| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2018/01037/и |
| Дугаар | 64 |
| Огноо | 2019-02-11 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 64
Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг, 1-08 тоотод оршин суух, 1987 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОМ87032021, Хольдог овогт Загиржавын Орлогын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 18-29 тоотод оршин суух, 1987 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ87052794, Бурд овогт Сайнжаргалын Ганбатад холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Орлого, хариуцагч С.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Орлого шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие С.Ганбаттай 2015 онд танилцаж үерхэж байгаад 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр охинтой болсон. Одоо охин маань 1 нас 10 сар хүрч байна. Үерхэж байхдаа “Охиноо гарга, сайхан амьдарна” гэчихээд одоо хүртэл утсаа авахгүй, “Миний хүүхэд биш, чи шүүхээр юу ч авч долоохгүй” гэдэг. Иймд хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Анх С.Ганбатад жирэмсэн болсон гэдгээ хэлэхэд хүүхдээ төрүүл, хамт амтдрая гэсэн юм. Дараа нь миний хүүхэд биш гэж байгаад гайхаж байна” гэжээ.
Хариуцагч С.Ганбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Ганбат миний бие эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэсан ба охин миний хүүхэд биш болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд тэтгэлэг төлөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Орлого нь хариуцагч С.Ганбатад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь “Шинжээчийн дүгнэлтээр би О.Сарнайгийн эцэг биш болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” хэмээн маргаж байна.
Нэхэмжлэгч З.Орлого нь 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин О.Сарнайд эцэг болох С.Ганбатаас тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ба Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 483 тоот эцэг тогтоох тухай “Хүний геномын микросателлитын ТНО1, D21S11, D13S317, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA локусын аллелиар С.Ганбат нь О.Сарнайгийн биологийн эцэг байх боломжгүй байна” гэх дүгнэлт гарчээ.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хариуцагч С.Ганбатад холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэгч З.Орлогын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч З.Орлогын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн 150000957 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч З.Орлогод олгож, улсын тэмдэгтийн хураамж 30.182 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хариуцагч С.Ганбатад холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэгч З.Орлогын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч З.Орлогын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн 150000957 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч З.Орлогод олгож, улсын тэмдэгтийн хураамж 30.182 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР