Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 156/ШШ2019/00054

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2018/00788/И

 

            Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

             Нэхэмжлэгч: Г.Н-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Д.Б -д холбогдох

            “эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Н, хариуцагч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа нар оролцов.

                   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

           Нэхэмжлэгч Г.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх Д.Бтай 2011 оны сүүлээр танилцсан. Тэгээд нэг гэрт орж Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сангийн аж ахуйн Муурын байшинд байр хөлсөлж хамт амьдарч байсан. Бид хоёр 2 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгад хамт ажиллаж байгаад 4 ханатай гэртэй болсон. 2017 оны эхээр жирэмсэн байхдаа Улаанбаатар хот руу ажил хийхээр явсан. Тэгээд бид орох оронтой сайхан айл болсон. Д.Б айлын мал харж байгаа гэсэн тэгэхээр нь чи хэний малыг харж байгаа юм бэ гэсэн чинь Цагдаагийн байгууллагын хүүхэн байдаг юм тэрний малыг харж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл хамт хөдөө гарья гэсэн чинь дургуйцээд байдаг байсан. Сүүлдээ гэр орондоо ч ирэхгүй, үр хүүхдээ ч тоохоо больсон. Сүүлдээ Н гэдэг эмэгтэй над руу яриад Д.Б бид хоёр хамт амьдарч байгаа гэж ярьсан тэгэхээр нь би хоёр хүүхдийг минь өнчрүүлээд та ямар айхтар хүн бэ гэсэн миний буруу, хүний амьдралыг би ийм болгосон юм чинь хэдэн төгрөг өгье гээд өгсөн. Тэгсэн тэр өгсөн мөнгийг нь Д.Б-ы цалин гэж бодоод явдаг байсан чинь сая хурал дээр хүүхдийн тэтгэлэг болж хувирч орж ирж байгаа юм. Одоо хөдөө Нарантуяагийн малчин биш одоо нөхөр нь болчихсон явж байгаа юм. Миний амьдрал үнэхээр хэцүү байгаа одоо болтол өвлийн хүйтэнд хоёр хүүхэд маань зуны хувцас, гуталтай явж байна гэв. /хх-ийн 1х/

           Д.Б цувуулж өгсөн 4 060 000 төгрөгийг хүүхдийн тэтгэлэгт тооцоход татгалзах зүйлгүй гэв.

Хариуцагч Д.Б нь шүүхэд гаргасан тайлбар болон болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2011 оноос 2017 он хүртэл Г.Н бид хоёр Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сангийн аж ахуйн Муурын байшинд байр хөлсөлж амьдарч байсан. Бид хоёр Н, Е гэсэн хоёр хүүхэдтэй. 2016 оны 11 дүгээр сарын үед Г.Н барилга дээр ажиллаж байгаад Улаанбаатар явсан юм. Тэгээд намайг Бор-Өндөр яваад ирэх хойно хамт ажиллаж байсан барилгын нэг залуутай нэр холбогдсон байсан. Ер нь Г.Н архи дарс их уудаг байсан..Тэгээд дээр нь Г.Н муурын байшингийн дэлгүүрт өр тавьчихсан байсан тэрийг нь дарж өгчихөөд би урагшаа Мөнххаан ээж дээрээ очиж байж байгаад өвөл 2017 оны 01 сард би хөдөө Н-нд цагдаагийн газрын мал маллахаар очсон. Одоо Н-тай хамт амьдарч байгаа. Боломжоороо Г.Нийн дансанд мөнгө хийдэг байсан 2 удаа 960 000 төгрөгөөр хийсэн, тэгээд 200 000-300 000-аар хийдэг байсан. Нийтдээ 4 060 000 төгрөг болсон гэв. /хх-ийн 16х/

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Н, Д.Б нь амьдралын нөхцөл байдлаас болж хоёр тийшээ болсон. Д.Б нь би хоёр хүүхдээ өнчрүүлъе гэж бодоогүй, намайг эзгүй үед хань ижил маань намайг орхиод явсан. Надтай амьдахааргүй болтол нь зодож, дарамталсан зүйл байхгүй, би тэтгэлэгийн мөнгө гэж Н-ын данснаас Г.Нийн дансруу хийдэг байсан, би хүүхдүүдээ өнчрөөхгүй, эцгийн хайр халамжийг дутаахгүй, хүүхдүүдийнхээ хүмүүжилд анхаарч боломжоороо тус дэм болж байна гэдгээ миний үйлчлүүлэгч илэрхийлж байгаа юм. Г.Н, Д.Б нь хүүхдийн тэтгэлгийн асуудал дээр эвлэрлийн гэрээ байгуулж, Б-аас өгсөн    4 060 000 төгрөгийг хүүхдийн тэтгэлэгтээ тооцож, хүүхдийн тэтгэлгийг 2019.11.24-ний өдрөөс тооцож авахаар харилцан тохиролцсон байгаа. Иймд энэ Эвлэрлийн гэрээг нь баталгаажуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад         

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч Д.Бд холбогдуулж “эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

          Нэхэмжлэгч Г.Н хариуцагч Д.Б нар нь 2011 онд танилцаж, улмаар эр эмийн харьцаатай болж, хамтран амьдарч тэдний дундаас 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр охин Н, 2017 оны 07 сарын  18-ны өдөр хүү Е нар төрсөн болсон болох нь ................ дугаартай Г.Н-ийн төрсний  гэрчилгээний хуулбар, №2301000380 дугаартай Г.Н-ийн Е төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 6, 7х/, нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбар зэрэг  баримтуудаар тогтоогдож байна.    

         

          Ийнхүү зохигчид нь амьдралын бэрхшээлт байдал, хоорондын үл ойлголцол, хариуцагч Д.Б-ы гэр бүлийн тогтворгүй байдлаас шалтгаалж цаашид хамтран амьдрах бололцоогүй болсон байна.

 

          Дашрамд хариуцагч Д.Б-ы хувьд 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Н, 2017 оны 07 сарын  18-ны өдөр төрсөн хүү Е нарыг өөрийнхөө хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Г.Н-ийн асрамжинд үлдээхийг хүлээн зөвшөөрч байгаа болохыг дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

          Мөн зохигчд нь хүүхдийн тэтгэлгийн хувьд шүүх хуралдаанд харилцан тохиролцож, хариуцагч Д.Б-ы 2017 оны 10 сарын 16-ны өдрөөс 2018 оны 12 сарын 18-ны өдрийг хүртэл өгсөн 4 060 000 төгрөгийг хүүхдийн тэтгэлэг өгсөнд тооцуулж, хүүхдүүдэд тэтгэлгийг 2019 оны 11 дүгээр сарын 24-ны өдрөөс өгч авахаар эвлэрлийн гэрээ байгуулсан болохыг дурдах нь зүйтэй.

          

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:        

 

           1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар нэхэмжлэгч  овогт Г.Н гийн 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрүүлсэн охин Н 2017 оны 07 сарын  18-ны өдөр төрүүлсэн хүү Е нарын эцэг нь хариуцагч Д.Б  мөн болохыг тогтоосугай.

           

           2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2.1-т зааснаар 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрүүлсэн охин Н , 2017 оны 07 сарын  18-ны өдөр төрүүлсэн хүү Е  нарыг 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хариуцагч /эцэг/ Д.Б цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос хүүхдийн тэтгэлгийг мөнгөн хэлбэрээр гаргуулж, охин Н.Н хүү Н.Е нарыг тэжээн тэтгүүлсүгэй

           

            3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Г.Н-т даалгасугай.

           

            4. Зохигчид нь хүүхдийн тэтгэлгийн асуудал дээр эвлэрлийн гэрээ байгуулан хариуцагч Д.Б урьд хүүхдүүддээ тусламж болгон өгсөн 4 060 000 төгрөгийг Г.Н нь хүүхдийн тэтгэлэгт тооцож, хүүхдийн тэтгэлгийг хариуцагч Д.Б 2019 оны 11 сарын 24-ний өдрөөс эхэлж авахаар харилцан тохиролцсон болохыг дурдсугай.

 

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нь Г.Н нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.Б-аас 70 200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэ  шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Ж.БОЛДБААТАР