Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
Хэргийн индекс | 185/2022/1035/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1077 |
Огноо | 2022-11-15 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | Ц.Буянхишиг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1077
2022 11 15 2022/ШЦТ/1077
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,
Улсын яллагч Ц.Буянхишиг,
Шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Буянхишигээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны 5 дугаар сарын 26-ны өдөр .. аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамтаар ...............тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .. оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, хэрэг хариуцах чадвартай, ...................
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Б.З нь үргэлжилсэн үйлдлээр “ү...” вэбсайтад “ширээ, сандал зарна” гэсэн хуурамч зар байршуулж зохиомол байдлыг зориудаар бий болгож, уг зарын дагуу холбогдсон хохирогч Ө.Сийг хуурч Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байхад нь 530,000 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны ........... тоот дансаар шилжүүлэн авч залилсан;
2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “ү...” вебсайтад “байр түрээслүүлнэ” гэх хуурамч зар байршуулж, тус зарын дагуу холбогдсон Э.Дд “урьдчилгаа мөнгөө шилжүүлбэл байранд оруулна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Э.Дг Сүхбаатар дүүргийн 16 дугаар, ...........тоотод байхдаа өөрийн “Хаан” банкны данснаас 550,000 төгрөгийг шилжүүлсэнийг авч залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн... дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Ц.Б..ээс: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Шүүгдэгч Б.З нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэжээ.
Мөн шүүх хуралдааны ирцийн талаар улсын яллагч “хэрэгт оролцуулах саналтай этгээд байхгүй талаар яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан байгаа, шүүгдэгч хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул шүүх хуралдаанд хохирогч нарыг оролцуулах шаардлагагүй” гэж, шүүгдэгч “адил саналтай” гэснийг дурдах нь зүйтэй.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.З нь үргэлжилсэн үйлдлээр “ү...” сайтад “ширээ, сандал зарна” гэсэн хуурамч зар байршуулж зохиомол байдлыг зориудаар бий болгож, уг зарын дагуу холбогдсон хохирогч Ө.Сийг хуурч 530,000 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны ........... тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
-“Ү” сайтад “байр түрээслүүлнэ” гэх хуурамч зар байршуулж, тус зарын дагуу холбогдсон Э.Дд “урьдчилгаа мөнгөө шилжүүлбэл байранд оруулна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Э.Дг хуурч 550,000 төгрөгийг “Хаан” банкны ........... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан хэргийн үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Хохирогч Ө.Сийн “2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр би Сүхбаатар дуүргийн ... тоот гэртээ байхдаа “ү...” сайтад байсан “гал тогооны тавилга зарна” гэсэн зарын дагуу 8.. дугаарын утсаар холбогдож ширээ сандал авахаар болсон ба тэр хүн надад тодорхой хаягаа хэлэхгүй байсан. Тэгэхэд “хоёр хоногийн дараа хотод орж ирнэ” гэж надад хэлсэн. Тэгээд тэр хүнд “энэ ширээ сандлаа битгий зараарай, би авна шүү” гэхэд “за” тэгвэл мөнгөө хийж баталгаажуулаарай гэж хэлээд данс өгсөн. Тэгээд тэр хүний өгсөн Хаан банкны ........... “Б. З” гэсэн данс руу 530,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд тэр хүнд “зараа устгаарай, мөнгөө хийчихлээ, хотод ирэхээрээ хэлээрэй” гэсэн. Тэгээд 2 хоногийн дараа залгахад “өнөөдөр боломжгүй байна” гээд янз бүрийн шалтаг хэлээд байсан ба сүүлдээ утас нь холбогдохоо больсон. Тэгээд тэр хүнтэй яриад “одоо больё, мөнгөө буцааж авъя” гэхэд утсаа таслаад алга болсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр тал),
-Дансны хуулгад үзлэг хийсэн “Сидиг тоглуулж үзэхэд ........... дугаарын дансны хуулга нэртэй файлыг нээж үзэхэд тухайн дансны орлого зарлагын гүйлгээнүүд байх бөгөөд “shire sandaliin hudaldan awalt” гэх утгатай 530,000 төгрөгийн орлого 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр орж ирсэн байв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 18 дугаар тал),
-Хохирогч Ө.Сийн хохирлыг барагдуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, хохирогчийн хүсэлт (хавтаст хэргийн 24, 37 дугаар тал),
-Хохирогч Э.Дгийн “...Би байр түрээслэхээр “ү...” сайт дээрээс зар харж байгаад “... д байр түрээслүүлнэ” гэх зарын дагуу эмэгтэй хүнтэй холбогдсон чинь “Х.. аймгаас ирнэ, олон хүн залгаад үзээд байгаа тул урьдчилгаа хийчих, барьцаа мөнгөө өгөөд баталгаажуулчих” гээд над руу ........... гэсэн дансыг явуулахаар нь би тэр өдрөө буюу 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 550,000 төгрөг шилжүүлэн өгсөн. Тэгээд 2 хоногийн дараа утсаа авахгүй байхаар нь өөр дугаараас залгасан чинь гар утсаа авахаар нь “та яагаад ирээгүй юм” гэхэд “нөхөр хөдөөнөөс ирээгүй байна, ирэхээр нь мөнгийг чинь хийчихье” гэж хэлсэн. Сүүлдээ “ажил явдал гарчихлаа” гээд гар утас нь огт холбогдохгүй болсон учраас цагдаад хандаж байна. Би Сүхбаатар дүүргийн ... хороо,... тоотод байхдаа өөрийн интернэт банкаараа мөнгө шилжүүлэн өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 дугаар тал),
-Шүүгдэгч Б.Згийн ........... дугаартай Хаан банкны дансны хуулга (хавтаст хэргийн 69-71 дүгээр тал) зэрэг нотлох баримтууд болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн онцлогтой байдаг бөгөөд залилагч этгээд анхнаасаа бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, үнийг нь төлөхгүй байх сэдлээр гэмт хэрэг үйлддэг.
Хэргийн үйл баримтаас дүгнэж үзэхэд шүүгдэгч Б.З нь цахим зарын сайт дээр хуурамч зар байршуулж, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдыг хуурч, өөртөө итгүүлэн, “сандал, ширээ зарна”, “байр түрээслүүлнэ” гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, бусдыг залилан мэхлэх сэдэл төрж, улмаар уг үйлдлээ хэрэгжүүлэн хохирогч нарыг хуурч, төөрөгдөлд оруулан, тэдний эд хөрөнгө /мөнгө/-ийг өөртөө шилжүүлж авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч нь гэмт үйлдлээ 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр болон 31-ний өдрүүдэд хэрэгжүүлсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг үндэслэн түүнийг үргэлжилсэн үйлдлээр “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.З гэмт үйлдэлдээ шунахай сэдэлттэй, шууд санаатай хандсан байх ба өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж мэдсээр байж, хүсэж үйлдэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд прокуророос шүүгдэгч Б.Зг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Залилах гэмт хэргийн тухайд залилагч этгээд бусдыг “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан”-аар тухайн гэмт хэрэг төгсөхөөр байна.
Энэ хэргээс үзэхэд хохирогч Ө.С, Э.Д нар нь шүүгдэгч рүү Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа мөнгөө шилжүүлсэн байх бөгөөд /хохирогч нарын байршил тодорхой байна/ харин шүүгдэгч тухайн цаг хугацаанд чухам хаана байж байгаад мөнгийг өөртөө шилжүүлэн авсан бэ гэдгийг тогтоогоогүй байна. Хэргийн үйл баримтаас харахад шүүгдэгч өөрийгөө хөдөө байсан гэж хохирогч нарт хэлдэг, эсхүл хаана байгаагаа хэлээгүй, үүнийг мөрдөгч тодруулаагүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байна.
Тиймээс энэ хэргийн хувьд шүүгдэгчийг нэгэнт хаана байсныг нь тогтоогоогүй ч гэсэн “...гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах үүднээс хохирогч нарыг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байсан гэдгээр нь хэргийн харьяаллыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэж үзэж прокуророос шилжүүлснийг хүлээн авч шийдвэрлэсэн болно.
Цаашид шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ чухам хаана байсныг мөрдөн шалгах ажиллагаагаар олж тогтоох нь нэн шаардлагатай юм. Учир нь, гэмт хэрэг бүр өөр өөрийн шинжтэй, онцлогтой үйлдэгддэг, гэмт хэрэг хаана эхэлж, хаана төгсөж байгаагаас шалтгаалж шүүхийн харьяалал тогтоогддог тул /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ”, 4 дэх хэсэгт “Хэрэг тухайн шүүхэд харьяалагдахгүй байвал шүүгчийн шийдвэрээр харьяалах шүүхэд шилжүүлнэ” гэж заасан/ анхаарах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг хохирогч нарт төлж барагдуулсан байх ба баримтаа шүүх хуралдаанд гаргаж өгсөн, хохирогч нар гомдолгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр байхгүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.З нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,500,000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргасан, шүүгдэгч хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.Зг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 2,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 06 (зургаа) сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Зг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зг 2,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Згаар торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Б.З нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН