Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1068

 

 

 

 

 

 

 

2022           11          11                                 2022/ШЦТ/1068

 

 

 

                               

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч Б.Сарантуяа,

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Мөнхзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .. оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Нийслэлийн ............ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

-... аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-... дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хэргийг мөрдөн байцаалтад буцааж, улмаар анхан шатны шүүхээс оногдуулсан ялд өөрчлөлт орж суллагдсан гэх,

-... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар 3 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, ...................

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Б.М нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн өглөөний 08 цагийн үед Сүхбаатар дүүргийн ... хороо, Мийн орчимд автобусаар зорчиж явсан хохирогч Д.Агийн 530,000 төгрөгийн үнэ бүхий Ай фоне 8 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн ... дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Улсын яллагч Б.С...с: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

 

Шүүгдэгч Б.М.оос: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэжээ.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.М нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн өглөөний 08 цагийн үед Сүхбаатар дүүргийн ... хороо, Мийн орчимд автобусаар зорчиж явсан хохирогч Д.Агийн 530,000 төгрөгийн үнэ бүхий Ай фоне 8 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэргийн үйл баримт дараах шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон болно. Үүнд:

 

-Хохирогч Д.Агийн “2022 оны 02 дугаар сарын 23-ны өглөө 07 цаг 20 минутын үед Б... дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Кино үйлдвэрийн автобусны буудлаас автобусанд суугаад Улаанбаатар их дэлгүүрийн хойд талын автобусны буудал дээр автобуснаас буугаад үзэхэд миний утас байхгүй байсан. Тэгээд хүний утас гуйгаад өөрийн утас руугаа залгахад нэг цагдаа аваад “та Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хүрээд ир, таны утсыг хулгайлсан хүнийг олсон” гэсний дагуу би ирсэн. Ай фоне 8 плас загварын цагаан өнгийн шар хавтастай гэртэй утас байгаа. Уг утсыг 2021 оны 9 дүгээр сард 850,000 төгрөгөөр авч байсан, ямар нэг эвдрэл гэмтэлгүй утас байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 06 дугаар тал),

 

-Эд зүйл хүлээлгэн өгсөн “Ай фоне 8 плас загварын гар утсыг хохирогч Д.Ад хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 09 дүгээр тал),

 

-“Д” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 530,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 14-15 дугаар тал) зэрэг баримтууд болно.

 

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бүрдүүлсэнээр төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Дээрх хэрэгт нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.М нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байх тул түүнийг гэм буруугийн  санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Уг үйлдлийн улмаас бусдад буюу хохирогч Д.Ад бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 530,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хулгайлсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой.

 

Тиймээс шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Б.М амар хялбар аргаар мөнгө олох шунахайн сэдэлт нөлөөлсөн байна.

 

 Шүүгдэгч өөрийн хулгайлан авсан гар утсыг биет байдлаар нь хохирогчид нөхөн төлсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 09 дүгээр тал)-ээр нотлогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 15 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах” саналыг гаргасан бол шүүгдэгч “гэм буруутай үйлдлээ ойлгож ухамсарлаж байна, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

 

Учир нь, шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр хуульчлагдсан, ял хариуцлагыг сонгож оногдуулах боломжтой зүйл анги хэдий ч шүүгдэгч нь шүүх хурал товлогдохын өмнө шүүхээс оргон зайлж хаана байгаа нь мэдэгдэхгүй, биеийн байцаалтад дурдсан хаягтаа оршин суудаггүй, шүүн таслах ажиллагаанд зориуд санаатайгаар саад учруулсан тул шүүхээс албадан ирүүлэх, эрэн сурвалжлах арга хэмжээ авсны эцэст байгаа газраасаа баривчлагдан саатуулагдсан нөхцөл байдал тогтоогдсон тул түүнд хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн болно.

 

Мөн шүүгдэгчид оногдуулсан 8 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Мт 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар нийт 15 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон дээрх хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

 

Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн урьдчилан цагдан хоригдсон 15 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.МӨНХСАЙХАН