Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 166

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

Улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

Хохирогч Э.Батболд,

Шүүгдэгч Б.Төгөлдөр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Го овогт Бадарчийн Төгөлдөрт холбогдох эрүүгийн 201625022124 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, яллагдагчийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд шилжүүлсэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, Монголын үндэсний олон нийтийн телевизэд сэтгүүлчээр ажилладаг, ам бүл-4 эхнэр, хоёр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 21 дүгээр байрны 67 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1301 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэгдэж Монгол Улсын Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар ялаас өршөөн хэлтрүүлсэн, Го овгийн Бадарчийн Төгөлдөр , РД:ХА79060517,

 

 Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Төгөлдөр нь 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Өлзий” төвийн уулзвар дээр 86-98 УБҮ улсын дугаартай “Тоёота альпарт” автомашиныг унаж замын хөдөлгөөнд оролцох үедээ хохирогч Б.Батболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Төгөлдөр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны 8 дугаар сарын 03-ны орой бэлтгэлээ тараад эхнэртэйгээ хамт гэр рүүгээ явж байсан. МУИС-ын 3 дугаар байрны урдуур хойш эргээд Герман элчингийн хажуугаар явж байтал хажуу талаас саарал машин эгнээ байраа солиод урд зогсох биш хэргээр шахаж 100-аас 200 метр явж байгаад миний урдуур орсон. Би гайхаад тэр машиныг урдуураа оруулсан. Гэрлэн дохион дээр ирэхэд уг машины жолооч цонхоороо над руу дунд хуруугаа гаргасан. Би тэр үед ямар ч үйлдэл гаргаагүй. Ногоон гэрэл дөнгөж асаад хөдөлгөөн эхлэж байтал уг машины жолооч дахиад урд гараад тоормозыг гишгэхээр нь зүүн талаар нь дохио өгөөд дүрмийн дагуу гүйцэж түрүүлээд уулзварын тэнд урд нь гараад зогсоосон. Би уг машины жолоочийг эрүүл биш байна гэж бодоод зогсоосон. Бууж очоод түлхүүрийг нь авах гэтэл архи согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй байхаар нь “хөдөлгөөнд ямар соёлгүй оролцдог юм бэ, яаж яваад байгаа юм” гэж хэлээд явсан. Өлзий төвийн уулзвар дээр бас нэгдүгээр эгнээ байрыг эзлээд баруун гар тийшээ дохио өгөөд эргэх гээд зогсож байтал уг машин дахиад хажууд ирж зогссон. Тэгээд уг машины жолооч бууж ирээд манай эхнэрийг цохих гэж далайсан. Би цонхоо хаатал машиныг тойроод цохиод яваад байсан. Тэгээд машины хойд талыг өшиглөхөөр нь миний тэвчээр барагдаад машинаасаа буугаад очиход уг машины жолооч буцаад машиндаа сууж байсан. Тэр үед машиных нь цонх онгорхой байсан. Би цонхоор нь шургаж орохдоо тохойгоороо хөмсгийг нь цохисон юм байна лээ. Түүнээс би өөрөө ямар нэгэн байдлаар гараа атгаж санаатайгаар цохиогүй. Би машиных нь түлхүүрийг аваад яваад өгсөн. Тухайн үедээ цагдаад мэдэгдэнэ гэж бодож байсан боловч тайвшраад 15-аас 20 минутын дараа түлхүүрийг нь буцааж өгсөн…” гэв.

Шүүгдэгч Б.Төгөлдөр нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 8 дугаар сарын 02-ний өдөр 22 цагийн үед Төв цэнгэлдэх хүрээлэнгээс гараад Сүхбаатар дүүргийн Герман элчингийн уулзвараар нэгдүгээр эгнээгээр хойшоо явж байхад Герман элчингийн уулзвараас эхлээд саарал өнгийн 37-68 УНХ улсын дугаартай машин миний машиныг шахаад байсан. Хүнсний 4 дэлгүүрийн урд талын уулзвар дээр улаан гэрлэн дохио асах үед миний урд зогсож байгаад баруун хүрдтэй машины баруун талаас гараа гаргаад дунд хуруугаа над руу гозойлгоод байсан. Ногоон гэрэл асаад урд явж байснаа гэнэт тоормозлоод зогссон. Тэгэхээр нь би зүүн талаар нь урд нь гараад зогссон чинь машины жолооч архи, согтууруулах ундааны зүйл уучихсан хүн шиг санагдаад машинаасаа буугаад яаж яваад байгаан бэ? гэж хэлсэн чинь салаавч гаргасан. Тэгэхээр нь би эрүүл бус, хэвийн бус хүн байна гэж бодоод баруун гараараа машины түлхүүрийг нь авах гэж оролдсон чинь миний гарыг бариад машины түлхүүрээ өгөөгүй. Тэгээд би машиндаа суугаад “Өлзий” төвийн уулзвар дээр баруун эргэх гэж зогссон чинь миний зүүн талд ирж зогсоод манай эхнэрийн талын цонх онгорхой байх үед /ална, хаанаас ч хайгаад олно, цагдаад танилтай/  гэж байсан. Цонхоо хаахад зүүн талаас тойрч баруун талд гараад тэгээд байж байгаад миний машины баруун талын хаалган талд ирээд миний машины дунд хаалганы шил цохиж байгаад, хойд талын машины гуперыг зөндөө өшиглөөд хагалсан. Зүүн хойд талын хормой руу өшиглөөд явж байгаад нэг хэсэг газрыг хагалчихаад дахиад машины шилийг хагалах гэж байхаар нь би гараад бууж очсон чинь машиндаа суугаад цонхоо хаагаад зугтаах гэж байх үед би машиных нь түлхүүрийг аваад ногоон гэрэл асахаар нь баруун тийш эргэж зогсоод ирэхийг нь хүлээж байгаад ирэхгүй болохоор нь буцаад очсон чинь би найз нарыгаа дуудаж байна гэж байсан. Тэгэхээр нь би машины түлхүүрийг нь шидчихээд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 5 дугаар хуудас/,

Хохирогч Э.Батболд нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оны 8 дугаар сарын 03-ны орой 21 цаг 50 минутын орчим харих замд Хүнсний 4 дэлгүүрийн уулзвар дээр хувийн таарамжгүй харьцаа үүссэн. Би Б.Төгөлдөрийн машиныг шахаагүй. Зүгээр явж байхад нь би тийм үйлдэл гаргаагүй. Араас гэрлээрээ дохиод байсан болохоор би эхлээд хуруугаа гаргасан. Намайг цохиж гэмтээсэн болохоор өргөдөл өгсөн. Хохирлоо барагдуулж авсан. Одоо тухайн өдөр юу болсон талаар сайн санахгүй байна. Би жоохон мартамхай. Би машиныг нь тойрч цохиж яваагүй. Машиных нь араас өшиглөсөн. Тэгэхдээ гупер нь хагараагүй. 2-оос 3 удаа зогссон. Түлхүүр авах гэж санамсаргүй цохисон байх гэж бодож байна. Гомдол санал байхгүй гэв.

 

Хохирогч Б.Батболд нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 8 дугаар сарын 2-ны орой 22 цагийн орчим би ганцаараа өөрийн эзэмшлийн 37-68 УНХ улсын дугаартай Премио маркийн машинтай 4 дүгээр дэлгүүрийн уулзвараар урдаас хойш явж байхдаа 1 дүгээр эгнээнд явж байсан машины урдуур ороход ардаас дуут дохио өгөөд гэрлээрээ дохиод орилоод байхаар нь би баруун гарын дунд хуруугаа гозойлгосон бөгөөд нөгөө машины жолооч машинаасаа бууж ирээд миний хүзүүг боогоод нүүрний хэсэгт 2-3 удаа цохиод түлхүүр булаацалдаад байхаар нь би өгөхгүй байж байгаад нөгөө залуу машиндаа сууж хөдлөөд гэрлэн дохио асахаар нь намайг хөдөлтөл уулзварын голд миний машины урдуур шахаж зогсоод байхаар нь хэсэг хүлээж зогсож байгаад нөгөө машин хөдлөхөөр нь ардаас нь явсан тэгээд “Өлзий” төвийн уулзвар хүрээд улаан гэрэл асахад нөгөө машин миний дэргэд 1 дүгээр эгнээнд би 2 дугаар эгнээнд зогсоод би машинаа зогсоогоод нөгөө машины жолоочийн эсрэг талын хаалган дээр очоод үг хэлэх гэхэд цонхоо хаасан бөгөөд би цонх руу нь гараараа 2-3 удаа цохиод машиндаа суухад нөгөө залуу машинаасаа гарч ирээд миний баруун талын хөмсөг рүү гараараа 2-3 удаа цохиод машинд байсан түлхүүрийг булааж аваад машиндаа суугаад яваад өгөхөөр нь би аваарын гэрэлээ асаагаад зогсож байхад нөгөө залуу явганаар замын эсрэг талд ирээд “Эр хүн шиг асуудлаа шийдэцгээе” гэж хэлэхээр нь би машинаасаа буухгүй сууж байхад нөгөө залуу миний машины түлхүүрийг над руу шидчихээд яваад өгсөн. Тэгээд би гэмтлийн эмнэлэг рүү очоод баруун хөмсөгний орчим 3 ширхэг гоёлын оёдол хийлгээд буцаж цагдаагийн газарт ирж байна...” гэсэн мэдүүлэг. /хх 4 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Энхтуул  нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 22 цагийн үед “Төв цэнгэлдэх” хүрээлэнгээс гараад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороолол, 7 дугаар хороонд байрлах гэрлүүгээ явж байсан чинь 22 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн Герман элчингийн уулзвараас эхлээд саарал өнгийн 37-68 УНХ улсын дугаартай машины жолооч манай нөхөр бид хоёрын сууж явсан 86-98 УБҮ улсын дугаартай, цагаан алаг өнгийн тоёота альфарт маркийн машинийг шахаад байсан. Миний сууж байсан зүүн талаар урд талд гараад гэнэт тоормозлоод, баруун талын урд талын цонхоор баруун гараа гаргаад дунд хуруугаа гаргасан. Тэгээд манай нөхөр Төгөлдөр машины зүүн талаар тойрч гүйцэт түрүүлээд урд талд зогсоод бууж очоод буцаад ирсэн. Ирчихээд би яаж яваад байгаа юм бэ гэж хэлчихээд буцаад ирлээ гэж хэлсэн. Тэгээд чигээрээ явж байсан чинь хүнсний 4 дэлгүүрийн урд талын уулзвар  дээр улаан гэрлэн дохио асах үед манай машин 1 эгнээнд зогсож байхад 2 эгнээнд миний зүүн гар талд ирж зогсоод над руу писда, гөлөг минь гэж доромжлоод байсан. Би тэгэхээр нь цонхоо хааж байсан чинь цонх руу цохиод, машиныг тойроод өшиглөж байгаад зүүн талын хойд гупер өшиглөөд бага зэргийн хагалчихсан байсан. Тэгээд байж байгаад манай нөхөр машинаасаа буугаад гарсан чинь тэр залуу буцаад машиндаа суух үед манай нөхөр Төгөлдөр очоод машины түлхүүрийг аваад хүрээд ирсэн чинь ногоон гэрэл асаад уулзвараар баруун гар тийш эргээд 200 метр газар зогсоод бид хоёр тайвшираад байж байгаад манай нөхөр Төгөлдөр бид буцаад алхаж очоод машины түлхүүрийг нь шидчихээд буцаад явсан...” гэсэн мэдүүлэг. /хх 6 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт ¹10815 дүгнэлт: “...

  1. Б.Батболдын  биед баруун хөмсгөнд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 14 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Батболдын мөрдөн байцаалтанд гаргасан хүсэлт: “... би хохирол төлбөр 150.000 төгрөг авсан. Миний бие Б.Төгөлдөрөөс цаашид нэхэмжлэх зүйлгүй ямар нэг санал гомдолгүй, өргөдлийг хааж өгнө үү...” гэжээ.

Гэмт хэрэг, захиргааны зөрчлийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, шинжээч М.Золжаргалын мэдүүлэг /хх 15/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 32/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 36/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 34 дүгээр хуудас/, хувийн байдал тогтоосон баримтууд /хх 37-41/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 42/, гэрлэлтийн лавлагаа /хх 44/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Төгөлдөр нь 2016 оны 8 дугаар сарын 02-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Өлзий” төвийн уулзвар дээр 86-98 УБҮ улсын дугаартай “Тоёота альпарт” маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа 37-68 УНХ улсын дугаартай “Премио” маркийн автомашин жолоодож явсан хохирогч Б.Батболдыг замын хөдөлгөөнд соёлтой боловсон оролцсонгүй, хуруугаа гарган доромжиллоо” гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Батболдтой маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж баруун хөмсгөнд шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Батболд, гэрч Б.Энхтуул нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлээнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №10815 тоот акт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эдгээр нотлох баримт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нар автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцад шүүгдэгч Б.Төгөлдөр хохирогч Б.Батболдыг хөдөлгөөнд зөв боловсон оролцох талаар шаардлага тавихад хохирогчийн зүгээс эгдүүцэж бусдыг доромжилсон үйлдэл үзүүлж, шүүгдэгчийн автомашиныг цохих, хэл амаар доромжлох зэргээр зүй бус авир үйлдэл гаргаснаас шүүгдэгч хохирогчийн нүүрэн тус газар нь цохиж хөнгөн гэмтэл санаатай учруулжээ.  

 Шүүгдэгч Б.Төгөлдөрийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.     

Шүүгдэгч Б.Төгөлдөрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1301 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэгдэж, Монгол Улсын Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар ялаас өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялтай байх хугацаа дуусаагүй байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Харин шүүгдэгчид ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж хохирогчид учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлж гэм хорыг арилгасан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг хөнгөрүүлэн үзэж торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Төгөлдөр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Го овогт Бадарчийн Төгөлдөрийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дахь хэсэгт зааснаар Б.Төгөлдөрийг гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.152.000 /нэг сая зуун тавин хоёр мянган/ /192.000*6/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

4. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Төгөлдөр нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

6. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Төгөлдөрт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ДУЛАМСҮРЭН