Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1054

 

 

 

 

2022           11          09                                 2022/ШЦТ/1054

 

 

                          

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч М.Гансувд,

Хохирогч Б.М,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Цолмон,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагвадорж,

Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувдаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эад холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны 12 дугаар сарын 29-ний өдөр .. аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 2, найзын хамт ..........тоотод оршин суух хаягтай, “А” салонд үсчин ажилтай гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, ...............

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Д.Э нь 2022 оны 7 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ............. задгай тоотод иргэн Б.Мтай “гоймон чанах” асуудлаар маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь зулай цөмөрсөн хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн ... дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч М.Гансувдаас:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлийг (хавтаст хэргийн 6-14 дүгээр тал),

-Хохирогч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүдийг (хавтаст хэргийн 18-19, 22-23 дугаар тал),

-Гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 25-26 дугаар тал),

-Гэрч М.Уын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 33-34 дүгээр тал),

-Гэрч М.Бйн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 37-39 дүгээр тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гаргасан 9566  дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 47-49 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол;

 

Хохирогчийн өмгөөлөгч Д.Ц..с:

-Хохирогч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүдийг (хавтаст хэргийн 18-19, 22-23 дугаар тал),

-Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 37-39 дүгээр тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гаргасан 9566 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (хавтаст хэргийн 47-49 дүгээр тал),

-Гэмт хэргийн улмаас учирсан шууд болон шууд бус хохирлын баримтууд (хавтаст хэргийн 71-81 дүгээр тал) болон шинээр 7 хуудас хохирол, хор уршгийн талаарх баримтуудыг гаргаж өгч байгаа бөгөөд дээрх баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг нотолж, хохирлыг барагдуулах байр суурьтай оролцоно гэж,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д..оос:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлийг (хавтаст хэргийн 6-14 дүгээр тал),

-Хохирогч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүдийг (хавтаст хэргийн 18-19, 22-23 дугаар тал),

-Гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 25-26 дугаар тал),

-Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-39 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэм буруугийн талаар маргахгүй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэж тус тус байр сууриа илэрхийлсэн болно.

 

Хохирогч Б.Маас “...Миний хувьд эрүүл мэндээрээ маш их хохирсон. Энэ гэмтлээс болж ажлаа хийж чадахгүй болсон. Гэмт хэргийн улмаас шууд хохирсон хохирлыг шүүгдэгч нөхөн төлсөн. Гэхдээ энэ хохирол нь бодит гарсан зардлаас бага байгаа. Мөн гэмтэл авахаас өмнө гэрээгээр хамтлагийн дууны видео клип хийхээр болж 15,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт авсан байсан. Тодорхой хугацаанд уг ажлыг хийж гүйцэтгэх байсан. Гэтэл хугацаандаа видео клипээ хийж дуусгаагүй гээд буцаагаад оруулсан хөрөнгөө нэхэмжилсэн байгаа. Тиймээс энэ гэмт хэргийн улмаас тухайн хамтлагийн видео клип хийх ажил удааширсан тул энэ мөнгийг шүүгдэгчээс гаргуулж нэхэмжилж байгаа хүнд нь өгмөөр байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй. Гомдолтой байна. Эрүүгийн хариуцлагыг хуульд зааснаар нь оногдуулж өгнө үү” гэх утга агуулга бүхий мэдүүлгийг,

 

Шүүгдэгч Д.Эаас “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Тиймээс хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх утга агуулга бүхий мэдүүлгийг тус тус гаргажээ.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Э нь 2022 оны 7 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ..., ...задгай тоотод иргэн Б.Мтай “гоймон чанах” асуудлаас болж маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь зулайн цөмөрсөн хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

-Хэргийн газарт үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сүхбаатар дүүргийн ..., шааны хаалгаар орж үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд хашааны зүүн хойд хэсэгт 2 давхар хүрэн бор өнгийн төмөр дээвэртэй цагаан өнгийн байшин байлаа... Уг байшингийн хаалгаар орж үзлэгийг үргэлжлүүлэхэд ...гал тогооны цайвар өнгийн шүүгээн дээр пивоны лаазнууд... 2 давхарт гарч үзлэгийг үргэлжлүүлэхэд жижиг унтлагын өрөөнд үүний урд хэсэгт жижиг бор өнгийн модон ширээн дээр “Сэнгүр” нэртэй пивоны лааз, түүний хажууд цагаан өнгийн ширээ, үүн дээр...Сэнгүр нэртэй пивоны лааз, ...түүний хажууд жижиг модон ширээн дээр коньякны шил, архины хундага, Ранта ундааны сав, ...Сэнгүр нэртэй пивоны лааз зэрэг зүйлс эмх цэгцгүй байлаа... Цагаан өнгийн торонд 6 ширхэг “Сэнгүр” нэртэй пиво хийсэн... байлаа гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-14 дүгээр тал),

 

-Хохирогч Б.Мын “...2022 оны 7 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө би лагерь дээрээ шинэ цомог хийж байсан. Тэр цомогийн дуун дээр хамтрал хийх гээд О гэх найз маань шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн ...нд байрлах манай лагерь дээр ирэхдээ танихгүй залуутай ирсэн. Би гэртээ Б гэдэг 19 настай эрэгтэй найзтайгаа байсан. О тэр хоёр ирэхдээ согтуу баахан пиво, архи авч ирээд тэд нар архи пивоо уусан, би ганц нэг пиво уусан. Тэгээд 1 давхарт түлэнхий үнэртээд байхаар нь би буугаад харсан чинь намайг цохисон залуу тогоонд баахан гоймон хийчихсэн усгүй байхаар нь “чи цаашаа байж бай” гэсэн чинь гараараа нүүр лүү цохихоор нь би “одоо зайл” гээд хөөсөн, тэгээд тэд байшингаас гарчхаад хашаанд машиндаа байгаад байхаар нь би гараад хашаанаасаа “яв” гэсэн чинь Отой ирсэн залуу надаас зугтаж гарч байхаар нь би ардаас нь гарсан чинь замын хажууд байсан том чулуу аваад над руу шидсэн, тэр нь миний толгойны зулай хэсэгт оноод би ухаан алдаад унасан, тэгээд тал бие мэдээ алдаад намайг унаж байхад гүйж ирээд миний нүүр лүү өшиглөөд, гараараа цохиод намайг зодож байхад С буюу Б ирээд “болиоч” гээд намайг өргөөд байшин руу оруулсан... Би Отой хамт ирсэн хүнийг “хиншүү утаа гаргалаа” гээд, мөн намайг цохисонд уурлаж маргалдсан... Тухайн өдөр Б гэх залуу намайг гаднаас байшингийн үүд хэсэг рүү оруулсан, тэр үед Э гаднаас орж ирээд “оронд нь ороод унтуулчих, түргэн дуудаад хэрэггүй, битгий маяглаад бай, одоо зүгээр бай, угаасаа ийм юм байдаг шүү дээ, зүгээр” гэх мэт зүйл яриад байсан, “түргэн дууд” гэхэд “битгий түргэн дууд, зүгээр” гэх мэт зүйл яриад байсан. Хэр удаж түргэн ирснийг нь мэдэхгүй байна. Би 2 давхарт байж байтал тэр залуу “хоол унд иднэ” гэсэн зүйл яриад доошоо 1 давхар руу буусан, хэсэг хугацааны дараа хиншүү үнэртээд байхаар нь доошоо буутал тэр Д.Э гэх залуу тогоонд ус хийлгүйгээр хуурай гоймон хийчихсэн, тэр нь түлэгдэж байсан, тэгэхээр нь би тэр залууд “ус хийхгүй яаж байгаа юм бэ?, юу хийгээд байгаа юм” гэхэд “би мэдэж байна, би хоол хийж байна” гээд байсан, би ус аваад тогоо руу хийсэн, тэгээд “чиний хоол хийнэ гэж юу байдаг юм” гэж хэлэхэд миний нүүр лүү гараараа цохичихоод тэр залуу гараад явах шиг болсон. Тэр залуугийн араас би гарсан, гарахад тэрээр хувцасаа тайлчихсан, урдаас пээдийгээд байсан, ухарч алхаад над руу янз бүрийн юм яриад байсан, би түүнд “манай гэрээс зайл” гэж хэлчхээд эргээд байшин руугаа алхаж байтал араас тэр залуу дуудаад “хүн алж үзүүлэх үү” гэлүү, “тархи хагалж үзүүлэх үү” гэсэн зүйл ярьснаа том хад чулуу над руу шидээд тэр чулуу миний толгойн зулай хэсгийг онож цохисон, цохих үед нь би доошоо сөхрөөд унасан, миний баруун нүд юм харахаа болиод биеийн баруун талын хэсэг ямар ч мэдээгүй болоод доошоо унасан. Тэр залуу манай гэрт ирэхдээ л согтуу байсан, мөн ирэхдээ архи, пивонууд авч ирсэн байсан, тэр авч ирсэн архи, пиво уугаад байсан, нилээн л согтуу байсан. Би тухайн үед түүний араас гарахдаа гартаа хоол хутгасан хутгуураа барьж гарсан байх, би хутга заазуур барьж түүнийг айлгаж сүрдүүлсэн зүйл байхгүй. Би Д.Эад “зайл” гэж хэлсэн. Түүний биед нь хүрээгүй, цохиогүй... Би тухайн өдөр 1 ширхэг лааз пиво уучихсан байсан, гэхдээ согтуу байгаагүй, болсон үйл явдлыг бүгдийг нь санаж байгаа, мөн манай хуурай дүү Байгапь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19, 22-23 дугаар тал),

-Гэрч Б.Мын “...Би 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 22 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн ... Санзайн зусланд байдаг найз Б.Мын лагерийн байшинд өөрийн танил Мандахын хамт очсон... Бид хоёр ирэхэд манай найз М болон С гэдэг залуу 2 байсан. Бид хэд нэг шил архи задлаад ууж байсныг санаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дугаар тал),

-Гэрч М.Уын “...Би араас нь яваад очсон, эмч нар үзээд тархиндаа гэмтэлтэй байна, шууд хэвтүүлнэ, хагалгаанд оруулна гээд байсан, ерөнхийдөө эрсдэлтэй гэж хэлсэн, маргааш өглөө нь хагалгаанд орсон... Манай хүүг зодсон гэх залуу ГССҮТөв дээр ирээд надтай уулзсан, тэр залуу өөрийгөө хамгаалсан, өмгөөлсөн зүйл яриад байсан, тэрээр өөрийгөө хамгаалж манай хүүг цохисон гэсэн утгатай зүйл яриад байсан. Энэ асуудлаас болж манай гэр бүлд хор хохирол учирч байгаа талаар нь хэлсэн, тэр залуу миний дансыг аваад 300,000 төгрөг шилжүүлсэн байсан. Түүнээс өөр дахин эрүүл мэнд, эмчилгээний зардал гаргуулсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дүгээр тал),

 

-Гэрч М.Бн “...Би Б.М гэх хуурай ахынхаа зуслангийн байшин дээр хэрэг болохоос 3-4 хоногийн өмнө дуу хийх, альбом хийх зорилгоор тэнд очсон юм. Тэгээд 2022 оны 7 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 1 билүү 2 цагийн үед Б.М ахын гэрт гаднаас өөрийгөө Бимон гэж хэлээд байсан залуу танихгүй залуугийн хамтаар ирсэн, тэр хоёр ирэхдээ хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, нэлээн согтуу ирсэн, ирэхдээ архи, пиво авч ирсэн байсан. Б.М ах бид хоёр Б.. гэх залууг дуунд оролцуулахаар дуудсан юм. Тэр хоёр авч ирсэн архи, пивоо уусан, Б.М бид хоёр бараг л уугаагүй, амссан. Б.М ах бид хоёр байшингийн 2 давхарт дуугаа сонсоод байж байтал Б..ы найз гэх танихгүй залуу “хоол хийнэ” гээд доошоо нэг давхар луу буусан, удалгүй хиншүү үнэртээд байхаар нь Б.М ах бид хоёр доошоо буусан, очоод хартал тогоон дотор ус хийлгүй хуурай гоймон хийчихсэн, тэр нь түлэгдээд байж байсан, тэр үед Б.М “юу хийгээд байгаа юм бэ, чи ийм байдалтай хоол хийж чадахгүй юм байна” гэж хэлээд тогоон дотроо ус хийсэн. Тэгтэл тэр залуу “тогоочид юу хийхийг заах гээд байгаа юм уу” гээд хоорондоо хэрэлдсэн, хэрэлдэж байгаад тэр залуу Б.Мын нүүр лүү гараараа цохисон, тэгтэл Б.М ах уурласан, тэр залуу гэрээс гараад явчихсан, Б.М ах “нэг бол цагдаа дуудаж энийг өгч явуулна, аль эсвэл би өөрөө хөөж явуулна” гээд байсан... Нөгөө залуу ч гэсэн гадаа орилж хашхираад зогсоод байсан. Б.М ах түүний араас гарсан, тэгэхээр нь ороод ирэх байх гэж бодоод гараагүй, 5-10 минут өнгөрсөн. Орж ирэхгүй болохоор нь гараад хартал хашааны гадна замын цаана нөгөө танихгүй залуу Б.Мыг газар унагаачихсан, дээрээс нь өшиглөөд зогсоод байсан, тэгэхээр нь би хурдан гүйж очоод Б.М ахыг тэвэрч аваад түүнийг “цаашаа” гээд орилсон, тухайн үед би сандарчихсан байсан болохоор тэр залууг юу гэж хэлж байсныг санахгүй байна, ямартай ч Б.Мын толгойноос цус гарчихсан байсан. Б.М ахыг тэврээд гэр лүү нь оруулсан, бие нь эвгүй оргиод 2 удаа ухаан алдсан, би түргэн дуудах гэхэд нөгөө зодсон залуу нь “наадах чинь зүгээр юм биш үү, оруулаад унтуул, түргэн дуудаж яах гээд байгаа юм” гээд байсан, гэхдээ би түргэн дуудсан. Түргэн ирэхээс өмнө нөгөө залуу ч яваад өгсөн... Энэ үед хамт байсан Б.М гэх залуу байшин дотор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай унтаж байсан юм. Би болон Б.М ах бид хоёр тухайн үед 1,1 ширхэг лаазтай пиво уучихсан байсан. Болсон асуудлыг бүгдийг мэдэж байгаа... тухайн өдөр нэг давхраас М Эын араас гарахдаа хутга, заазуур гэх мэт зүйлс барьж гараагүй тогоонд байх гоймон руу ус хийчхээд тэрийгээ хутгасан хусуураа бариад гарч байх шиг байсан, би тэр үед харсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-39 дүгээр тал),

 

- Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “1.Б.Мын биед зулай ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна. 4.Дээрх гэмтэл нь 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн ... дугаартай дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

            Дээрх хэргийн үйл баримтыг нотолсон баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирчээ.

            Шүүгдэгч Д.Эын 2022 оны 7 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ..., ... задгай тоотод иргэн Б.Мтай “гоймон чанах” асуудлаас болж маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь зулай цөмөрсөн хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн обьектив, субьектив шинжийг бүрэн хангаж байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

            Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 13-д “Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан.

            Шүүгдэгч Д.Э нь үл ялих маргааны улмаас хохирогчийн хуулиар баталгаажуулсан халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь тогтоогдсон байх бөгөөд тэрээр өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч Д.Э нь хохирогч Б.Мын толгойн тус газарт чулуугаар шидэж зулай цөмөрсөн хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл хоорондоо шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршгийн талаар: Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Маас 3,354,417 төгрөгийн эмчилгээтэй холбоотой болон бусад баримтыг гаргаж өгсөн боловч прокуророос 2,348,367 төгрөгийн хохирлын баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж шүүгдэгчээс  дээрх хохирлыг гаргуулахаар яллах дүгнэлтийн хавсралтад дурджээ.

