| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2018/0412/И |
| Дугаар | 649 |
| Огноо | 2018-10-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 649
С аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С аймгийн Н сумын 13 дугаар багт оршин суух, М овогт М.М-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С аймгийн 4 дүгээр багт байршилтай, Р.Б ҮЦК ХХК-нд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.М, хариуцагч байгууллагын захирал К.А /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Р.Б үнэт цаасны компанид тушаасан 63000 ширхэг хувьцааны эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай.
Нэхэмжлэгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Б ХХКомпани нь 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 52090 захиалгын гэрээгээр Эрдэнэт концерэнд хувь нийлүүлэх дараах серийн дугаартай хувьцааг хүлээж авсан болно. Үүнд: 02058510, 02058591, 02058593, 02054985, 02058509, 02058504, 02058589, 02058590, 02058508 эдгээр хувьцааг тус тус хүлээлгэн өгсөн болно.
63000 ширхэг хувьцааг аль компанид нийлүүлсэн тухай Р.Б брокерийн пүүсийн захирал К.Б-аас аль пүүст нийлүүлснийг олж өгнө үү гэж удаа дараа шаардсан боловч “Манайх хариуцахгүй, бид мэдэхгүй” гэж хариу өгснөөр, Улсын санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргасан боловч 63000 ширхэг хувьцаагаа Хувийн ХКомпанид байхгүй болохыг 2018 оны 3 дугаар сарын 30-нд 9/1640 тоотоор хариу өгсөн болно.
Иймд С аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс хүсэх нь: Н сумын Р.Б үнэт цаасны компанид тушаасан 63000 ширхэг хувьцааны эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.М шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ: Би 1994 оны 12 дугаар сарын үед 9 хүний хувьцаа авсан. А-ийн эцэг нь К гэдэг хүн байсан. Би К гуайн зөвлөснөөр хувьцааг өөрийн нэр дээр буулгасан. Ингэхдээ 1 хүний хувьцааг 3000 төгрөг буюу 27.000 төгрөг тушаасан. Тухайн үед Б гэдэг хүн ажиллаж байсан. Тэр үед Эрдэнэт концернд өгсөн байсан. А-ийн эцэг нь надад “энэ нь одоохондоо арилжаанд ороогүй, яваандаа орох байх, тушаачих” гэж зөвлөж хэлсэн. Үүний дараа хэдэн жилийн дараа К гэдэг хүн талийгаач болсон.
Эрдэнэт концерн удаан хугацаанд арилжаанд ороогүй, тэр хэвээрээ байгаа. Би энэ талаар удаа дараа очиж асуухад “арилжаанд ороогүй, хувьчлалд ороогүй, болоогүй” гэх хариу өгдөг байсан. Би хувьцаагаа өөр компанид нийлүүлэх үү гэхэд К гуай “хэрэггүй, шилжүүлээд хэрэггүй, яваандаа ашиг гарна, чи ашгийг нь үзэхгүй ч гэсэн чиний хүүхдүүд чинь ашгийг нь үзнэ” гэж хэлсэн. Би нэг хүнээс байнга очиж асуудаг байсан ба тэр хүн нас барсан. Тэрээр “арилжаанд ороогүй, хүлээж байгаарай, та яасан их яардаг юм бэ” гэж хэлсэн. Би Эрдэнэт концерн руу шилжүүлсэн хувьцааг Их дэлгүүр лүү шилжүүлмээр байна” гэж асуухад “тэр арилжаанд орохгүй болсон” гэж хэлсэн. 2000 он гаргаад байх, би огноог нь сайн санахгүй байна.
Би “Их дэлгүүр, Говьд хувьцаа нийлүүлсэн байна уу, шалгаад өгөөч, би данс нээлгэмээр байна” гэхэд “миний нэр дээр хувьцаа байхгүй байна, бусад хувьцаа чинь байхгүй байна, ороогүй байна” гээд нэг хүний нэр дээр хувьцааны дансыг гаргаж өгсөн. Үүнээс хойш хувьцааны араас асууж сурагласаар байтал 20 жил болж байна. Би Улаанбаатар хотод 2 удаа очиж К.А-тай уулзаж байсан. К.А надад “хувьцаа байхгүй байна, та хувьцаа худалдаж авсан иргэдийнхээ регистрийн дугаарыг олж өг” гэж хэлсэн. Би түүний хэлснээр регистрийн дугаарыг нь олж өгсөн. Би хувьцаа авахдаа мөнгө төгрөгийг тушаагаад өөрийнхөө нэр дээр буулгаж авсан баримт байгаа. Энэ талаар К.А мэдэж байгаа. Би бичиг баримтуудаа К.А үзүүлж байсан. харилцах дансны дэлгэрэнгүй хуулгуудыг холбогдох газруудаас гаргуулж авсан. Би уг асуудлын араас олон хүнээс асууж явсан. Улаанбаатарт 2 удаа очиж К.А-тай хүртэл уулзаж байсан. Сүүлд нь хувьцаа алга болсон. Би хувьцааг өөрийнхөө нэр дээр буулгаж авсан. Хүмүүсээс худалдаж авсан хөрөнгө маань алга болсонд харамсаж байна. Р.Б ҮЦХ-ны ажилчдаас хувьцааны талаар асуухад “1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 12 цагаас хойш тасалбар болсон ба арилжаанд ороогүй” гэх хариу хэлдэг. Гэтэл 1996 оны 03 дугаар сарын үед тушаасан хүний хувьцаанууд нь арилжаанд ороод ашиг хүртэж байгаа. Гэтэл 1994 онд тушаасан хувьцаа яагаад арилжаанд ороогүйг мэдэхгүй байна.
Сүүлд хариуцагч байгууллага хайхрамжгүй хандаад надад хариу өгөхгүй болсон. Улсын Их Хурлын өргөдлийн байнгын хороо, Санхүүгийн зохицуулах хороонд хүртэл хандаж өргөдөл өгсөн. К.А надад саяхан “чи яагаад өргөдөл бичдэг юм бэ, наадах чинь алга болчихсон, олдохгүй байна, бидэнд ол гэж байна” гэж хэлсэн. К.А намайг “өргөдлөө буцааж ав” гэж хэлсэн ч би өргөдлөө буцааж аваагүй. К.А надад “байгууллагын нэр төрд халдаад хуулийн байгууллагад өгөөд гэхээр нь би “хуулийн байгууллагад өгөөгүй, өгвөл одоо өгнө” гэж хэлсэн. Би К.А-д гомдлоо хэлсэн. Тухайн үед С аймаг 150000 мянган хүн амтай байсан байх. 150000 төгрөгийн хувьцаа тараагдсан байх. 100000 гаруй хүн хувьцаагаа тушаасан байх. Дээрх иргэдээс серийн дугаараар хайж өгөхийг К.А-аас удаа дараа хүссэн. Надад “авсан хүмүүсийн нэр дээр тараачихсан байх” гэж хэлсэн. Гэхдээ би хувьцаа байгаа байх гэж бодож байна. Серийн дугаараар хувьцаа заавал олдоно. Тухайн үед надад “арилжаанд ороогүй байна, зогсоосон” гээд надад буцаагаад өгчихсөн бол би өөрөө зохицуулах байсан. Би хувьцаа ч байхгүй, хөрөнгөөрөө хохирч байна. Надад өгсөн зөв хариу ч байхгүй. Би арилжаанд оруулах эсэх асуудлыг хариуцахгүй. Би хувьцаагаа тушаасан тухайн үед ажиллаж байсан хүн эсэн мэнд байна. Тухайн үед тушаасан байгууллага одоо хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Би тухайн байгууллагаас болж хохирч байна. Иймд шударга шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна. Би хариуцагч К.А-г сайн танина.
Би шүүхээс миний 63000 ширхэг хувьцааг миний нэр дээр буулгаж өгөхийг хүсэж байна. Би хувьцааны ашгийн талаар ярихгүй байна. Би хувьцааны өмчлөгчөөр тогтоож өгөхийг хүсэж байна. 63000 ширхэг хувьцааны эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү. Р.Б хувьцаат компанид бүртгэлтэй миний нэр дээр байгаа 63000 ширхэг хувьцааг эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Р.Б ҮЦК ХХК-ны захирал К.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Юуны түрүүнд тухайн үед Монгол улсын иргэн бүрт 7000 төгрөгийн эрхтэй цэнхэр тасалбарыг Өмч хувьчлалын комиссоос тараасан ба тухайн тасалбар нь өөрийн гэсэн нэг л сери дугаартай байсан бөгөөд иргэд 7000 төгрөгт 1. Мал худалдан авах, 2. Хөрөнгийн Бирж ТӨХК-д бүртгэгдэхээр төлөвлөж буй олон нийтэд хувьцаагаа санал болгох 400 гаруй Хувьцаат компанид хувь нийлүүлэх эрх авсан. Хувьцаанд хувь нийлүүлэхдээ тухайн иргэн Хөрөнгийн Биржийн салбар нэгжүүдэд хандаж аль Хувьцаат компанид хувь нийлүүлэх эсэхээ шийдвэрлэж брокерт даалгавар өгөх ба тус даалгаврын дагуу брокер нь Хөрөнгийн Биржид бүртгэл хийлгэж байв.
2. Манай компани нь тус харилцагчийн 02-058510, 02-058591, 02-058593, 02-054985, 02-058509, 02-058504, 02-058589, 02-058590 болон 02-058503 тоот серийн дугаартай ХОЕБ-ийг 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүртгэн баталгаажуулж иргэн М овогтой М.М-ын хүсэлтийн дагуу Эрдэнэт концерн компанид хувь нийлүүлэхээр захиалга өгч даалгаврын гэрээ байгуулан тус харилцагчид нэг хувийг хүлээлгэн өгсөн байна.
Гэвч Эрдэнэт концерн компани нь Монголын Хөрөнгийн Биржийн бүртгэлд ороогүй ба арилжаалагдаагүй учраас иргэд хувь эзэмших боломжгүй болсон ба энэ талаарх мэдээлэл тухайн үед олон нийтэд мэдээллийн хэрэгслүүд болон тус компанийн бүх харилцагчдад мэдэгдэж байсан.
Таван богд ҮЦК-ийн хувьд тухайн салбарын хууль тогтоомж болон Санхүүгийн зохицуулах хорооны байнгын хяналт дор үйл ажиллагаа явуулдаг зохицуулалттай хуулийн этгээд бөгөөд харилцагчийг нэрийн өмнөөс, түүний даалгавраар үнэт цаас худалдах, худалдан авахтай холбоотой зуучлалын үйлчилгээ, гэрээний үндсэн дээр эрхэлдэг билээ.
Иймд тус компани нь тухайн үед иргэдийн даалгаврын дагуу хүсэлтийг Монголын Хөрөнгийн биржид хүргүүлэн бүртгүүлэх арга хэмжээг хөнгөн шуурхай, эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгжүүлж байсан боловч иргэдийн өмнөөс дур мэдэн шийдвэр гаргах эрх, үүрэг компанид хуулиас олгогдоогүй байсныг анхаарна үзнэ үү. Түүнчлэн, хувь нийлүүлэх ажиллагаа 1994 оны 12 дугаар сарын 31-нээр тасалбар болон дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль эрх зүйн боломжгүй болно гэжээ.
Хариуцагч Р.Б ҮЦК ХХК-ны захирал К.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч манай байгууллагад удаа дараа хандаж байсан. Бид нар өргөдлийг шалгаад хариу өгч байсан. Нэхэмжлэгч Эрчим С ХК-ны хувьцааг авсан. Хүмүүсээс худалдаж авсан гэх хөрөнгө оруулалтын эрхийн бичгийг өөрт нь даалгаврын гэрээ буюу хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн баталгаажуулаад өгсөн байна. Хувьцаа, цэнхэр тасалбар гэдэг нь өөр өөр байгаа. Цэнхэр тасалбар гэдэг нь Монгол улсын иргэнд бүрт өгсөн. Хөрөнгийн биржийн бүртгэлд ороогүй. Иймд иргэн бүр хувьцаа эзэмшиж чадаагүй. Нэхэмжлэгчийг эрхийн бичгийн эзэмшигч нь мөн болохыг тогтоолгохыг хүсэж байна гэж ойлгож байна. Бүх эрхийн бичгийн гэрээнд тамга дараад нэхэмжлэгчийн өөрт нь олгосон. Миний ойлгож байгаагаар нэхэмжлэгч эрхийн бичиг минийх мөн гэдгийг баталж өгөөч гэх хүсэлттэй байгаа гэж ойлгож байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигч нарын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.М нь Р.Б үнэт цаасны компанид тушаасан 63000 ширхэг хувьцааны эзэмшигч мөн болохыг тогтоож өгөхийг хүссэн байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ Р.Б ХХК нь 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 52090 дугаартай захиалгын гэрээгээр Эрдэнэт концернд хувь нийлүүлэхээр 02058510, 02058591, 02058593, 02054985, 02058509, 02058504, 02058589, 02058590, 02058508 серийн дугаартай хувьцааг хүлээн авсан боловч уг хувьцааг ямар компанид нийлүүлсэн болох нь тодорхой бус байх тул тухайн хувьцаануудын эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагчаас 02058510, 02058591, 02058593, 02054985, 02058509, 02058504, 02058589, 02058590, 02058508 серийн дугаартай хөрөнгө оруулалтын эрхийн бичгийг хүлээн авсныг болон Эрдэнэт концернд хувь нийлүүлэхээр даалгаврын гэрээ байгуулсан асуудалд маргаагүй байна.
БНМАУлсын Өмч хувьчлах тухай 1991 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулийн 2 дугаар зүйлд Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг, түүнийг эзэмшигчийн эрхийн талаар зохицуулсан бөгөөд мөн хуулийн 2 дугаар зүйлийн 1-д Хөрөнгө оруулалтын эрхийг бичиг (цаашид "эрхийн бичиг" гэх)-ийг энэхүү хууль хүчин төгөлдөр болсон өдөр болон түүнээс өмнө төрсөн БНМАУ-ын иргэн нэг удаа авах эрхтэй, 2 дугаар зүйлийн 2-т Эрхийн бичигт нь хувьчлах эд хөрөнгийг худалдан авах, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж авах эрхийг тус тусад нь тодорхойлсон байх бөгөөд түүнийг БНМАУ-ын төрийн өмчид байгаа үндсэн хөрөнгөөр баталгаажуулна гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч М.М нь нэг бүрийн 7000 төгрөгийн үнэтэй 9 ширхэг хөрөнгө оруулалтын эрхийн бичгийг Эрдэнэт концернийн хувьцааг худалдан авахаар захиалга өгсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна. Ийнхүү даалгаврын гэрээ байгуулагдсан боловч М.М-ын шилжүүлэн өгсөн хөрөнгө оруулалтын эрхийн бичиг нь үйлдвэрийн газрын хувьцааг худалдан авах эрх нь төрийн өмчид байгаа үндсэн хөрөнгөөр баталгаажуулагдсан нь тодорхой бус байх тул хувьцаа эзэмшигч гэж үзэх боломжгүй байна. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 9/2204 дугаартай иргэн М.М-д хаягласан албан бичгээс үзэхэд 02058510, 02058591, 02058593, 02054985, 02058509, 02058504, 02058589, 02058590, 02058508 серийн дугаартай хөрөнгө оруулалтын эрхийн бичгүүдийг төвлөрсөн хадгаламжийн мэдээллийн сангаас хайлт хийхэд ямар нэгэн үнэт цаас бүртгэгдээгүй талаар дурдсан байна.
Олон нийтэд үнэт цаасаа санал болгон гаргаж нээлттэй болсон хувьцаат компани, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагад хувьцаагаа бүртгүүлсэн хаалттай хувьцаат компаниудын хувьд тэдгээрийн үнэт цаасны бүртгэл албан ёсоор үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагад бүртгэгдэх замаар хувьцаа эзэмшигчийн өмчлөх эрх болон бусад эрх баталгааждаг тул нэхэмжлэгчийн Р.Б ХХК-д 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 52090 дугаартай даалгаврын гэрээгээр хүлээлгэн өгсөн 02058510, 02058591, 02058593, 02054985, 02058509, 02058504, 02058589, 02058590, 02058508 серийн дугаартай хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр ямар нэгэн компанийн хувьцааг худалдан авч эзэмшигчээр бүртгэгдэж баталгаажуулагдаагүй байх тул хувьцаа эзэмшигч гэж үзэх боломжгүй байна. Нэхэмжлэгчээс хувьцаа эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан тул уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн болно.
Иймд нэхэмжлэгч М.М-ын Р.Б компанид тушаасан 63000 ширхэг хувьцааны эзэмшигч мөн болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Р.Б ҮЦК ХХК-ийн төлөөлөх эрх бүхий этгээд нь Улаанбаатар хотод оршин суудаг боловч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр хуулийн этгээдийн албан ёсны хаяг нь С аймгийн Н сумын 4 дүгээр баг байх ба энэ хаягт үйл ажиллагаа явуулдаг нь тогтоогдсон тул тухайн шүүх харьяаллын дагуу шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.М-ын Р.Б үнэт цаасны компанид тушаасан 63000 ширхэг хувьцааны эзэмшигч мөн болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор С аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.М