Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1044

 

 

 

2022           11          08                                 2022/ШЦТ/1044

 

 

                         

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч Э.Уранчимэг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр /цахимаар/

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .. оны 5 дугаар сарын 10-ны өдөр .. аймгийн ..суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ............. оюутан, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, ............. тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, .................

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны ........тоот өрөөний цонхоор хууль бусаар нэвтрэн орж хохирогч С.Ж, С.С нарын эзэмшлийн 1,248,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг морин хуур хөгжмийг нууцаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн ... дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Э.У.. ээс: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол;

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т...аас: Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй тул түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэдгээ илэрхийлж, хувийн байдлыг нотолсон баримтууд болох хавтаст хэргийн 74-93 дугаар талд авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан;

Шүүгдэгч Б.Дгээс: Хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна, хавтаст хэргээс өмгөөлөгчийн шинжлэн судлуулсан нотлох баримтуудыг давхар судлуулсан болно. 

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоот өрөөний цонхоор хууль бусаар нэвтэрч 2 ширхэг морин хуур хулгайлан авсан үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

-Хохирогч С.Жгийн “...морин хуураа алдчихаад ...... сургуулийн хяналтын камерыг шүүж үзэхэд хэрэг гарсан шөнө 01 цаг 30 минутаас 02 цаг 20 минутын хоорондох хугацааны бичлэг байсан. Цэнхэр куртик, хар бараан өнгийн өмдтэй залуу аваарын шатны гаднах төмрөөр дамжин дээш авирч орой хэсгийн төмрөөр дотогш орж, морин хуур байсан ангийн цонхоор дотогш орсон. 20 орчим минутын дараа нөгөө залуу нэг хуурыг үүрчихсэн, нөгөө хуурыг нь гартаа барьчихсан гарч ирээд дээш авирч буцаад аваарын шатны төмрөөр дамжиж байсан. ...Манай доод курсэд сурдаг Д гэх залуу морин хуурыг үүрээд ирсэн. Ингээд морин хуураа эргүүлж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 122 дугаар тал),

 

-Хохирогч С.Сгийн “...хяналтын камерын бичлэг дээр цэнхэр өнгийн хувцастай эрэгтэй аваарын шатаар дамжин манай өрөөний цонхоор орж хэсэг хуурыг барьж гарч байсан. Тэгээд аваарын шатаар дээш гарсан. Хоёр морин хуурыг маань авч явсан хүүхдийг Д гэдэг. Манай сургуулийн доод курсэд суралцдаг байсан. Фэйсбүүк дээр морин хуур зарна гэсэн зарыг байршуулсан байсан, холбогдож уулзахаар болоод 3-р сургуулийн орчим уулзсан. Уулзах үед Ду гэж дууддаг доод дамжааны залуу найзын маань морин хуурыг үүрээд ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 119-120, 124 дүгээр тал),

 

-Гэрч Д.Гийн “... ...оюутнууд 20 цаг гэхэд тарж явсан байх ёстой байдаг болохоор би тухайн өдөр 19 цаг 30 минутад оюутан хүүхдүүдэд сануулж 20 цагт явсных нь дараа бүх давхрын анги болон цонх цоожилсон эсэхийг шалгасан. Би 3 давхрын ганцаарчилсан ангийн цонхыг өөрөө орж дотор нь хичээллэж байсан оюутнуудад хэлж хаалгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар тал),

 

-Хохирогч С.Жд “бор өнгийн тоглолтын мастер морин хуур болон хатуу гэрийн хамт, мөн улаан шаргал өнгөтэй тоглолтын мастер морин хуур болон хатуу гэрийн хамт” хүлээлгэн өгсөн талаарх тэмдэглэл (хавтаст хэргийн 07 дугаар тал),

 

-“...” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1,248,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 29-30 дугаар тал),

 

-Камерын бичлэгт үзлэг хийсэн “Бичлэгийн 02 цаг 56 минут 31 секунтэд аваарын шаттай байрны 3 давхрын цонхноос хар хөх өнгийн куртиктэй эрэгтэй хүн гарч ирэн аваарын шатан дээр гарч зогсоод буцан 3 давхрын цонхоор дотогш оров. Бичлэгийн 03 цаг 27 минут 10 секунтэд аваарын шаттай байрны 3 давхрын цонхоор аваарын шат руу нуруундаа хар өнгөтэй юм үүрсэн эрэгтэй хүн гарч ирээд 3 давхрын цонх руу эргэж хараад хэсэг хугацаанд зогсож байгаад аваарын шатаар дээш гарав. Аваарын шатны 4 давхраар дээш гарав. Бичлэгийн 03 цаг 47 минут 12 секунтэд аваарын шатны 4 давхраас дотогш нэг эрэгтэй хүн бууж байв. Уг байрны аваарын шатаар дамжин 3 давхрын цонхоор дахин дотогш оров. Бичлэгийн 03 цаг 50 минут 22 секунтэд нуруундаа цайвар өнгийн урт зүйл үүрсэн эрэгтэй хүн цонхоор гарч ирээд аваарын шатаар дээш гарав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 128-131 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийг зүйлчлэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг  гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.

Шүүгдэгч Б.Д бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авсан нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцсэн, хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна.

Мөн шүүгдэгч нь өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн байх тул хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангажээ.

Тиймээс шүүгдэгч Б.Дг “Үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 “Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн хөрөнгийн үнэлгээгээр хохирогч С.Ж, С.С нарын хулгайд алдсан морин хууруудыг 1,248,000 төгрөгөөр үнэлснийг оролцогчдод танилцуулсан бөгөөд үнэлгээний талаар хэргийн оролцогчийн хэн аль нь санал, гомдолгүй, мөн дээрх морин хууруудыг шүүгдэгчийн зүгээс хохирогч нарт биет байдлаар буцаан хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Б.Дгийн “...Б.Д нь миний төрсөн дүү юм. Дүү маань хүмүүстэй нөхөрсөг харилцаатай, ямар нэгэн муухай ааш болон муу зан араншин байхгүй. Хүн болгонтой нийтэч байдаг болохоор найз нөхөд олонтой, амралтын өдрөөр барилга дээр туслахын ажил хийдэг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар тал), ........... суралцдаг талаарх тодорхойлолт, дүнгийн хуудас (хавтаст хэргийн 74-75 дугаар тал), Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байхдаа авч байсан өргөмжлөл, батламж, дурсамж, тэмцээн уралдаанд оролцож байсан шагнал, гэрэл зургийн үзүүлэлтүүд, сурагчийн хувийн хэргийн хуулбар, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 76-93 дугаар тал), Хөвсгөл аймгийн Их-Уул сумын соёлын төвийн дарга Л.Дн “Манай сумын иргэн Бат-Эрдэнэ овогтой Д нь  курсийн оюутан бөгөөд хөгжим бүжиг авьяастай манай байгууллагын гол хамтран ажиллах авьяастан бөгөөд энэ жил манай сум үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ой болох учир арга хэмжээнд оролцуулах хүсэлтэй” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 94 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ.

 

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д нь эцэг, эх, эгч, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Их-Уул суманд оршин суух хаягтай, ... сургуульд хөгжмийн багш мэргэжлээр суралцдаг, дуу дуулах, бүжиг бүжиглэх, хөгжим хөгжимдөх зэрэг урлагийн тал бүрийн авьяастай, авьяаслаг залуу боловсон хүчин болж бэлтгэгдэж байгаа, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан гэх хувийн байдал тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хүний эд хөрөнгийг санаатайгаар нууцаар авах нь хууль бус гэдгийг мэдэж ухамсарласан байдаг учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд хамаарахгүй юм.

Харин хохирогч нарт морин хууруудыг биет байдлаар буцаан өгсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Дгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд 2 жилийн хугацаагаар хорих ялаар оногдуулж, эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгч “хохирлыг нөхөн төлсөн, бусад хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялаас доогуур ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.

 

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

Учир нь, шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нь хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй, 2-8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан, өөр төрлийн ял оногдуулах хуулийн боломжгүй, Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хүнд ангиллын гэмт хэрэг тул өөр төрлийн ял оногдуулах боломжгүй байна.

 

Мөн шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнд хорих ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалах, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч Б.Д энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.МӨНХСАЙХАН