Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2024/0576

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         

“Хазаарбат” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бүжин

 

Нэхэмжлэгч: “Хазаарбат” ХХК

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо

Гуравдагч этгээд: “Транс Техно Маркет” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн СЭ-112-12/2236 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичиг, СЭ-112-12/2237 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, ЭҮТӨҮГ/20240102042 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын Үнэлгээний дүгнэлт, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Транс Техно Маркет” ХХК-ийн хооронд байгуулсан 2024/13-10-0217 дугаартай худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчингүй болгож, Тэсэлгээний цооногийн өрмийн штанг, туслах хэрэгсэл нийлүүлэх тендерийн үнэлгээг дахин хийхийгЭрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 119/ШШ2024/0034 дүгээр шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Одмаа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Баатарсүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Барсбаатар, Э.Батбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 119/2024/0022/з

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Хазаарбат” ХХК-аас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн СЭ-112-12/2236 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичиг, СЭ-112-12/2237 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, ЭҮТӨҮГ/20240102042 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын Үнэлгээний дүгнэлт, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Транс Техно Маркет” ХХК-ийн хооронд байгуулсан 2024/13-10-0217 дугаартай худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчингүй болгож, Тэсэлгээний цооногийн өрмийн штанг, туслах хэрэгсэл нийлүүлэх тендерийн үнэлгээг дахин хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд даалгах”-аар маргасан байна.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 119/ШШ2024/0034 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.1, 26 дугаар зүйлийн 26.4.1, 26.4.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.5, 28.1.1, 28.1.2, 30 дугаар зүйлийн 30.1, 60 дугаар зүйлийн 60.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Хазаарбат” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх “Хазаарбат” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх болсон хууль зүйн үндэслэлээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.1, 26 дугаар зүйлийн 26.4.1, 26.4.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.5, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 30 дугаар зүйлийн 30.1, 60 дугаар зүйлийн 60.2-д заасныг үндэслэж шийдвэрээ гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. "Хазаарбат" ХХК нь "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр нээсэн ЭҮТӨҮГ/20240102042 дугаартай "Тэсэлгээний цооногийн өрмийн штанг, туслах хэрэгсэл нийлүүлэх" тендерт тендер шалгаруулалтын зааварчилгаа, өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлагын дагуу баримт бичиг, бараа мэдээллийг зохих журмын дагуу бүрэн бүрдүүлж оролцсон.

3.2. "Транс Техно Маркет" ХХК нь Өгөгдлийн хүснэгтийн 20.1.1-д Техникийн чадавх болон туршлагыг хангах нотлох баримт ирүүлнэ (Үүнд: Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, Борлуулагчийн зөвшөөрөл аль нэг нь байх ёстой.) гэж заасны дагуу ОХУ-ын "Рудгормаш" ХХК-ийн танилцуулгыг ирүүлсэн. (Гэхдээ энэ танилцуулгын эх хувь байхгүй ба зөвхөн орчуулга л байдаг.) Энэ нь Өгөгдлийн хүснэгтэд зааснаар "Тендер шалгаруулалтын баримт бичгийн 12.1 Тендер шалгаруулалтын хэл- Монгол хэл, Тендер шалгаруулалтын зарлал, баримт бичиг, урилгыг гадаад хэлээр давхар нийтэлсэн эсэхээс үл хамааран ТШББ, ТШ-тай холбоотой албан бичиг, захидал, бусад баримт бичиг тендер нь Монгол хэлээр байх ба өөр хэлээр үйлдсэн тендерийн баримт байвал орчуулгын хамт ирүүлнэ" гэжээ. Тодруулбал, "Тендерийн баримт бичиг нь ямар ч баримт бичиг байсан зайлшгүй Монгол хэлээр ирүүлэх бөгөөд ийнхүү Монгол хэлээр ирүүлээгүй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно" гэж заасныг зөрчиж байна. Ямар ч тохиолдолд тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг дутуу ирүүлсэн бол шууд татгалзах үндэслэл болно. Тендерт шалгарсан компани нь гурван өөр компанийн итгэмжлэл ирүүлсэн нь хувилбарт тендерийн санал ирүүлсэн гэж үзэж болохоор байна. Гэвч тус тендер нь хувилбарт тендер биш юм. Тиймээс уг үндэслэлээр захиалагч нь тус компанийг шалгаруулахаас татгалзах үндэслэлтэй.

