Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 117

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Ж.Батхуяг,

шүүгдэгч С.Хишигбаатар,

шүүгдэгч М.Ганшагай,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг /ҮД: 1703/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Монгол овогт Сүхбаатарын Хишигбаатар, Улаан овогт Мягмарын Ганшагай нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626031082 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Уяачдын 3 дугаар гудамжны 51 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Сүхбаатарын Хишигбаатар /РД: УШ94080458/.

2. Монгол Улсын иргэн, 1989 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймаг Есөн зүйл суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 ээж, дүү нарын хамт, Өвөрхангай аймгийн Есөн зүйл сум, 1 дүгээр баг Тахилга гэх газарт оршин суух бүртгэлтэй,  одоо Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 4-6-494 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 331 тоот шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Улаан овгийн Мягмарын Ганшагай /РД: ЙЗ89030911/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч  С.Хишигбаатар, М.Ганшагай нар нь шунахайн сэдэлтээр, бүлэглэн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Бурхантын 0-0-1е тоотод оршин суух иргэн  Д.Ариунбаярын гэрийн цоожыг эвдлэн нэвтрэн орж, нийт 660.000 /зургаан зуун жаран мянган/ төгрөгийн үнэ бүхий таван ширхэг мөнгөн аягыг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч С.Хишигбаатар мэдүүлэг: “...2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Өлзийт хорооллын “Зөөлөн Хишиг” нэртэй дэлгүүрийн урд Ганшагайтай уулзаад 1 ширхэг пиво уусан. Тэгээд тухайн айл руу явсан. Айлын хашаа руу ороод гэрийн цоожийг нь эвдээд авдарнаас нь 5 ширхэг мөнгөн аяга авсан. Авсан аягаа хэсэг хугацааны дараа буцаагаад тавьсан. Өдөр 16-17 цагийн хооронд хаалгыг нь эвдэж ороод 18 цагийн үед буцааж аягаа тавьсан. Орой 20 цагийн үед буцааж аягануудыг авсан. Ганшагайтай аягаа ломбарданд 100,000 төгрөгөөр тавиад архи авч уусан. Хохирол мөнгийг нь барагдуулсан. Аягыг нь ломбарднаас аваад янзлуулж өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж  ийм хэрэг үйлдэхгүй...” гэв.

 

Шүүгдэгч М.Ганшагай мэдүүдэг: “…2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Зөөлөн Хишиг” дэлгүүрийн үүдэнд Хишигбаатартай уулзаад 1 ширхэг 2,5 литрийн пиво уусан. Тухайн айл руу Хишигбаатар түрүүлж орсон. Тухайн үед бид хоёр хулгай хийнэ гэж хоорондоо яриагүй. Би хэсэг байж байгаад араас нь ороод авдарнаас нь аяганууд аваад буцаагаад тавьсан. Орой 19 цаг өнгөрч байхад Хишигбаатар нэг айлд байна ирээд авчих гэсэн. Би 20 цаг болгоод Хишигбаатар дээр очсон. Хишигбаатар нөгөө айл руугаа орж аягануудыг аваад хот руу явсан. Мөнгөн аяганууд ломбарданд 100,000 төгрөгөөр тавиад архи авч уусан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, айлын хаалга, цоожийг янзалсан, мөн мөнгө өгсөн. Дахиж хэрэг хийхгүй…” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Ч.Баярмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... Би Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 0-0-1е тоотод нөхөр Ариунбаяр, 2 хүүхдийн хамт амьдардаг юм. ...2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нөхөр хоёр хүүхдийн хамтаар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Кувейтын аманд байх мал дээрээ очоод буцаад 2016 оны 08 дугаар сарын 21-ний орой 22 цаг өнгөрч байх үед гэртээ ирэхэд гэрийн цоож байхгүй, хаалга онгорхой байсан. Дотогшоо ороход гэр доторх эд зүйл эмх цэгцтэй байсан. Харин манай гэрийн хойморт байсан авдарын цоож буруу тийшээ  харсан байсан. Би очоод шалгаж үзтэл цоожийг эвдлээд буруу харуулаад зүүчихсэн байсан. Дотрох эд зүйлийг шалгаж үзтэл бага гарын 3 ширхэг, дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга тус тус байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. 2 ширхэг бага гарын мөнгөн аягыг 2010 онд хурим хийх үед бэлгэнд авсан, харин нэг ширхэг бага гарын аягыг 50.000 төгрөгөөр захиалгаар хийлсэн. 2 ширхэг дунд гарын мөнгөн аягаа 320.000 төгрөгөөр 2011 онд Тэнгис кино театрын орчим байх нэрийг нь мэдэхгүй дэлгүүрээс худалдаж авч байсан. Би дунд гарын мөнгөн аягаа 1 ширхэгийг нь 160.000 төгрөгөөр, харин бага гарын аягаа нэг ширхэгийг 120.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Өөр алдагдсан эд зүйл байхгүй. Манай нөхөр харин панасоник нэртэй аппарат алдагдсан гэж хэлсэн байсан, тэрийг гэрээсээ олсон, одоо гэрт байгаа. 2 ширхэг цоожоо 20.000 төгрөгөөр үнэлнэ. ...Би алдагдсан аягануудаа бүгдийг нь бүрэн бүтэн буцаан авсан, ямар нэгэн санал хүсэлт байхгүй ээ. Мөн цоожны 10.000 төгрөгөө авсан байгаа. Надад гомдол санал байхгүй...” /хх-ийн 28-29, 30/ гэсэн,

 

Гэрч У.Мөнхбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... Би 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хашаандаа байж байтал танихгүй 2 залуу манай хашааны зүүн талд байх ажилладаггүй худагны байшин руу ороод архи дарс уугаад байх шиг байсан. Удалгүй гарч ирээд манай хөрш айлын хашааг тойрч харж байснаа хүрэн цамцтай залуу түрүүлж ороод дараа нь ногоон өнгийн цамцтай залуу орсон. Удалгүй гарч ирэхдээ хүрэн цамцтай залуу гартаа хар өнгийн тортой зүйл барьсан байсан. Над руу их сэжигтэй хараад байсан. Манай хашааны урдуур өнгөрч яваад нэг хүүхэдтэй уулзаад байсан. Тэд нарын аль алиныг нь би танихгүй. Манай хөрш айл тухайн өдөр эзэнгүй байсныг би мэдээгүй юм аа. Тэр залуучуудыг одоо харвал таних байх. Торон дотор ямар эд зүйл байсан нь гаднаасаа мэдэгдэхгүй байсан. Тэгтэл хулгай орсон байсныг сүүлд цагдаа ирэх үед би мэдсэн....” /хх-ийн 32-33/ гэсэн,

 

Гэрч Д.Ариунбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “…2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бугын сангийн аж ахуй гэх газарт байх адуу руугаа явсан. Тэндээ гурав хоноод буцаад 2016 оны 08 дугаар сарын 21-ний орой 22 цагийн орчим гэртээ ирэх үед хаалганы цоож байхгүй байхаар нь ороод хартал гэр доторх эд зүйл бүгд байрандаа, харин хойморт байсан хүрэн өнгийн авдарны цоожыг буруу харуулаад хийчихсэн байсан. Цоожийг нь аваад үзтэл хөшөөд эвдэлсэн, авдар дотор байсан бага гарын 3 ширхэг, дунд гарын 2 ширхэг  мөнгөн аяга байхгүй байсан. Тухайн үед зургийн аппарат алдагдсан байна гэж цагдаад бүртгүүлсэн байсан боловч сүүлд өөр газар тавьсан байсныг бид нар өөрсдөө олсон…” /хх-ийн 38/ гэсэн,

 

