Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/989

 

 

 

 

 

 

 

 

2022           10          21                                 2022/ШЦТ/989

 

 

                               

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин,

Улсын яллагч Ж.Энхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Үнэнсайхан,

Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бт холбогдох эрүүгийн 2203004040443 дугаартай хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ........... оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 493 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 50,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ............../.

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.Б нь 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 21 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг, Бэлхийн захын хойд замд “Тоёота ............улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 23.4. “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас машинд суух гэж байсан зорчигч Д.Эийг сууж амжаагүй байхад нь хөдөлгөөнөө эхлүүлэн унагаан 4 метр газар чирч эрүүл мэндэд нь “хүндэвтэр” хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2203004040443 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Ж.Энхжаргалаас: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн тул улсын яллагчийн саналын хүрээнд эрүүгийн хариуцлагыг оногдуулах байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Үнэнсайханаас: “Шүүгдэгч үйлдсэн гэм буруутай үйлдлээ ойлгон ухамсарлаж байгаа, тиймээс хэргийг хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх саналыг гаргасан. Эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно. Хэргийн материалаас уншиж судлах нотлох баримт байхгүй” гэжээ.

Шүүгдэгч О.Б: “Үйлдсэн хэргийн талаар мэдүүлэг гаргахгүй, гэм буруугаа ойлгож ухамсарлаж байна, хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч О.Б нь 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 21 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг, Бэлхийн захын хойд замд “Тоёота ............улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас машинд суух гэж байсан зорчигч Д.Эийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь дараах бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 05-13 дугаар тал),

-Хохирогч Д.Эийн “...Миний хувьд өмнө гэрчээр хууль сануулж мэдүүлэг авахад ослын талаар мэдэх зүйлээ хэлж өгсөн. Одоо тэр асуудлын талаар бодохоор айдас хүрээд байна, өөр хэлэх зүйл байхгүй, тэр жолоочийн хувьд зорчигч нарыг тээврийн хэрэгсэлдээ суулгаад аюулгүй болсон байна гэсний дараа хөдөлгөөнөө эхлэх ёстой байтал намайг суулгаж дуусаагүй, машины хаалга онгорхой байхад огцом хөдөлж намайг чирч миний биед гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар тал),

-Хохирогч Д.Эийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн “...Бэлхийн хуучин эцсийн автобусны буудлын орчимд зогсож байхад уг машин ирж зогссон, ингээд манайхан бүгд суух үед манай зээ охин машины баруун хойд талын хаалгыг онгойлгоод намайг суулгах гээд бариад зогсож байх үед би машинд суух гээд зүүн хөлөө уг машин руу оруулаад суух гэтэл гэнэт нөгөө машин хөдөлсөн. Тэр машин намайг 4-5 алхам газарт чирсэн. Тэгээд манай хэд хашгирч байх үед нөгөө машин зогссон. Тэгээд тэр машинтайгаа шууд гэмтлийн эмнэлэг рүү явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар тал),

-Гэрч Н.Оийн “... 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр баяр наадмын өдөр байсан, ...такси барих гээд зогсож байсан чинь нөгөө осол гаргасан машин тэр орчимд зогсож байгаад өөр 2 хүнийг суулгаад хөдлөх шиг болсон, тэгж байснаа нөгөө 2 хүнийг буулгаад бид нарын хажууд ирээд зогссон, манай ах Эрдэнэцогт машины зүүн урд суусан, би Тэргэлийг дагуулаад машины зүүн хойд талын хаалгыг онгойлгоод сууж байсан. Харин манай ээж цаана тусдаа такси барих гээд зогсож байсан учраас ээжийг дуудаад манай охин Н машины баруун хойд талын хаалгыг бариад зогсож байсан, ээж маань явж ирээд машинд зүүн хөлөө тавьж хагас орсон байдалтай байх үед нөгөө жолооч гэнэт огцом хөдөлж ээжийг минь чирч явсан, бид нар бөөндөө орилж тэр жолоочийг зогсоосон. Ингээд ослын газраас шууд хөдлөөд ГССҮТөв рүү жолоочийн хамт явсан. Замдаа 2 хүүхдээ буулгасан. ГССҮТ-д очоод үзүүлж улмаар тэнд байх цагдаад мэдэгдэж дараа нь эмнэлэгээс гараад шөнө очиж хэмжилт хийсэн юм. Ингээд цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн юм. Тухайн осол гарсны дараа жолоочоос “та яаж байгаа юм бэ” гэхэд “уучлаарай, та нар ээжийгээ түрүүлээд суулгахгүй яасан юм бэ” гэж хэлж байсан. Мөн “би анзаарсангүй, та нарыг бүгдээрээ суусан байх гэж бодсон” гэж хэлж байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар тал),

-Насанд хүрээгүй гэрч Э.Нгийн “...Харин би машины баруун хойд хаалгыг онгойлгоод эмээгээ дуудаж суулгах гээд хаалгыг онгойлгон зогсож байтал эмээ ирээд суух гээд зүүн хөлөө машины жолоочийн хойд суудлын тэр орчим руу гишгэсэн чинь нөгөө жолооч сууж амжаагүй байхад нь хөдлөөд манай эмээг 3-4 метр газарт чирч явсан. Бид нар бөөндөө орилсон чинь нөгөө жолооч зогссон. Тэгээд эмээгээ газраас босгож улмаар шууд ГССҮТөв рүү жолоочийн хамт явсан. Би дүүгээ аваад замдаа гэрийн гадаа буусан түүнээс цааш юу болсныг мэдэхгүй байна. Сүүлд сонссон, манай хэд ГССҮТ-ийн цагдаад мэдэгдэж дараа нь замын цагдаа нар ирсэн гэж сонссонгэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “1.Д.Эийн биед баруун өвдөгний үений гадна жийргэвч, арын чагтан холбоосын урагдал, зөөлөн эдийн няцрал, урд чагтан холбоосын суналт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн 9907 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 37-38 дугаар тал),

-Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “Хариулт 3. Улсын дугаарын гэрэл асахгүй байгаа нь тухайн зам тээврийн осолд нөлөөлөхгүй. Зүүн талын ойрын гэрэл тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй байгаа нь тухайн зам тээврийн осолд нөлөөлөх боломжтой. Хариулт 4. Зүүн талын ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй байгаа нь тухайн зам тээврийн осолд үзэгдэх орчин хязгаарлагдах байдлаар нөлөөлөх боломжтой” гэх 999405 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 44-48 дугаар тал),

Мөрдөгчийн “...1.Явган зорчигч Дашдондог овогтой Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 2.Т.Приус-20 .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Орсоо овогтой Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх. 10.1.Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, /зогсохдоо/ аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана; мөн дүрмийн 23.Хүн тээвэрлэх. 23.4.Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэх 893 дугаартай магадлагаа (хавтаст хэргийн 49-50 дугаар тал) зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч О.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангиллын эрхтэй болох нь хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллийн хуулбар /жолооны үнэмлэхний дугаар-978303/ (хавтаст хэргийн 69 дүгээр тал)-аар нотлогдож байгаа тул түүнийг В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч гэж үзнэ.

Осол гарах үндсэн шалтгаан нь шүүгдэгч О.Бын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “10.Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх. 10.1.Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, /зогсохдоо/ аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана; мөн дүрмийн 23.Хүн тээвэрлэх. 23.4.Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч О.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчихдөө бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсаны улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү гэмт хэргийг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо объектив болон субьектив шинжүүдээс гадна бусдын эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Тодруулбал, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгч О.Бын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

 

Уг зам тээврийн ослын улмаас хохирогч Д.Эийн биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 9907 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дугаар тал)-ээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

 

Хохирогч Д.Э нь Тээврийн прокурорын газарт “миний бие О.Баас эмчилгээний зардал болох 700,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авлаа. Одоо гомдол санал байхгүй. Эрүүгийн хариуцлага оногдуулахгүй байх талаас нь шийдвэрлэж өгнө үү, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэх хүсэлтийг гаргасан байна. Тиймээс шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан байна гэж дүгнэн шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогч нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролтой холбоотой зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: Шүүгдэгч О.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч О.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгч О.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж,  шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О. Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

6. Шүүгдэгч О.Б нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хохирогч цаашид гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН