Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 128/шш2021/0443

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “Х” ХХК

Дүгнэлт гаргагч: Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Э.

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч И.Х.

“Х” ХХК-ийн гомдлын шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч И.Хгийн гаргасан  2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 00******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Эаас: “Дээрхи шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлт бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М, Нийслэлийн прокурорын ерөнхий газрын хяналтын прокурор М.Э, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагч И.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Өнар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “Х” ХХК. шүүхэд гаргасан гомдол, түүний үндэслэлдээ: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын   улсын ахлах байцаагч И.Х 2021.04.16-ны өдрийн 00******* дүгээр шийтгэлийн хуудсаар “Х” ХХК-ийг 29.140.676  төгрөгөөр дараах үндэслэлээр торгосон байна.

1. Тодорхой шалтгаангүйгээр махыг худалдаалахгүй махны үнийг хөөрөгдүүлсэн,

        2.  Үгсэн хуйвалдан үнэ тохирч худалдаалсан,

        3. Ноёлох үйл ажиллагаа явуулж махны үнийг зохиомлоор хөөрөгдүүлж, дамлан худалдаалж буй зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гээд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэг “Зүй ёсны монополь байдалтай, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн зүй ёсны монополь байдал, давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан....”гэж заасныг үндэслэсэн байна. Энэ шийтгэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэг. Шийтгэлийн хуудсанд дурдсан дээрх торгох үндэслэл нь бодит байдал дээр тогтоогдоогүй байхад, өөрөөр хэлбэл, торгох хууль зүйн үндэслэл бүрдээгүй байхад торгосныг дараах баримтуудаар нотолж байна.

1. “Х” ХХК нь тодорхой шалтгаангүйгээр махыг худалдаалахгүй махны үнийг хөөрөгдүүлсэн гэх тухайд

- “Х” ХХК нь хүнсний барааны лангуу, талбай түрээслэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, харин махны худалдаа эрхэлдэггүй. Тиймээс хяналт шалгалт хийсэн 2021.04.12-ны өдөр  “Х” ХХК нь тодорхой шалтгаангүйгээр махыг худалдаалахгүй махны үнийг хөөрөгдүүлсэн гэх ямар ч зөрчил бодит байдал дээр байгаагүй.

- Махны зах зээлийн үнэ нь  тухайн махны чанар, тухайн өдрийн эрэлт нийлүүлэлтээс хамаарч махны худалдан борлуулагч болон худалдан авагч нар өөрсдөө тогтоодог Үндэсний статистикийн газраас гаргасан махны үнийн мэдээллээс махны үнэ огцом өсөөгүй гэдгийг харж болно.

- Тухайн хяналт шалгалт хийгдсэн өдөр захын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, махны худалдаа хийгдэж байсан

2.Үгсэн хуйвалдан үнэ тохирч худалдаалсан гэх тухайд:

-  Дээр дурдсанаар “Х” ХХК нь махны худалдаа хийдэггүй учраас хэн нэгэнтэй үгсэн хуйвалдаж, үнэ тохирч мах худалдаалсан зөрчил гаргаагүй болно.

- Хариуцагчийн үйлдсэн  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд  дурдсанаар  “.....ченжүүд үнсэн хуйвалдаж нэгэн зэрэг бүгд махаа зарж борлуулахгүй, үнээ хэлэхгүй байх, зэргээр ямар ч худалдаа хийхгүйгээр 7:00-7:30 хүртэл ямар ч борлуулалт  хийхгүй байсан. Үүний дараа ченжүүдэд мах худалдаж зарах шаардлага тавихад хил жин ажиллаж эхлээгүй байна гэх мэтчилэнгээр зарахгүй хүлээлтийг үүсгэсэн. Бөөний махыг худалдан авахаар ирсэн худалдаачид болон жижиглэнгийн наймаачид ченжүүдтэй үгсэн хуйвалдаан, үнэ тохирч, битүү худалдааг хийж эхэлсэн”гэжээ. Эндээс

- “Х” ХХК нь мах худалдаалаагүй, тэр тусмаа махны үнэ тохирч тогтоогоогүй болох нь тодорхой байна. Мах худалдаалж, үнэ тохирч байгаа этгээд нь “ченж” гэж улсын байцаагч өөрөө бичсэн байна.

          - Зах зээд дээр аливаа бараа бүтээгдэхүүний үнэ эрэлт нийлүүлэлтээс хамаарч, худалдагч худалдан авагч нар харилцан тохиролцсоноор тогтоогддог нь зах зээлийн өөрийн хууль юм. Гэтэл худалдаачид болон жижиглэнгийн наймаачид ченжүүдтэй үнэ тохирч худалдаа хийсэн, эдгээрийн хэн аль нь  махны үнийн  талаар гомдол гаргаагүй, өөр өөрийн хэрэгцээгээ хангасан байхад хариуцагч нь “үгсэн хуйвалдсан”, “битүү худалдаа”гэх зэргээр нэрлэн, түүнийгээ ямар нэгэн баримтаар нотлоогүй, хуульд үндэслээгүй болох нь тодорхой байна

- Ер нь мах ачсан тээврийн хэрэгслийн жолооч нар нь өглөө эрт зах дээр ирж, байрлал зогсоолоо  эзэлдэг бөгөөд үүнээс хойш худалдан авагч нар зах дээр ирэх үед махны худалдаачид өөрсдөө ирж, махны худалдаагаа хийдэг. Махны худалдаачид ирэх хүртэл жолооч нар дур мэдэн худалдаа хийхгүй байх, мөн худалдаа хийх нөхцөл буюу хил жин зэрэг нь бэлэн болоогүй байхад худалдагчид  махаа зарахгүй байх тохиолдол байдаг. Энэ үед худалдан авагч нар аль бэлэн байгаа худалдагчаас махаа аваад явдаг. Гэтэл үүнийг хариуцагч нь “үгсэн хуйвалдсан” гэж  нэр оноож  байгаа нь ямар ч үндэслэлгүй байна

3.Ноёлох үйл ажиллагаа явуулж махны үнийг зохиомлоор хөөрөгдүүлж, дамлан худалдаалсан гэх тухайд

- Өрсөлдөөний тухай хуулийн 4.1.5-д .“ноёлох үйл ажиллагаа гэж давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах, хэрэглэгчийг хясан боогдуулахыг” ойлгоно гэж тодорхойлжээ.  “Х” ХХК нь махны зах зээлд ямар аж ахуй эрхлэгч гарч ирэх, ямар нь гарч явахыг тодорхойлох ямар ч боломжгүй. Зөвхөн худалдагч болон худалдан авагч нарыг худалдаа эрхлэх боломж нөхцөлөөр хангах, ажлын байр, лангуу түрээслэх л үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс хариуцагч нь ноёлох үйл ажиллагаа явуулсан гэж “Х” ХХК-ийг буруутгаж, торгох шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй  байна.

- Хуулийн тодорхойлолтоос харахад ноёлох үйл ажиллагаа гэдэг нь зах зээл дээрх өөрийн байр сууриа  хадгалахын тулд бусдыг зах зээл дээр оруулахгүй байх, зах зээлээс шахан гаргах ажиллагааг хэлсэн байна. Гэтэл хариуцагч нь үүнийг махны үнийг зохиомлоор хөөрөгдүүлсэн, дамлан худалдаалсан гэдэгтэй холбож  байгаа нь ойлгомжгүй байна.

- Дээр дурдсанаар махны үнийг  “Х” ХХК тогтоодоггүй, чөлөөт  зах зээлийн эдийн засгийн үед бараа бүтээгдэхүүний үнэ нь өөрийн зах зээлийн хуулиар тогтоогддог.

4. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсгийг зөрчсөн гэх  тухайд

“Х” ХХК-ний  зүгээс хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан ямар нэгэн хууль бус үйлдэл тогтоогдоогүй  байгаа тул дээрх хуулийн заалтыг хэрэглэх ёсгүй.

Хоёр. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж шийтгэх хуудас гаргасан байна.

Улсын байцаагч И.Х нь зөрчилтэй холбоотой ямар ч нотлох баримт байхгүй, зөрчлийг шалган тогтоох ажиллагаа хийгээгүй хууль зөрчсөнөө зөвтгөн тайлбарлахдаа хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийсэн хэмээдэг.                                                                                             

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн  6.6 дугаар зүйл. Хялбаршуулсан  журмаар зөрчил шалган шийдвэрлэх            

 1.Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ:

1.1.зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол;

1.2.зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол;

  Гэтэл   “Х” ХХК зах дээр махны үнийг хөөрөгдөн  нэмсэн, хууль зөрчсөн ямар ч үйлдэл хийгээгүй, зөрчил  үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй, зөрчил учирсан хохирлыг нотлох баримт байхгүй байхад “Хялбаршуулсан журам”-аар зөрчил шалган шийдвэрлэх хууль илэрхий зөрчсөн байна.  Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын Улсын байцаагч И.Хгийн гаргасан 2021.04.16-ны өдрийн 00******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Э шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “ Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э би Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч И.Х 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “...Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” ХХК-ийг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд тодорхой шалтгаангүй манхны үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн...” гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар 005431 дугаартай шийтгэлийн хуудсаар тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 29140676 төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулсан 21-01/22-х-04 дугаартай материалыг хяналаа.

Материалд авагдсан баримтуудтай танилцахад “Х” ХХК-ийг Зөрчлийн тухайн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан “...давамгай байдалтай аж ахуй эрхлэгч давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулах... зөрчил гаргасан болохыг тогтоосон нотлох баримт байхгүй, эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна.

1.Эрх бүхий албан тушаалтан 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр махны үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэх этгээд нь талбай түрээслэгч хүн, хуулийн этгээд эсхүл талбай түрээслүүлэгч “Х” ХХК-ийн аль нь болохыг шалгаж тогтоогоогүй.

Өөрөөр хэлбэл Л.Цгийн “...би махны нийлүүлэлтэд хяналт таввьж дүгнэлт хийдэггүй, нийлүүлэгдсэн махны мэдээг лаборатори гаргаж, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Чингэлтэй дүүргийн худалдааны хэлтэст өдөр бүр өгдөг бид махны үнэ ханшийг тогтоодоггүй учир тэдэнтэй /ченж/ энэ чиглэлээр ярилцсан зүйл, урьдчилан хэлсэн асуудал байхгүй... манай компани ажлын талбайн түрээсийн үйл ажиллагаа явуулдаг. Бид мах авч борлуулалт хийдэггүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Н.Оы “... 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өглөө Х зах дээр очиж үхрийн 255 кг махыг 1 кг тутмыг нь 16000 төгрөгөөр худалдан авсан... би урьдчилгаанд 2170000 шилжүүлсэн ба шилжүүлсэн данс 5******* М*******...” гэх мэдүүлэг, мах худалдан авсан баримт болон материалд авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар 2021 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-ны өдрүүдэд “Х”  зах дээр махны худалдаа эрхлэгч /ченж/ махны үнийг нэмэгдүүлж худалдаалсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байтал зөрчил гаргагчийг хэн болохыг тогтоолгүй “Х” ХХК-д шийтгэл оногдуулсан байна.

2. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 200 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүнсний бараа лангуу түрээслүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг хуулийн этгээд болох “Х” ХХК-ийг “махны худалдаан түрээсийн зах зээл”-д давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон байна.

Өөрөөр хэлбэл “Х” ХХК нь “махны худалдааны” зах зээлд бус “махны худалдааны түрээс”-ийн зах зээлд давамгай байдалтай гэж тогтоогдсон тул талбай түрээслэгч иргэд махны үнийг хоорондоо хэлцэл тохирсон, нэмэгдүүлж зарж борлуулсан зэрэг нь талбай түрээслэгч компанийн үйлчилгээ үзүүлэх давамгай байдалтай ямар нэгэн харилцан хамааралгүй, ажлын байр түрээслэгч компани хариуцлага хүлээх үндэслэлгүй байна.

3. Махны үнэ нэмэгдүүлсэн гэх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд заасан Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих буюу Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.9 дэх заалтад заасан “гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх” үүргээ биелүүлээгүй зөрчил эсхүл Эрүүгийн хуулийн 18.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед үнийн хөөрөгдөл, бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдолыг бий болгосон” Зах зээл дэх монополь, давамгай байдлаа хууль бусаар ашиглах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байхад харьяалах байгууллагаар шалгуулалгүй Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын эрх бүхий албан тушаалтан Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн гэж торгуулийн шийтгэл оногдуулсан.

Эрх бүхий албан тушаалтан холбогдогч болон 1 гэрчээс мэдүүлэг авснаас өөр зөрчил шалгах ажиллагаа явуулаагүй учир гэмт хэрэг, зөрчил гарсан эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна.

4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн” нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийг зөрчсөн, мөн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу хууль ёсны төлөөлөгчийг тогтоогоогүй Олон нийттэй харилцах албаны дарга Л.Ц гэх хүнээс холбогдогчоор мэдүүлэг авч, шийтгэлийн хуудсыг гардуулан өгсөн нь мөн хуулийн 3.5 дугаар зүйлийг тус тус зөрчсөн процессын зөрчилтэй байна.

Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч И.Хгийн “Х”  ХХК-ийг 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар 29140676 төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулсан шийдвэр нь “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэх шударга ёсны зарчим, мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэх хууль ёсны зарчимд нийцэхгүй үндэслэлгүй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 00******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: "Х" ХХК-аас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагч И.Хгийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 00******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд энэхүү тайлбарыг гаргаж байна.

Коронавируст халдвар/ КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 06:00 цагаас 5 дугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан МУЗГ-ын 78 дугаар тогтоол "Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөц, үлдэгдлийн хөдөлгөөнд өдөр тутамд хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг  тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдаалахаас сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг, Улсын онцгой комиссын даргын 20 дугаар тушаалаар тус тус (Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар) үүрэг болгосон.

Засгийн газар, Улсын онцгой комиссын даргаас үүрэгжүүлсэн чиглэл, хяналт шалгалтын байгууллагын үндсэн чиг үүргийн хүрээнд нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд  2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс  эхлэн  Нийслэлийн 6 дүүрэгт хяналт шалгалтын ажлыг өдөр тутам гүйцэтгэсэн.

  Нэг: "Х" ХХК тодорхой шалтгаангүйгээр махыг худалдаалахгүй махны үнийг хөөрөгдүүлсэн, үгсэн хуйвалдан үнэ тохирч худалдаалсан гэх тухайд:   Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд 2021.05.11 өдөр Агентлагийн удирдлага, "Х" ХХК-т очиж удирдлагуудтай уулзан тус зах дээр үнэ хөөрөгдөөд байна, Хоос авдаг гэж бараг бүх зах худалдааны төвүүд хэлж, баримт үзүүлдэг, үүрийн 5 цагаас эхэлдэг бөөний төвөөс бөөндөн авч бусад зах худалдааны төвүүдэд дамжуулан дамлан худалдаалж байгааг хэлж, дамлан худалдаалахгүй, үнэ хөөрөгдүүлэхгүй байх арга хэмжээг авах, дотоодын хяналтыг сайжруулж ажиллах, эрүүл ахуйн стандартыг мөрдөн ажиллахыг 04 сарын 15-ны дотор кассын машинтай болж, иргэд хэрэглэгч, худалдан авагчдад заавал төлбөрийн баримт олгож байх албан даалгаврыг өгч даалгасан ч нөхцөл байдал дээрдээгүй.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн мэдээллийн 115 дугаар утсаар 2021 оны 04 дүгээр сарын 10-11-ний өдөр иргэд хэрэглэгчдээс болон Нийслэлийн дүүргүүдэд хяналт шалгалтаар ажилласан ажлын хэсэгт махны  үнэ гэнэт өсгөж, үнийн хөөрөгдөл үүсгэж байна гэх гомдол, мэдээллийн дагуу  өөрөөр хэлбэл Нийслэлийн 6 дүүрэгт байрлах зах, худалдааны төв дэлгүүрүүдэд махны үнэ өссөн, түүнийг дагасан гомдлын шалтгаан нь “Х” зах дээр худалдан борлуулагдаж буй үнээс шууд хамаарал бүхий байх тул Агентлагийн даргаас үүрэг чиглэл өгч Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах “Х" ХХК-ийн захын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийсэн.

Ажлын хэсэг өглөө 04:30 цагт агентлагийн даргын 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01/22 удирдамжийг захын холбогдох хүмүүст танилцуулж хяналт шалгалтыг эхлүүлсэн. Ажлын хэсэг өглөө 05:00 цагт агентлагийн даргын 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01/22 удирдамжийг захын холбогдох хүмүүст танилцуулж хяналт шалгалтыг  эхлүүлсэн.

Мах бөөнөөр ачсан ченжүүдийн махтай машинуудыг нэг нэгээр оруулж хэн гэдэг ченж хаанаас авчирсан махаа хэдэн төгрөгөөр бөөндөн худалдан борлуулж байгааг бүртгэлжүүлэн тогтоох гэсэн боловч шахалт үзүүлэн нэвтрэн орсон. Max ачиж ирсэн жолооч би хөлсний тээвэр хийж байна, махны үнийг мэдэхгүй эзэн нь үнээ мэднэ, өглөө дугаарлан "Х"-ын хашаанд орж байрлалаа авдаг махны эзэн ирж яваа гэх зэргээр жолоочид дайран нэвтэрсэн. 00-27 хэн дугаартай (623803) гарал үүслийн кодтой 3 тн ямааны махтай эхний машин орж, 99-80 ХЭА (624811)1тн ямаа, 62-36 УБП, 91-82 УБА (512091)1 тн хонь, 62-59 ХЭА (623844) 400 кг хонь, 1 тн 20 кг ямаа, 96-26 УБЕ (622665) зоорины хонь 100 ширхэг, 13-71 УАС, 75-88 УАР (620769) 74ш шинэ хонь, 32-36 УАС, 42-88 УАА, 07-69 УББ 2тн үхрийн мах, 70-00 xөн (62353222) 10 тн хонь, 01-78 УБА 11500 кг шинэ хонины мах бөөнөөр нь худалдах ченжүүдийн мах ачсан машинууд зах ажилтанд машин тус бүрээр хураамжаа төлж захын талбайд зогссон.

 Мах бөөнөөр худалдаалдаг ченжүүд "Х" ХХК зах дээр 05-07 цагийн хооронд худалдаалснаар бусад зах дэлгүүрийн болон жижиглэнгийн худалдаачид махыг бөөндөн авдаг. Өөрөөр хэлбэл 07 цагаас хойш бол жижиглэнгийн худалдаанд махны нийлүүлэлт хийгдсэн байдаг. Харин тус өдөр махны бөөний ченжүүдийг бүртгэлжүүлэн хэн гэдэг ченж хаанаас авчирсан махаа хэдэн төгрөгөөр борлуулж, цаашаа ямар худалдаачин хэдэн төгрөгөөр худалдан борлуулж байгааг тогтоох үйл ажиллагаанд санаатайгаар саад хориг учруулан ченжүүд үгсэн хуйвалдаж нэгэн зэрэг бүгд махаа зарж борлуулахгүй, үнээ хэлэхгүй байх, зэргээр ямар ч худалдаа хийхгүйгээр 7:00-7.30 хүртэл ямар ч борлуулалт хийхгүй барьсан. Үүний дараа ченжүүдэд мах худалдаж зарах шаардлага тавихад хил жин ажиллаж эхлээгүй байна гэх мэтчилэнгээр зарахгүй хүлээлтийг  үүсгэсэн. Бөөний махыг худалдан авахаар ирсэн худалдаачид болон жижиглэнгийн наймаачид ченжүүдтэй үгсэн хуйвалдаан, үнэ тохирч, битүү худалдааг хийж эхэлсэн.

Худалдан авсан наймаачдын мах жин кг хил дээр хиллэгдэх үед ажлын хэсэг нэг бүрчлэн тэмдэглэл үйлдэн хэн гэдэг ченжээс бөөндөн, хэдэн төгрөгөөр худалдан авч байгаа асууж бүртгэл хийх гэтэл нэрээ хэлэхгүй, зарсан ченжийн нэрийг хэлэхгүй, худалдан авсан махны үнээ хэлэхгүй байх зэргээр үгсэн тохиролцон, үнийг зохиомлоор хөөргөж, дамлан худалдаалан, үгсэн хуйвалдаж ноёлох үйл ажиллагаа явуулснаар иргэдийн дунд махны худалдаа ямар ч зохион байгуулалтгүй эмх цэгцгүй байсан болох нь тогтоогдсон.

 Гамшгийн хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хөл хорио тогтоосон хугацаанд үед махны үнийг хөөрөгдүүлж, "Х" ХХК-ний зүгээс зохион байгуулалтаар хангахгүй, дотоод хяналтыг сайжруулахгүй, эрүүл ахуйн стандартыг мөрдөн ажиллахгүй худалдан борлуулж байгаа энэ нь Нийслэл Улаанбаатар хотын зах, худалдааны төвүүдэд үнэтэй мах зарах боломж нөхцөлийг бүрдүүлж, хуулиар тогтоосон зүй ёсны үүргээ биелүүлээгүй.

 2021 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 07 цагаас 04 дүгээр сарын 10-ны өдрийн 07 цагийн хооронд УБ хот руу орон нутгаас мэxцxЦ-ээр 57.5 тн мах шалгагдаж нэвтэрснээс 57.5 тн нь худалдааны зориулалтаар, 0 тн нь хувийн хэрэгцээнд 0 тн нь нөөцөд. 0 тн нь экспортод зориулж нийлүүлэгдсэн бөгөөд нядалгааны зориулалтаар амьд мал 21 толгой нэвтэрсэн байна. 2021 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 07 цагаас 04 дүгээр сарын 12-ны өдрийн 07 цагийн хооронд УБ хот руу орон нутгаас мэхЦХЦ-ээр 43.5 тн мах шалгагдаж нэвтэрснээс 43.5 тн нь худалдааны зориулалтаар 0 тн нь хувийн хэрэгцээнд от н нь нөөцөд, 0 тн нь экспортод зориулж нийлүүлэгдсэн бөгөөд нядалгааны зориулалтаар амьд мал 269  толгой нэвтэрсэн байна.

“Х" ХХК зах дээр 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өглөөний байдлаар бөөний худалдаанд зоорины хонины мах 8500-9000 төгрөг, хонины шинэ мах 11000-11500 төгрөг, зоорины үхрийн мах 9000-10500 төгрөг, жижиглэнгийн худалдаанд үхрийн мах ястай 13500, цул мах 13000-15000 төгрөг, хонины мах ястай 9500-11500 төгрөгөөр худалдаалагдсан ба тус үнээр бусад зах худалдааны төвүүд дээр махыг жижиглэнгээр борлуулдаг худалдаачид худалдан авч ашгаа нэмж худалдаалсан байдаг.

  Хоёр: Ноёлох үйл ажиллагаа явуулж махны үнийг зохиомлоор хөөрөгдүүлж, дамлан худалдаалсан гэх тухайд:

Махны худалдааны зах зээлийн хувьд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан аж ахуй эрхлэгчид нь аж ахуй нэгж болон хувь хүмүүстэй гэрээ байгуулан лангуу буюу талбай түрээслүүлэх замаар махны худалдаа эрхэлдэг бөгөөд махны худалдааны түрээсийн зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгаагаар судалгаанд хамрагдсан махны лангуу түрээслэгчдийн 99 хувь нь "Х” ХХК-ийн машин, павилон, жижиглэн худалдаачдаас махаа авч худалдаалдаг. Судалгаанд хамрагдсан лангуу түрээслэгчдийн 72 хувь нь махны худалдаа малчдаас олон шат дамжлагатайгаар эцсийн хэрэглэгчдэд хүрдэг гэж үзсэн.

  Махны үнэ өсөх хүчин зүйл нь ченжийн систем бөгөөд үүнд “Х” ХХК-ийн захын/ хэт телерел шууд нөлөөлдөг. Тодруулбал "Х” ХХК-ийн захын гадна талбайн машинууд дээрээс бусад зах, худалдааны төв, дэлгүүрүүд мах худалдан авдаг нь махны үнийн өрсөлдөөн, зах зээлийн дагуу үнэ тогтох боломжийг хаадаг. Гадна талбайн машинууд буюу ченжүүд өглөө бүр үнэ судлах, хаялцах байдлаар үгсэн тохирч махны үнийг барьж, бусад хувь хүмүүс, малчдыг мах худалдаалахад саад хийж гадна машиныг зогсоолуудыг удаан хугацаагаар түрээсэлж олон сараар өөрсдийн машины байршуулдаг үүн дээр "Х" ХХК арга хэмжээ авдаггүй бөгөөд энэ зүй бус үйлдлийг дэмжин оролцдог байна.

 Мөн махны нийлүүлэлт, түгээлт нэг цэгт төвлөрснөөр гарал үүсэл нь тодорхойгүй, эрүүл ахуйн шаардлага хангагдаагүй мах худалдаалагддаг буюу махны хөргүүртэй лангуу, хөлдөөгч, хөргөгч, агуулахаас арчдас, хөгц мөөгөнцөр, түүхий эд, бүтээгдэхүүнээс хяналтын дээжийг тогтмол хамруулдаггүй, хөдөө орон нутгаас ирж махны бөөний болон жижиглэнгийн эрхлэгч нарыг эрүүл мэндийн хугацаат үзлэгт хамруулдаггүй, зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэж, худалддаг, импортын хилийн мэдэгдлийг хувилж, худалдаанд шинжилгээний бичиг хувилж тараадаг, худалдагч болон дотоод хяналтын ажилтнууд уг зөрчлийг таслан зогсоох талаар арга хэмжээ авдаггүй, итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүнг хяналтгүй хувилж “ХУУЛБАР Үнэн" дардасгүй хуурамч баримт бичгийг бэлтгэн нийлүүлэгчээс хувилан тараасаар байгаа зэрэг зөрчил гарч байсан.

Түүнчлэн түрээслэгчдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хугацаанд нь хамруулаагүй, өдөр тутмын халдваргүйтгэлийн  ажилд  Монгол улсын бүртгэлд бүртгэгдээгүй жавельсин, хлорамин, баталгаажилтын баримт бичиггүй, халдваргүйтгэл цэвэрлэгээний бодис хэрэглэдэг. боловсруулах хэсэг маш бохир, байнгын болон өдөр тутмын цэвэрлэгээг хийх хуваарьгүй, тогтмол хийдэггүй, бүртгэл хөтөлж хяналт тавьж ажилладаггүй, цэвэрлэгээ үйлчилгээ, халдваргүйтгэл хийх нөхцөлийг бүрдүүлээгүй, угаалга цэвэрлэгээ хийх даралт бүхий халуун ус байхгүй. Түрээслэгчид ажлын байранд ээмэг бөгж, бугуйвч, цаг, гар утас зэргийг хэрэглэдэг, гарын хумсыг ургуулж будсан зэрэг эрүүл ахуйн зохистой дадлыг мөрддөггүй байна.

Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын бүрэн эрхийг хуульчилсан бөгөөд 15.1.6 дахь заалтад "зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох, үйл ажиллагаанд нь хяналт тавих,” гэж заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох тухай" 05 дугаартай тогтоолоор "Х” ХХК-ийг “Махны худалдааны түрээсийн” зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон.

 Улмаар давамгай байдалтай аж ахуй эрхлэгч нь өрсөлдөөний тухай хуулийн зүйлийн 7.1.1-7.1.12-т  заасан "Ноёлох үйл ажиллагаа" явуулахыг хориглодог. Гэтэл “Х" ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 10, 11-ний өдөр махны нийлүүлэлт хэвийн байхад үнийг хөөрөгдөж, хэрэглэгч бодит үнээр бараа бүтээгдэхүүн худалдан авах хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж зөрчил гаргасан нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу 00******* дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан. Өөрөөр хэлбэл дээрх үйлдэл нь өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1т "зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах" гэж заасан хууль бус үйл ажиллагаа юм.

Мөн хэрэглэгчдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл болон тухайн өдрийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын хийгдсэн лайв бичлэг, мэдээ, мэдээлэл, түүнд хийгдсэн үзлэгээр тогтоогдож байна.

Гурав. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж шийтгэх хуудас гаргасан гэх тухайд:

 "Х” ХХК-ийн гаргасан зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх боломжтой, хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шийтгэлийг "Х” ХХК-д ногдуулсан” гэжээ.

  ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, гомдол гаргагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, прокурор нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд гомдол гаргагчийн гомдлын шаардлага болон Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Эийн бичсэн 05 дугаар дүгнэлтийг дараахь хууль зүйн үндэслэлүүдээр тус тус хангаж шийдвэрлэв.

“Х” ХХК-иас тус шүүхэд хандаж “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч И.Хгийн гаргасан  2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 00******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлага,  Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Эаас дээрхи шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 05 дугаар дүгнэлтийг тус тус  гаргажээ.

Түүнчлэн гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлээ “... “Х” ХХК нь махны худалдаа эрхэлдэггүй, махны худалдаа эрхлэгчдэд лангуу түрээслэх үйл ажиллагаа эрхэлдэг тул махны үнийг зах зээлийн дундаж ханшаас нэмсэн асуудал нь түрээслүүлэгч “Х” ХХК-д хамааралгүй, манай компани “үгсэн хуйвалдан үнэ тохирч худалдаалан ноёлох үйл ажиллагаа явуулаагүй, үүнийг нотлох баримтаар тогтоогоогүй, зөрчил үйлдээгүй...” гэж, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Э дүгнэлтийн үндэслэлээ “...зөрчил үйлдсэн этгээд хэн болохыг шалгаж тогтоогоогүй,...ажлын байр түрээслэгч компани хариуцлага хүлээх үндэслэлгүй, ...давамгай байдлаа хууль бусаар ашиглах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байхад харьяалах байгууллагаар шалгуулаагүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хууль ёсны төлөөлөгчийг тогтоолгүй холбогдогчоор мэдүүлэг авсан нь хууль бус...” гэж тус тус тодорхойлсныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч “...зөрчил тогтоогдсон, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй...” гэж маргаж байна. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:

Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 78 дугаар тогтоолын 10 дахь заалтад: “хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөц, үлдэгдлийн хөдөлгөөнд өдөр тутамд хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдахаас сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг ... холбогдох яамдууд болон Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт үүрэг болгосон,

Улсын онцгой комиссын даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Удирдамж батлах тухай” 20 дугаар тушаалын хавсралтаар “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хэрэгжүүлэх хариу арга хэмжээний хүрээнд коронавируст халдварын цар тахлын тархалтыг хязгаарлах, бууруулах, таслан зогсоох, шуурхай хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангах, биелэлтэд нь хяналт тавих шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр: “хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөц үлдэгдлийн хөдөлгөөнд өдөр тутам хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдаалахаас урьдчилан сэргийлэх, хариуцлага тооцох арга хэмжээг Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хүрээнд зохион байгуулж шийдвэрлэх” зорилгоор удирдамж баталсан,

Улмаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга нар хамтран 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 01/53 дугаар “Коронавируст халдвар цар тахлын дэгдэлттэй холбогдуулан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, амны хаалт, эмнэлгийн спирт, гар ариутгагч бодис борлуулагч аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын удирдамж”-ийг баталсан,

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын Ерөнхий байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 110 дугаар албан шаардлага, мөн газрын улсын Ерөнхий байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 121 дүгээр албан шаардлагыг тус тус зах худалдааны төв, хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд хүргүүлсэн болох нь тус тус тогтоогдов.

Хариуцагчийн зүгээс Засгийн газрын 78 дугаар тогтоолын хүрээнд дээрхи удирдамжийн дагуу 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “Х” ХХК-д хяналт шалгалт хийж 07 дугаар тэмдэглэл үйлдсэн байх бөгөөд уг тэмдэглэлд  “...бүртгэл хяналтын систем байхгүй, хэн гэдэг ченж хаанаас ямар махыг хэдэн төгрөгөөр бөөндөн борлуулж байгаа нь тодорхойгүй, үгсэн хуйвалдсан, үнэ тохирч хэлэлцсэн, цаашлаад үнийг хөөрөгдүүлэн мах худалдан борлуулахгүй ноёлох үйл ажиллагаа явуулж зарсныг тогтоогоод Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн шинжтэй байх тул тэмдэглэл үйлдэв” гэж дурдсан,

Түүнчлэн зөрчлийн хэрэг материалд 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр иргэн Л.Б*******ээс өгсөн “Х зах дээр махны үнэ өссөн тухай”, 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б*******аагаас /дуут шуудан/ ирүүлсэн “Х зах дээр махны үнэ өссөн...” тухай мэдээлэл ирүүлсэн гэх баримт, эрх бүхий албан тушаалтны үйлдсэн тэмдэглэлүүд, Натур худалдааны төвийн түрээслэгч С.С ярилцсан 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ярилцлагын тэмдэглэл, Х худалдааны төвийн 2021 оны 4 сарын 10, 11, 12-ний өдрийн махны үнийн ханш гэсэн баримт, гар бичмэлүүд, махны бөөний худалдаа эрхлэгч Ж.Б*******тай ярилцсан тэмдэглэл,  хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн адсан фото зургууд, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаар тогтоол, Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Л.Ц гэх холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрч Н.Оаас авсан мэдүүлэг, түүний авсан махны зарлагын падаан зэргийг хавсаргаж улмаар 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд “...хэрэглэгчдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл болон тухайн өдрийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын хийгдсэн лайв бичлэг, мэдээ, мэдээлэл, түүнд хийгдсэн үзлэгээр тогтоогдож байна..., иймд холбогдогч “Х” ХХК захын гаргасан зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой... гэж дүгнэснээр,

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 00******* дүгээр шийтгэлийн хуудсаар “Х” ХХК-ийг “...бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд тодорхой шалтгаангүйгээр махыг худалдаалахгүй махны үнийг хөөрөгдүүлж, үгсэн хуйвалдан үнэ тохирч худалдаалан ноёлох үйл ажиллагаа явуулж махны үнийг зохиомлоор хөөрөгдүүлж дамлан худалдаалж буй нь нотлогдон тогтоогдож байна” гээд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж,  29 140 676 төгрөгийн шийтгэл оногдуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т: “гомдол гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ..., мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.3-т: “хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан” гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т: “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.10, 6.12, 6.16, ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдлоор зөрчил хянан шийдвэрлэнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.16-д: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн... 10.7 дугаар зүйл...-д заасан зөрчил”, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т: “оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10, ... 6.16, ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч эрх бүхий улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуульд зааснаар тухайн зөрчлийг хянан шийдвэрлэх эрх бүхий этгээд мөн байх тул хариуцагчийг харьяаллын бус хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаархи гомдлын шаардлагын хэсгийг шүүх хүлээж авах хууль зүйн боломжгүй. 

Шүүхээс, хариуцагч захиргааны байгууллага маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй байх тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч И.Хгийн гаргасан  2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 00******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Учир нь:

Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн “Өрсөлдөөний тухай хууль зөрчих” хэсгийн 9-д “Зүй ёсны монополь байдалтай, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн зүй ёсны монополь байдал, давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараахь ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 7.1.1. зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах; 7.1.2. бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох; гэх мэт 12 үйлдлийг хориглохоор тус тус зохицуулжээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаар тогтоолоор  “Х” ХХК-ийг  махны худалдааны түрээсийн зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй бөгөөд энэ үүднээс авч үзвэл хариуцагчийн зөрчил гэж үзсэн үйлдлийг “Х” ХХК гаргасан гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл гомдол гаргагч нь зөвхөн махны худалдааны түрээсийн зах зээлд давамгай байдалтай этгээд байх бөгөөд энэ үүднээс авч үзвэл хариуцагчийн зөрчил гэж үзсэн “...махыг худалдаалахгүй махны үнийг хөөрөгдүүлж, үгсэн хуйвалдаж үнэ тохирч худалдаалсан...” гэх үйлдэл нь Х ХХК-ийн гаргасан зөрчил гэж шууд дүгнэхээргүй байна.

 Нөгөө талаар, дээрхи хуулийн 7.1.1-д ”зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах” үйлдлийг хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагааны нэг хэлбэр гэж тодорхойлсон, хариуцагч нар тухайн үндэслэлээр шийтгэл ногдуулсан гэж тайлбарлаж байх боловч  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаархи нотлох баримтыг гүйцэд цуглуулаагүй, зөрчлийг чухам хэн гаргасан болох, зөрчлийн холбогдогч нь хүн, хуулийн этгээдийн алин болохыг шалгаж тогтоогоогүй атлаа “Х” ХХК-ийг ноёлох үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, “Х” ХХК-ийн өмчлөлийн байранд түрээсийн гэрээний нөхцөлөөр үйл ажиллагаа явуулж байгаа түрээслэгч нар  нь өөрсдийн түрээсэлсэн талбай, лангуун дээрээ худалдан борлуулж байгаа махны үнийг нь өсгөж хэрэглэгчдэд зарсан гэх үйл баримтыг “Х” ХХК-аас гаргасан “махны үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн” зөрчил гэж үзэхэд учир дутагдалтай.

Түүнчлэн эрх бүхий албан тушаалтнаас дээр дурдсан баримтуудыг л зөрчлийн хэргийн материалд авсан байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5-д заасан “зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах” талаарх эрх бүхий албан тушаалтны бүрэн эрхийг бүрэн гүйцэд хэрэгжүүлээгүйн дээр тухайн зөрчлийн холбогдогчоор иргэн Л.Цгээс мэдүүлэг авсан нь ойлгомжгүй, Л.Цг уг зөрчлийн хэрэгт тус компанийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон албан ёсны итгэмжлэл авагдаагүй байхад хууль ёсны төлөөлөгч томилох ажиллагааг хийлгүй Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 болон 5 дахь заалтыг зөрчсөн байна.

Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй”, “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн”, “зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон” гэсэн 3 тохиолдолд зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр зохицуулсан.

Гомдол гаргагч “Х” ХХК-ийг төлөөлүүлж Л.Цгээс тайлбар авахад тэрээр “... “Х” ХХК нь махны худалдаа эрхэлдэггүй, мах худалдан борлуулаагүй, түрээслэгч нарын махны үнэ нэмсэн асуудал нь түрээслүүлэгчид хамааралгүй” гэж тайлбарласан, өөрөөр хэлбэл тухайн зөрчлийн холбогдогч хэн болох нь маргаантай, зөрчил үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрөөгүй зэргээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хуулийн дээрхи заалттай нийцээгүй, энэ талаар бичсэн Прокурорын дүгнэлт бүхэлдээ хууль зүйн үндэслэлтэй,  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотолно” гэж зааснаар зөрчлийг нотлох үүргээ хариуцагч биелүүлээгүй байна гэж шүүх дүгнэв.

Иймд гомдол гаргагчийн гомдлын шаардлага болон Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Эийн бичсэн 05 дугаар дүгнэлтийг тус тус хангаж “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч И.Хгийн гаргасан  2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 00******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 -д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 1, 10.7 дугаар зүйлийн 9-д заасныг тус тус баримтлан “Х” ХХК-ийн гомдлын шаардлага болон Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Эийн бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаар дүгнэлтийг тус тус хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч И.Хгийн гаргасан  2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 00******* дүгээр шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагч “Х” ХХК-д олгож, прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар  шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, прокурор энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ДУЛАМСҮРЭН