Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 128/шш2021/0401

 

 

 

 

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч  “А” ХХК

Хариуцагч      Хан-Уул дүүргийн татварын улсын байцаагч Д.С

                       С.Э

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 230000190 дугаар дүгнэлт болон 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 230013992 дугаар актыг тус тус хүчингүй болгуулах, Татварын улсын байцаагчийн 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 230024 дүгээр дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ББ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, С.Э, А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “А” ХХК-ийн төлөөлөгч Ж.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Холбогдох хууль зүйн эх сурвалжийг ашиглан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.

            “А” ХХК нь Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль,  Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу татвар ногдох орлогыг зохих журмын дагуу тайлагнаж,  мэдүүлэн, татвар төлж, хуулиар хүлээсэн үүргээ зөрчилгүй гүйцэтгэж ирсэн.

Тус компанийн 2011 оноос 2013 оны санхүүгийн жилийн албан татвар ногдуулалтад Нийслэлийн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс шалгалт хийж нийт 1,088,369,636 төгрөгийн зөрчил илэрсэн гэж үзэж Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 230000190 дугаартай дүгнэлт гарган эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулахаар хуулийн байгууллагад гэмт хэргийн тухай мэдээлэл гаргасны дагуу эрүүгийн 2015260000225 дугаартай хэрэг үүсгэн шалгаад Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 267 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Тогтоолоор Татварын Улсын Байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны

өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 230000190 дугаартай дүгнэлт үндэслэлгүй бөгөөд тус дүгнэлтээр тогтоосон 1,088,369,636 төгрөгийн зөрчил үнэн зөв биш болохыг тогтоож, Татварын улсын байцаагчийн дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Учир нь Эрүүгийн 2015260000225 дугаартай хэргийн байцаан шийтгэх ажиллагааны явцад Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 230000190 дугаартай дүгнэлтэд шинжилгээ хийлгэхээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, 2002 оны Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлд заасныг сануулж хийлгэсэн 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 111 дугаартай дүгнэлтээр “А" ХХК-ийн 2011 оноос 2013 оны санхүүгийн жилийн албан татвар ногдуулалт, төлөлтийн зөрчлийн нийт хэмжээг багасгаж 22,939,650 төгрөгөөр тогтоосон байна.

Гэтэл Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн

“Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 230000190 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгоогүй, хүчин төгөлдөр хэвээр байхад тус дүгнэлтээр шалгагдсан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 111 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон объект болох “А” ХХК-ийн 2011 оноос 2013 оны санхүүгийн жилийн албан татвар ногдуулалтад Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс дахин шалгалт хийж нийт 999,584,316.7 төгрөгийн зөрчил тогтоож, Татварын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 230013992 дугаартай акт гаргасан бөгөөд тус актаар тогтоосон зөрчлийн дүн нь өмнөх Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 230000190 дугаартай дүгнэлтээр тогтоосон дүнгээс нийт 88,785,319.3 төгрөгөөр өөрчлөгдсөн.

            Улмаар эрүүгийн 2015260000225 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 267 дугаартай тогтоолд Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 2/1151 дугаартай албан бичгээр гомдол гаргасан.

Тус гомдлын дагуу эрүүгийн 2015260000225 дугаартай хэрэгт “А" ХХК-ийн татвар ногдуулалтад зохих шинжилгээг хуульд заасны дагуу хийгээд зөрчлийн нийт хэмжээг 22,939,650 төгрөг болохыг тогтоож тус эрүүгийн хэргээс “А" ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 150 дугаартай тогтоол гарсан бөгөөд өнөөдрийн байдлаар тус тогтоол хүчин төгөлдөр хэвээр байна.

Эндээс үзвэл “А" ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтөд шалгалт хийсэн татварын улсын байцаагчийн 2014 оны 230000190 дугаартай дүгнэлтээр тогтоосон зөрчлийн хэмжээ нь татварын улсын байцаагчийн 2016 оны

230013992 дугаартай актаар тогтоосон зөрчлийн хэмжээтэй үл тохирч, зөрүүтэй байгаа нь тэдгээр дүгнэлт, актын дагуу хийсэн шалгалтаар тус компанийн татвар ногдох орлогыг тооцож, бодсон аргачлал буруу алдаатай байсныг илэрхийлэх бөгөөд “А” ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтийн нийт зөрчлийн хэмжээ 22,939,650 төгрөг болох нь шинжээчийн дүгнэлтээр эцэслэн тогтоосныг прокурорын тогтоолоор хүлээн зөвшөөрч, баталсан гэж үзэж байна.

Улмаар прокурорын тогтоолд үндэслэн, түүнд заасан 22,939,650 төгрөгийн хэмжээгээр “А” ХХК-д нөхөн татвар ногдуулахаар татварын улсын байцаагчаас акт үйлдэх ёстой байтал прокурорын тогтоолд үндэслэн, түүнд

заасан хэмжээгээр “А” ХХК-д нөхөн татвар ногдуулах акт үйлдээгүй.

Гэтэл алдаатай гаргасан татварын улсын байцаагчийн 2014 оны 230000190

дугаартай дүгнэлт болон 2016 оны 230013992 дугаартай актад заасан хэмжээгээр татвар төлөхийг шаардсан нь татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илт зөрчин, хохироож буй тул хууль бус гэж үзэж байна.

Тиймээс үүнийг үндэслэлгүй гэж үзэж татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 230000190 дугаартай дүгнэлтийг болон 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 230013992 дугаартай актад холбогдуулж Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар тус хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасан этгээдэд буюу Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.3-д заасан этгээдэд тус хуулийн 17.1.6-т заасан хугацаанд гомдол гаргасан байна.

Гаргасан гомдлын дагуу урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.4-д зааснаар захиргааны актыг өөрчилж 3,259, 270 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгож, 96,699,161.67  төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан Таслах Зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай тогтоол гарсныг 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр шуудангаар ирүүлсэн байна.

Гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага болох Нийслэлийн Татварын Газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай тогтоолыг эс зөвшөөрч, татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 230000190 дугаартай дүгнэлтийг болон 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 230013992 дугаартай актыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 230000190 дугаартай дүгнэлтийг болон 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 230013992 дугаартай актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хан-Уул дүүргийн татварын улсын байцаагч Д.С, С.Энар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хан-Уул дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг 5156793 тоот регистрийн дугаартай "А" ХХК-ийн 2011-2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Н, Т.Чнар хяналт шалгалт хийж, 229,396,500 төгрөгийн зөрчилд 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр татварын улсын байцаагчийн 230024 тоот дүгнэлт, 2012-2013 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.О, Ч.Бнар хяналт шалгалт хийж, 1,088,369,636 төгрөгийн зөрчилд 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр татварын улсын байцаагчийн 230000190 тоот дүгнэлт бичиж, хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар шилжүүлсэн байна.

Татварын улсын байцаагчийн 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 230024 тоот /400,000,000 төгрөгийн хий бичилттэй падаантай/, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 230000190 тоот /929,278,700 төгрөгийн хий бичилттэй падаантай/ дүгнэлтийг Цагдаагийн байгууллага шалгаж, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр тооцон мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, эрүүгийн 2015260000225 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гаргаж, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газар ирүүлснийг хяналтын прокурор А.Б хүлээн авч хянаад 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн прокурорын 267 дугаарын тогтоолоор нийт 132,927,870 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд сэжигтнээр тооцон мөрдөн байцаах ажиллагаа явуулахад Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу тайлагнаж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэсэн үндэслэлээр “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх тухай хуулийн 208, 209 дүгээр зүйлийг удирдлага болгон эрүүгийн 2015260000225 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Иймд Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасны дагуу нягталж үзэхэд:

“А” ХХК-ийн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/102 тоот тушаал “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, хяналт шалгалт хийх 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 23160400129 тоот томилолт, дээрх Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 267 тоот тогтоолын дагуу татварын улсын байцаагч А.Т, Ч.З нар хэсэгчилсэн хяналт шалгалт хийж, 2016 оны 10 дугаар 28-ны өдөр 230013992 тоот актаар 999,958,431.70 төгрөгийн зөрчилд хүү торгуульгүйгээр 99,958,481.70 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр тогтоосон. Татварын хяналт шалгалтаар нийт 999,958,431.70 төгрөгийн зөрчил илэрсэн нь Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ....18.1.1 татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх...18.1.3. анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах...”, Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй”, Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно”, 20 дугаар зүйлд “Хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх” гэж заасныг зөрчсөн болох нь санхүүгийн тайлан, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, НӨАТ-ын тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, татварын тооцооллын программын тооцоолол, прокурорын тогтоол зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.

“А” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 230013992 тоот актаар 99,958,431.70 төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гаргасан гомдлын дагуу 2020 оны 05 дугаар сарын 29-ны өдөр хуралдаж 28 тоот тогтоолоор 3,259,270 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгож, 96,699,161.67 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр татварын улсын байцаагчийн актыг өөрчилсөн байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Татварын болон нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд тухайн төрлийн албан татвар төлөгчөөр татварын албанд, ажил олгогчоор нийгмийн даатгалд, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол, мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө”, мөн Засгийн Газрын 2015 оны 348 дугаар тогтоолоор батлагдсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын 2.1-д “Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно, 2.1.1-д “нуун дарагдуулсан” гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг” гэх хуулийн зохицуулалттай.

Татварын улсын байцаагчийн актад тэмдэглэсэн 999,584,316.70 төгрөгийн зөрчил ил тодын тайланд тайлагнахаас өмнө татварын хяналт шалгалт хийгдэж, татварын улсын байцаагчийн 230024, 230000190 тоот дүгнэлтээр тогтоогдсон байсан тул Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу ил тодын тайланд тайлагнах үндэслэлгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал Ж.Ц тус шүүхэд хандаж “Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 230000190 дугаар дүгнэлт болон 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 230013992 дугаар актыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Татварын улсын байцаагчийн 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 230024 дүгээр дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагаар нэмэгдүүлсэн, эдгээр үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.

Нэг. “Татварын улсын байцаагчийн 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 230024 дүгээр дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Ч*******, Л.Н нар нэхэмжлэгч компанийн, 2010 оны 11 дүгээр сар болон 2011-2012 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчлэн шалгалт хийж нийт 229396,5 мянган төгрөгийн зөрчил илрүүлсэн байх ба үүнд 2010 онд С ХХК-иас 32592,7 мянган төгрөгийн, 2011 онд Х Х ХХК-иас 156803,8 мянган төгрөгийн, 2012 онд Ц ХХК-иас 40000.0 төгрөгийн хуурамч падаанаар албан татвар ногдох орлогоос хасаж албан татвар ногдуулах орлогыг бууруулж татвар төлөхөөс зайлсхийсэн...үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулахаар Татварын улсын байцаагчийн 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 230024 дүгээр дүгнэлт бичиж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Нэхэмжлэгч ут дүгнэлтийг илт хууль бус гэж үзэж буй үндэслэлээ “...татварын улсын байцаагч зөрчлийг илрүүлж акт гаргасны дараа тухайн зөрчлийг шалгуулахаар дүгнэлт бичих ёстой байхад акт гаргалгүй шууд дүгнэлт бичсэн нь Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 34.1, 33 дугаар зүйлийн 33.2.6-д заасныг зөрчсөн...уг дүгнэлтэд бичсэн тооцоолол алдаатай болох нь 111 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон...” гэж тодорхойлсныг хариуцагчаас “...татварын улсын байцаагчийн актыг үндэслэж дүгнэлт бичихгүй, эхлээд дүгнэлт бичиж цагдаагийн байгууллагад шалгуулна, дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй” гэж тайлбарлан маргаж байна.

Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 33 дугаар зүйлийн 33.2.6-д “татварын алба нь татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичих бөгөөд түүнд эрүүгийн хэрэг үүсгүүлэх болсон зөрчлийн тухай тэмдэглэл, холбогдох баримтууд, татварын албаны даргын болон татварын улсын байцаагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, гарын үсэг тухайн зөрчилд холбогдох этгээдийн тайлбар, уг дүгнэлтийг үйлдсэн болон холбогдох этгээдэд нь танилцуулсан он, сар, өдрийг тусгана” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн 47.1, 48.1, 67, 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт, 33.2.6-д заасан үндэслэлээр дүгнэлт бичих бөгөөд тэдгээр нь тэмдэглэх болон тогтоох хэсгээс бүрдэнэ” гэж, 47.1-д “Татвар төлөгч Монгол Улсын татварын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэт тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба, татварын улсын байцаагч хянан шалгана” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтаас үзвэл хариуцагч Татварын улсын байцаагч Т.Ч*******, Л.Н нар нэхэмжлэгч компанийн, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж нийт 229396,5 мянган төгрөгийн зөрчил илрүүлэн үүнийг эрүүгийн журмаар шалгуулахаар дүгнэлт бичиж Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, татварын улсын байцаагчийн  230024 дүгээр дүгнэлтийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Татварын улсын байцаагчийн 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 230024 дүгээр дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоох хууль зүйн боломжгүй гэж шүүх дүгнэв.

Учир нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1-д “Захиргааны байгууллага, албан тушаалтан дараах тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана” гэж, мөн зүйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж, мөн 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдсөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй үндэслэл нь дээрх хуулийн заалттай нийцэхгүй буюу тухайн захиргааны акт илт хууль бус байх шинжид хамаарахгүй байна.

Түүнчлэн Цагдаагийн байгууллагаас тухайн эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Прокурорын газарт шилжүүлснээр тус прокурорын газрын 150 дугаар тогтоолоор, Татварын улсын байцаагчийн 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 230024 дүгээр дүгнэлтэд дурдсан 22 939 650 төгрөгийн татвараас зайлсхийсэн гэж тогтоосон, уг тогтоолд нэхэмжлэгч компани гомдол гаргаагүй, хуулийн хүчин төгөлдөр болсон байжээ.

Хоёр. Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ч.Б, Т.О нарын гаргасан,  2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 230000190 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ч.Б, Т.О нар нэхэмжлэгч компанийн 2011 оны 01 дүгээр сарын 01-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж улмаар “татварын хууль тогтоомжийг ноцтой  зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн 1,088,369,636 төгрөгийн зөрчилд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр уг дүгнэлтийг бичиж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Уг дүгнэлтэд “...Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Т.Ч*******, Л.Н нар хяналт шалгалт хийж үйлдсэн 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 230024 дүгээр дүгнэлт шийдвэрлэгдээгүй байгааг дурдаад, ...2012 онд 133,852,272.7 төгрөгийн, 2013 онд 40,746,200.0 төгрөгийн, нийт 174,598,472,7 төгрөгийн тоног төхөөрөмж борлуулсан орлогоо тайлагнаагүй, 2012 онд 203,685,000.0 төгрөгийн, 2013 онд 187,422,100.0 төгрөгийн нийт 391,107,100.0 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг татвар ногдох орлогоос хассан, 2011 онд Д******* ХХК-иас 2 падаанаар нийт 2,170,135.9 төгрөгийн, 2012 онд Б ХХК-иас 21,181,818,18 төгрөгийн, Д ХХК-иас 159,090,909.0 төгрөгийн, А ХХК-иас 18,395,454.55 төгрөгийн, Б******* ХХК-иас 46,577, 272.7 төгрөгийн, нийт 245,245,454.43 төгрөгийн, 2013 онд С ХХК-иас 2 падаанаар нийт 100,650,000.27 төгрөгийн буюу 2011-2013 онд нийт 348,065,590.6 төгрөгийн хий бичилттэй падаанаар тус тус худалдан авалт хийж татвар ногдох орлогоо бууруулсан нийт 1,088,369,636.0 төгрөгийн зөрчилд 108,836,963.6 төгрөгийн татвараас зайлсхийсэн...үйлдлийг шалгуулахаар шилжүүлэв” гэж дурдсан байна.

Нэхэмжлэгч, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ч.Б, Т.О нарын гаргасан,  2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 230000190 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 230024 дүгээр дүгнэлттэй ижил үндэслэлээр буюу “...татварын улсын байцаагч зөрчлийг илрүүлж акт гаргасны дараа тухайн зөрчлийг шалгуулахаар дүгнэлт бичих ёстой байхад акт гаргалгүй шууд дүгнэлт бичсэн нь Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 34.1, 33 дугаар зүйлийн 33.2.6-д заасныг зөрчсөн...уг дүгнэлтэд бичсэн тооцоолол алдаатай болох нь 111 тоот Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон...” гэж тодорхойлсныг хариуцагч нар “...267 дугаар бүхий Прокурорын тогтоолд татварын байцаагчийн 230000190 дүгээр дүгнэлтийг үнэн зөв эсэхийг огт тогтоогоогүй, харин НӨАТ-ын падаанд хий бичилт хийлгэж татвар төлөхөөс зайлсхийсэн болохыг тогтоож Өршөөлийн хуульд хамруулан 2015260000225 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон, энэ нь захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй...тул нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлтэй” гэж маргаж байна.

Өмнө дурдсанчлан Татварын ерөнхий хуулийн 34.1, 33 дугаар зүйлийн 33.2.6-д тус тус зааснаас үзвэл Татварын улсын байцаагч нь татвар төлөгчийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тохиолдолд эрх бүхий байгууллагад шалгуулахаар дүгнэлт бичих эрхтэй, уг эрхийн хүрээнд “А” ХХК-ийн захирал Х.Эийн үйлдлийг шалгуулахаар дүгнэлт бичиж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг шүүх  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ч.Б, Т.О нарын гаргасан,  2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 230000190 дугаар дүгнэлт хуульд нийцсэн, уг дүгнэлтийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хүчингүй болгох хууль зүйн боломжгүй.

Гурав. Татварын улсын байцаагчийн, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 230013992 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл, нэхэмжлэгч компанийн захирал Х.Эт холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч Б.Эын 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор томилогдсон Шинжээчийн, 2015 оны 5 сарын 12-ны 111 дүгээр дүгнэлтээр “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 230000190  дүгээр дүгнэлтээр 1,088,369,963.60 төгрөгийн зөрчлийг үндэслэлтэй гэж үзэхээргүй байна, учир нь шинжилгээгээр тус компани нь нийт 233,544,455.30 төгрөгийн зөрчилд 34,038,697.80 төгрөгийн татвар төлөхөөр байна, 2012 онд 106,842,512 төгрөгийн борлуулалтын орлогоо тайлагнаагүй зөрчилтэй байна, иймд 2012 оны зөрчлийг үндэслэлтэй гэж үзэхээргүй байна, “Д” ХХК-иас 159,090,909 төгрөгийн бараа материал худалдан авсан баримттай байгаа бөгөөд хавтаст хэрэгт гэрчийн мэдүүлэг авагдсан...тул үндэслэлгүй...” гэж дүгнэсэн,

Түүнчлэн Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын Хяналтын прокурор А.Бийн гаргасан, 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 267 дугаар бүхий “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор...А ХХК-ийн захирал Х.Э нь Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 230024 дугаартай дүгнэлтээр “С” “Х Х” “Ц” гэсэн компанийн НӨАТ-ын падаан дээр 400000.0 мянган төгрөгийн хий бичилт хийлгэн авч ашиглаж 400000.0 төгрөгийн, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 230000190 дугаартай дүгнэлтээр “Б” “А” “Д” “С” гэсэн компанийн НӨАТ падаан дээр 929.278.7 мянган төгрөгийн хий бичилт хийлгэн авч ашиглаж 92.927.8 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд тус тус Эрүүгийн  хуулийн 166.2 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад “Д” ХХК-иас 159.090.909 төгрөгийн бодит худалдан авалт хийсэн нь гэрч Н.Эийн мэдүүлгээр тогтоогдож, харин дээрх компаниудын НӨАТ-ын падаан хий бичилт хийлгэн авч татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь тогтоогдож, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу тайлагнаж гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн...тул...Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10.10 дахь хэсгийг баримтлан хуулийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь тус тус тогтоогдов.

Энэхүү Прокурорын 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 267 дугаар тогтоолын дараа түүнд үндэслэн гаргасан,  2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч А.Т, Ч.З нарын 230013992  тоот “Татвар ногдуулалт төлөлтийг шалгасан тухай” актаар нэхэмжлэгч компанийн 2011 оны 01 сарын 01-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж улмаар уг актаар “...Дүүргийн прокурорын газрын 267 тоот Прокурорын тогтоолоор Татварын улсын байцаагчийн 230024 тоот, 230000190 тоот дүгнэлтийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд Д ХХК-ийн 159,090,909.00 төгрөгийн бодит худалдан авалт хийсэн гэж тогтоосон байна...,дээрх тогтоолд “С” “Х Х” “Ц” гэсэн компанийн НӨАТ-ын падаан дээр 400,000,0 мянган төгрөгийн хий бичилт хийлгэн авч ашиглаж татвар төлөхөөс зайлсхийсэн...гэж тогтоосон нь тус дүгнэлтийн зөрчлийн 229,396,500.00 төгрөгийн дүнг 170,603,500.00 төгрөгөөр илүү зөрүүтэй тусгасан...” гэж дүгнэн улмаар нийт 999,584,317.00 төгрөгийн зөрчилд 99,958,431.7 төгрөгийн нөхөн татвар ногдуулж шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгчээс уг актыг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ “...эрүүгийн хэрэг шалгаж байх явцад Шинжээч дүгнэлт гаргаж Татварын улсын байцаагч Ч.Б, Т.О нарын гаргасан,  2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 230000190 дугаар дүгнэлтийг үндэслэлгүй гээд 233,544,466.30 төгрөгийн зөрчилд 34,038,697.80 төгрөгийн татвар төлөхөөр байна гэж тогтоочхоод байхад 230000190 дугаар дүгнэлтэд дурдсан зөрчлийн дүнг шууд хуулбарлаад акт болгож гаргасан нь хууль бус...” гэж тодорхойлсныг хариуцагч “...Прокурорын 267 дугаар тогтоолын дагуу шалгалт хийж 999,958,431.70 төгрөгийн зөрчилд 99,958,481.70 төгрөгийн нөхөн татвар тогтоосон...,2 дүгнэлтийг нэгтгэж уг актыг гаргасан, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосноос бус дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосон асуудал биш...” гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Улсын Ерөнхий Прокурорын орлогч Б.Аын гаргасан 1/12 дугаар бүхий “Хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж мөрдөн байцаалт явуулах хугацаа тогтоох тухай” тогтоолоос үзвэл “...Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн дарга Д.Баас “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 267 дугаартай тогтоолд  үнийн дүн эрс зөрүүтэй тогтоогдсон байх тул А...ХХК-д холбогдох хэргийн зөрчлийн үнийн дүнг тодруулан хэргийг хянуулах гомдол гаргасан байна,...Хяналтын прокурор А.Бийн гаргасан 267 дугаар тогтоолд...хохирол, үнийн дүн зэрэг нь нотлох баримтаас зөрүүтэй, зарим үйлдэл, хохирол, үнийн дүнг бууруулсан үндэслэл, дүгнэлт байхгүй, иргэний нэхэмжлэгч нь ямар нэртэй аж ахуйн нэгж, хэнээс хэчнээн төгрөгийн хохирлыг нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болох...-ыг дурдаагүй...байх тул эрүүгийн 2014260000225 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Бийн 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 267 дугаартай тогтоолыг хүчингүй болгож мөрдөн байцаалтын ажиллагааг сэргээж...” шийдвэрлэсэн,

Үүний дараа Баянгол дүүргийн прокурорын газрын Хяналтын прокурор Н.Дгийн гаргасан, 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 150 дугаар бүхий “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор “А” ХХК-ийн захирал Х.Э нь 2013 онд “С” ХХК-ийн НӨАТ падаанд 3,837,727.33 төгрөгийн хуурамч бичилт хийж ашигласан гэх үйлдэл нотлогдохгүй, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 230024 дугаар дүгнэлтээр 2010, 2011, 2012 онуудад “С”, “Х” зэрэг аж ахуйн нэгжүүдийн НӨАТ-ын падаанд хуурамч бичилт хийж 22,939.650 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн нь татварын улсын байцаагчийн дүгнэлтээр нотлогдсон боловч Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, яллагдагч Х.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2017/02 дугаартай албан бичгээр илэрхийлсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасныг удирдлага болгон...Эрүүгийн хуулийн тусга ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн байцаан шийтгэх ажиллагаа явуулсан Х.Эт холбогдох “татвар төлөхөөс зайлсхийсэн” гэх хэргийг...хэрэгсэхгүй болгох, тогтоолын 5-д “Хан-уул дүүргийн татварын хэлтэс нь нөхөн төлөх татвар, төлбөрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж...” шийдвэрлэсэн болох нь тус тус тогтоогдов.

Дээр дурдсан үйл баримтуудаас үзвэл маргаан бүхий захиргааны акт болох Татварын улсын байцаагчийн, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 230013992 дугаар акт нь Баянгол дүүргийн прокурорын газрын Хяналтын прокурор А.Бийн гаргасан 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 267 дугаар тогтоолд үндэслэн гарсан боловч тухайн актын үндэслэл болсон уг 267 дугаар тогтоол нь дээд шатны прокурорын тогтоолоор 2017 оны  02 дугаар сарын 03-ны өдрөөс хүчингүй болж, улмаар дүүргийн прокурор Н.Дгийн, 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 150 дугаар тогтоолоор шийдвэрлэгдсэн, энэхүү 150 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 

Өөрөөр хэлбэл одоо хүчин төгөлдөр байгаа, Баянгол дүүргийн прокурор Н.Дгийн, 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 150 дугаар тогтоолоор нэхэмжлэгч компанийг 2013 онд “С” ХХК-ийн НӨАТ падаанд 3,837,727.33 төгрөгийн хуурамч бичилт хийж ашигласан гэх үйлдэл нотлогдоогүй, харин 230024 дугаар дүгнэлтээр 2010, 2011, 2012 онуудад...хуурамч бичилт хийж 22,939.650 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн нь... нотлогдсон” гэж дүгнэсэн байхад хариуцагч захиргааны байгууллагаас нэгэнт хүчингүй болсон, 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 267 дугаар тогтоолыг үндэслэн маргаж байгаа нь шүүхээс хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, тухайн нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзнэ.

Тухайлбал хүчингүй болсон 267 дугаар Прокурорын тогтоолд Татварын улсын байцаагчийн 230024 болон 230000190 дугаар бүхий 2 дүгнэлтийн аль алиныг оруулан дүгнэсэн атал одоо хүчин төгөлдөр байгаа 150 дугаар бүхий Прокурорын тогтоолд зөвхөн 230024 дүгээр дүгнэлтийн талаар дурдсан, хариуцагч захиргааны байгууллага тухайн 150 дугаар Прокурорын тогтоолыг мэдсэн атлаа нэгэнт хүчингүй болсон 267 дугаар Прокурорын тогтоолыг үндэслэн өөрийн гаргасан актад өөрчлөлт завсар оруулалгүй, хүчингүй болсон шийдвэрийг үндэслэн маргаж байгаа нь ойлгомжгүй, Татварын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 230013992 дугаар актад дурдсан зөрчлийн болон нөхөн татварын дүн нь эдгээр Прокурорын тогтоолд заасан болон эрүүгийн хэрэгт ирүүлсэн 111 дүгээр шинжээчийн дүгнэлтээр тогтоосон төлбөрийн дүнтэй аль аль нь хоорондоо тохирохгүй байгаа зэрэг үндэслэлийг шалгаж тогтоох  шаардлагатай.   

Түүнчлэн Нийслэлийн Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолоор 999,584,316.70 төгрөгийн зөрчилд 99,968,431.70 төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг...32,592,700.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан 3,259,270.00 төгрөгийн нөхөн татварыг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хүчингүй болгож 966,991,616.70 төгрөгийн зөрчилд ногдуулсан 96,699,161.67 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр татварын улсын байцаагчийн 2016 оны 10 сарын 28-ны өдрийн 230013992 дугаар актыг өөрчилсөн байгааг дурдах нь зүйтэй.

Иймд Хан-уул дүүргийн Татварын улсын байцаагчийн, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 230013992 дугаар актыг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд хариуцагч нь шинээр акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт болох  Татварын улсын байцаагчийн, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 230013992 дугаар акт нь хүчингүй болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 33 дугаар зүйлийн 33.2.6, 34 дүгээр зүйлийн 34.1,  47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал Ж.Цгээс гаргасан “Татварын улсын байцаагчийн 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 230024 дүгээр дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох” болон “Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 230000190 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Татварын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 230013992 дугаар актыг дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд хариуцагч нь шинээр акт гаргаагүй тохиолдолд Татварын улсын байцаагчийн, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 230013992 дугаар акт нь хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                               Н.ДУЛАМСҮРЭН