Гэрч Б.Буянтогтох мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “…2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороололд найзтайгаа уулзах гээд явж байтал манай тэнд гэр нь байдаг Ганшагай Тэгшээ гэдэг хүүхдийн гэрийнхэн хашааны гадна талд зогсож байсан. Дөхөөд очтол Хишигбаатар энгэртэй юм хийчихсэн гараад ирсэн. Тэгэхээр нь та хоёр энд юу хийж байгаа юм бэ, Тэгшээ ах байгаа юм уу гэж асуухад байгаа гэж хэлээд царай нь сонин болсон. Мөн Хишигбаатар, Ганшагай хоёр хоёулаа архи уусан, амнаас нь үнэртэж байсан. Хишигбаатар энгэртэй юм хийсэн нь түнтийж харагдаад байсан болохоор яг хулгай хийж байгаа юм байна гэж бодоод та хоёр одоо гэгээн цагаан өдөр болиоч гэж хэлчихээд явтал Ганшагай намайг дагаад “Магнай трейд” шатахуун түгээх станц хүртэл хамт алхсан. Харин Хишигбаатар араас дагаад явж байх шиг байсан. Энгэртэй хийсэн байсан юмаа орхисон, эсхүл аваад явж байсан эсэхийг нь нилээд зайтай явж байсан болохоор сайн анзаараагүй. Ямар ч байсан анх бүтэн нэрийг нь мэдэхгүй Тэгшээгийн гэрээс гарч ирэх үед энгэртэй юм хийсэн байсан. Энгэртэй яг юу хийсэн байсныг нь мэдээгүй. Би шатахуун түгээх станц руу алхаад тэндээс хойшоо хорооны байр луу алхаад явсан. Ганшагай тэнд үлдсэн. Ямар ч гэсэн миний араас дахиж дагаагүй. Ганшагай нь дээгүүрээ ногоон өнгийн майктай, Хишигбаатар дээгүүрээ бор өнгийн цамцтай байсан. Яагаад Тэгшээгийн гэрт орсон талаараа тэр хоёр надад тайлбарлаагүй. Тэдний гэрт хүн байсан эсэхийг нь би мэдээгүй, Ганшагай, Хишигбаатар хоёр гэр лүү нь орохыг мөн хараагүй. Ганшагай хашааны гадаа зогсож байх үед би хойноос алхаж явж таарсан. Тухайн үед 14 цаг болж байсан байх...“ /хх-ийн 39/ гэсэн,

 

Шүүгдэгч С.Хишигбаатар мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “…2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн орчим ажлаасаа гараад явж байтал найз Шагай хочтой Ганшагайтай санаандгүй тааралдсан. Бид хоёр юм ярьж байгаад би тухайн 20.000 төгрөгтэй явж байсан болохоор ганц пиво уух уу гэтэл Ганшагай тэгье гэж хэлсэн. Дэлгүүрээс 2,5 литрийн Нийслэл нэртэй нэг ширхэг пиво аваад хуучин худаг байсан цагаан өнгийн жижиг эзгүй байшин дотор орж авсан пивоо уусан. Би Ганшагайтай уулзахаас өмнө ганцаараа 0,5 литрийн лаазан савалгаатай Нийслэл нэртэй пиво 3 ширхэг уусан байсан болохоор бага зэргийн халамцуу байсан. Ганшагай бид хоёр пиво ууж дуусчихаад манай гэрт очих гээд ертөнцийн зүгээр урд зүг рүү алхаад явж байтал зүс мэддэг Тэгшээ гэдэг залуугийн гэрийнхэн хажуугаар өнгөрөхөд хаалга нь цоожтой хүнгүй юм шиг байхаар нь хашааных нь гүйдэг хаалгаар ороод гэрийн зүүдэг цоожийг нь би юмаар хөшиж онгойлгосон. Яг юугаар хөшиж онгойлгосноо мэдэхгүй байна. Ороод юм хумыг нь ухаж байтал Ганшагай араас орж ирээд гэрийн хойморт байсан авдарны цоожийг онгойлгоод дотор нь байсан 5 ширхэг мөнгөн аягыг гаргаж ирэхээр нь би гэр дотор байсан хар өнгийн уутанд хийгээд аваад гарсан. Гараад явж байх замд Улаака хочтой Буянтогтох гэдэг хүүхэдтэй таарсан. Ганшагай бид хоёрыг тэр айлаас гарч байхыг харсан юм байна лээ. Та хоёр эзгүй айлд согтуу юу хийж яваа юм бэ гэж хэлээд загнасан. Буянтогтох явсаны дараа Ганшагай бид хоёр дэмий юм хийчихлээ буцаагаад оруулаад тавьчихья гэж хэлээд би ганцаараа оруулаад тавьсан. ...Орой нь Ганшагай руу залгаад хоёулаа уулзья, хотын төв оръё гэж хэлтэл за гэж хэлээд хүрээд ирсэн. Бид хоёр манай тэнд байдаг “Магнай трейд” шатахуун түгээх станцын гадаа уулзаад хоёулаа түрүүний аягаа авъя гэхэд дуугарахгүй байсан. Тэндээс гараад буцаж өдөр орсон айл руугаа очсон. Тэр үед гадаа бүрэнхий болсон, 21 цаг болж байсан байх. Гэрийнх нь гадаа ирээд Ганшагай гадаа үлдээд би ганцаараа дотогшоо ороод 5 ширхэг мөнгөн аяга авсан. Гурван ширхэг нь жижгэвтэр хэмжээтэй, мөн 2 ширхэг нь арай том хэмжээтэй мөнгөн аяга байсан. ...Баянгол дүүргийн 25 дугаар эмийн санд ирээд “Эрдэнэс” нэртэй ломбардад очсон.  Таксины жолоочийн бичиг баримтаар нөгөө хулгайлж авсан 5 ширхэг мөнгөн аягаа 100.000 төгрөгөөр барьцаанд тавьсан...” /хх-ийн 58-59, 70-71/ гэсэн,

 

Шүүгдэгч М.Ганшагай мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “… 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн орчим би гэрээсээ гараад хот орох гээд явж байтал Зөөлөн эгшиг дэлгүүрийн гадаа Баагий хочтой Хишигбаатартай тааралдсан. Ойр зуурын юм ярьж байгаад хамт пиво уух уу гэж ярилцаад Хишигбаатар тухайн үедээ 20.000 төгрөгтэй явж байсан ба 2,5 литрийн Сэнгүүр нэртэй пиво 1 ширхэг аваад тэр хавьд байдаг хуучин худаг ажиллаж байсан газарт ирээд ууцгаасан. ...Пивоо ууж дуусаад гараад алхаад явж байтал Хишигбаатар онгорхой байсан хашааны хаалгаар яваад орсон. Би тэр хашааг бага зэрэг өнгөрөөд Хишигбаатарыг гарч ирэхийг хүлээгээд хэсэг зогстол гарч ирэхгүй байхаар нь араас нь ортол Хишигбаатар доторх эд зүйлийг ухаж байсан. Гэрт өөр хүн байгаагүй. Чи юу хийж байгаа юм бэ гэж асуусан чинь юу ч дуугарахгүй байсан. Тэгэхээр нь би гэрийн хойморт байсан авдарны зүүдэг цоожийг дээр нь халивыг аваад хөшөөд онгойлгосон. Дотор нь 5 ширхэг мөнгөн аяга байхаар нь Хишигбаатар авсан. Хоёулаа аягаа хийх зүйл хайтал олдохгүй байсан. Би ерөөсөө болилоо гэж хэлээд гараад явсан. Араас Хишигбаатар аягануудаа энгэртээ хийсэн аваад гараад ирсэн. Чи наадахаа буцаагаад тавь гэхэд за гэж хэлээд буцааж оруулж тавиад гараад ирсэн. ...Би гэртээ очоод байж байтал Хишигбаатар наад руу залгаад уулзья согтуу байна ирээд авчих гэхээр нь Хишигбаатарыг танихгүй айлаас очиж авсан. Хишигбаатар нэмээд архи уусан нилээд согтолттой байсан. Нөгөө аягануудаа орж аваад ломбарданд тавья гээд байсан. Тэгэхээр нь би наад руу чинь орохгүй, чи өөрөө ороод авбал ав гэж хэлтэл хамаагүй би ороод авна гэхээр нь өдөр ордог хаалга руу дахиж алхаад Хишигбаатар тэр айл руу хойд талын хаалгаар нь ороод аягануудаа хар өнгийн уутанд хийгээд бариад гараад ирсэн. Харин би тэр айлын урд талын гудамжаар нь Хишигбаатарыг хүлээгээд алхаад явж байсан. Тухайн үед ойролцоогоор 20 цаг өнгөрч байсан байх. ...Баянгол дүүргийн 25 дугаар эмийн сангийн тэнд “Эрдэнэс” нэртэй ломбарданд 100.000 төгрөгөөр тавьсан...” /хх-ийн 67-68/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Хохирогч Д.Ариунбаярын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 4/,

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-10/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 19/,

- Хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /хх-ийн 21, 22/,

- “Эрдэнэс” ломбардын барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 26/,

- Мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх-ийн 27/,

- Шүүгдэгч С.Хишигбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84, 91/,

- Шүүгдэгч М.Ганшагайн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87, 92/

- Шийтгэх тогтоолын хуулбар / хх-ийн 95-98/,

- Тодорхойлолт / хх-ийн 74/,

- Шүүгдэгч С.Хишигбаатарын хувийн байдалтай холбоотой гэрч Г.Буянхишигийн мэдүүлэг /хх-ийн 34-35/ болон бусад баримтууд /хх-ийн 73, 75, 76/,

- Шүүгдэгч М.Ганшагайгийн хувийн байдалтай холбоотой гэрч М.Хоролмаагийн мэдүүлэг /хх-ийн 36-37/, болон бусад баримтууд /хх-ийн 77-79/,

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 99/ зэрэг болно.

  

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч С.Хишигбаатар, М.Ганшагай нар нь шунахайн сэдэлтээр, бүлэглэн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Бурхантын 0-0-1е тоотод оршин суух иргэн Д.Ариунбаярын гэрийн цоожыг эвдлэн нэвтрэн орж, нийт 660.000  төгрөгийн үнэ бүхий таван ширхэг мөнгөн аягыг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ч.Баярмаагийн мэдүүлэг, гэрч У.Мөнхбаяр, Д.Ариунбаяр, Б.Буянтогтох нарын мэдүүлгүүд,  шүүгдэгч С.Хишигбаатар, М.Ганшагай нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Хишигбаатар, М.Ганшагай нарыг бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн бүрдэл хангагдсан байх тул тэдгээрийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Баярмаад 660,000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг мөнгө аяга буцаан өгсөн болох нь хохирогч Ч.Баярмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... алдагдсан аягануудаа бүгдийг нь бүрэн бүтэн буцаан авсан, ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Мөн цоожны 10.000 төгрөг авсан байгаа...” гэсэн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 19/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Мөн шүүгдэгч С.Хишигбаатар, М.Ганшагай нар нь хулгайлж авсан 5 ширхэг мөнгөн аягыг “Сайн зууч” ХХК-ийн “Эрдэнэс” ломбардад 100,000 төгрөгийг барьцаанд тавьсан /хх-ийн 26/ ба байгууллагад хохирлыг нөхөн төлсөн болох нь “...”Эрдэнэс” ломбардад тавьсан 5 ширхэг мөнгөн аяганы барьцааны төлбөр болох 100,000 төгрөгийг сэжигтэн С.Хишигбаатарын эх Б.Буянхишиг 2016.08.28-нд тушаасан  бөгөөд “Эрдэнэс” ломбардыг хохиролгүй болгосны дараа барьцааны эд зүйлийг хураан авсан тул тэмдэглэл болгон бичив...” гэсэн мөрдөн байцаагчийн тэмдэглэлээр /хх-ийн 27/ тогтоогдож байна.

Иймд энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй болно.

Шүүгдэгч С.Хишигбаатар урьд шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэргийн 91 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Ганшагай урьд нь Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 331 тоот шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт заасан хугацаа дуусан байх тул түүнийг анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч С.Хишигбаатар, М.Ганшагай нарт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан тэдгээрт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзэв.

Эрүүгийн 201626031082 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Монгол овогт Сүхбаатарын Хишигбаатар, Улаан овогт Мягмарын Ганшагай нарыг бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хишигбаатар, М.Ганшагай нарт тус бүр эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял  шийтгэсүгэй.

                

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хишигбаатар, М.Ганшагай нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн 201626031082 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Хишигбаатар, М.Ганшагай нар  нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хишигбаатар, М.Ганшагай нарт тус бүр 2 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, ялтан С.Хишигбаатарыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар, ялтан М.Ганшагайг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтан С.Хишигбаатар, М.Ганшагай нарт хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Хишигбаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх, шүүгдэгч М.Ганшагайд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Хишигбаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх, шүүгдэгч М.Ганшагайд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Д.АЛТАНЖИГҮҮР