 

Шүүгдэгч Д.Э болон хохирогч Б.М нараас 2,348,367 төгрөгийн хохирлын үнийн дүнтэй холбоотойгоор ямар нэг маргаан гаргаагүй, шүүгдэгч хохирогчид 2,350,000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Харин хохирогч Б.М “гэмт хэргийн улмаас Б.О гэгчтэй байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дагуу хийгдэх байсан ажил цаг хугацаандаа хийгдээгүйгээс 15,000,000 төгрөгийн хөрөнгөө буцааж нэхэмжилж байгаа талаар мэдэгдсэн тул энэ мөнгийг шүүгдэгчээс гаргуулж Б.Од өгмөөр байна” гэж гэм хорын хохирлыг нэхэмжилсэн бол хохирогчийн өмгөөлөгч “хохирогчийн нэхэмжилж байгаа мөнгө бол гэмт хэргийн улмаас өөрт нь учирсан гэм хорын холбогдолтой нотлох баримт юм. Мөн ээж нь эмнэлэгт нийт 11 хоног хүүгээ сахиж асарсан байдаг. Энэ хугацаанд ажлаасаа чөлөө авсан. Сарын 1,500,000 төгрөгийн цалинтай ажил хийдэг болох нь тогтоогддог. Тэгэхээр сарын цалинг нь 30 хоногт хувааж, хүүхдээ сахиж байсан хоногт нь бодож гэм хорын хохиролд нэмж нэхэмжилж байгааг нь шүүх анхааран үзэж гэм хорын хохирлыг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү” гэх утга агуулга бүхий саналыг гаргасныг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.

 

Учир нь, хохирогч Б.Мын гэм хорын хохиролд нэхэмжилж байгаа “Хөрөнгө оруулалтын гэрээ” нь Б.Он, О.Нн нарын хооронд хийгдсэн гэрээ, энэ гэрээгээр хохирогч Б.М ямар нэг эрх эдэлж, үүрэг хүлээсэн заалт байхгүй байхад Б.О оруулсан хөрөнгө оруулалтаа хохирогч Б.Маас нэхэмжилсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй, шүүх эдгээр хүмүүсийн хооронд хийгдсэн гэрээний биелэлтийг дүгнэх боломжгүй юм.

 

Мөн хохирогчийн ээж М.У ажлаасаа чөлөө авч хүүхдээ эмнэлэгт сахисан гэж мэдүүлдэг, “К” ХХК-д нэг сарын 1,500,000 төгрөгийн үндсэн цалин авдаг гэх баримт байгаа боловч чухам тухайн ажлаасаа хэдэн сарын, хэднээс хэдний хооронд чөлөө авсан эсэх, нийгмийн даатгалын шимтгэл төлөгддөг эсэх, хэрэв төлдөг бол чөлөө авсан хугацааг хэрхэн тооцож, гарт хэдэн төгрөгийн цалин бодогдсон эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй нь тухайн хохирлыг хэрхэн тооцож гаргах нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн тул энэхүү гэм хорын хохирлыг энэ шийтгэх тогтоолоор гаргах боломжгүй байна.

 

Харин дээрх “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г гэм хорын хохирол гэж үзэж байгаа бол, мөн цаашид гэмт хэргийн улмаас хийгдэж байгаа эмчилгээний зардалтай холбоотой баримтуудаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх зүйтэй гэж шийдвэрлэв.      

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч  Д.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарах юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Д.Э нь хувийн байдлын хувьд 1992 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 29 настай, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “А” салонд үсчин ажилтай, тодорхой хэмжээний цалин орлоготой ажилладаг болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн Хаан банк дахь дансны хуулга (хавтаст хэргийн 93-103 дугаар тал)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...хохирол нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Д.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэх саналыг, хохирогч Б.М болон түүний өмгөөлөгчөөс “гэмт хэргийн хор уршиг арилаагүй, улсын яллагчийн ялын санал үйлдсэн гэмт хэрэгтээ тохироогүй, хорих ял оногдуулж өгнө үү” гэх саналыг, шүүгдэгч Д.Э болон түүний өмгөөлөгчөөс торгох ял оногдуулахыг дэмжиж байна, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүхээс шүүгдэгч Д.Эад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгож хэрэглэх нь гэмт хэрэг үйлдсэн хүний гэм бурууг ухамсарлуулах, нийгэмшүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, хохирогч өөрт учирсан гэм хорын хохирлоо хуулийн дагуу нэхэмжлэхэд нь цаг алдалгүй хохирлыг нь барагдуулж байх нь ач холбогдолтой гэж үзсэн болно.

Иймд шүүгдэгч Д.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсан болно.

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11,000 /арван нэгэн мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эад оногдуулсан торгох ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч Д.Эаас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч Б.М гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.          

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН