Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/974

 

 

 

 

 

 

 

 

2022           10          14                                 2022/ШЦТ/974

 

 

                          

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Шүүгдэгч Ө.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цд холбогдох эрүүгийн 220901131377 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, ах, дүү, хүүхдийн хамт, .......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ................

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Ө.Ц нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “И ББСБ” ХХК-ийн борлуулалт үйлчилгээний ажилтнаар ажиллаж байх хугацаандаа 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хооронд зээл авахаар ирсэн хүмүүсийн мэдээллийг ашиглан “И ББСБ” ХХК-иас 8,419,067 төгрөгийн зээл гаргаж хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Уг хэрэгт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатараас 2022 оны 9 дугаар сарын 14-ний өдөр 829 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн 2209011131377 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

            Улсын яллагч Ц.Гэрэлбаатараас: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгч Ө.Цгээс: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хохирлыг бүрэн төлж барагдуулсан, дахин ийм хэрэг үйлдэхгүй байж чадна гээд хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй, хөнгөн ял хариуцлага оногдуулж өгнө үү” гэжээ.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ө.Ц нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “И ББСБ” ХХК-ийн борлуулалт үйлчилгээний ажилтнаар ажиллаж байх хугацаандаа 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хооронд зээл авахаар ирсэн хүмүүсийн мэдээллийг ашиглан “И ББСБ” ХХК-иас 8,419,067 төгрөгийн зээл гаргаж хувьдаа завшсан хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

-Хохирогч Х.Мийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор болон гэрчээр өгсөн...Манай байгууллага нь Өлзийбал овогтой Цг 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс борлуулалт үйлчилгээний гэрээт ажилтан албан тушаал дээр ажиллуулахаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллуулж эхэлсэн. Ө.Ц нь манай байгууллагад ажиллаж байх хугацаандаа “Чулуун овоо салбарын Авто Плаза гэрээт төв” болон бусад салбаруудад харилцагчийн зээлийн эрхийг тоггоох, цахим төлбөр тооцоо үйлчилгээний гэрээ болон зээлийн гэрээ байгуулах, чиг үүргийн дагуу гэрээний бүрдлийг хавсаргах ззрэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг байсан. Чиг үүргийн хүрээнд харилцагчдаас мэдээлэл авах, зээлийн гэрээ байгуулах хүсэлтэй харилцагчидтай гэрээ байгуулах атал “зээлийн эрх хангахгүй байна, танд манай байгууллагаас зээл гаргах боломжгүй байна” гэх шалтгаанаар гэрээ байгуулахаас татгалзаж харилцагчдыг явуулдаг. Уг харилцагчид явсны дараа тэдгээрийн мэдээллийг ашиглан зээл авч, өөрийн данс руу шилжүүлж авсан байна. 2021 оны 10 дугаар сарын 05-наас 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд 8 удаагийн үйлдлээр нийт 1,727,000 төгрөг, хамгийн сүүлийн байдлаар нийт 8,419,067.87 өөртөө авсан байна. Одоо Ө.Ц нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байх явцдаа дахин зээл авч манай байгууллагад хохирол учруулаад байгаа учир Ө.Цг баривчлуулж хорьж шалгуулах хүсэлтэй байна. Тэгэхгүй бол Ө.Ц нь манай компанийн эрхэд нэвтэрч бусдын нэрээр зээл авч ашиглан байгууллагад хохирол учруулаад байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15, 17-19 дүгээр тал),

-Нэр бүхий харилцагчдын зээлийн дансны хуулгууд (хавтаст хэргийн 40-75 дугаар тал),

-Дотоод аудитын “2022 оны 3 дугаар сард хугацаа хэтэрсэн харилцагчидтай холболт хийх явцад зөрчил илэрсэн ба зээлийн хугацаа хэтэрсэн харилцагч нь зээлийн эрх тогтоолгох, зээлийн гэрээ байгуулахаар түр цэгт очиход “Зээлийн эрх тогтоогүй зээл авах боломжгүй гэсэн учраас зээл аваагүй, зээл аваагүй тул хугацаа хэтэрсэн байх боломжгүй” гэх мэдээлэл ирснийг үндэслэн зээлийн гэрээ байгуулсан гэрээт ажилтны үйл ажиллагаанд шалгалт хийлээ. Тус шалгалтаар Ө.Цгийн банкны харилцах данснаас байгууллагын данс руу орсон орлого болон зарлагын гүйлгээг хянахад дараах зөрчлүүд илрэв. ... Дээрх зээлдэгч нарын зээлүүдийн хэтэвчийн дансны хуулгаар гарсан гүйлгээнээс харахад гэрээт ажилтан Ө.Ц нь нийт 6.7 сая төгрөгийн шилжүүлэг хийгдсэн нь нотлогдож байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 76-77 дугаар тал),

-Хөлсөөр ажиллах гэрээний хуулбар (хавтаст хэргийн 78-82 дугаар тал) зэрэг нотлох баримтууд болно.

 

“Залилах” гэмт хэргийг бусдыг хуурах эсхүл баримт бичиг, эд зүйл цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах эсхүл нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар хохирогчийн эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авахыг ойлгох бол Хөрөнгө завших” гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.

 

Өөрөөр хэлбэл, залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурах болон бусад аргыг хэрэглэн хохирогчийг төөрөгдөлд оруулж, түүнээс шууд эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан байхыг, “завших” гэмт хэрэг нь нэгэнт өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эрхийг өөртөө хариу төлбөргүйгээр нэг мөсөн шилжүүлэн авсан байхыг шаарддаг.

 

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчлөлийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Ө.Цгийн дээрх үйлдэл нь “И ББСБ” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг эзэмшиж ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар өөртөө шилжүүлэн авсан байна.

 

Шүүгдэгч Ө.Цгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцсэн, хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Ө.Цг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Хохирогч байгууллага болох “И ББСБ” ХХК-д учруулсан 8,810,815.4 төгрөгийн өрийг барагдуулсан болох нь тухайн байгууллагын тодорхойлолтоор тогтоогдож байх тул шүүгдэгч Ө.Цгээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ө.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “шүүгдэгч Ө.Цгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан бол шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ө.Цг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэдийгээр шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 98 дугаар тал)-аар нотлогдож байгаа боловч итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг өөртөө завших нь хууль бус гэдгийг мэдэж ухамсарласан байдаг учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд хамаарахгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Ө.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгчид оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн тус хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Цг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Ө.Ц нь оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар тэнссэн хугацаанд ялтан Ө.Ц нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Шүүгдэгчийг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Ө.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн  төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                                           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН