мөн хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2, 2 дах хэсэгт заасныг баримтлан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 210310760 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай ХХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

  1. 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар

зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар

зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