Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
Хэргийн индекс | 128/2024/0056/3 |
Дугаар | 221/МА2024/0566 |
Огноо | 2024-08-27 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2024/0566
Л.*******, Ц.******* нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******
Нэхэмжлэгч: Л.*******, Ц.*******
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/1169 дүгээр захирамжийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0516 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Энхбат
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, М.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр
Хэргийн индекс: 128/2024/0056/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.*******, Ц.******* нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/1169 дүгээр захирамжийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0516 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг тус тус баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/1169 дүгээр захирамжийг Нийслэлийн Засаг даргаас дахин шинэ акт гаргах хүртэл нэг сарын хугацаагаар түдгэлзүүлж, шүүхийн шийдвэрт заасан нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр захиргааны актыг дахин шинээр гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэж, тогтоосон хугацаанд шинээр захиргааны акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий актыг хүчингүй болсонд тооцохыг тэмдэглэж” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нийслэлийн Засаг дарга 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/1169 дүгээр захирамжийг гаргахдаа нөхцөл байдлыг тогтоох үүргээ бүрэн биелүүлээгүй гэж дүгнэсэн байх бөгөөд тус захирамжийг гаргахдаа 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 23/17 албан бичгээр “Ордон” СӨХ-ноос иргэд, нийтийн эрх ашиг зөрчигдөж байна гэсэн гомдлын дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заасны дагуу газар дээр нь очиж үзлэг хийн баталгаажуулан нөхцөл байдлыг тогтооход тухайн газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй 2 жил дараалан ашиглаагүй болох нь тогтоогдсон тул тус захирамжийг гаргана хүчингүй болгож шийдвэрлэсэн.
3.2. Нэхэмжлэгч нар газар эзэмших эрх сунгаж гэрээ байгуулахдаа маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашиглана гэж тусгасан байх боловч бодит нөхцөл байдал дээр газрыг зориулалтын дагуу ашигласан эсэх нөхцөл байдал үүсээгүй, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг зөрчиж, хүндэтгэн үзэх шалтгаангүй газраа ашиглаагүй мөн оршин суугч, нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн болно.
3.3. Иймд нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/1169 дүгээр захирамж зорилгодоо нийцсэн эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0516 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
3. Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Шүүхэд тухайн шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Шүүгчдийн зөвлөгөөн /цаашид Зөвлөгөөн гэх/ ажиллана”, 19.2-т “Зөвлөгөөн дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ: гээд 19.2.5. энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах” гэж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна”, 72.2-т “Хуваарийн дагуу томилогдсон шүүгч, шүүх бүрэлдэхүүн тухайн шүүх хуралдаанд оролцож чадахгүй тохиолдолд түүнийг орлох шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг энэ хуулийн 72.1-д заасан журмаар томилно” гэж тус тус заасан.
4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Л.*******, Ц.******* нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/1169 дүгээр захирамжийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, шүүгч М.Батзоригт хуваарилсан бөгөөд хоёр удаа нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоон, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгчийн 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШЗ2022/0277 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
5. Үүнээс хойш, Шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 85 дугаар тогтоолоор хэргийг шүүгч Ц.Одмаагаас шүүгч М.Батзоригт буцаан шилжүүлсэн.
Шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 428 дугаар тогтоолоор хэргийг шүүгч Ө.Болорчимэгт шилжүүлснээр 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бол шүүгч М.Батзориг 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хэргийг хянан шийдвэрлэсэн болох нь хэрэгт бүрдүүлсэн шүүхийн ажиллагааны баримтуудаар тодорхойлогдоно.
6. Гэтэл хэргийг шүүгч М.Батзоригт хуульд заасан журмын дагуу буцаан шилжүүлсэн Шүүгчдийн зөвлөгөөний тогтоол гарсан эсэх нь тодорхойгүй, түүнийг хэрэгт хавсаргаагүй (250 хүртэл дугаарлагдсан хэргийн I, 43 хүртэл дугаарлагдсан хэргийн II хавтсанд байхгүй) энэ тохиолдол нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцогдох тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.2-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэргийг өөр шүүгчид /буцаан/ шилжүүлэх тохиолдолд Шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд зохих ажиллагааг гүйцэтгэж, Зөвлөгөөний тогтоолыг албажуулж хэрэгт хавсаргах нь шүүхийн захиргааны ажилтны гүйцэтгэх ажил боловч түүнд зохих хяналт тавьж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчилгүй явуулах нь шүүгчийн чиг үүрэгт хамаарна.
7. Хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь дангаараа шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэл болох ч давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянасан учир хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой дараах асуудлыг анхаарвал зохино гэж үзсэн болно.
7.1. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ, хэргийн оролцогчдын маргаж буй үйл баримтыг нотлох баримтаар эргэлзээгүй тогтоож, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх эсэх талаар хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй.
Тухайлбал, нэхэмжлэгчээс газрыг зориулалтын дагуу ашиглаагүй үндэслэлдээ “... хажуу талд иргэн Б.Баярсайхан барилгын ажил явуулж, манай газрыг машины зогсоол болгож ашигласан” гэж дурдсан, хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасныг үндэслэж гаргасан зэрэгтэй холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “... А/1169 дүгээр захирамжид дурдсан үндэслэлийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газар дээр очиж үзлэг хийж, тэмдэглэл зургаар баталгаажуулсан” гэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ тайлбарлаж маргасан боловч тэдгээрийг нотлох баримтыг хэрэгт цуглуулаагүй байна.
7.2. Мөн Л.*******т эзэмшүүлсэн дээрх газрын эзэмших эрхэд үндэслэж олгосон 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн СБД/009/05 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар хүчин төгөлдөр эсэх, нэхэмжлэгчээс түүнийг өөрчлүүлэхээр Хот байгуулалт, хөгжлийн газарт 2020 онд гаргасан хүсэлтийг захиргаа шийдвэрлэсэн эсэх, оршин суугчид ба сууц өмчлөгдийн холбоо дэмжсэн тохиолдолд барилга угсралтын ажлыг эхлүүлж болох агуулга бүхий шийдвэрийг холбогдох захиргааны байгууллагаас гаргаж байсан эсэх үйл баримтыг нотлох баримтаар эргэлзээгүй тогтооход чиглэсэн ажиллагааг явуулах нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэхийг тодорхойлж, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой.
7.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан хүсэлт, татгалзлын үндэслэлтэй холбогдуулан Л.*******т анх газар эзэмших эрх олгосон нийслэлийн Засаг даргын 2005 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар захирамжийг нотлох баримтаар цуглуулах шаардлагатай.
7.4. Гэтэл анхан шатны шүүхээс “… 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон нь үндэслэлгүй, ...бодит байдалд маргаан бүхий газар орчим барилга, хүн амын суурьшил ба нягтаршил ихтэй болон нь нийтэд илэрхий үйл баримт” гэх зэргээр зөрүүтэй дүгнэлт хийж, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд хамааралгүй асуудлыг тодруулах шаардлагаар шинэ акт гаргах хүртэл түүний биелэлтийг түдгэлзүүлсэн нь учир дутагдалтай болжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан зохицуулалтыг, шүүхээс нотлох ажиллагааг бүрэн явуулсан боловч захиргааны актын хууль ёсны болохыг тогтооход хамаарах хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлага хэвээр байгаа нөхцөлд л хэрэглэхийг тэмдэглэх нь зүйтэй.
8. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой баримтуудыг бүрэн цуглуулаагүй, хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан учраас шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.2, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0516 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