Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
Хэргийн индекс | 185/2022/1001/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1043 |
Огноо | 2022-11-08 |
Зүйл хэсэг | 17.8.1., |
Улсын яллагч | Э.Уранчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1043
2022 11 08 2022/ШЦТ/1043
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,
Улсын яллагч Э.Уранчимэг,
Хохирогч А.З,
Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Уранчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны 5 дугаар сарын 18-ны өдөр .. аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, М.......... оюутан, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын .........0 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, .............../.
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч А.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо Х баарны хажууд иргэн А.Згийн эзэмшлийн “Тоёота Камри” маркийн тээврийн хэрэгслийг хууль бусаар цохиж гэмтээсний улмаас 740,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2.... дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Э.У...ээс: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол;
Хохирогч А.Згоос: “Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгнө. Тухайн өдөр машиндаа сууж байхад энэ залуу согтуу ирээд дугааргүй машинтай явж байна гээд хэрүүл маргаан хийгээд миний машины хаалга, урд гупер, хаалганы цонх зэрэг рүү гар болон хөлөөрөө өшиглөж эвдсэн. Мөн намайг шанаадаж, цохисон, цээж хэсэг рүү өшиглөж цохисон, би гомдолтой байна, гэхдээ нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг гаргаж, хэргийн материалаас уншиж судлуулах нотлох баримт байхгүй гэв.
Шүүгдэгч А.Бээс: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэжээ.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч А.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холливууд” баарны хажууд иргэн А.Згийн эзэмшлийн Тоёота камри маркийн тээврийн хэрэгслийг хууль бусаар цохиж гэмтээсний улмаас 740,400 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
-Хохирогч А.Згийн “...Сүхбаатар дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэр Холливууд баарны хажууд 2022 оны 4 дугээр сарын 22-ны өдрийн өглөөний 07 цаг 44 минутын үед намайг машиндаа сууж байхад үл таних согтуу залуу ирж, дугааргүй машинтай явж байна гэж хэрүүл маргаан хийж, “писда минь, гичий минь, баян писдакууд ингэж давардаг юм” гэх мэтээр доромжилсон. Тэгээд миний Тоёота камри маркийн тээврийн хэрэгслийн хаалга, урд гупер, хаалганы цонх зэрэг рүү гар болон хөлөөрөө өшиглөж эвдэлсэн. Мөн миний зүүн талын хэсэг рүү шанаадаж цохисон, цээж хэсэг рүү өшиглөж цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дугаар тал),
-“Д” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 740,400 төгрөгөөр үнэлэгдэв” гэх үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 31-34 дүгээр тал),
-Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Бичлэгийг эхлүүлэхэд цагаан өнгийн суудлын машины дэргэд хар өнгийн үүргэвч, хар өнгийн гутал өмссөн залуу болон цагаан ханцуйтай хар бомбер өмссөн залуу байх бөгөөд 00:07 секунтэд хар цагаан өнгийн бомбертой залуу Тоёота Камри маркийн машины урд хамар луу өшиглөнө. ...Энэ үед ...машинаас эмэгтэй хүн бууж ирээд цагаан ханцуйтай, хар бомбер өмссөн залуу тухайн эмэгтэйг чиглэн очиж маргалдсан байдалтай зогсоход цагаан маск зүүсэн эмэгтэй уг залууг баруун гараараа алгадахад зөрүүлэн баруун гараараа эмэгтэйг цохино” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 44-47 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Камерийн бичлэгээс үзэхэд шүүгдэгч А.Б нь хохирогч А.Згийн биед халдаж, цохиж байгаа нь дүрслэгдсэн бөгөөд хохирогчид “Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй” гэх (хавтаст хэргийн 35-36 дугаар тал) шинжээчийн 6065 дугаартай дүгнэлт гарсан байна. Тиймээс шүүгдэгчид Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон болох нь тогтоогдож байна.
Эд хөрөнгө устгасан гэдэгт эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй дахин сэргээн засварлахааргүй болгосныг, эд хөрөнгө гэмтээсэн гэдэгт эд хөрөнгөд гэмтэл учруулсан бөгөөд тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг ойлгоно.
Шүүгдэгчийн хувьд хохирогчийн машиныг гэмтээсэн буюу дахин сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байсан гэж үзэж прокуророос хэргийг зүйлчлэн ирүүлсэн нь зөв, тохирсон байна гэж дүгнэлээ.
Эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Энэ үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд хууль бусаар устгасан, гэмтээсэн идэвхтэй үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой.
Хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээгээр хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг 740,400 төгрөгөөр үнэлсэн (хавтаст хэргийн 31-34 дүгээр тал)-ээс үзэхэд хохирогчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж заасан бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байна.
Иймд шүүхээс А.Бийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь хохирогч А.Зд 780,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс хэдийгээр зүй ёсны шаардлагыг хохирогчид тавьсан боловч өөрийн зүй ёсны шаардлагыг хэтрүүлсэн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч А.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч А.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргасан, хохирогч “гомдолтой байгаа, хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү” гэх саналыг, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, өөр хэлэх зүйлгүй” гэх саналыг тус тус гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч А.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хүний эд хөрөнгийг гэмтээх нь санаатай үйлдэл бөгөөд уг үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгө эвдэрнэ гэдгийг мэдэж ухамсарласан байдаг учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд хамаарахгүй юм.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч А.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдав.
Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнд торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч А.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН