Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/995

 

 

 

 

 

 

 

 

2022           10          25                                 2022/ШЦТ/995

 

 

 

                          

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

Улсын яллагч С.Болорзул,

Хохирогч С.Өийн өмгөөлөгч Л.Нинжбат,  

Шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зт холбогдох 2109017590960 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт ............ тоотод оршин суудаг хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ................1/.

 

Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Б.З нь 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дзвсгэрт байрлах ........ орчимд хохирогч С.Өийн хаясан “Айфоне 12 про макс” загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 2,780,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн 2109017590960 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

            Улсын яллагч С.Болорзулаас: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг, эд мөрийн баримтаар тооцогдсон Сиди-г шинжлэн судалж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

            Хохирогч С.Өийн өмгөөлөгч Л.Нинжбатаас: Улсын яллагчийн шинжлэн судлуулах нотлох баримтууд давхцаж байна. Тиймээс давхардуулан шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй. Хохирогчийн хохирлыг нөхөн төлүүлэх байр суурьтай оролцохоо тус тус илэрхийлсэн болно.

Шүүгдэгч Б.Заас: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэдгээ илэрхийлэв.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.З нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд “Би тухайн өдөр машинаас буухдаа өөрийнхөө гар утсаа газар унагаасан бөгөөд тонгойж гар утсаа авсан. Түүнээс биш хохирогч гээд байгаа хүний гар утсыг олж авсан зүйл байхгүй. Намайг энэ хэрэгт буруутгаж байгаад гомдолтой байна. Мөн хяналтын камерийн бичлэгт хохирогч нь өөрийн гар утсыг хэрэггүй мэт шидэж хаяж байгаа бичлэг байна. Тэгэхээр утсаа зориуд хаяж байгаа болохоос гээгдүүлсэн гэж үзэх боломжгүй” гэх утга агуулга бүхий мэдүүлгийг гаргаж мэтгэлцжээ.

 

Гэвч шүүгдэгчийн энэхүү мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар няцаагдаж байна гэж үзлээ. Үүнд:

 

-Хохирогч С.Өийн “...2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 22- ны шилжих шөнө 01 цаг 10 минутын үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чонон Бөртэ орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ өөрийн Ай фоне 12 Про Макс загварын гар утсаа шидээд явсан байх тул Цагдаагийн байгууллагад хандаж байна. 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хувь хүнээс Ай фоне 12 Про Макс загварын гар утсыг 4,000,000 төгрөгөөр авсан, Алтан шаргал өнгийн, Имай код нь 357061222319049, 357061222361868, рам нь хэд байсан талаар мэдэхгүй, багтаамж нь 128 гб, ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй. Одоо гар утсаа 3,500,000 төгрөгөөр үнэлж байна. Хяналтын камер шүүж үзэх үед би өөрөө rap утсаа гаргаж ирээд шидсэн, удалгүй нэг такси ирээд таксинаас бууж ирж байгаа хүн ...гар утас олоод авч байгаа дүрс бичлэг байсан, орой болсон байсан тул царай нь тод харагдахгүй байсан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд ер нь бол тасарсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дугаар тал),

 

-Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн “...00:50:53-00:50:54-д халимаг үстэй, богино ханцуйтай цамцтай эрэгтэй хүн гар утас бүхий гэрэлтэх зүйл засмал зам руу шидэж байгхх харагдана. 00:50:54-00:51:03-д халимаг үстэй, богино ханцуйтай цамцтай эрэгтэй хүн гар утас бүхий зүйл шидчихээд яваад өгч байгаа дүрс бичлэг байна. ...01:07:05-д халимаг үстэй, богино ханцуйтай цамцтай эрэгтэй хүн гар утас бүхий зүйл шидсэн газарт тээврийн хэрэгслийн гэрэлд гар утас бүхий зүйл гэрэлд ойж харагдах ба тээврийн хэрэгслээс махлаг эрэгтэй хүн бууж ирээд гар утас бүхий зүйлийг аваад саарал өнгийн суудлын тээврийн хэрэгсэлд сууна, тээврийн хэрэгсэлд суух үед уг тээврийн хэрэгсэлд 3-4 хүн харагдана” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 55-61 дүгээр тал) зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Б.З нь 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дзвсгэрт байрлах Чонон Бөртэ орчимд хохирогч С.Өийн хаясан “Ай фоне 12 про макс” загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшиж 2,780,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан хохирогч С.Өийн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дугаар тал), хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 55-61 дүгээр тал), “Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “Ай фоне 12 про макс” маркийн гар утасны үнэлгээ 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2,780,000 төгрөгийн үнэтэй байна” гэх үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 19-20 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

 

Завших гэж гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.

 

Тухайлбал, гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй ба хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулдаг болно.

 

Хэдийгээр хохирогч өөрийн эзэмшлийн Ай фоне 12 про макс гар утсаа шидэж, хаяж байгаа дүрс бичлэг хэрэгт авагдсан байгаа боловч тэрээр өөрийн үйлдлийг ойлгох, ухамсарлах чадваргүй /камерийн бичлэгт гуйвж, дайвсан байдалтай харагдана/, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай /хохирогчийн мэдүүлэгт дурдагдсан байгаа/, утсаа хаясан газрын орчимд дахин ирж зогсож /эрсэн, хайсан байдалтай/ байгаа нь тодорхой харагдаж байна.

 

Дээрхээс дүгнэхэд хохирогчийн өөрийн буруутай үйлдлээс болж тухайн эд хөрөнгө түүний эзэмшлээс гарсан боловч шүүгдэгч Б.Зын хувьд хэн нэгний эзэмшил, өмчлөлийн гар утас гэдгийг мэдэж байгаа, ухамсарласан атлаа өөртөө олж авч, шунахайн сэдлээр өөртөө завших гэсэн гэмт үйлдэл нь завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан тул шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирчээ.

 

Уг үйлдлийн улмаас бусдад буюу хохирогч С.Өт бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд завшсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байхаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ ханджээ.

 

Иймд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан 2,780,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй байх бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс уг мөнгийг гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Прокуророос шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” санал гаргасан, шүүгдэгч ялын талаар хэлэх тайлбар байхгүй” тайлбарыг тус тус гаргасан болно.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн хэмжээ, бусад нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.З нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсан болно.

 

Шүүгдэгчид 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч . Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зыг 260 /хоёр зуун жаран/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.З нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул түүнд урьд авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгчид оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан шууд хохирол 2,780,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Өт олгосугай.

 

7. Шүүгдэгч Б.З нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН