Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/346

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал, 

Улсын яллагч Н.Энхтулга,

Шүүгдэгч ******************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******************холбогдох эрүүгийн 2238000000676 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Баян-Эрдэнэ” зоогийн газрын гадна хэрүүл маргаан үүсгэж улмаар ******************нүүр хэсэгт нь гараараа цохиж зүүн доод 2 дугаар үүдэн шүдэнд сулрал, доод уруулд язралт, хамрын нуруу ясанд муруйлт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч ******************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Баян-Эрдэнэ” зоогийн газрын гадна хэрүүл маргаан үүсгэж улмаар ******************нүүр хэсэгт нь гараараа цохиж зүүн доод 2 дугаар үүдэн шүдэнд сулрал, доод уруулд язралт, хамрын нуруу ясанд муруйлт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000000676  дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би ******************эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гуанзанд хамт явсан бүдүүн нөхөр гарч ирээд л намайг эрүүг чинь заагаад алаад хаячихъя, хаанаас гарч ирсэн дүрс вэ, хөлийг чинь хуга өшиглөнө гээд зөндөө л юм хэлсэн... утсаараа бичлэг хийх гэж үзэхэд миний утас бичлэг хийгээгүй байсан. Тэр үед нөгөө бүдүүн залуу миний утастай булаацалдсан. Ууганаа дарга ч булаацалдсан...Тэгээд байж байхад гуанзнаас хамт явсан нөгөө нөхөр нь гарч ирээд тэр залуу нь хоёр тийш нь салгах гээд намайг болиоч чи гээд байсан. Тэгээд л нөгөө бүдүүн нөхөр чинь заамдчихсан байхдаа хоёр удаа гараараа нүүр рүү цохиход хиймэл шүд амнаас гараад ирсэн. Тэгэхэд хүмүүс хоёр тийш нь болгож байхад янз янзаар хэлээд байхаар нь араас нь гүйж очоод бариад авах гэхэд чадаагүй. Хажуу тийшээ тонгороход нөгөө сүүлд гарч ирсэн залуу нь намайг хөл рүү өшиглөөд хөөгөөд гүйхээр нь цаашаа яваад салсан. Тэр үед Батзориг тэд нарыг боль гээд хориглоод байхад болихгүй байсан. Тэгж байгаад л сүүлдээ салсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 9-11, 13-р хуудас),

Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Цагдаагийн дарга гээд байсан ах Нэргүй ахыг дуудаад аваад гарсан. Камер руу хараад сууж байхад Нэргүй ахыг цагдаагийн даргатай явсан хоёр хүн бариад авчихсан. Нэг нь гэдэс рүү нь өшиглөж байхыг хараад яанаа хөгшин хүнийг зодоод байна ш дээ гээд л гүйж гарч очоод, та нар хөгшин хүнийг зодож байхдаа яадаг байна гэж хэлээд хүмүүсийг салгаад Нэргүй ахыг цааш нь аваад явсан. Тэр тарган ах нь би хууль сахиулахын дарга, Хөвсгөлийнхийг Булганаараа дайруулахгүй та нар хараарай, хутга шаана гэж хэлэхээр нь яанаа та ямар аймар ярьдаг юм бэ гэж хэлэхэд дуугүй бай, амаа тат гээд байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-16-р хуудас),

Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тосонцэнгэл сумын зоогийн газарт ороод хоол захиалаад сууж байсан. Тэгсэн чинь нэг үл таних эмэгтэй, эрэгтэй хоёр бид нарын урдуур дайраад хоол аваад идчихээр нь Д.Ууганбаяр ах зоогийн газрын хүмүүст хандаж яаж үйлчлээд байгаа юм бэ гэж хэлээд харилцан яриа өрнөсөн. Удалгүй гаднаас 2 хүн орж ирснээ амрыг эрье дарга гээд Д.Ууганбаяр ахтай мэндэлсэн. Д.Ууганбаяр ах Нэргүй гэх цагдаад хандаж энэ хүмүүс яаж үйлчлээд байгаа юм бэ гэхэд манай дүү нар байгаа юм аа гэж Нэргүй гэх цагдаа хэлсэн. Тэгэхэд нь ******************тэр цагдаад хандаж дүү нар чинь байхаараа ингэж үйлчилдэг юм уу гэж хэлсэн. Нэргүй гэх цагдаа ******************хоёр муудалцаад зоогийн газраас гараад явсан. Тэгээд хоол гараад би хоолоо идээд сууж байхдаа цонхоор харсан чинь ******************Нэргүй гэх цагдаа хоёр нэг нэгнийгээ заамдчихсан зогсож байсан. Би хоолоо орхиод гадаа гарангуутаа тэр хоёрыг дундуур нь орж салгасан.  Тэгсэн чинь ******************цамц руугаа харснаа өө пизда чинь цамц урчихсан байна гээд ******************гараараа Нэргүй гэх цагдаагийн нүүр рүү 2 удаа алгадсан. Тэгтэл Д.Ууганбаяр ах зоогийн газраас гарч ирснээ та хоёр одоо яв гээд бид хоёрт хэлсэн. Бид хоёр ч машиндаа суугаад нутаг руугаа буцсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-р хуудас),

Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ууганаа даргатай хамт явсан тарган залуу гарч ирээд Нэргүй ах бид хоёрт хандан Хөвсгөлийнхөн яасан том болчихсон юм бэ гэсэн утгатай зүйл яриад Нэргүй ахыг заамдаад авсан. Тэгээд Нэргүй ах өмнөөс нь заамдалцаж авахад тэр бүдүүн залуу Нэргүй ахыг хоёр удаа гараараа нүүр рүү нь цохиод авсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-25-р хуудас),

Гэрч Д.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хэсгийн цагдаа Нэргүйтэй маргаад зогсож байтал Ууганбаяр хэзээ хаанаас гараад ирсэн юм мэдэхгүй хэсгийн цагдаа Б.Нэргүйтэй барилцаж аваад цохисон...” гэх мэдүүлэг (хх-ийн 28-29-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 540 дугаартай дүгнэлтэд:

       1. ******************биед зүүн доод 2 дугаар үүдэн шүдэнд сулрал, доод уруулд язралт, хамрын нуруу ясанд муруйлт бүхий гэмтэл тогтоогдлоо.

      2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн цохих үйлчлэлээр үүсгэгджээ.

      3. ******************биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

      4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 32-р хуудас),

      Хохирогч ******************Хөвсгөл аймгийн прокурорын газарт гаргасан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон тухай хүсэлт (хх-ийн 58-р хуудас),

        Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, Булган сумын 5-р багийн Засаг даргын тодорхойлолтын хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 51-54-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Эрүүгийн 2238000000676 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Баян-Эрдэнэ” зоогийн газрын гадна хэрүүл маргаан үүсгэж улмаар ******************нүүр хэсэгт нь гараараа цохиж зүүн доод 2 дугаар үүдэн шүдэнд сулрал, доод уруулд язралт, хамрын нуруу ясанд муруйлт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч ******************(хх-ийн 9-11, 13-р хуудас), гэрч ******************(хх-ийн 15-16-р хуудас), гэрч ******************(хх-ийн 17-р хуудас), гэрч ******************(хх-ийн 24-25-р хуудас), гэрч Д.Ууганбаярын (хх-ийн 28-29-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 540 дугаартай дүгнэлт (хх-ийн 32-р хуудас),

      Хохирогч ******************Хөвсгөл аймгийн прокурорын газарт гаргасан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон тухай хүсэлт (хх-ийн 58-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч У.Ууганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ******************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ******************нь хохирогч ******************эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны шатанд хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч У.Ууганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******************нь урьд 2017 онд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар, 2022 онд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 54-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******************нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүгдэгч ******************нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2238000000676 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч ******************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ундрахын Ууганбаярыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 2238000000676  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************* урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.ХҮРЭЛБААТАР