Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 156/ШШ2019/00070

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2018/00698/И

 

         Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: ХААН банкны Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч:,  С.У агсан /РД: .../,

          

           Хариуцагч:  Э.Н /РД:...../,

           

             Хариуцагч: С.С /РД:..../ нарт холбогдох

          “Зээлийн гэрээний үүрэгт 8 369 831.26 /найман сая гурван зуун жаран есэн мянга найман зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.П, хариуцагч Э.Н, хариуцагч Э.Н-ын өмгөөлөгч Б.Б, хариуцагч С.С, хариуцагч С.С-ийн өмгөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий аймаг дахь салбарын захирал Б.Алимаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн С.У, Э.Н нар нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хэрлэн суман дахь ХААН банкны төв тооцооны төвөөс 11 200 000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, сарын 22.8 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд хөргөгч, 5 ханатай гэр, LCD зурагт 32 инч, угаалгын машин зэрэг зүйлс барьцаалсан.

 

С.У, Э.Н нар нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 3 456 318.36 төгрөг, зээлийн хүүд 3 257 960.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 0 төгрөг төлснөөс өөр төлбөргүй байна. Иймд банк зээлийн гэрээг цуцлан зээлдэгч С.У, Э.Н нараас 2018 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн байдлаар дараахь хэмжээний төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

-2016 оны 11 сарын 24-ний өдрийн ЗГ/......... тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах,

- Үндсэн зээлийн төлбөр 7 743 681.64 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр              620 513.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5636.40 төгрөг, нийт 8 369 831.26 төгрөг гаргуулах,

- Улсын тэмдэгтийн хураамж 148 867 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.П нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Э.Н, талийгаач С.У нар нь ХААН банкнаас 11 200 000 төгрөгийг 48 сарын хугацаатай жилийн 22,8%-ийн хүүтэй зээл авсан. Хариуцагч  Э.Н 2016,11,24ны өдөр барьцаат зээлийн гэрээнд өөрөө гарын үсэг зурсан. Э.Н байгаагүй бол С.У зээл авах боломжгүй байсан. Банк эрсдлээ тооцоод хамтран хариуцагч шаарддаг. 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдрөөс хойш зээлийн төлөлт хийгдээгүй байгаа юм. Иймд ХААН банкны зүгээс хариуцагч Э.Н, хамтран хариуцагч С-с үндсэн зээлийн төлбөр 7 743 681 төгрөг, хүү 602 513 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5636 төгрөг нийт 8 369 831 төгрөгийг  нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Э.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би үсчин мэргэжилтэй. С.У миний байнгын үйлчлүүлэгч байсан. Эгч нь зээл авах гэсэн юм, эгчдээ зээл аваад өгөөч гээд гуйгаад байхаар нь 2016.11.20-доор гарын үсэг зурж өгсөн. дараа нь уулзаад зээлээ авсан уу гэсэн авсан гэж байсан. Зээл авсан мөнгөөрөө өөртөө болон хүүхдэдээ гутал хувцас авсан, ээжтэйгээ, нотариатч Сайхнаа гэдэг эгчтэйгээ хамт сүлжээнд элссэн гэж ярьж байсан. Би тогтмол ажил хийдэггүй  зээл төлөх боломжгүй. Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн хэдий ч харин би С.Угийн авсан зээлийн мөнгөнөөс нэг төгрөг ч аваагүй. Хаан банк ч надад хамтран зээлдэгчээр орж байгаа тохиолдолд гэрээний эрх үүрэг ямар байх талаар тайлбарлаж өгөөгүй гэв.

 

Хариуцагч Э.Нын өмгөөлөгч Г.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн материалтай танилцсан хэргийн материалд дутуу юм их байна. Гэрээнд заагдсан зүйл дээр Э.Н зээлийн гэрээтэй танилцаж уншаагүй гэснийг нотлох зүйл байхгүй байна. Хамтран зээлдэгчээр хэрхэн яаж оролцсон, хорооны засаг даргын тодорхойлолт, албан газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын төлөлтийн хуулбар, хөрөнгийн үнэлгээг банк хйидэггүй хөрөнгийн үнэлгээ хийдэг мэргэжлийн байгууллага байдаг үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй газар хийх ёстой юм. Хамтран зээлдэгчийн зээл төлөх баталгаа байхгүй байна. Энэ байдлаас харахад Э.Н, С нар зээл төлөх үндэслэл байхгүй байна. Иймд.хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл  байна гэж үзэж байна.

 

Хариуцагч С.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би охин С.Уг зээл авсныг мэдээгүй надад ч хэлээгүй авсан байсан. Бид уг зээлийг бас төлөөд л байгаа 2017 оны 11 сард 3 000 000 гаруй төгрөгийг барьцаанд тавьсан эд зүйлийг нь зарж борлуулж байж төлсөн. Одоо бол надад төлөх боломж байхгүй. Манай хөгшин бие нь муу элэгний хавдар болсон хүн хэвтэрт байдаг гэв.

 

Хариуцагч С.С-ийн өмгөөлөгч Д.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн өмгөөлөгч Б-ны өмгөөллийн үгийг дэмжиж оролцоно. Нэхэмжлэгчийн зүгээс хамтран хариуцагчаар миний үйлчлүүлэгч С.С-ийг татаж зээлийн үлдэгдлийг төлүүлэх нотлох баримт байхгүй, эрх зүйн үндэслэл байхгүй гэдгийг бидний зүгээс хэлсэн. Хамтран хариуцагч С.С-ийн хувьд зээлийг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. 

            Шүүх хуралдаанаар зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, бархьцаат зээлийн гэрээ, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий аймаг дахь салбар нь Э.Н, С.У, С.С нарт холбогдуулан “Зээлийн төлбөр 8 369 831.26 /найман сая гурван зуун жаран есэн мянга найман зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулах” -аар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

ХААН банкны Хэнтий аймаг дахь төв тооцооны салбараас хариуцагч                 С. С.У, Э. Э.Н нар нь 2016.11.24-ний өдөр 11 200 000 /арван нэгэн сая хоёр зуун мянаг/ төгрөгийг цалингийн зээлийн зориулалтаар жилийн 22.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай барьцаат зээлийн гэрээ байгуулан авсан болох нь хавтаст хэргийн 3-5 дугаар хуудсанд байх ЗГ/............. тоот барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 3-5х/, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 6-7х/, нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.  

 

  Харин үндсэн зээлдэгч болох С.У нь 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өвчний улмаас нас барсан болох нь № 0000172290 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбараар, (хх-ийн 32 тал) мөн тогтоогдож байна.

            Иймд Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар хариуцагч С.У-гийн ХААН банкинд хүлээх үүрэг дуусгавар болсон байна.

            Үндсэн зээлдэгч нас барснаар түүний хариуцагч Э. Э.Н-тай цуг ХААН банкнаас авсан зээлийн гэрээний үүрэг хамтран зээлдэгч Э. Э.Н-т шилжсэн гэж үзнэ.

            Хариуцагч Э. Э.Н-ын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа ба С.У-гийн эцэг С.С-ийг хэрэгт хамтран хариуцагчаар татах хүсэлтийг гаргаж, түүнийг нь нэхэмжлэгч ХААН банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.П зөвшөөрч дэмжсэнээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3-т- зааснаар шүүх хариуцагч Э. Э.Н-ын хүсэлтийг хангаж 2019 оны 01 сарын 07-ны өдрийн 58 дугаартай захирамжаар хамтран хариуцагчаар С.С-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан байна.

            Хэргийн үйл баримтаас үзэхэд хариуцагч Э. Э.Н-ыг талийгаач С. С.У-гийн хамт Хаан банкнаас авсан цалингийн зээлээс их бага тодорхой хэмжээний мөнгийг хувьдаа авч хэрэглэсэн эсхүл авч хэрэглээгүй гэж тодорхойлох боломжгүй байна.

            Гагцхүү ХААН банкнаас авсан зээлийг төлнө гэдгийг хоёул баталж,  Э. Э.Н-ын хувьд хамтран зээлдэгчийн эрх үүрэгтэйгээр мөнгө, зээлийн харилцаанд оролцож, зээлийн гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан байна. 

           Хариуцагч Э. Э.Н нь хамтран зээлдэгчийн эрх үүргийг банк танилцуулж ойлгуулаагүй, гэрээнд шууд гарын үсэг зуруулсан гэж байгаа хэдий ч Э. Э.Н-ын хувьд иргэний эрхзүйн харилцаанд оролцох бүрэн чадвар, чадамжтай хүн болох нь тодорхой байх ба Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д: хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн заалт байх тул түүний дээрх тайлбар үндэслэлтэй биш байна.

            Харин хэрэгт хамтран хариуцагчаар татагдсан С. С-ийн хувьд талийгаач охин С. С.У-ийн ХААН банкнаас авсан цалингийн зээлийн өр төлбөрийн асуудлыг охиноо 2017 оны 4 сард нас барснаас хойш жил гаруйн хугацаанд нийтдээ      3 181 050 /гурван сая нэг зуун наян нэгэн мянга тавь/ төгрөгийг банкинд төлж барагдуулсан болох нь зохигчдын тайлбаруудаас тогтоогдож байна.

            Дашрамд хариуцагч Э. Э.Н-ын шүүхэд өгч буй тайлбараас үзэхэд  С. С.У нь авсан зээлийн мөнгөө гэр бүлийн хэрэгцээнд, ээжтэйгээ хамт хэрэглэсэн гэсэн тайлбар өгч байх ба үүнийг мөн үгүйсгэх боломжгүй юм.

            Иймд хариуцагч Э. Э.Н, С. С нарыг ХААН банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээнд /үлдэгдэл төлбөрт/ хамтран ижил тэнцүүгээр үүрэг хүлээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж заажээ.

 

Мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т: Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Маргааны тохиолдлын хувьд үндсэн зээлдэгч нас барснаар зээлийн эрсдэл бусад хүмүүст шилжиж байгаа тул  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар нэхэмжлэгч ХААН банкнаас үндсэн зээлийн төлбөр дээр нэмж нэхэмжилж буй зээлийн хүү 620 513 төгрөг, нэмэгдүүлсэн хүү  5 636 төгрөг, нийт 626 149 төгрөгийн анзаас хариуцагч нарыг чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иймд нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий аймаг дахь салбарын хариуцагч Э.Н, С.С нараас “зээл, зээлийн хүүнд 8 369 831 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 7 743 682 төгрөгийн шаардлагыг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр хуваан гаргуулж, үлдэх  626 149 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 242 дугаар зүйлийн 242.11, 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар хариуцагч Э.Н-аас 3 871 841 /гурван сая найман зуун далан нэгэн мянга найман зуун дөчин нэг/ төгрөг, хариуцагч С.С-оос 3 871 841 /гурван сая найман зуун далан нэгэн мянга найман зуун дөчин нэг/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий аймаг дахь салбарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 626 149 /зургаан зуун хорин зургаан мянга нэг зуун дөчин ес/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 148 867  төгрөгийн 138 849  төгрөгийг улсын орлого болгож, үлдсэн 10 018 /арван мянга арван найм/ төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож, хариуцагч Э.Н-аас 69 424.5 /жаран есөн мянга дөрвөн зуун хорин дөрөв/ төгрөг, С.С-оос 69 424.5 жаран есөн мянга дөрвөн зуун хорин тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

  3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       Ж.БОЛДБААТАР