3.3. ТӨХ-ын ТШЗ 17.5-д “...оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг нотлох баримтыг зураг, схем, өгөгдлийн хэлбэрээр тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ” гэж заасан. Гэтэл тендерт шалгарсан компанийн санал болгож байгаа барааны схем зураг нь барааны зөвхөн уртыг л харуулсан хэмжээстэй байх бөгөөд техникийн үзүүлэлт болон схем зураг дээрх мэдээлэл нь хоорондоо зөрүүтэй байсан. Тэгэхээр эдгээр баримтыг тендерийн баримт бичигт заасан техникийн тодорхойлолттой нийцсэн болохыг нь хянан үзэж, нийцсэн гэж дүгнэх боломжгүй юм.

Захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан "техникийн тодорхойлолт"-ын шаардлагыг тендерт оролцогчид хэрхэн хангаж байгааг, харьцуулж үнэлгээ хийгээгүй. Санал болгож буй компани ийм төрлийн штанг үйлдвэрлэдэг гэдгийг нотлох баримт байхгүй.

3.4. Тендерт ирүүлсэн дээрх зургууд дээр бичигдсэн утгын орчуулга байхгүй. Орос хэлтэй хүн ойлгоод байна гээд үүнийг шаардлага хангаж байна гэж үзэх боломжгүй. Орос тайлбартай зураг байдаг. Тийм ч учраас схем зургийг хуурамчаар үйлдсэн гэж үзэж байна. Үүнээс гадна тус ЭҮТӨҮГ/20240102042 дугаартай тендерт "Транс Техно Маркет" ХХК-ийн санал болгосон схем зураг нь үйлдвэрлэгчийн баталсан зураг биш, тиймээс хуурамч зураг гэж үзэх үндэслэлтэй. Тус компанийн тендерт ирүүлсэн зургуудыг үйлдвэрлэгч компани нь баталж өгөөгүй. Мөн тендерт шалгарсан "Транс Техно Маркет" ХХК нь туршилтын протокол ирүүлээгүй. Тус тендерийн үнэлгээний хороо нь Сангийн яамны шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй учраас дахин үнэлгээ хийлээ гэх боловч хурлын тэмдэглэлээс үзвэл яг ямар үнэлэлт, харьцуулалт, тайлбар хийсэн нь тодорхойгүй.

3.5. Маргаан бүхий тендерт "Транс Техно Маркет" ХХК нь тендерт ялчихвал хэд хэдэн үйлдвэрлэгчээс сонгох боломжтой хувилбарт тендерт оролцоод байгаа мэт байх ба шалгарсан материалын хх-16 дахь талд авагдсан “Рудгормаш” ХХК-ийн монгол орчуулга бүхий танилцуулга /эх орос хувилбар байхгүй/ ирүүлсэн бол хх-15-20 дах талд авагдсан баримт "ГМК-РГМ" ХХК-ийн үйлдвэрлэгчийн итгэмжлэл, 25-29 дэх талд "ГМК-РГМ" ХХК-ийн Дилерийн гэрчилгээ гэсэн баримтууд, хх-21-24 дэх талд "Обогатительное оборудование" ХХК буюу орчуулга дээрээ "Баяжуулалтын тоног төхөөрөмж" ХХК-ийн Үйлдвэрлэгчийн итгэмжлэл зэргийг ирүүлсэн байна.

3.6. Харин манай "Хазаарбат" ХХК нь уг "Тэсэлгээний цооногийн өрмийн штанг, туслах хэрэгсэл нийлүүлэх" тендерт үйлдвэрлэгчийн чанарын гэрчилгээ, туршилтын протокол, схем зураг, фото зураг, харьцуулсан хүснэгтээр баталгаажуулж, нотолж илгээсэн. Бидний санал болгосон "Горные технологии" компани нь "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ буюу захиалагчийн зөвшөөрсөн схем зургаар барааг үйлдвэрлэж нийлүүлдэг бөгөөд Үнэлгээний хорооны хурлаар "Хазаарбат" ХХК-ийн ирүүлсэн материалыг нээж харьцуулж үнэлгээ хийсэн байдал ч харагддаггүй.

Тиймээс анхан шатны шүүх хэтэрхий нэг талыг барьж, хэрэгт авагдсан нотлох баримтад бүрэн дүүрэн үнэлэлт хийгээгүй, бодит байдалд үндэслэл бүхий хандаж чадаагүй гэж үзэж байх тул Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 119/ШШ2024/0034 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч “Хазаарбат” ХХК-аас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн СЭ-112-12/2236 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичиг, СЭ-112-12/2237 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, ЭҮТӨҮГ/20240102042 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын Үнэлгээний дүгнэлт, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Транс Техно Маркет” ХХК-ийн хооронд байгуулсан 2024/13-10-0217 дугаартай худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчингүй болгож, Тэсэлгээний цооногийн өрмийн штанг, туслах хэрэгсэл нийлүүлэх тендерийн үнэлгээг дахин хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэл гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ, чанартай бараа нийлүүлнэ гэдэгт эргэлзэхээр байхад “Транс Техно Маркет” ХХК-ийг тендерт шалгаруулсан нь хууль бус, ТӨХ-ийн ТШЗ 12.1, 17.5, 20.1.1-д заасан шаардлагыг хангаагүй, хэт бага үнэ ирүүлсэн нь тендерт шалгарах шалтгаан болсон, харин манай компанийн холбогдох шаардлагыг хангасан” гэх зэргээр тайлбарлан маргажээ.

4. Анхан шатны шүүх “... тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1.1 дэх заалтын 2.Борлуулагчийн зөвшөөрөл: оролцогч нь албан ёсны гэрээт борлуулагчаас зөвшөөрөл авсан бол дараах нотлох баримтыг ирүүлнэ гэж зааснаар “Транс Техно Маркет” ХХК нь үйлдвэрлэгч биш учраас “Рудгормаш” ХХК-ийн үйлдвэрлэгчийн итгэмжлэл, дилерийн гэрчилгээ, №7В-22 дугаартай нийлүүлэлтийн гэрээ зэргийг орчуулгын хамт тендерт ирүүлсэн нь ТӨХ-ийн ТШЗ 12.1, 20.1.1-д заасан шаардлагыг хангасан, ... гуравдагч этгээд нь тендертээ хавсралтаар штангны муфта, штангны ниппель, толгойн чиглүүлэгч, цүүцний чиглүүлэгч, өрмийн штанг, өрмийн штанг хүндрүүлсэн зэргийг тус бүрийнх нь эскиз /схем/ зургийг нарийн хэмжээстэй нь гарган, үзүүлэлтийг орчуулан хүргүүлсэн нь техникийн тодорхойлолтын шаардлагад нийцсэн буюу схем зураг дээр бүх хэмжээсүүд тавигдсан, орчуулгын товчоогоор орчуулагдсан, дардас дарагдсан болох нь түүний тендерийн баримт бичигт тусгагдсан, “Транс Техно Маркет” ХХК-ийн DDR-Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын агуулах нөхцөлөөр нийлүүүлэх 1,568,970,480 төгрөгийн тендерийг “хамгийн сайн” тендер ирүүлсэн гэж үнэлж гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд хуульд нийцсэн” гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5. Хэрэгт цуглуулсан нотлох баримтаас үзэхэд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20240102042 дугаартай Тэсэлгээний цооногийн өрмийн штанг, туслах хэрэгсэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт "Транс Техно Маркет" ХХК 1,568,970,480 төгрөгийн, "Хазаарбат" ХХК 2,171,280,000 төгрөгийн үнийн санал бүхий тендер ирүүлснийг Үнэлгээний хороо хянан үзээд, аль аль нь шаардлагад нийцсэн, харин "Транс Техно Маркет" ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж дүгнэн, тус компанийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон бол "Хазаарбат" ХХК-ийн тендерээс татгалзаж шийдвэрлэсэн.

6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ.”, 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ: гээд 26.4.2.санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх; 26.4.4.тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх.”, 26.6-д “Оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заагаагүй баримт бичгийг ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй.”, 27 дугаар зүйлийн 27.5-д “Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ.”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана: гээд 28.1.1.хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох;” гэж тус тус заасан бөгөөд анхан шатны шүүхээс дээрх зохицуулалтыг маргааны үйл баримтад холбогдуулан зөв тайлбарлан хэрэглэжээ.

7. Тендерийн баримт бичгийн ТШЗ 12.1-д “Тендер шалгаруулалтын зарлал, баримт бичиг, урилгыг гадаад хэлээр давхар нийтэлсэн эсэхээс үл хамааран тендер шалгаруулалтын баримт бичиг, тендер шалгаруулалттай холбоотой албан бичиг, захидал, бусад баримт бичиг, оролцогчдын ирүүлэх тендер Монгол хэлээр байх ба өөр хэлээр үйлдсэн тендер, түүний доторх баримт, мэдээллийг орчуулгын хамт бэлтгэн ирүүлнэ”, 17.5-д “Оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн тодорхойлсон техникийн шаардлагад нийцэж буйг нотлох баримтын зураг, схем, өгөгдлийн хэлбэрээр тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ. Санал болгох бараа нь техникийн тодорхойлолтод нийцсэнийг харуулах зорилгоор тэдгээрийн техникийн болон гүйцэтгэлийн бодит үзүүлэлтийг техникийн тодорхойлолттой нийцсэн болохыг хянах үзэх боломжтой баримт”, 20.1.1 дэх заалтын 1.2-т “Оролцогч нь үйлдвэрлэгчээс зөвшөөрөл авсан бол үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ. Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл гэдэгт дараах баримтуудын аль нэг байж болно. Үүнд албан бичиг, хамтын ажиллагааны гэрээ” гэж заасан ба “Транс Техно Маркет” ХХК-ийн хувьд, ГМК-РГМ ХХК-иас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хаягласан 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 30-68 дугаартай үйлдвэрлэгчийн итгэмжлэл, мөн өдрийн 30-69 дугаартай “Транс Техно Маркет” ХХК-д олгосон дилерийн гэрчилгээ, ГМК-РГМ ХХК болон “Транс Техно Маркет” ХХК-ийн хооронд байгуулсан 7В-22 дугаартай нийлүүлэлтийн гэрээ, RU0391364 дугаартай тохирлын гэрчилгээ, 298 дугаартай чанарын сертификат зэргийг орчуулгын хамт тендерийн баримт бичигт хавсаргаж ирүүлснийг тендерийн Үнэлгээний хороо нь шаардлагад нийцсэн гэж дүгнэсэн талаар анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, үндэслэл бүхий дүгнэлт өгчээ.

8. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар “…“Транс Техно Маркет” ХХК-ийн тендерт ирүүлсэн баримт бичгээс техникийн үзүүлэлт болон схем зургийн хувьд ТӨХ-ийн ТШЗ 17.5, 20.1.1-д заасан холбогдох шаардлагыг хангахгүй” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “…“Транс Техно Маркет” ХХК-ийн тендерт ирүүлсэн штангийн муфта, ниппель, толгойн чиглүүлэгч, цүүцний чиглүүлэгчийн хэмжээсүүд нь техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлтүүдийг хангаж байсан, схем зургийг үйлдвэрлэгчээр заавал баталгаажуулж ирүүлэх шаардлагыг тендерийн баримт бичигт тусгаагүй” гэж тус тус тайлбарласныг ЭҮТӨҮГ/20240102042 дугаартай Тэсэлгээний цооногийн өрмийн штанг, туслах хэрэгсэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын баримт бичиг, тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн №4 хурлын тэмдэглэл, Захиалагчийн хяналт хэрэгжүүлсэн тухай 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ГЭ/20240418-56 дугаартай дүгнэлт, “Транс Техно Маркет” ХХК-ийн ирүүлсэн тендер зэрэгтэй хамтатган үзвэл тус компанийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгож шийдвэрлэсэнд тендерийн Үнэлгээний хороо болон захиалагчийг буруутгах боломжгүй юм.

9. Тендерийн баримт бичиг боловсруулах, хянан үзэх, үнэлэхтэй холбоотой Үнэлгээний хорооны чиг үүрэг хуулиар тодорхойлогдох бөгөөд энэ тохиолдолд “Транс Техно Маркет” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” гэж үнэлсэн, улмаар гэрээ байгуулсан захиргааны үйл ажиллагааг хууль зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, “Транс Техно Маркет” ХХК нь техникийн тодорхойлолтын хавсралтаар №1 Поз. №1 Штангны муфта 091-51.71.113, Поз.№2 Штангны ниппель 091-59.71.1110, Поз. №3. Толгойн шилжүүлэгч 091-58.71.1012, Поз. №4. Цүүцний шилжүүлэгч 005-56.00.1003, Поз. №5. Өрмийн штанг 091-59.12.0000, Поз.№6. Өрмийн штанг хүндрүүлсэн 091-00.72.0167-05 зэргиийн өгөгдөл тус бүрийг техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу захиалагчийн даалгавар, нийлүүлэгчийн санал зэрэг үзүүлэлтээр харьцуулан гаргаж, орчуулан хүргүүлснийг Үнэлгээний хороо хянан үзээд, тоо үзүүлэлтээр техникийн тодорхойлолтод заасан шаардлагын хангасан гэж үнэлсэн.

10. Энэ нь дээрх хуульд заасан тендерийг хянан үзэж, үнэлэхтэй холбоотой зохицуулалтад нийцсэн болох нь тендер шалгаруулалты баримт бичиг, гуравдагч этгээдээс ирүүлсэн тендерт хавсаргасан эскиз зураг, түүний үзүүлэлтийг илэрхийлсэн тайлбар, тэдгээр нь захиалагчаас тогтоосон шаардлагыг нийцэж байгаа талаар тендерийн Үнэлгээний хорооноос хянан хэлэлцсэн тухай 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны тэмдэглэл зэргээр тодорхойлогдоно.

11. Харин эскиз зураг дээрх тайлбар утгыг орчуулаагүй; нийлүүлэгчийн танилцуулгын эх хувийг /монгол хэлээр орчуулсан хувийг ирүүлсэн тохиолдолд/ ирүүлээгүй; түүнчлэн захиалагчаас боловсруулсан тендерийн баримт бичигт тусгайлан шаардаагүй нөхцөлд нийлүүлэгч схем зургийг баталгаажуулаагүй зэрэг нь тендерийн өгөдлийн хүснэгтэд заасан холбогдох шаардлагыг “Транс Техно Маркет” ХХК хангаагүй гэж дүгнэх үндэслэл болохгүй.

12. Анхан шатны шүүх дээрх байдлаар хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэхээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн эрхлэн явуулсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... техникийн тодорхойлолтыг хэрхэн хангаж байгааг харьцуулж үнэлээгүй, ийм төрлийн штанг үйлдвэрлэдэг гэдгийг нотлох баримт байхгүй, эскиз зураг дээрх утгыг орчуулаагүй, үйлдвэрлэгч батлаагүй тул түүнийг хуурамчаар үйлдсэн гэж үзнэ” гэх агуулгыг тодорхойлсон гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 119/ШШ2024/0034 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бүжингийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авснаас хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                          ШҮҮГЧ                                                                   Г.БИЛГҮҮН

 

 

                          ШҮҮГЧ                                                                     Д.ОЮУМАА

 

 

  ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