Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 156/ШШ2019/00056

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2018/00808/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:...................... оршин суух, Д.С нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .................... оршин суух, Б.М-д холбогдох,

"гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах”  тухай иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.С, хариуцагч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Отгонзаяа нар оролцов.                                                                                          

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 2008 онд Б.Мтай танилцан, улмаар 2009 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гэрлэлтийн № 018 баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ.

Бидний хамтран амьдрах хугацаанд 2010 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүү А.Ч, 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр охин А.И нар төрсөн. Бид хамтран амьдрах 7 жилийн хугацаанд байнга хэрүүлтэй, Б.М архи ууж агсам тавьж хэлэх хэлэхгүй үгээр доромжилж, ажлын газрын хүмүүстэй хардана, ер нь байнга сэтгэлийн дарамттай байдаг тул цаашид хамтран амьдрах боломжгүй болсон юм.

Тэр үеэс хойш хүү, охин хоёр маань миний асрамжид амьдарч өсч торниж байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү А.Ч, А.И нарыг миний асрамжид үлдээж, эцэг Б.Маас тэтгэлэг гаргуулж өгнө үү.

Бидэнд дундын эд хөрөнгийн маргаан байхгүй... гэв.  (хх-ийн 1 тал),

 

 Хариуцагч Б.М нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2008 онд Стай танилцаж, 2009 онд гэр бүл болсон. 2010 онд Улаанбаатар хотод амьдарч, ажил хийх гэсэн боловч ажил олдоогүй. Тэгээд Сүхбаатар аймагт Сгийнд очиж амьдарсан юм.

2014 онд охин И төрсөн. Би ажилгүй байсан учраас охиноо асарсан. Тэгээд С нутагтаа очоод ааш зан нь их өөрчлөгдөж, хүйтэн хөндий болсноос болж байнга маргалддаг байсан. Энэ зүйлээс болж би архи уудаг байсан, 

Би зүгээр байхад нь архи ууж, агсам согтуу тавьдаггүй, хэтэрхий дарамтнаас болж би хааяа архи уудаг байсан. 2015-2016 оныг хүртэл би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уурын зууханд галчаар ажиллаж байсан. Хааяа найз нөхдийн хүрээнд уудаг байсан. Гэхдээ байнга агсам согтуу тавьж, байнга дарамталсан зүйл байхгүй.

 Гэрлэлт цуцлуулах өргөдөл өгсөн байсан. Би өргөдөл өгнө гэж бодоогүй би хоёр хүүхдээ өнчрүүлэхгүй, эргээд хамт амьдрах бодол байсан. Гэхдээ Сд нохой шиг хөөгдөж байсан учраас очиж чадаагүй. Үнэхээр энэ хүн өөрөө ингэж шийдсэн бол би хүлээн зөвшөөрнө. Мөн би хоёр хүүхдэдээ тэтгэлэг өгнө. Одоохондоо ажил байхгүй, учраас багаар ч болтугай өгнө, хоёр хүүхдэдээ хэрэгтэй үед нь тус болж байна гэсэн бодол надад байдаг... гэв.

 

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Б.Маас “гэрлэлт, цуцлуулж, хүү А.Ч, А.И нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зохигчид 2009 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болох нь № .............дугаартай гэрчилгээний хуулбар, (хх-ийн 10 тал) 2010 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүү А.Ч, 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр охин А.И нарыг төрүүлсэн болох нь төрсний № ........., №........... ГЭ-32 дугаартай гэрчилгээнүүдийн хуулбаруудаар, (хх-ийн 7, 11 тал)  нэхэмжлэгчийн оршин суугаа газрын тодорхойлолт, (хх-ийн 5 тал)  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний байнгын дарамтнаас болж хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй тул шүүх энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Б.М нь хүү А.Ч, охин А.И нарыг өөрийн асрамжинд авах талаар болон гэрлэлт цуцлуулах талаар маргаагүй байна.

Зохигчид Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэрлэлт цуцлах үед хүүхдүүдээ хэнийхээ асрамжинд үлдээх талаар харилцан тохиролцсон байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, ээнэгшил, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэх,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар хүү А.Чий санал зэргийг харгалзаж хүүхдийг хэний асрамжинд өгөх эсэхийг шүүх шийдвэрлэв.

 

Хүү А.Ч нь 2010 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 9 настай, охин А.И нь 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 5 настай болох нь төрсний гэрчилгээний хуулбаруудаар, (хх-ийн 7, 11 тал) ээжтэйгээ хамт амьдардаг бөгөөд ээждээ ээнэгшин дассан нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 03 дугаар багийн засаг дарга Т.Л-ын тодорхойлолтоор, (хх-ийн 5 тал).... зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг  төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах тул хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн хүү А.Ч, охин А.И нарыг эх Д.Сгийн асрамжинд үлдээхээр тогтов.

Мөн эцэг Б.Маас Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2- зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж хүү А.Ч, охин А.И нарт олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Зохигчид нь одоогийн байдлаар хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдав.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч ............. овогт Д.С, хариуцагч ............... овогт Б.М нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин А.И, 2010 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү А.Ч нарыг эх Д.Сгийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин А.И, 2010 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү А.Ч нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны баталгаажих доодтүвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, эцэг Б.Мын сар бүрийн цалин орлогоос тэтгэлэг гаргуулж охин А.И, хүү А.Ч нарыг тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Зохигчид нь хамтран өмчлөх, дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.Сд дааллгасугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэгтэй болохыг дурдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар охин А.И, хүү А.Ч нарыг эцэг Б.Мтай уулзуулж байхыг эх Д.Сд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.С нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Маас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Цэрэндуламд даалгасугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-дзааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдасугай.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.ЦЭРЭНДУЛАМ